| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0234/З |
| Дугаар | 128/ШШ2024/0630 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б*******,
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороо, мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О*******, Г.С******* нарын хоорондын Хуульчийн мэргэжлийн шалгалтын үнэлгээтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, Д.О******* /цахим/, гэрч А.А******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын материалыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шалгагч А.А*******ын нийлбэр оноо 4 гэснийг 2 гэж, 3 дах хүснэгтийн үнэлээг 4 гэснийг 2 гэж бууруулж зассаныг үндэслэн 69.67 оноогоор хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, Б.Б*******ын Захиргааны эрх зүйн бодлогын үнэлгээг эхний хувилбар болох 11 оноогоор тооцохыг хуульчдын холбооны чиг үүргийн болон шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгуулах гэж өөрчлөн тодруулжээ.
2. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бодлогын хамгийн эхний дүн гарсны дараа гомдол гаргасан энэ гомдлын дагуу 2023 оны11 дүгээр сарын 05-ны өдөр бодлогыг дахин дүгнэж үнэлгээ гарсан. Энэ үнэлгээтэй танилцаад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин цахимаар гомдол гаргаж, захиргааны бодолтын дүн алдаатай засагдсан гэж 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин гомдол гаргаж, татгалзсан хариуг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авч шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Өмнө нь Монголын Хуульчдын холбоонд шалгалт өгөөд 69,67 оноогоор унаж байсан тохиолдол байхгүй,
Шалгалтын материал засвартай байгаа нь эргэлзээ төрүүлсэн,
Хуульчийн сонгон шалгаруулалтын журмын дагуу хамгийн өндөр оноог нь тооцохоор журамлачихсан байтал Монголын Хуульчдын холбоо үүнийг баримтлахгүйгээр 11 оноо байсныг 9 гээд хамгийн бага оноогоор нь тавьж, дүгнээд, 69,67 оноо өгсөн нь журмаа баримтлаагүй гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны Монголын Хуульчдын холбооноос зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Уг сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүрээнд 70 оноо аваад хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж ойлгосон. Тестийн шалгалтаас 37 оноо авсан. Иргэний болон захиргааны, эрүүгийн бодлогын шалгалтад оролцохдоо юуг нь нуух вэ, сургалтад суугаагүй, өмнө нь тест бэлдсэнээрээ орсон. Иргэний эрх зүй бодлого болон захиргааны эрх зүйн бодлого, эрүүгийн эрх зүй дээр ч мөн хангалттай оноо тавьсан байна гэж харсан.
Гомдсон шалтгаан нь нэгдүгээрт, 69,67 /жаран ёс зууны жаран долоо/ оноогоор өмнө нь Монголын Хуульчдын холбоонд шалгалт өгөөд унаж байсан тохиолдол байхгүй байх гэж бодоод, энэ асуудал дээр нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Хоёрдугаарт, шалгалтын материалаа үзье гээд Г.С******* итгэмжилсэн төлөөлөгчөөс авахад шалгалтын материал засвартай байсан. Засвартай байгаа нь эргэлзээ төрүүлсэн. Хэрвээ Хуульчийн сонгон шалгаруулалтын журамд заасан үндэслэл журмын дагуу хамгийн өндөр оноог нь авна гэж журамлачихсан байтал Монголын Хуульчдын холбоо үүнийг баримтлахгүйгээр 11 оноо байсныг 9 гээд хамгийн бага оноогоор нь тавьж, дүгнээд, 69,67 /жаран ёс зууны жаран долоо/ оноо болгоод надад хариу өгсөн. Хариу өгөхдөө цахимаар хариу ирүүлсэн байсан. Журмаа баримталж хариу өгөөч ээ гэхэд журмаа баримтлаагүй.
Сая гэрчийн хэлснээр, гэрчээс зөвхөн тайлбар төдий авах маягаар Та засвар хийсэн үү гэж хөтөлж асуусан байдалтайгаар асуусан байсан. Сая гэрч бас Энэ хүний эрх зүйн байдал дордож байгаа бол 9 гэснийг нь 11 болгочих, би зөвшөөрч байна гэж хариу бичсээр байтал энийг нь Монголын Хуульчдын холбоо хүлээн зөвшөөрөхгүй тэр чигээр нь дүгнэсэн. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг буруутгаж байгаа юм биш. Шалгалтын комисс дүгнэхдээ над шиг хүмүүс хохирчхоогүй байх гэж найдаж байна. Анх хэдэн оноос Монголын Хуульчдын холбооноос сонгон шалгаруулалт зарлаж, хэдэн хүний гомдлыг шийдээд явж байсан гэдэг нь хүртэл эргэлзээтэй. Математикийн аргачлалаар бодсон ч тэр бутархай тоогоор уначихлаа гэж Монголын Хуульчдын холбоонд хэлсэн. Би Монголын Хуульчдын холбоотойгоо шүүх дээр маргамааргүй байна гээд хүсэлтээ тавиад миний гомдлыг шийдэж өгөөч ээ, гээд асуудал тавихад шийдвэрлэгдээгүй. Яах аргагүй Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шалгалт жилд нэг л удаа болдог. Мөн тодорхой хэмжээний төлбөр төлж, тодорхой хэмжээний цаг хугацаа болж, 3 хоногийн турш үргэлжилдэг. Мэдээж хүн шалгалтад орж байгаа юм чинь супер мэдлэгтэй байх албагүй. Би эрүү, иргэн, захиргааны бодлогоор өөрийнхөө түвшинд мэдээж байнга л шинэчлэлт хийж, мэдлэг сайжирдаг учраас жишээ нь, мэргэшсэн гэдэг чинь тал бүрийн бүх хуулийг мэддэг биш, хууль хэрэглээнийхээ хувьд, бодлогын хувьд ч гэсэн 37 оноо гэдэг бол сайн авсан гэж бодож байна. Гомдлын хувьд 0,33 оноо шүү дээ. Ядахдаа 69 юм уу, 65 оноо биш. Бутархай тоон дээр л би ярьж байсан. Бүхэл тоон дээр гомдол гаргаагүй. Шийдэж өгчих болов уу гэсэн шийдээгүй. Шүүх энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гомдлын шаардлагын агуулгыг нь хамгийн эхэнд Миний захиргааны эрх зүйн бодлогыг 11 оноо байсныг 9 оноо болгож буруулснаар 69,67 оноогоор тэнцээгүй нөхцөл байдалтай болсон. Үүнийг шалгаж өгөөч ээ гэж хамгийн эхэнд 11 дүгээр сарын 02-ны өдөр бодлогын хамгийн эхний дүн гарсны дараа гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын дагуу 11 дүгээр сарын 05-ны өдөр бодлогыг дахин дүгнэж 2 дахь гомдлын дараах үнэлгээ гарсан. Энэ талаарх хариуг гомдол гаргасан хүмүүстээ мэйлээр хариуг мэдэгдсэн. Дахин дүгнэсний дараах үнэлгээтэй танилцаад 11 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар бас гомдол гаргасан. Энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Тэгээд зассан, дахин дүгнэсэн багшийн үнэлгээний хуудастай танилцаж үзнэ гэсний дагуу материалыг нь шүүгээд танилцуулсан. Ингэж танилцуулсны дараа захиргааны бодолтын дүн алдаатай засагдсан байна. Үүнийг тодруулж асуусан. Үүний нь дагуу мэйлээр холбогдож асуусан. Мэйлээр холбогдсон шалтгаан нь нотлох баримт үлдээх үндсэн дээр мэйлээр явуулсан. Энэ хүнд эргээд мэйлээр хариу өгөх учраас зурган хэлбэрээр хадгалахын тулд.
Үүний дараа нийтдээ 69,67 /жаран ёс зууны жаран долоо/ оноогоор унасан байна гэж дахин гомдол гаргасан. Үүнд нь албан бичгээр хариу өгсөн. Энэ бол гомдлын дараах таны нийт үнэлгээ юм. Үүнээс цааш дахин комисс таны гомдлыг дахин хянах журмын зохицуулалт байхгүй байна гэж тухайн үед албан бичгээр хариу өгөөд явж байсан. Түрүүн хэлсэнчлэн өмнөх жилүүдэд 69,60 хэдээр унасан хүн байхгүй байх гэж байна. 2023 онд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо шинээр байгуулагдсан. Өмнөх бутархай тоогоор унасан хүмүүсийг тухайн үед Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо өөрөө хурлаараа шийдээд явж байсан. Энэ жилийн хувьд 2023 онд шинээр байгуулагдсан хороо хуралдаад 69,5-аас дээш буюу бутархай тоогоор тэнцээгүй хүмүүсийг яах вэ, гэдэг дээр хуралдаж шийдвэр гаргасан. Ямар нэг журмын зохицуулалт гэх нарийн зүйл байхгүй учраас бид хүмүүсийг автоматаар үнэлгээ өгч, 70 руу бүхэлдүүлж явахгүй гэдгийг шийдсэн. Тиймээс 69 зууны хэдэн оноотой хүмүүс маань эцсийн үнэлгээ гэдэг байдлаар тэнцээгүй явж байгаа гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны шалгалтын хороо бол бүх оролцогч нарт эрх тэгш, оновчтой ханддаг. Шалгуулагч нар мэдээж бодолтоо хийгээд өгчхөж байгаа. Үнэлгээ хийж байгаа багш нар яг л өөрсдийнхөөрөө үнэлээд, тэр дүн дээр нь л Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо бол дүнг нь нэгтгэж байгаа байгууллага юм. Эргэлзээтэй нөхцөл байдлууд гарсан тохиолдолд тэрийг нь журмын дагуу явуулдаг. Өөрөөр хэлбэл, гомдлыг нь хүлээж аваад, гомдлынх нь дагуу шалгаад, энэ хүн дээр оноо нэмэгдсэн байгаа. Оноо нэмэгдээд, гомдлыг нь шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч дахиад үзүүлээд, энэ асуудал буруу байна гээд явж байгаа. Шалгалтын асуудал эрхэлсэн хороо энэ асуудлыг дахиж хүлээж аваад, үнэлэх боломжгүй. Монголын Хуульчдын холбооны баталсан дүрэм журмаараа энэ нь эцсийн оноо болчхож байгаа юм. Дахиад үнэлээд явбал бүхэлдээ хууль бус болчихно. Нэхэмжлэгчийн энэ асуудал эрх зүйн маргаан болоод, шүүхээр орж ирж байгаа нь эрх зүйн процедураараа л явж байна гэж бидний зүгээс үзэж байгаа. Шалгалтын асуудал эрхэлсэн хороо бол оролцогч нарт оноо дутвал, бага оноо байна, нэмчихье гэж хандах боломжгүй. Нэгэнт эрх зүйн маргаан учраас үүнийг шүүх шийдэх байх гэсэн байр суурьтай байна гэв.
7. Гэрч А.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шалгалтын комиссоос 1 л хуудас өгдөг. 1 хуудас өгөөд, бид ноороглодог. Бид олон материал буюу дор хаяж 150 материал уншдаг. Би процедурын хувьд эхлээд өөрийн хувьд цаасан дээрээ ноороглож байгаад дараа нь үндсэн дүн тавих хуудсан дээрээ тавьдаг. Дараагийн дүнгээ тавих явцдаа өмнөх оноотойгоо зөрөөд байдаг учраас засвар хийж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал дээр бол би засвар хийсэн нь үнэн. Тэгэхдээ 4 оноо байсныг 2 оноо болгоод, нийт 11 оноог 9 оноо болгосон гэдэг байдлаар би өөрийнхөө бичвэрийг харсан. Яг үндсэн процесс бол тэр олон материал дундаас нооргоосоо шууд цаасан дээр шилжилт хийдэг учраас яг тухайлан тэр материалыг тэгсэн гэж 100% баталгаатай хэлэхээр өрөөсгөл болчхоод байна. Ерөнхий процедур бол би нооргоос эх бичвэр дээр бичихдээ онооны зөрөө гарангуут нь зассан байх магадлал өндөр байгаа юм. 150 материал засаж байх явцад бид нарт нэг л шалгалтын хуудас өгдөг. Би нооргоосоо хуулж бичихдээ засвар хийсэн байх гэж ойлгоод байна. Тэрнээс тухайн нөхцөлд ямар кодтой байсан зэрэг нь 01 дүгээр сард л мэдэгдсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээгээд хэлэхээр яг зөв үү, үгүй юу, ийм байсан уу, гэдгийг хэлж мэдэхгүй байна. Засвар хийсэн нь үнэн.
