Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Э.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Э.Эд холбогдох эрүүгийн 201625031030 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Шарайд овогт Э.Э, Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 784б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЖЯ91112355/.

 

Шүүгдэгч Э.Э /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21-22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын гудамжинд байрлах "Заан самбуу" дэлгүүрийн орчим хохирогч П.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гэртээ хоол хийгээд сууж байтал манай дүү Баяраа ахыг 3-н хүн зодоод байна гэхэд ээж намайг явъя гээд ээж бид 2 очоод яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд харанхуй буланд нэг залуу хэн бэ чи гэхээр нь би яагаад хүүхэд зодоод байгаа юм гэтэл нэг нь ирээд намайг заандаж аваад чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Арай гэж намайг заандсан залуугийн гарыг тавиулаад би подволкоо тайлаад байж байтал Баянмөнх гэх өндөр залуу цаанаас чулуу барьчихсан гарч ирэхээр нь би цээж рүү нь хальт түлхсэн чинь өөрөө газар суугаад босоод ирсэн. Тэгсэн нэг найз нь намайг чи манай найзыг цохичихлоо гээд миний тэлээнээс зуураад намайг буланд цохиод байсан. Тэгээд Уянга байцаагч дээр очтол та 2 бүлэглэж хүн зодсон байна. Тийм учираас наад хүнд чинь хүнд гэмтэл учирсан байна. Та хэд тохиролцоод хохирлыг нь өгөөд салчих, ганцаараа хэргээ хүлээвэл тэнсэнтэй зүйл анги учираас тэнсэн авна гэж хэлсэн. Тэгээд Уянга байцаагч чи яаж ийж байгаад хохирлыг нь барагдуул гэсэн. 3.000.000 төгрөг нэхэхэд нь 2.000.000 төгрөг өгсөн. Байцаагч чи дүүтэйгээ шоронд явсанаас ганцаараа хэргээ хүлээгээд шүүх дээр очоод тэнсэн аваад л сална айх юм байхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Баянмөнхөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн "... тухайн өдөр манай гэрт найз нар ирээд ... архи хувааж ууцгаасан. Уг архиа хувааж ууж дуусчихаад ахиж архи авахаар... дэлгүүрийн урд иртэл танихгүй хоёр залуу зогсож байсан. Тухайн үед залуучуудын хажуугаар зөрж өнгөрөх үедээ хоорондоо бие биетэйгээ шүргэчихсэн юм. Үүнээс болоод бид нар хоорондоо бие биетэйгээ маргалдаад нэг нэгнийхээ өөдөөс түлхэлцээд тэгтэл нэг туранхай өндөр биетэй эрэгтэй нь газар уначихсан. Энэ үед цаанаас нэг намхан биетэй эрэгтэй ирээд над руу дайраад байхаар нь өөдөөс нь адилхан хэрэлдээд маргалдаад байж байтал тухайн залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би айлын хашаа руу орчихсон юм. Тэгээд би айлын хашаанаас гараад иртэл дахиж миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би газар ухаан алдаад уначихсан, би хэн нэгнийг цохиж зодсон зүйл бол байхгүй. ... эхлээд Энхтөрт цохиулаад айлын хашаа руу ороод хэсэг хугацааны дараа Энхтөр нь намайг шууд цохиод унагасан. Тэрнээс яг бүлэглэн хоёулаа цохисон зүйл байхгүй. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Энхтөрд цохиулаад газар савж унасны улмаасдээрхи гэмтлийг авсан... гомдолтой байна...... хяналтын камерын бичлэг дээр Энхтөр сүүлд нь ирээд намайг салгаж явахад гадуур хувцас тайлаад миний нүүр лүү цохисон. Би цохиулаад айлын хашааны хаалга таараад хашааны хаалгаар цаашаа нэвт ороод унасан. Тэгээд би цохиулсаны улмаас хэсэг хугацааны дараа манараад нүүрээ дараад гарч ирсэн чинь Э.Э дахиад нүүр лүү цохьсон чинь би чинь би хойшоо саваад унасан тэгээд ухаан алдаж тэрнээс хойш юу болсонг санахгүй байна.. Намайг дэлгүүрээс түрүүлээд гарч ирэхэд Энхбаяр нь миний гарнаас татаад намайг хашааны булан руу авч гарсан..." гэх мэдүүлэг /1хх-18-19, 139-140, 2хх-210-211, 236х/,

