Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02178

 

 

 

“БМФ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “БМФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8 761 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Унь манай байгууллагатай 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 5 500 000 төгрөгийг сарын 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Ундрахын эзэмшлийн Тоёото кроун маркийн 44-77 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Б.Унь зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөс тохиролцсон. Үндсэн үүргийн биелэлтийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувиар тооцож 2 920 500 төгрөгийг алдангид шаардаж байна. Иймд үндсэн зээл 5 500 000 төгрөг, сарын хүү 341 000 төгрөг, алданги 2 920 000 төгрөг, нийт 8 761 500 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БМФ” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулахаар тохиролцсон. Б.Унь 5 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаас зээлдүүлэгч үндсэн зээлийн төлбөр дээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөр дээр хүү, алданги тооцож 9 645 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэж удаа дараа Б.У-аас мэдэгдэл гаргасан. Үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулахаар Фидуцийн гэрээг байгуулж, автомашиныг зээлдэгч өөрөө эзэмшиж байхад зээлдүүлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15/20 тоот зээл эргэн төлөхийг мэдэгдсэн хуудсыг хүргүүлж, 2020 оны 02  дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг дотор зээлийн төлбөрийг эргүүлэн төлөхийг, мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдэгдсэн. Гэвч “БМФ” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.У-д мэдэгдэлгүйгээр автомашиныг хураан авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02013 дугаар шийдвэрээр “БМФ” ХХК-аас 44-77 УНЦ улсын дугаартай автомашиныг гаргуулан Б.У-д олгохоор шийдвэрлэсэн. “БМФ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй тул зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийхэд саад болсон нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 5 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-аас зээлийн гэрээний үүрэгт 8 745 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БМФ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн УЗ-275 дугаар барьцаат зээлийн гэрээний зүйл болох 4477 УНЦ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, GRS 1800039296 арлын дугаартай Тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 225 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БМФ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “БМФ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй этгээд атлаа зээлийн гэрээ байгуулсан нь  Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хэлцэл хийсэн тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийхэд саад болсон нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Талуудын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн УЗ 275 дугаар барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүү болон алдангийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 245 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “БМФ” ХХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүү 341 000 төгрөг, алдангид 2 920 000 төгрөг нийт 8 761 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

“Баянмонгол финанс” ХХК, Б.Унар 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ нэртэй хэлцэл байгуулж, “БМФ” ХХК-аас 5 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр Б.Узээлэх, зээлдэгч нь төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр тохиролцсон, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-12/

Дээрх зээлийн гэрээний дагуу “БМФ” ХХК 5 500 000 төгрөгийг Б.У-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргахдаа нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гэх үндэслэлийг заажээ. “БМФ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахыг заасны дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон байна. Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хамаарахгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч зээлийг эргэн төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхтэй.

Талдууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд 30 хоногийн хугацаанд 6 хувийн хүү төлөх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 330 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Зээлийн гэрээний 2.15-т гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа дууссан өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги зээлдэгч зээлдүүлэгчид төлөхөөр талууд  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт дахь хэсэгт зааснаар алдангийн талаар тохиролцсон ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул хариуцагч нь алданги 2 915 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.У-аас үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүү 330 000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 5 830 000 төгрөгийн 50 хувь болох 2 915 000 төгрөгийн алданги нийт 8 745 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БМФ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Барьцаат зээлийн гэрээний 6.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Унь 44-77 УНЦ улсын дугаартай, Тоёото кроун маркийн автомашиныг барьцаалсан тохиролцоог хийсэн нь барьцааны гэрээний агуулгатай байх бөгөөд талууд мөн өдөр фидуцийн гэрээг байгуулж Б.Унь автомашины өмчлөх эрхийг “БМФ” ХХК-д шилжүүлсэн. Барьцааны гэрээ болон фидуцийн гэрээ нэгэн зэрэг хүчин төгөлдөр байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, автомашины өмчлөх эрхийг шилжүүлснээр барьцааны гэрээний зүйл бодитоор байхгүй болжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/2013 дугаар шийдвэрээр “Баянмонгол финанс” ХХК-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулах эрхгүй гэж дүгнэж, 44-77 УНЦ улсын дугаартай, Тоёото кроун маркийн автомашины өмчлөх эрхийг Б.У-д шилжүүлсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Барьцаат зээлийн гэрээний 6.1-т болзол тавьж барьцааны гэрээ хэрэгжих талаар нөхцөл тохиролцоогүй, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор барьцааны гэрээг хүчинтэй гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч байгуулагдаагүй барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У-аас зээлийн гэрээний үүрэгт 8 745 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БМФ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16 500 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 44-77 УНЦ улсын дугаартай, Тоёото кроун маркийн автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “...225 070 төгрөг” гэснийг “...154 870 төгрөг” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус дугаарлан өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 66 870 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                            ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА