| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2226001060175 |
| Дугаар | 2023/ДШМ/01 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/01
2022 оны 12 сарын 22-ны өдөр Дугаар 2022/ДШМ/01 Өвөрхангай аймаг
Н.Батчингэст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн
Хохирогч Г.Дашдаваа /цахимаар/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн
өмгөөлөгч
Н.Батболд /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /цахимаар/
Шүүгдэгч: Н.Батчингэс /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг
оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гомдлыг үндэслэн Н.Батчингэст холбогдох эрүүгийн 2226001060175 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нямгэрэлийн Батчингэс нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг “Далд хавцгай” нэртэй газарт байрлах хатуу хучилттай авто зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Тоёота Акуа” маркын 90-26 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуугийн төмөр хашлагыг мөргөж тус тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан Д.Ганчимэгийн эрүүл мэндэд нь “тархины эдийн баруун хажуу ховдлын няцрал, тархины хатуу хальсан доорх тархмал цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
Нямгэрэлийн Батчингэсийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Нямгэрэлийн Батчингэсийг авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Батчингэст тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Барга овогт Нямгэрэлийн Батчингэст тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Барга овогт Нямгэрэлийн Батчингэст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Н.Батчингэсийн тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Бат-Эрдэнээс 2000000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорсүрэнд, шүүгдэгч Н.Батчингэсээс 3630000 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлээс 1032000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Долгорсүрэнгийн нэхэмжлэлээс 6887882 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Батчингэс нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд 5350000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд 1000000 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд 1000000 төгрөг төлсөн, хохирогч Дашдаваа хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Н.Батчингэс нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батчингэст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батчингэст авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний төрсөн охин Д.Ганчимэг энэ хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авч одоо хүртэл эдгээгүй, бүрэн ухаан ороогүй, зөвхөн нүдээ нээхээс өөр мэдрэмжгүй болсон. Хэргийг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн шийдэхдээ миний хүүхдийн эмчилгээний явцад шууд гарсан бодит хохирлыг нотлох баримтын шаардлагагүй хангахгүй гэж хэлэлцэхгүй орхисон нь шударга бус болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын буруутай үйлдлээс болж миний охин насан туршид ухаангүй хагас дутуу хүн болж үлдэж эрүүл мэндийн болон сэтгэл санааны асар их хохирол амсаж байгааг шүүх огт зөв үнэлсэнгүй. Миний гаргаж өгсөн нотлох баримтаас 6,887,882 төгрөг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас төлүүлэх эсэх, тэд уг хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа эсэх талаар шүүх хуралдаан дээр огт хэлэлцэгдээгүй орхисон. Би дээрх хэмжээний хохирлыг өөрийн санаанаас баримт цуглуулж гаргаж өгсөн зүйл биш болохыг хэргийн үйл баримтаас шүүгч болон бусад оролцогч нар дүгнэлт хийж болох байсан боловч тэгээгүй нь шударга биш байна. Шаардлагатай бол би ухаангүй болсон охины шүүх хуралдаан дээр авч ирж та бүхэнд харуулах болно. Тэгээд та бүхэн энэ хэргийн хохирол хор уршгийн талаар бодитойгоор ойлгож зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна.
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 213 тоот шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байх тул уг тогтоолд өөрчлөлт оруулж миний хохирлыг бүрэн гаргуулж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Г.Дашдаваагийн яриад байгаа 06 дугаар сараас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй гээд байгаа нь худлаа. Бид хоёр 09 дүгээр сарын 29-нд эх нялхаст очиж хэвтсэн. Хотод эмнэлэгт хэвтэж байгаа гэдгээ хэлсэн. Аав гэдэг хүн нь ахыгаа дагуулаад ирж уулзаад, сүүлдээ эх нялхсын цонхны гадна харуулдаад чи ингээч тэгээч гээд, эсхүл утсаа авахгүй байхаар байнга залгаад байсан. Хамт байсан хүүхдүүдээс болоод би ар гэрийнхэнд нь хүүхэд чинь ингээд байна, ийм учраас би ахиж уулзаж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэрнээс огт уулзуулахгүй байгаа зүйл байхгүй. Хүүхдэдээ юу ч хийхгүй байна гэж бас яриад байна. Хэрвээ үнэхээр надад гомдолтой, цаг хугацаа алдсан, эмнэлгийн тал дээр алдаа гарсан гэж байгаа бол шүүхэд хүсэлтээ өг өө бүх юм нь нээлттэй гэж би хэлээд байгаа. Тэрнээс биш би Г.Дашдавааг битгий Өвөрхангайд ир, тэг ингэ гэж дарамталсан зүйл байхгүй. Харин энэ хүний дарамтад хэдэн жил явсны эцэст аргаа бараад энэ хүн өөрөө хүүхдүүдийнхээ дэргэд гэрээ шатаасан болохоор хүүхдүүдээ аваад салах шийдвэрээ гаргасан. Бид хоёрын ар гэрийн асуудал 1 биш 2 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Сүүлд би эцэг байх эрхтэй гэж дайрсаар байгаад, хүүхдүүдтэй маань уулзуулахгүй байна гэж дарамталсаар байгаад тэр өдөр хүүхдээ аваачиж өгсөн. Тэрнээс хойш хэдхэн цагийн дараа би ослын дуудлага авсан. Би хүүхдийнхээ эрүүл мэндээр хохирчихоод байна. Энхтуяа өмгөөлөгч нотлох баримтад үндэслэж шүүх шийдвэр гаргадаг гэж хэлсэн. Би цагдаа, прокурорыг эмнэлгийн баримтыг хэрэгт хавсаргах байх гэж ойлгосон. Анхан шатны шүүх дээр аль алийг нь хавсаргаагүй юм байна гэдгийг мэдээд би буцаад гэмтэл дээр өргөдлөө барьж гүйсээр байгаад баримтуудыг гаргаж авч байгаа. Эмнэлгээс авто аваарын хэрэг дээр цагдаа шүүх гаргаж өгнө гээд өгөхгүй байсан. Буцаад цагдаатай холбогдоход би гаргаж өгсөн баймаар юм, өөрөө нээрээ эмчилгээг нь үргэлжлүүлж байгаа гэсэн шийдвэр өгсөн шүү дээ гээд байсан. Шүүхийн шинжээчийн дүгнэлтийг хавсаргаад явуулчихсан. Би хүүхдийнхээ сторийг гаргаж авмаар байна, Эх нялхас болон БОЭТ-рүү тоот явуулаад өгөөч ээ гэхээр манайхаас нэгэнт шийдэгдсэн хэрэг болохоор хүлээж авахгүй гээд цагдаагийн байгууллага нь ч хүлээж авахгүй, прокурорт хэлээд ч нэмэргүй байгаа. Би мянга өргөдөл бичээд гүйгээд байсан ч тэр байгууллага өгөхгүй байгаа юм. Цагдаа шүүхийн асуудал болохоор заавал тоот, тушаал байх ёстой гээд байгаа ч надад гаргаж өгөхгүй байхад би хаанаасаа нотлох баримт гаргаж өгөх юм. Би энэ хэрэг дээр прокурорыг ажиллаж чадаагүй гэж бодож байна.
Хохирогч Г.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батчингэс, Б.Бат-Эрдэнэ хоёроос болж надад аав байх эрх, хүүхэдтэйгээ очиж уулзах боломж байхгүй болчихоод байна. Тийм болохоор наад хүнийхээ хэлээд байгаа зүйлд нь хяналт тавиад миний хүүхдийн хойноос яваадах гэж гуймаар байна. Өнөөдөр тэнд хоёр хүүхэд аавгүй болоод, би энд охингүй болчихоод байна. Эмнэлэг дээр очих эрх мэдэл байхгүй байна. Аав, ээж нь шүүх прокурорт ажилладаг гэдгээрээ дарамталж намайг хэдэн удаа шүүхэд өгч, хэдэн удаа цагдаад өгч байгаа. Хийж байгаа эмчилгээнд нь өөрсдийнх гэж бодож байгаа бол санаа тавьчих. Наад хүн чинь намайг хүүхдүүдтэй минь ойртуулахгүй байна. Би та нараас ийм л зүйл хүсэж байгаа юм. Эмнэлэг, эмчилж байсан эмч нар, би дахиж хүүхдэдээ цаг хугацаа алдсан гэдэг зүйлийг сонсмооргүй байна. Хотын эмч нар цаг хугацаа алдсан гэдэг, Өвөрхангайн эмнэлэг ямар нэгэн зүйл болбол ар гэрт нь хариуцлага тооцно гэхийг дахиж сонсмооргүй байна. Би өөрөө оролцъё гэхээр чадахгүй байна, болохгүй байна. Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл байхгүй.
Давж заалдах шатны шүүхээс 2 үндсэн эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, нөгөө нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсхүл бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасан. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол нь шүүгдэгчийн ял шийтгэлийг хүндрүүлж хорих ял эдлүүлье гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломж байхгүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хохирогч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш буюу шийдвэр гарснаас хойш нотлох баримтын шаардлагыг хангаад цаашид гарах эмчилгээний зардлуудыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Энэ хоёр сарын хугацаанд ийм ийм зүйл нэмж эмчилгээнд гараад ирлээ гэсэн тохиолдолд Н.Батчингэсийн зүгээс төлөхгүйгээр татгалзах зүйлгүй. Хүүхдийн эрүүл мэндийг сэргээхээр сайн дураараа тусламж үзүүлэх нь зөв хэрэг. Хэрэв Б.Долгорсүрэн би хүүхдэдээ ийм эмчилгээ хийж байна, надад тэдэн төгрөг шаардлагатай байна гэсэн асуудлыг тавьсан бол Н.Батчингэсийн зүгээс өөрийнхөө боломжит хэмжээгээр Б.Долгорсүрэнд тусламж, дэмжлэг үзүүлнэ. Энийг шүүхийн шийдвэрээр үүрэг болгоод өгчихсөн. Шүүх хуралдаан дууссанаас хойш мөнгөн тусламж үзүүлсэн буюу шүүх дээр 3,360,000 төгрөгийг 2 удаа шүүх хуралдаан хойшлоход төлсөн бөгөөд 2 сая гаран төгрөг өгөөд цаана нь 300-н хэдэн мянган төгрөг дутаад тэрийг нь Н.Батчингэс гаргаж өгч байсан. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлтэй холбогдсон асуудлыг эцэслээд шийдвэрлэчихсэн. Хүүхдийн эрүүл мэнд ямар байгааг ойлгож байгаа. Хэрэв Б.Долгорсүрэн шаардлагатай бол Н.Батчингэстэй утсаар яриад хүүхдээ Улаанбаатар хотод ийм эмнэлэгт, ингэж эмчилгээ хийлгэхээр боллоо. Эмчилгээний зардалд хувиасаа тэдэн төгрөг шаардаад байна гэж болно. Би яагаад энэ дээр бага насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын асуудлыг яриад байгаа юм. Энийг бид нар анхаарах ёстой. Хэрвээ эрүүл мэндийн даатгалаас гарахгүй хувиасаа эм тариа авах, эмчилгээ оношилгоо хийлгэх шаардлагатай бол хоорондоо зохицоод аваад өгөөд байх боломжтой. Түүнээс биш заавал шүүхийн шийдвэр гээд байх зүйл байхгүй. Энийг Б.Долгорсүрэнг ойлгоосой гэж бодож байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.9 дүгээр зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, иргэний нэхэмжлэлтэй холбогдсон асуудлыг дутуу шийдсэн зүйл байхгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Батчингэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би санаандгүйгээр энэ хэргийг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Нямгэрэлийн Батчингэс нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг “Далд хавцгай” нэртэй газарт байрлах хатуу хучилттай авто зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “Тоёота Акуа” маркын 90-26 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуугийн төмөр хашлагыг мөргөж тус тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчиж явсан Д.Ганчимэгийн эрүүл мэндэд нь “тархины эдийн баруун хажуу ховдлын няцрал, тархины хатуу хальсан доорх тархмал цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ухаан ороогүй гэрийн асаргаанд байгаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндэсний төв, Эх нялхас, Гэмтэл зэрэг эмнэлгүүдэд үзүүлэх гэж байгаа. Биеийн байдал маш хүнд, нүдээ нээнэ өөр хөдөлгөөн бол байхгүй. Өөрөө хоолоо залгиж идэж чадахгүй, гуурсаар хооллож байгаа. Гадна орчны яриа чимээ мэдрэхгүй, дуу авиа гарахгүй, уйлахгүй байгаа. Мөн хөлс нь байнга гоожоод байгаа ойрын хоёр гурав хоног чичрүүлээд байгаа. Шөнө унтах нь багассан. Гэмтэл мэдэгдээгүй, ослоос болж цочирдсон гэх мэдүүлэг /1хх-ийн 18 хуудас/,
хохирогч Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Бат-Эрдэнэ гээд машины жолоочтой яриад Сансар худалдааны төвийн гадаа очоод суухад жолоочтойгоо 4 том хүн байсан. Жолооч нь Бат-Эрдэнэ гэх залуу байсан. Манай эхнэр дүүтэйгээ хамт ирж суулгасан юм. Би хойно нь суугаад өвөр дээрээ охин Ганчимэгийг суулгаад хажууд сууж байсан залуугийн өвөр дээр том охин Ану-Үжинг суулгаад тэгээд хөдөлсөн. Замдаа явж байгаад Хайрхандулаан сумын ойролцоо засмал замын хажууд амрах талбайтай газар зогссон. Чингис гээд залуу нь унаж явахаар болсон Бат-Эрдэнэ нь Чингис гээд залуугийн ард суусан үнэмлэх чинь байгаа юу гээд Бат-Эрдэнэ нь асуугаад байх шиг байсан. Би Бат-Эрдэнэд би үнэмлэхтэй шүү, жолооч шүү гэж хэлсэн тэр хүн нь үнэмлэхээ орхицон юм яриад байсан. Огт үнэмлэхгүй байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Цаашаа Нарийнтээл сум руу яг ордгийн эргэдэг дээр юм мөргөчихсөн. Би ухаан алдчихсан юм. Тэрнээс хойш Цагдаагийн машин ирснийг санаад, эмнэлэгт яаж очсоноо санахгүй байна. Эмнэлэгт ухаан ороод болсон явдлыг сайн санахгүй байгаа. Цагдаагийн машин ирэхэд Ганчимэг ухаан алдчихсан би нэрээр нь дуудаад тэврээд байж байсан. Ганчимэг одоо хавсарсан хүнд гэмтэлтэй ухаангүй байгаа гэх мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Батчингэсийг жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдэхгүй байсан. Замд явж байхад Ховдоос Улаанбаатар хот руу машин барьж явж байса гэж ярьж байсан болохоор жолооч гэж ойлгосон. Жолооны үнэмлэхтэй юу гэж асуухад хариулаагүй. Охины аав болохоор би барих юм уу гээд байсан. Тэгээд л Батчингэс бариад хөдөлсөн.../1хх-ийн 66 хуудас/,
гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагт Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 90-26 УАК улсын дугаартай “Акуа” маркын машинтай гарсан. Өвөрхангай аймгаас 1 эрэгтэй хүн 2 жоохон хүүхэдтэйгээ суусан. Тэр залуу хүүхдүүдтэйгээ хойд талын суудал дээр суугаад өөрөө 1 охиноо тэврээд хажуудаа сууж байсан залууд нэг охиноо тэврүүлээд явж байсан. Батчингэс гээд залуугаас машин бариад явах уу гээд асуусан Батчингэс гэх залуу жолоо баръя гэсэн. Тэгээд тэр залуу жолоодоод явж байгаад гулгаад хашлага мөргөөд зогсоход нь буусан. Яг осол болох үед би жолоочийн арын суудал дээр суугаад унтсан байсан. Жолоочийн хажууд Батчингэс гэх залуугийн эхнэр нь суугаад явж байсан. Жолоочийн харалдаа ард талд захад суугаад миний хажууд хотоос суусан залуу суугаад тэрний цаана нь Өвөрхангайгаас суусан залуу суугаад тэр 2 өвөр дээрээ хүүхдүүд аваад явж байсан. /1хх-ийн 24 хуудас/,
гэрч М.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би түр зуур Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад Ховд аймаг руу явахаар дүү Дашдэлгэр, дүүгийн нөхөр Батчингэс нарын хамт замын унаанд суугаад явсан. Тэр машинд Өвөрхангай аймгийн төв дээрээс 2 хүүхэдтэй залуу суусан. Тэр залууг танихгүй, том охин нь миний өвөр дээр суугаад бага охин нь аавынхаа өвөр дээр суугаад явсан. Тэгсэн жолоо барьж явсан ах нойр хүрээд байна гээд Батчингэсийг жолоо барьчих гэсэн Батчингэс бичиг баримт байхгүй гэсэн. Тэгсэн жоохон явчих гэсэн. Би арын суудалд өвөр дээрээ хүүхэд суулгаад унтаад явж байсан чинь түс тас гээл явчихсан. Хартал замын хажуугийн хаалт мөргөчихсөн байсан. Өвөрхангайгаас суусан залуугийн толгойноос цус гарсан байсан. Охин нь ухаангүй байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 26 хуудас/,
