| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0467/З |
| Дугаар | 128/ШШ2024/0664 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А*******ийн Лх******* /*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Аийн Б //,
Маргааны төрөл: Газар эзэмших эрх олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Лх*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч А.Лх******* шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч А.Лх******* нь Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Монел гудамжны тоотод байрлах газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байна.
2.2. Гуравдагч этгээд А.Б нь Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Монел гудамжны тоотод байрлах газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байна.
2.3. А.Лх******* 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд А.Боос давхардуулан газар эзэмших өргөдөл хүлээж авч, улмаар түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй үндэслэл болгож байгааг хуульд нийцэхгүй талаар гомдол гаргасан.
2.4. Улмаар А.Лх******* төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 27-нд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлснээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дугаар гудамжны тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмших хүсэлтийг 2 иргэнээс ирүүлсэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж шийдвэрлүүлэх хариу өгсөн.
2.5. А.Лх******* 2022 оны 11 дүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх-ээр дахин хандсан.
2.6. Нэхэмжлэгч нь ийнхүү дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэлээ эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах-аар тодорхойлжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч 2008 оноос 8 айлын хашаа барьж эмээ, нагац талын ах дүүстэйгээ газраа хуваарилж амьдарцгаасан, бусад нэгж талбаруудад нь эзэмших эрхийг олгосон атал 2018, 2019 онд газраа эзэмших хүсэлтээ гаргахад тэр үед эзэмших хүсэлтээ өгөөгүй, тухайн хашаанд 2 тоот хаягт эзэмших эрхтэй газар дээр гэр бүлээрээ амьдардаг нагац ах Ж.Аын эхнэр А.Бын 2023 онд нөхөж өгсөн хүсэлтээр хүсэлт гаргасан газар нь бусдын хүсэлт гаргасан газартай давхцалтай гэх үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус хэмээн маргаж байгаа бол хариуцагч хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээ уг нэгж талбарыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан, нэг хаяг байршилд 2 иргэн давхцуулан хүсэлт гаргасан, маргаантай хэмээн зааж, гуравдагч этгээд 2011 онд дугаар гудамжны тоот хаягт иргэний бүртгэлд бүртгүүлсэн, 2014 онд кадастрын зураг хийлгүүлсэн, энэ хаягаар 14 жил амьдарч байгаа гэж тайлбарлажээ.
3.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
А******* овогтой Лх******* би анх 2008 оны 7 дугаар сараас одоогийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелийн дугаар гудамж задгай хогонд дарагдсан газрыг цэвэрлэн эгч Ж.Хын хамт эргэн тойрон хашаа барьж босгон одоогийн Монелийн - тоот хаяг дээр өөрийн гэрээ барин амьдарч байгаад 2 жилийн дараа буюу 2010 онд эмээ ээж Долгорсүрэн, нагац ах Ж.Г нар нь миний хашаанд нүүж ирэн тус - тоот газарт бид нэг гэрт хамт амьдарч байсан юм. Үүнээс хойш 2011 онд эмээ маань өөд болж, ах Ж.Г нь эхнэр авч өөр тийшээ амьдрахаар явж, би уг хашаандаа ганцаараа үлдэн амьдарч байгаад нөхөр С.Дтай танилцаж, улмаар том охиноо төрүүлсэн юм. Гэтэл 2011 онд нагац ах Ж.А нь эхнэр аваагүй /одоогийн эхнэр А.Бтой гэрлээгүй байсан/ ганц биеээрээ, мөн нагац ах Ж.Бр нь эхнэр н.Н-н хамт бидний барьсан Монелын задгай гэх хаягтай 8 айлын том хашаанд анх нүүж ирж бууцгаасан юм. Нагац ах Ж.А нь буусан газартаа буюу одоогийн Монелийн -2 тоотод 2020 оноос гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авч одоо гэр бүл болох эхнэр А.Б, 2 хүүхдийн хамт амьдарч байна. Нагац ах Ж.Б нь мөн Монелийн ******* тоотод газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан эхнэр н.Н-н хамт ам бүл хоёулаа амьдарч байна.