Эхлээд ноорог дээр оноонуудаа бичээд, дараа нь эх хувь дээр бичдэг. Монголын Хуульчдын холбооноос ганцхан хуудас өгдөг учраас би бичээд явж байтал дараагийн хүний дүнг хийх гэхээр өмнөх оноо нь зөрчихдөг юм. Процессын хувьд тулгаж харахдаа дараагийн хүний оноог нь биччихсэн байна, гээд бичвэрийн засвар хийсэн юм болов уу гэж хараад байгаа юм.
Би 150 материалыг яг агуулгын хувьд сэргээн санахгүй. Тухайн үед нооргоос хуулдаг учраас зассан байж болно. Нооргоосоо хуулж бичихдээ алдсан байж болно гэж би хэлээд байгаа. Тэгэхдээ яагаад 9 оноо өгсөн бэ, гэдэг дээр миний зүгээс онолын үндэслэлүүдийг багш гэдэг утгаар нь магадгүй онол арга зүйн хувьд дутуу гэж үзвэл 2 оноог тавина. Шүүгч, өмгөөлөгч гээд бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Энэ бол миний өөрөө дүгнэж байгаа багшийн цэвэр дотоод итгэл үнэмшлийн асуудал. Нөгөө талаас Монголын Хуульчдын холбоонд засаж болно гэж хэлсэн. Энэ чинь хүний асуудал байгаа учраас. Хэрвээ тэр тохиолдол байгаа бол миний материалыг дахиад шалгаад асуудлыг нь шийдэхэд татгалзах зүйлгүй гэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг 2023 оны Хуульчийн шалгалтад бүртгүүлэн оролцож, нэгдсэн дүнгээр тест оноо-37, Иргэний эрх зүйн бодлогын оноо-7, Эрүүгийн эрх зүйн бодлогын оноо-12.67, Захиргааны эрх зүйн бодлогын оноо-8, нийт 64.67оноог эс зөвшөөрч дахин шалгуулах хүсэлт гаргасныг шалгалтын комисс дахин шалгаад иргэний бодлогод 1, захиргааны бодлогод 4 оноо нийт 69,67 оноотой дүгнэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эрх зүйн бодлого дүгнэх хуудас, Хуульчдын холбооны мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гаргасан гомдол, түүнд хүргүүлсэн гомдлын хариу зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчээс ...Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын материал засвартай байгаа нь эргэлзээ төрүүлсэн. Хуульчийн сонгон шалгаруулалтын журамд заасан үндэслэл журмын дагуу хамгийн өндөр оноог нь авна гэж журамлачихсан байтал Монголын Хуульчдын холбоо үүнийг баримтлахгүйгээр 11 оноо байсныг 9 гээд хамгийн бага оноогоор нь тавьж, дүгнээд, 69,67 оноо болгосон дээрх журмаа баримтлаагүй хариуцагчаас Б.Б*******ын авсан нийт 69,67 оноо бол түүний гомдлын дараах нийт үнэлгээ юм. Үүнээс цааш комисс дахин хянах журмын зохицуулалт байхгүй, захиргааны бодолтын дүн алдаатай засагдсан байсан үүнийг тодруулж асуусан гэж тайлбарлан маргаж байна.
4. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б*******ын гаргасан гомдлын дагуу Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Захиргааны эрх зүйн бодлогыг А.А******* нь шалгахдаа шалгагчийн тавьсан 3 дах хэсэг болон нийт оноо засвартай болох нь хавтаст хэрэгт авагдсан А.А******* шалгагчийн захиргааны эрх зүйн бодлого дүгнэх хуудсаар тогтоогдож байна.
5. Гэрч А.А******* шүүхэд мэдүүлэхдээ ...Бичвэрийнхээ эх хувийг харахад 11 гэснээ 9 болгосон байна гэж хараад байгаа юм. Тэгэхдээ тухайн 150 материалуудыг шалгасан нооргоо 7 хоногийг нь дотор хадгалдаг. Тэгээд шалгалт дуусаад 7 хоног өнгөрөнгүүт нооргоо устгачихсан. 1 оноо болгоныг дотор нь 0,5 оноо гэж бодоход 1, 2, гэж ноорог дээрээ засдаг. 11 оноогоо 9 болгосон, эсвэл 9 оноогоо 11 болгосон гэдэг бичвэрүүд дээр яг санахгүй байна. Миний харснаар бол 4 оноогоо 2 болгосон байх магадлалтай байна гэж харсан. Гэхдээ шууд 100% тийм гэж хэлэхэд процессыг санахгүй шүү дээ гэсэн мэдүүлэг мөн Захиргааны эрх зүйн бодлогыг шалгасан бусад хоёр шалгагчийн дүгнэх хуудаснаас үзвэл шалгагч Н.М******* 3 дах хэсэгт 4 оноо нийт 13 оноо, шалгагч Т.Мөнх-Эрдэнэ 3 дах хэсэгт 4 оноо нийт 14 оноо өгсөн байх бөгөөд эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.3 дугаар зүйлийн 5-д Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна, 7.1 дүгээр зүйлийн 4-д Дүгнэх комиссын гишүүд бодлогын агуулга, даалгаврын асуултыг харгалзан нэг зарчим, аргачлалаар дүгнэж , нэгдсэн дүнг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргана, 9.1 дүгээр зүйлийн 9.4-д гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу дахин нягталж үзсэн бодлогын шалгалтын үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно гэж зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нэхэмжлэгч Б.Б*******ын Захиргааны эрх зүйн бодлого дүгнэх хуудасны завсартай хэсгийг бага оноогоор нь тооцож нийт оноог гаргаж, 0.33 оноогоор тэнцүүлээгүй нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байна.
6. Захиргааны эрх зүйн бодлого дүгнэх хуудсанд шалгуулагчийн оноог завсарласан /4 оноог 2 болгон/ талаар шалгагч гишүүн үндэслэлтэй тайлбар гаргаж чадахгүй байгаа болон уг асуудал нь нэхэмжлэгчийн Хуульчийн шалгалтад тэнцэх эсэх асуудалд /0.33 оноо дутсан/ шууд нөлөөлсөн мөн бусад шалгагч нар тухайн хэсэгт ижил 4 оноо өгсөн зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд ашигтай шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
7. Мөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам-ын 3.1 дүгээр зүйлийн 1-д Шалгалтыг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Шалгалтын комисс зохион байгуулна, 3.2 дугаар зүйлийн 5-д Шалгалтын зохион байгуулалтын комиссын хурлаар дараах асуудлыг заавал хэлэлцэнэ, 5.3-д Шалгалттай холбогдох асуудлаар оролцогч, бусад этгээдээс гаргасан гомдлыг шийдвэрлэнэ, 6-д Комиссын хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан, комиссын гишүүдэд танилцуулсан байна, 9.1 дүгээр зүйлийн 7-д Шалгалтын хороо сорилгын шалгалттай холбогдох гомдлоос бусад гомдлын талаарх шийдвэрээ гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хариу гомдол гаргагчид хүргүүлнэ гэж заасны дагуу оноогоо тооцуулах эрх нь зөрчигдөж, гомдол гаргасан боловч Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна гэж заасны дагуу холбогдох журамд заасны дагуу шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.
8. Иймд Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын материалыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шалгагч А.А*******ын нийлбэр оноо 4 гэснийг 2 гэж, 3 дах хүснэгтийн үнэлээг 4 гэснийг 2 гэж бууруулж зассаныг үндэслэн 69.67 оноогоор хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б*******ын Захиргааны эрх зүйн бодлогын үнэлгээг эхний хувилбар болох 11 оноогоор тооцохыг хуульчдын холбооны чиг үүргийн болон шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн16 дугаар зүйлийн 16.4, 16.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын материалыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шалгагч А.А*******ын нийлбэр оноо 11 гэснийг 9 гэж, 3 дах хүснэгтийн үнэлээг 4 гэснийг 2 гэж бууруулж зассаныг үндэслэн 69.67 оноогоор хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б*******ын Захиргааны эрх зүйн бодлогын үнэлгээг эхний хувилбар болох 11 оноогоор тооцохыг хуульчдын холбооны чиг үүргийн болон шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