Хохирогч Б.Алтанхуягаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "... тухайн өдөр Заан самбуу нэртэй дэлгүүрээс Энхбаяр бид хоёр тамхи авчихаад үүдэнд зогсож байтал бид хоёрын хажуугаар танихгүй гурван эрэгтэй зөрж өнгөрсөн. Энэ үед нэг өндөр туранхай биетэй залуу бид хоёр бие биенээ санаандгүй мөрөлчихсөн юм. Тэгтэл тэр өндөр залуу надад хажуугаар чинь зөрж байхад хол зогсолдоо гэж хэлэхээр нь чи өөрөө замаа хараад яваач гэж хэлээд хоорондоо маргалдаад байж байтал... Баянмөнх гээд байсан залуу нь Энхтөр ах руу уурлаад зодолдох гээд дайраад байсан. Тэгтэл Энхтөр түүнийг нэг удаа нүүрэнд нь гараараа цохитол дэлгүүрийн урд талын айлын онгорхой хашаа руу яваад орчихсон. Тэгээд айлын хашаанаас Баянмөнх гэдэг залуу гарч ирээд Энхтөр ахыг цохих гээд дайртал ахиад Энхтөр ах түүнийг нэг 1 удаа нүүрэнд нь цохисон. Энэ үед тухайн залуу газар маш хүчтэй саваад уначихсан... би биентэйгээ шүргэлцээд хоорондоо маргалдаад л зогсож байсан. Нэг нэгнийгээ цохиогүй..." гэсэн мэдүүлэг / 1хх-20-21, 137-138х/,

Хохирогч Д.Орхонсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "... Алтанхуяг бид хоёр хоорондоо зодолдсон. ...Баянмөнх Энхтөр гэх залууд зодуулаад юм ярьж чадахгүй юм асуухаар өөдөөс гөлийгөөд асуусан асуултанд хариулж чадахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-238х/,

Гэрч Ц.Цогтбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "...Тухайн өдөр найз Орхонсайхан бид 2 найз Баянмөнхийн гэрт нь /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд/ очсон юм. Тэгээд 3-лаа уулзаад Баянмөнхийн гэрт нь 0,5 граммын архи хувааж уучихаад дахин архи уухаар Баянмөнхийн гэрээс гараад 3-лаа хамт Заан самбуу нэртэй хүнсний дэлгүүр лүү орохоор үүдэнд нь алхаад очтол дэлгүүрийн үүдэнд танихгүй 2 залуу зогсож байсан ба хажуугаар нь бид 3 зөрж өнгөрөөд дэлгүүр лүү орох гэтэл урд талд алхаж явсан Орхонсайхан тухайн залуучуудын нэгэнтэй нь мөргөлдсөн /бие биентэйгээ санамсаргүй шүргэлцсэн/. Тэгээд бид нар хоорондоо маргалдаад бие биенээ түлхээд байж байтал нэг намхан биетэй залуу хаанаас ч юм мэдэхгүй гарч ирээд Баянмөнх рүү дайраад шууд түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Баянмөнх айлын хашаа руу яваад орчихсон /цохилтод нь/ удалгүй айлын хашаанаас гараад тухайн залууг Баянмөнх цохих гэтэл тэр залуу нь Баянмөнхийн нүүрэн тус газарт мөн нэг удаа цохьтол Баянмөнх газарт маш хүчтэй саваад унасан юм. ...2 залуу байсан өөр хэн ч байгаагүй. ... Бичлэг дээрээс харахад Энхтөр нь шалдан өөдөөс нь ирж байгаад цохиж унагаж байгаа бичлэг байна. Тухайн үед би харахад Энхтөр тэрүүгээр явж байгаад Баянмөнхийг цохиод унагчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-11, 2 хх-138х/,