А.Лх******* миний бие 2008 оноос хойш задгай хашаагаа арчилж, хамгаалж ганцаараа амьдрахдаа одоогийн Монелийн - тоотод өөрийн гэрээ барьж амьдарч байгаад тус газартаа өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2017 онд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө өгсөн боловч дүүргийн Засаг дарга солигдож тамга тэмдгээ авч явсан, засмал зам тавигдана гэх зэрэг шалтгаанаар миний өргөдлийг авалгүй буцааж байсан юм. Ингээд би дахин 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2019 оны 11 сарын 04-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлүүдээ холбогдох баримтуудын хамт өгсөн боловч дүүргийн газар зохион байгуулалтын алба миний газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй удааж хүнд суртал гарган чирэгдүүлж, тэгсэн атлаа хөрөнгө орлого сайтай бололцоотой нэгнийх нь газрын гэрчилгээг төд удалгүй гаргаж өгсөн байхаар нь би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан "төрийн хүнд суртлын талаар, танил талдаа түргэн шуурхай үйлчилж ядарсан иргэдэд ялгавартай хандан үйлчилж байгаа талаар гомдол гаргасан юм.
Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний гаргасан гомдлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шийдвэрлүүлэхээр шилжүүлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас надад 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр тоот бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн юм. Үүний дагуу би 3 жил гаран хугацаанд газрын асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй хүлээж өдийг хүрсэн. А.Лх******* би одоо 5-13 насны 4 өнчин хүүхдүүдийн хамт ам бүл 5 уулаа амьдарч байна, нөхөр маань 2019 онд нас барсан, би өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн эзэмшил өмчлөлийн газар байхгүй 4 өнчин хүүхдүүдийн хамт амьдралын баталгаажих түвшнээс доогуур өрх толгойлон хүнд нөхцөлд амьдарч байна.
Намайг өрх толгойлсон олон хүүхэдтэй ядарсан, хамгаалах хүн байхгүйгээр нь далимдуулан нагац ах, бэрүүд хоорондоо хуувилдан өөрсдийнхөө хувийн эрх ашгийг бодож Монелийн -2 тоотод газар эзэмших эрхийн гэрчилгээтэй одоо гэр бүлээрээ амьдарч байгаа бэр А.Б нь миний эзэмших ёстой - тоотод газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар давхцуулан 2020 оны 3 сард дүүргийн газар зохион байгуулах албанд хандсан байна. Миний бие анхнаасаа тус газар, тоотод 2008 оноос хойш амьдарч улмаар 2017 оноос хойш Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд он дараалан удаа дараа өргөдөл хүсэлтээ холбогдох нотлох баримтуудын хамт гарган өгч байсан юм. Уг баримтууд нь одоо Газар зохион байгуулалтын албаны хувийн хэрэгт бүгд байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэж өгөхгүй, одоо шүүхээрээ яв гээд байна.
Иймд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.
Өмнөх шүүх хуралдаанаас хойш Э.Бтой ярилцсан, би эвлэрэх санаатай Н.Бод 500,000 төгрөг өгсөн. Түүнээс өөр нэмж мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Надаас Э.Б 1,500,000 төгрөг нэхсэн. Э.Б нөхөр н.Атай хамт амьдардаг. -2 тоотод А ах эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
Анх хашаа барихад эмээтэйгээ амьдарч байсан. Миний бие 2018 онд хүнтэй сууж, Төв аймгийн Баянчандманьд амьдарч, Баянзүрхэд энэ хашаанд ирж, очиж эмээгээ асардаг байсан. 8 айлын газар учраас хүүхдүүддээ хувааж өгч байсан. Тэгэхдээ энэ тоот газрыг надад өгсөн. гэв.
3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Лх******* нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар шинээр эзэмших хүсэлт өгсөн нь Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлтэй байна.
Мөн тус байршилд А.Б 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл өгсөн нь Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлтэй байна. Тус газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 (Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна) дахь хэсэгт заасны дагуу 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэгдээгүй болно. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: уг газарт хүсэлт гаргасан 2 иргэн маргаанаа шийдвэрлэвэл Газар зохион байгуулалтын албанаас уг газрыг төлөвлөгөөнд тусгаад эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Э.Б нь энэ нэгж талбарыг эзэмшихээр манайд хандаж байсан гэдэг, гэхдээ 2023 оны 06 дугаар сард л газар эзэмших хүсэлт гаргасан бүртгэл л байгаа. 2020 оноос хойш цахим системтэй болсон. Регистрээр нь хайж үзэхээр Э.Боос 2023 оны 06 дугаар сард гаргасан хүсэлт байгаа. Өмнө нь хийлгэсэн гэсэн кадастрын зургууд өөрт нь байсан. А.Б кадастрын зургууд хийлгэсэн гээд барьчихсан явж байсан. Газрын албанд өгөөгүй. Иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхээр хавар газар дээр ажилласан, тухайн үед анх хүсэлт гаргасан газрууд давхцалтай гэдгийг тэмдэглэж байсан.
Нэхэмжлэгч 2018 оноос хойш хандсан. Гэхдээ нэг байршилд 2 иргэн хандаад хүсэлт гаргасан болохоор маргаантай гэж үзээд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд А.Б нарын хүсэлт гаргасан газар яг нэг байршилд бүхэлдээ давхцалтай, мөн уг газар өөр этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай гэх маргаан байхгүй.
Энэ 2 хүний маргаан байгаа учраас өнөөдрийг хүртэл газар олголт хийгээгүй. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй учраас бид газар олголт хийхгүй байгаа. Намайг ажил авахад 2023 оны төлөвлөгөөнд тусгаагүй байсан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр газар олголт хийсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн байршил байгаагүй учраас газар олголт огт хийгдээгүй. 2 иргэн зөвшилцчихвөл 2024 оны газрын төлөвлөгөөнд тусгаад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхэд бэлэн байгаа.
А.Б 2023 онд материал бүрдүүлж өгөхдөө хуучин өөрт нь байсан материалуудаа цуг өгсөн байх шиг байсан. 2020 онд цахимд бүртгэгдсэн байсан. 2 иргэн давхардаж хүсэлтээ гаргасан гэх маргаан шийдвэрлэгдвэл дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны төлөвлөгөөнд тусгаж, эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Тус газар ямар нэг шугам сүлжээгүй, бусдын газартай давхцаагүй.
Цохолт хийлгэхэд хорооноос хаяг авдаг. Тэгэхэд тоотод А.Б бүртгэлтэй гэж байсан. гэв.
3.5. Гуравдагч этгээд А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга М.Ш болон 5 дугаар хорооны ажилчид А.Лх*******гийн газар эзэмших өргөдлийг сайн хянаж шалгаагүй цохолт хийсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монел дугаар гудамж тоотод 2010 оноос 2024 он болтол амьдарч байгаа. Гэтэл А.Лх******* манай гэр хашаа гудамжны зургийг гадна талаас авч Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн өргөдөлдөө хавсаргасан байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Засаг дарга М.Ш мөн дүүргийн газрын албаныхан А.Лх*******гийн гэр бүл болон өөрийн иргэний үнэмлэхийн хаягийг шалгаж хяналт тавиагүй цохолт хийсэн. А.Лх******* ах дүү, хамаатан садангаараа тодорхойлолт бичүүлсэн.