гэрч М.Дашдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Батчингэс, ах Дашням нарын хамт Ховд аймаг явахаар зарын дагуу яриад Акуа машинд суусан. Хотоос гарахдаа жолоочтойгоо дөрвүүлээ гарсан. Жолоочийг Бат-Эрдэнэ гэдэг. Тэр үедээ бол жолоочийн нэрийг мэдэхгүй байсан. Улаанбаатар хотоос гарахад 08 цаг болж байсан. Замдаа зогсоогүй хоол унд идээгүй Бат-Эрдэнэ машинаа бариад яваад байсан. Өвөрхангай орж ирээд 2 охинтой эрэгтэй хүн суусан. Өвөрхангайгаас хүн суусны дараа 30-40 километр орчим яваад жолооч ах нойр хүрээд байна ахын дүү жоохон барьчих гээд Батчингэст хэлсэн. Үнэмлэх байгаа юм уу гээд асуухад нь Батчингэс үнэмлэх байхгүй гэсэн. Тэгсэн чинь жоохон явчих гээд хэлсэн. Батчингэс машиныг нь жолоодоод хажуугийн урд суудал дээр би суугаад хойд талын баруун захад Бат- Эрдэнэ суугаад хажууд нь Дашням суугаад өвөр дээр нь Өвөрхангайгаас суусан залуугийн том охин нь суусан. Хамгийн зүүн талд нь Өвөрхангайгаас суусан залуу суугаад өвөр дээрээ бага охиноо суулгасан. Нарийнтээл сумын наад талын хавцал уруудаад явтал зам цастай эвгүй болсон. Тэгээд хурдаа сааруулаад 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Тэгтэл дугуй тоормос гишгэсэн чинь гулсаад урд талын төмөр хашлагыг мөргөөд эргээд хойд талын хашлагыг мөргөөд зогссон. Буугаад ирсэн чинь Өвөрхангайгаас суусан залуугийн толгойноос цус гарчихсан охин нь унтаж байгаа юм шиг л байсан. Гаднаа ямар ч гэмтэл харагдахгүй байсан. Тэгсэн охин нэг л эвгүй ханиалгаад байсан. Бид нар эмч дуудъя гээд эмч ирээд охиныг аваад явсан. Би хамт эмнэлэг рүү явсан эмч нар тэр охиныг тархиндаа гэмтэл авсан байна гэсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 28 хуудас/,
яллагдагч Н.Батчингэсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /1хх-ийн 82-83 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №121 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Үзүүлэгч Д.Ганчимэгийн биед тархины эдийн баруун хажуу ховдлын няцрал, тархины хатуу хальсан доорх тархмал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1хх-ийн 33-35 хуудас/,
Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд “... Энэ хэрэг зам тээврийн осол мөн. "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. “Акуа” маркийн 90-26 УАК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Батчингэс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “Тоёота-Акуа” маркийн 90-26 УАК улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн б-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно, 23.9 дүгээр зүйлийн а-д заасан Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон олон зорчигч тээвэрлэхийг хориглоно, 23.9 дүгээр зүйлийн ж-д заасан Суудлын болон ачааны авто машины бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. “Тоёота-Акуа” маркын 90-26 УАК улсын дугаартай авто машинийг эзэмшигч Б.Бат-Эрдэнэ нь Н.Батчингэст тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Энэ зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал нөлөөгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 40-41 хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Вендо ХХК”-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 39746 дугаартай үнэлгээний тайлан, хохирлын баримтууд. /1хх-ийн 8-9, 10-13, 58-59, 138-201, 240-247 хуудас, 2хх-ийн хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Нямгэрэлийн Батчингэсийг авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Нямгэрэлийн Батчингэсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нь “...Анхан шатны шүүх хүүхдийн эмчилгээний явцад шууд гарсан бодит хохирлыг нотлох баримтын шаардлагагүй хангахгүй гэж хэлэлцэхгүй орхисон. Миний гаргаж өгсөн нотлох баримтаас 6,887,882 төгрөг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас төлүүлэх эсэх, тэд уг хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа эсэх талаар хэлэлцэхгүй орхисон. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг бүрэн гаргуулж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгээс хэрэгт нийт 15237760 төгрөгийн хохирлын баримтуудыг ирүүлснийг анхан шатны шүүхээс үнэлээд 8349878 төгрөгийн хохирлын баримт нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд шүүгдэгч Н.Батчингэсийн хохиролд төлсөн 3290000 төгрөгийг, иргэний хариуцагч Бат-Эрдэнэнийн хохиролд төлсөн 1000000 төгрөгийг хасаж үлдэх 4059878 төгрөгийн хохирлыг тооцсон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Батчингэсээс 2059878 төгрөгийг, иргэний хариуцагч Бат-Эрдэнэ 2000000 төгрөгийг тус тус гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд олгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас сок 8500, сок 3500, ундаа 9200, бантан гурил 8200, сок 3100, бензин 125000, бензин 20000, бензин 80000, бараа 21200, сок 5000, бензин 60000, бензин 50000, нойлын цаас 5600, бензин 73753, бензин 30000, бензин 74000, эмчийн гар цайлгах 64200, бензин 25000, сок 13000, бензин 53170, бензин 50000, кааш 2200, чацаргана 7800, хүнс 14100, бензин 50000, тараг 3140, бензин 40000, сок 3800, саван 4000, бензин 58400, ундаа 4200, кааш 24598, бензин 50957, найруулдаг кааш 21200, ковид шинжилгээ 60400, бараа 15800, хүнс 28000, кааш 10100, бензин 77000, төмс 3450, тараг 1950, тараг 4840, эмийн сан 5400, хүнс 20714, бараа 11200, бараа 9300, тараг 4840, бараа 22350, бензин 82000, лууван 1580, бараа 9350, бараа 20000, тараг 21100, тараг 4200, хүнс 13700, бантан гурил 2200, хүнс 4700, хүнс 20622, хүнс 6000, памперс 13420, бараа үйлчилгээ 15600, эмийн сан 32200, хүнс 22200, банана 10000, кааш 11200, хүнс 13640, хүнс 2500, хүнс 5400, бензин 10700, бензин 60000, бантан гурил 3700, бараа 6000, бараа 7100, өндөг 3700, хүнс 9730, өндөг 4500, хүнс 29543, тархины витамин 603900, хүнс 19400, эмийн сан 24650, бензин 47918, хүнс 5500, хүнс 2500, хүнс 9400, банана 8300, хүнс 16690, бараа 7500, хүнс 19900, бантан гурил 4200, бензин 20000, бараа 10900, газ 40000, газ 50000, бараа 4000, бараа 79250, бараа 10000, бензин 10000, бараа 8100, кааш 19250, эмийн сан 4500, бараа үйлчилгээ 15600 /1хх-ийн 138-199 хуудас/, хүнс 62184, хүнс 304390, банана 5372, бензин 98650, бензин 74680, бараа 13500, өндөг 13500, өндөг 14400, бензин 40000, өндөг 3600, хүнс 19700, бензин 40000, хүнс 20000, хүнс 143150, бараа 12000, бензин 70208, хүнс 8924, хүнс 47500, хүнс 31700, бараа 60000, хүнс 51850, газ 22500, кааш 62900 /1хх-ийн 240-247 хуудас/, бензин 20000 /шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/, 2022 оны 02-06 саруудад чөлөөтэй байх хугацааны цалин тооцоолол 2760769 төгрөг нийт 6887882 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.