Гэрч Ц.Тэмүүлэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "... 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр машинаа янзалчихаад гэртээ ороод нүүрээ угааж байхад гадаа зодоон болж байна гэсэн тэгэхээр нь хүнсний дэлгүүрийн үүдэн дээр гарч ирсэн. Тэгээд харахад Энхбаяр түүний найз нэг залуу хоёр хамтдаа гурван залуутай зодолдоод байх шиг байсан. Би харж зогсож байсан чинь энхтөр хүрээд ирсэн. Энхтөр хүрч ирээд дээд талын подвалк тайлаад над руу шидсэн. Нэг залууг нь түлхээд хашаа руу оруулчихсан. Тэр үед Энхбаяр босож ирээд дахиад зодолдоод байсан. Нэг залуутай ноцолдож байхад унасан залуу хашаанаас гараад ирсэн ахиад Энхтөртэй зодолдсон. Энхтөртэй зодолдсоны дараа газар хойшоогоо саваад уначихсан.." гэсэн мэдүүлэг /2 хх-191х/,

Гэрч Б.Отгоноос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "..2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхонсайхан, Цогтбаатар нар өдөр 16 цагийн орчим ирсэн Тэгээд бид нар мах шөл аваад хорхог хийж идсэн. Тэгсэн тэд нар ганц шил архи уухаар болоод дэлгүүрээс 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи аваад Цогтбаатар, Орхонсайхан, Баянмөнх нар хувааж уусан архиа ууж дуусчихаад дахиад нэг шил архи уумаар байна гээд байхаар нь би Баянмөнхөд 11,000 төгрөг өгөөд 21 цаг 20 минутын орчим Орхонсайхан, Баянмөнх Цогтбаатар нар дэлгүүр орох гээд гараад явсан. Тэгээд 21 цаг 50 минут болж байхад ирэхгүй удаад байхаар нь санаа зовоод араас гараад Заан самбуу дэлгүүрийн хажуу талын автомашины гражийн ертөнцийн зүгээр баруун хойд талд гудамжинд газар ухаан алдаад уначихсан байсан. Орхонсайхан дээгүүрээ нүцгэлчихсэн намхан багдгар залууг заагаад энэ манай найзыг цохьсон шүү гээд араас нь хөөцөлдөөд нөгөө нь баригдахгүй зугтаад байсан тэр үедээ нэр усыг нь мэдээгүй сүүлд нэрийг нь асуусан чинь Энхтөр гэх залуу байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-149-150х/,

Гэрч С.Лхагвасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ".. дэлгүүр дотор сууж байхад манай худалдан авагч Баянмөнх гэх залуу нилээн согтуу байдалтай 2 найзынхаа хамтаар орж ирсэн. Өндөр шар царайтай хамт явж байсан залуу бацаан нар хүн өдөөд байх юм гээд хоорондоо яриад байсан тэгээд тэр гурав 0,75 граммын Хараа нэртэй архи аваад гарах үед нь хамт гарсан тухайн үед бороо орж байсан учраас манай гражийн нөмөрт Энхтөрийн дүү Энхбаяр нь нэг танихгүй залуу зогсож байсан тэгэхээр нь тэр хэдийг та нар ах нараасаа уучлалт гуй та нар том хүмүүсийг яаж байгаа юм бэ гээд тэд нарыг уучлалт гуйлгасан. Тэгсэн Баянмөнх болон хамт явж байсан залуучууд нь нөгөө хоёр хүүхэдтэй маргалдаад зодолдоод эхэлсэн манай дэлгүүрийн хажууд байсан учраас би салгах гээд дундуур нь ороод чадаагүй. Тэгсэн Баянмөнх хамт явж байсан 2 залуучууд Энхбаярыг манай дэлгүүрийн урд талын булан руу авч яваад газар унагаагаад зэрэг зэрэг цохиод байсан тэгэхээр нь би айгаад ач Ц.Тэмүүлэнг найзуудтай нь дуудуулаад салгуулаад холдуулсан Баянмөнхтэй хамт явж байсан залуучууд хөл дээрээ зогсож чадахгүй хэрнээ дахиад хэрүүл маргаан хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн.." гэсэн мэдүүлэг /1 хх- 144-145х/,

Гэрч Д.Цэрэндуламаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "..Манай дүүгийн хүүхэд болох Даваахүү Заан самбуу хүнсний дэлгүүр лүү сүүнд явсан юм орж ирэхдээ Энхбаяр ах Заан самбуу хүнсний дэлгүүрийн гадна талд танихгүй 3 ахад зодуулж байна гэсэн, тухайн үед Э.Э ажлаасаа ирээд хоол идэх гэж байсан тэгээд би Энхтөрийг дүү чинь хүнд зодуулж байна хурдан явъя гэж хэлээд Энхтөр бид хоёр Заан самбуу дэлгүүрийн гадна очиход энхбаяр Заан самбуу хүнсний дэлгүүрийн зүүн урд талын хашааны булангаас цусаа гойжуулчихсан срудболк нь урагдчихсан байдалтай хоолойг нь боочихсон нүүр лүү нь цохьсон бололтой цус гарчихсан 3 залуу хорьсон байдалтай зогсож байсан. Энхтөр очоод яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ гэсэн чинь намхан биетэй, малгайтай залуу Энхтөрийг чи хэн бэ гээд урдаас нь заамдаад авсан. Энхтөр заамдсан гарыг нь салгаад өмсөж явсан фудболкоо тайлж шидээд Энхбаярыг авах гэтэл хашаанаас тухайн үед нэгрийг нь мэдэж аваагүй Баянмөнх гэх залуу гартаа чулуу атгаад ална гээд хашаанаас гарч ирээд дайрсан тэгэнгүүт нь Энхтөр цохиулахгүйн тулд цээж рүү нь түлхээд холдуулсан тэгсэн өндөр биетэй залуу чи манай найзыг түлхэдэг хэн бэ Энхтөрийн өмдний тэлээнээс барьчихаад тавихгүй толгой болон хүзүү хэсэг рүү гараараа цохиод байсан. Энхтөр өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй арай хийж гарыг нь тавиулсантэгсэн хашааны хойд талаас өндөр биетэй залуу чи манай найзыг түлхэдэг залуу нь та нарыг ална шүү гээд блокны хэлтэрхий аваад бид нар луу шидсэн бид нар зайлаад холдчихсон..." гэсэн мэдүүлэг /1хх-141-143х/,

Шинжээч нарын, ".. Баянмөнхийн биед баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, духанд зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун зүүн шууны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баянмөнхийн баруун чамархайн хөхлөг сэртэн ясны хугарал гэмтэл нь мохоо зүйл рүү унах үед үүсэх боломжтой" гэх 1372 дугаартай дүгнэлт /1 хх-152-153 х/,

Шинжээч Б.Ариунзулын, "хохирогч Баянмөнхийн баруун чамархайн хөхлөг сэртэн ясны шугаман хугарал баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал баруун чамархайн хуйханд зулгаралт зэрэг гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Духанд зулгаралт дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, дээд үүдэн 1-р шүдний хугарлууд нь нэг удаагаар үүсэх боломжтой, зүүн шууны гадна хэсэгт цус хуралт гэмтэл нь тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүснэ..." гэх мэдүүлэг /1 хх-231-232х/,

Хохирогч Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-135-136х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-234х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-235х/,

Шинжээч Т.Батхуягийн, "...дэлгэцнээс хуулбарласан байх тул шинжилгээнд тэнцэхгүй, харин мөрдөн байцаагч Уянга, хохирогч Баянмөнхөөс хураан авсан гэж хаягласан 2 ширхэг СД бичлэгүүд шинжилгээнд тэнцэнэ" гэх мэдүүлэг /1 хх- 212-213 х/,

Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-30х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-36х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр шүүгдэгч Э.Э 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21-22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын гудамжинд байрлах "Заан самбуу" дэлгүүрийн орчим хохирогч П.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай яснаас доош чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

 

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч П.Баянмөнх нь “..2.000.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа..” нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нийт 77 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.