Иймээс А.Б миний бие дээрх 4 зүйлийг худал гэж үзэж эсэргүүцэж байна. Дээрх асуудлуудыг шалгаж үзэж тусална уу. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэн, хуулийн этгээдээс гаргасан газар эзэмших хүсэлтийг бүртгэж, 32.5-д хүсэлт, хавсаргасан баримт бичиг хуульд заасан дээрх шаардлагыг хангасан эсэхийг нягтлан хянаж, хангаагүй гэж үзвэл буцааж, бүртгэлээс хасах, дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Засаг даргад танилцуулж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар зааснаас үзвэл газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой энэ үе шатанд хамаарах дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаанд холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаар газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар тодорхойлсноор хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд хот, тосгон, суурин газарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан газар нь иргэдэд энэ зориулалтаар эзэмшүүлэхээр тухайн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх тохиолдолд хуульд заасан журмаар гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх ёстой.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар иргэнд эзэмшүүлж болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар эзэмшихийг хүссэн газрын байршил, хэмжээ, хил зааг, нэгж талбарыг харуулсан кадастрын зургийг хавсарган, эзэмших зориулалтаа заан, газар эзэмших хүсэлтээ гаргасан тохиолдолд 32.4-т зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүсэлтийг бүртгэж, 32.5-д заасан хүсэлт, хавсаргасан баримт бичиг хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзвэл буцааж, бүртгэлээс хасах, дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар, түүнчлэн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавигдахаар хуульчлагджээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Лх*******, гуравдагч этгээд А.Б нарын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан 700 м.кв газар нь нэг байршилд буюу Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Монел дугаар гудамжны тоот хаягтай, хоорондоо бүхэлдээ давхцалтай, энэ талаар талууд маргаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороог хувааж, 31, 41 дүгээр хороог шинэчлэн байгуулсан, ийнхүү маргаанд хамаарах нэгж талбар 5 дугаар хорооноос 31 дүгээр хороонд хамаарахаар болсон.
4. Нэхэмжлэгч А.Лх******* нь - тоотод байрлах газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хаяг байршил, зориулалт, хэмжээг тусгасан өргөдөл, хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт, газрын байршил, хэмжээ, хил зааг, нэгж талбарыг харуулсан Билайн ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг хавсарган гаргасан[1], 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа талаар гомдол гаргасан, 2022 оны 11 дүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх-ээр дахин хандсан[2], харин гуравдагч этгээд А.Б нь - тоот хаягт байрлах газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК-иар 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үйлдүүлсэн кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хаягийн тодорхойлолт хавсарган гаргасан нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийн бүртгэлд бүртгэгдсэн[3] байна.
5. Хариуцагч тухайн байршлыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан хэмээн А.Лх*******гийн эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээ тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж байсан хугацаанд буюу 2018, 2019 онд Засгийн газрын 2003 оны дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалт хийх журмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах харилцаа зохицуулагдаж байсан бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байршлыг засаг захиргааны нэгж болон газар нутгийн нэршлээр, эзэмшүүлэх нийт хэмжээгээр нь тусгадаг байсан.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан тус дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 дугаар хороо Монелийн гудамжид 7.4 га талбайг 124 өрхөд, 2019 оны 35 дугаар тогтоолоор баталсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 дугаар хороо Монелийн гудамжид 4.6 га талбайг 77 өрхөд, 2020 оны 08 дугаар тогтоолоор баталсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 дугаар хороо Монелийн гудамжид 2.78 га талбайг 44 өрхөд, 2021 оны 21 дугаар тогтоолоор баталсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 дугаар хороо Монелийн гудамжид 0.7 га талбайг 25 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр, 5 га газрыг 100 иргэнд өмчлүүлэхээр, мөн 2022 оны 48 дугаартай 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолоор Монелийн гудамжид 2.45 га талбайг 68 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэмж эзэмшүүлэхээр тус тус төлөвлөсөн байдаг.
Улмаар тухайн байршилд буюу хашаанд -2 тоотыг Жамсранпүрэвийн Аад, -1 тоотыг Жамсранпүрэвийн Гомбод тэдгээрийн 2018 оны 3 дугаар сарын 01-нд гаргасан хүсэлтээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын *******, ******* дугаараар эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1446 дугаар захирамжаар Ж.Аын охин Аын А*******д -2 тоотыг өмчлүүлсэн[4], мөн ******* тоотыг Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаараар эзэмшүүлсэн байдаг.
Ийнхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, өмчлүүлэхээр тусгагдсанаар, 1 хашаан дахь зэргэлдээ газруудыг хүсэлт гаргасан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн атлаа А.Лх*******гийн 2018, 2019 онд гаргасан эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулснаа тухайн байршлыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан хэмээн тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, цаашлаад газар эзэмших, газар эзэмшүүлэх харилцаанд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй, нэхэмжлэгчийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.
6. Мөн А.Лх*******гийн 2018, 2019 онд гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, 2020, 2022 онд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэхээр түүний гаргасан гомдлыг шийдвэрлээгүй талаарх хариуцагчийн нэг байршилд 2 иргэн хүсэлт гаргасан маргаантай гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Тодруулбал дээр дүгнэсэнчлэн тухайн - тоот хаягт байрших 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч А.Лх******* Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 04 дүгээр сарын 27, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуульд заасан журмын дагуу гаргасан, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 11 дүгээр сарын 14-нд дээрх хүсэлтүүдээ шийдвэрлүүлэхээр дахин хандсан байхад гуравдагч этгээд А.Бын уг - тоотыг эзэмших 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг нэг байршилд 2 иргэн хүсэлт гаргасан маргаантай гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь А.Бын - тоотыг эзэмшихээр Газрын тухай хуульд заасан шаардлага ханган гаргасан хүсэлт 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн, түүнээс өмнө түүний газар эзэмших хүсэлт бүртгэгдэж байгаагүй, харин тэрээр 2020 оны 3 дугаар сарын 24-нд Газар зохион байгуулалтын албанд гаргасан гомдолдоо[5] газар эзэмших хүсэлт, материалаа өгөхөд тухайн газарт А.Лх******* эзэмших хүсэлт гаргасан байсан талаар дурдсан байдаг ба уг гомдлыг газар эзэмшихээр хуульд заасан журмаар гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй юм.
Гуравдагч этгээд А.Бын хувьд тухайн хашаанд -2 тоот хаягт нөхөр Ж.А, охин А.А*******ын нэр дээр эзэмших, өмчлөх эрх авсан 700 м.кв газарт гэр бүлийн хамт амьдардаг болох нь -2 тоот хаягтай өрхийн бүртгэлээр тогтоогдож[6] байх бөгөөд - тоот хаягаар иргэний болон өрхийн бүртгэл давхар хийлгэсэн нь тухайн газарт эзэмших эрх үүсгэхгүй, өөрөөр хэлбэл энэ нь А.Лх*******г тухайн газрыг эзэмших хүсэлт гаргах үед Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх хязгаарлалт үүсгэхгүй.
Иймээс нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгч А.Лх*******гийн - тоотод газар эзэмших хүсэлт 2018, 2019 онд бүртгэгдсэн нь цаг хугацааны хувьд А.Бын уг газрыг эзэмших хүсэлт 2023 онд бүртгэгдэхээс өмнө байх тул Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8.1, 29.9-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар орсон өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор эрэмбэлэн бүртгэнэ, Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ. гэсэн нэмэлт өөрчлөлтөөрх хүсэлт гаргасан дарааллаар бүртгэх, бүртгэгдсэн дарааллаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалтад нийцүүлэн тайлбарлаж хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах шаардлагаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан, энэ хүрээнд уг шаардлагыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан журмаар нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших хүсэлтийг 32.4-т зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба бүртгэснээс хойших захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан Засаг даргын шийдвэр гаргах ажиллагаанаас өмнөх ажиллагаа хийгдээгүй, эдгээр ажиллагааг хийлгүүлэхэд энэ шаардлага чиглэжээ.
8.1. Тодруулбал, А.Лх*******г газар эзэмших хүсэлтээ 2018, 2019 онд гаргах үед уг байршилд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх шаардлага хангагдсан байсан ч Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Газар зохион байгуулалт хийх журмыг шинэчлэн баталсан, уг журмын 3.2.10 дахь заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэгж талбарыг төлөвлөсөн байх нийтлэг шаардлага тавигджээ.
8.2. Тиймээс Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.5.2-т зааснаар дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд уг нэгж талбарыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх талаар тусгах, улмаар төлөвлөгөөг батлуулахаар дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, 20.1.2-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал хэлэлцэн батлах үе шат дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахаас өмнө хийгдэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших А.Лх*******гийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, - тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэлээ.
9. Гуравдагч этгээд нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.5.2, 29 дүгээр зүйлийн 29.8.1, 29.9, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягтай газрыг эзэмших А.Лх*******гийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, дугаар гудамж тоот хаягтай газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА