| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01187/И |
| Дугаар | 135/ШШ2024/01635 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2024/01635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01187/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Б.******* үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж, асран тэтгэснийг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Р.******* миний бие нь С.******* 1992 онд танилцаж, улмаар 1993 онд гэр бүл болж, одоог хүртэл хамтран амьдарч байгаа бөгөөд бидний дундаас гурван хүүхэд төрсөн болно.
Нөхөр ******* овогтой ******* өмнөх эхнэр нас барж, тэдний дундаас төрсөн охин Б.******* 3 сартай балчирхан нярай өнчрөн аавынхаа асрамжид үлдсэн байсан. Биднийг гэр бүл бололцоход дагавар охин Б.******* 1 настай байсан тул миний бие өөрийн охиноо гэж үзэн, түүнийг өсгөн хүмүүжүүлж, охин маань ч ээжийгээ гэж бодон өсөн торнисон. Хэдийгээр түүнийг төрүүлээгүй ч төрснөөс ялгалгүй хайрлан өсгөсөн охин үр минь болно.
Тиймдээ ч засаг захиргаа хорооны бүртгэлд 4 хүүхэдтэй эх гэж бүртгэгдэн одонтой ээж болж, одонтой эхийн мөнгийг улсаас авдаг юм.
Охин Б.******* үрчлэн асрамжилсан болохыг тогтоолгох болсон үндэслэл нь миний бие 2021 онд 50 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл Б.******* үрчлэн өсгөсөн, түүний ээж болох талаар мэдээлэл бүртгэлгүйгээс 4 хүүхэдтэй эх гэдэг шаардлагыг хангахгүй байна.
Иймд охин Б.******* үрчлэн өөрийн асрамжид өсгөсөн, түүнийг ээж болохыг тогтоолгох ач холбогдолтой үйл явдал тул хуулийн дагуу тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 573 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, 1991 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, С., Р.******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх 2-77 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхээс Дархан сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1176 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/887 дугаартай албан бичиг, ХААТР баримт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11-10/156 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Д.*******, С. нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 13-15, 19, 32-34, 37-39 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.******* нь Б.******* үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж, асран тэтгэснийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие 4 хүүхэдтэй. Тэтгэврийн нас болж тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгалын газраас таныг 4 хүүхэдтэй гэж үзэх боломжгүй. Том хүүхэд чинь таны хүүхэд биш байна. Заавал төрсний гэрчилгээ дээр таны нэр байх ёстой гээд татгалзсан. Б.******* нэг ойтой байхад манай нөхөр бид хоёр гэр бүл болж, тэр үеэс өсгөсөн. Үрчилж авах талаар тухайн үед надад хэн ч хэлж байгаагүй. Тийм бодол байхгүй байсан. Яагаад гэвэл аавыгаа дагаж ирсэн болохоор миний охин л болж байна. Иймд Б.******* өсгөн хүмүүжүүлж асран тэтгэснийг тогтоож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.3.төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал” гэж заасан байна.
Дээрх хуульд зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэд хамаарч байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “…үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Р.******* нь 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Б.******* үрчилж авсан үндэслэлээр хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон тул шүүхэд хүсэлт, нэхэмжлэл гаргажээ.
6.Хэрэгт авагдсан Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа болон төрсний бүртгэлийн гэрчилгээ, Д., Р.******* нарын гэрлэлтийн гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр ...охин Б.******* нь 1991 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д., С. нарын дундаас төрсөн, Д., Р.******* нар нь 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчаас шүүх хуралдаанд ...манай нөхөр Д. өөрийн овгийг сольсон учир сүүлд гэрлэлтийн бүртгэлийг дахин шинэчилсэн гэж тайлбарласан.
7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Б.******* нь хүсэлт гаргагч Р.*******ийн дагавар охин байх бөгөөд хүүхдийг дагавар, төрсөн эсэхээс үл хамаарч өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг юм.
8.Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хүүхэд үрчлэн авахыг хүсэгч нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандах бөгөөд Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргаж, улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэжээ.
9.Хүсэлт гаргагч Р.******* нь Д.******* 1993 онд гэрлэлтээ бүртгүүлэхэд Б.******* нь 2 настай байсан, үүнээс эхлэн Р.******* нь Б.******* асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлсэн нь үнэн боловч үрчилж авсан үйл баримт нь зөвхөн төрийн захиргааны эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр гарч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог, түүнчлэн хүсэлт гаргагч Р.*******ийн дагавар охин Б.******* өсгөн хүмүүжүүлж, асран тэтгэх үүргээ биелүүлснийг түүнийг үрчилсэн гэж үзэхгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр хүсэлт гаргагчийн хүсэлт, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10.Хүсэлт гаргагчийн хүсэлт, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар хүсэлт гаргагч Р.*******ийн “Б.******* үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж, асран тэтгэснийг тогтоолгох тухай” хүсэлт, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН