| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00342/И |
| Дугаар | 135/ШШ2024/01649 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/01649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00342/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: 9*******, *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээний зүйл болох 48,864,900 төгрөгийг гаргуулж, орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.*******, Г. нарыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд Д.*******, Г. нарыг нэмж бүртгүүлэхийг Х.*******од даалгаж, эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Х.******* миний бие Д.*******тай 2012 онд танилцаад үерхэж байсан үед Д.******* жирэмсэн болж, бидний дундаас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г. төрсөн. Хүү төрсний дараа бид нэг гэрт орж 1 жил гаруй хугацаанд Д.*******гийн гэрт хамт амьдарч байсан бөгөөд Д.******* зах дээр сэлбэгийн лангуу ажиллуулдаг байсан тул хүүхдээ харах боломжгүй байна гээд намайг ажлаасаа гарч хүүхдээ харж ханд гэсэн шаардлага тавьсан тул би хүүхдээ харж асрахын тулд ажлаасаа гарч 1 жил гаран хүүхдээ харж гэр орны бүх ажлыг хийж байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байсан бөгөөд Д.******* намайг хүүхдээ харж ханд гэж шахаж байж ажлаас гаргачхаад намайг ажилгүй орлогогүй гэж байнга дарамталж элдвээр харааж загнаж гэрээсээ олон удаа хөөж гаргадаг байсан. Миний бие Д.*******гийн ааш араншинг тэвчихийн аргагүй болж 2015 оны 3 дугаар сараас бид тус тустаа амьдрах болсон. Бид тусдаа амьдарснаас хойш Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү Г.ийг өөрийн асрамжид авч надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш хүү Г. ээжийнхээ асрамжид 2 жил гаран байх хугацаанд хүү Г.ийг хараа хяналтгүй гудамжинд гаргаснаас болж хүү Г. авто машинд мөргүүлж элэг нь бяцарч, чамархайн яс цуурсан хүнд гэмтэл авч бүтэн жил гаран эмнэлгээр явж эмчлүүлсэн. Хүүг осолд орсон үед ээж Д.******* шал согтуу эмнэлэг дээр ирээд хувцсаа солиод ирье гэж хэлээд 1 хоног алга болж байсан. Хүүг осолд орох үед би говьд ажиллаж байсан бөгөөд би ажлаасаа чөлөө авч хүүгээ эмнэлэгт сахиж сар гаран эмнэлэгт хэвтэж байсан. Хүүг эмнэлэгт хэвтэж байх үед Д.******* наймаа арилжаа хэцүүдлээ гээд хүү бид хоёрыг эргэж тойрохгүй хааяа нэг хоол авчирч өгдөг байсан. 2017 оны зун Д.******* хүү Г.ийг аваад Солонгос явсан бөгөөд Солонгост ажил хийж байх үед нь хүү Г. хараа хяналтгүй гадаа гудамжинд гарч яваад төөрч Цагдаагийн байгууллага олж өгч байсан гэж хүү Г. өөрөө ярьж байсан. 2018 оны намар хүү Г.ийг 5 настай байхад ээж Д.******* нь надад хүүг авчирч өгөөд би Солонгос явж ажил хийх боллоо гэж хэлээд хүү Г.ийг миний асрамжид орхиод Солонгос явсан. Д.******* Солонгос яваад 5 жил ирээгүй Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гэдгээ надад хэлж байсан бөгөөд 2023 оны 1 сард Монголд ирсэн тухайгаа надад хэлж хүүтэйгээ уулзмаар байна гэж ярихад нь хүүгийн өвлийн амралт эхэлсэн байсан тул хүү Г.ийг өөрийн машинаар хот руу ээжид нь хүргэж өгч байсан. Хүү маань 1 сар хиртэй ээжтэйгээ хамт байж байгаад Дарханд ирж сургуульдаа орсон. 2023 оны 6 сар хүртэл Д.******* Улаанбаатар хотод байр авч амьдарч байсан бөгөөд хүүгийн зуны амралтаар Д.******* хүүгээ ирж авч хэсэг хамт амьдаръя гэсэн тул хүүг ээж рүү нь явуулсан. 2023 оны зун 6 сард манай аав нас барж буяны ажил болох үед Д.******* хотоос ирж надтай уулзаад "Чи хүүгээ олон жил харж хандлаа цаашид би Солонгос хүнтэй гэр бүл болсон тэр хүн илүү ам тэжээх дургүй болохоор хүүгээ өөр дээрээ авах боломжгүй байна, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна, би та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье, чи нийгмийн даатгал төлдөг юм чинь ипотекийн зээл аваад төлөөд яв" гэж хэлээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д.******* надтай бэлэглэлийн гэрээ байгуулж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм. Миний бие орон сууцтай болохын тулд 2023 оны 06 дугаар сарын 28-нд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн ******* тоот 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр нэг хүний өмчөөр улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байсан. Д.******* 2023 оны 9 дүгээр сард Солонгос явсан бөгөөд хүүтэйгээ цахимаар харьцдаг байсан. Д.******* хааяа над руу утсаар ярьдаг байсан бөгөөд нэг ярихдаа "Чи олон жил ганцаараа явлаа одоо хань ижилтэй болбол зүгээр дээ" гэж хэлэхээр нь би түүнд " Би нэг эмэгтэйтэй танилцсан, тэр эмэгтэй Австрид байдаг бид чатаар харьцдаг" гэж хэлсэн. Гэтэл Д.******* за сайн байна дэмжиж байна гэж хэлж байсан юм. Гэтэл 2024 он гарснаас хойш Д.******* над руу утсаар яриад "Чи наад хүүхэнтэйгээ нийлж сууж болохгүй наад хүүхэн чинь миний хүүгийн байранд шунаад байна, чи байрнаас зайлсан байгаарай, би очиж байраа авна" гэж элдвээр дарамталж мессеж бичиж сүрдүүлдэг болсон. 2024 оны 1 сард хүү Г.ий өвлийн амралт болоход Д.*******гийн том дагавар охин Ариунтунгалаг дүүтэйгээ амралтаар нь хамт баймаар байна дүүг хот руу ирүүлээдхээч гэхээр нь би зөвшөөрч Д.*******гийн хамаатны хүн ирж хүү Г.ийг хот руу авч явсан. Гэтэл хүүгийн амралт дуусаж хичээлдээ орох болоход хүүг Дархан руу ирүүлэхгүй хоёр долоо хоног хиртэй хичээлийг нь таслуулсан. Би хүү рүүгээ ярьж "Чи хичээлээсээ хоцорлоо аав нь очоод хүүгээ авъя гэхэд хүү "Ээж над руу яриад Солонгосоос намайг Монголд очтол Дархан руу явж болохгүй наанаа байж бай гэсэн" гэж хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр микрт тог тасраад тог үгүй болсон үед би гэрээ цоожлоод толгойтод ээжийндээ очиж хонохоор явсан байсан. Энэ өдрийн шөнө намайг гэртээ байхгүй үед Д.******* хүү Г.д байсан гэрийн түлхүүрийг аваад манай байранд ирж орсон байсан. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 9 цагийн үед Д.******* миний утас руу залгаж" чи гэртээ хүрээд ир би ирсэн байна чухал яриа байна" гэж хэлсэн. Би гэртээ хүрээд иртэл Д.******* гэрт ирсэн байсан. Д.******* надад хэлэхдээ "Энэ байрыг зараад хотод хүүдээ байр авч өгнө, би чамд өгсөн мөнгөө авъя" гэж хэлсэн. Би "Энэ байр ипотекийн зээлээр авсан байр зарах боломжгүй" гэж хэлсэн. Гэтэл Д.******* "Чи хувцсаа аваад ээж рүүгээ яв байрнаас зайл гэж элдвээр доромжилж хөөсөн. Би арга буюу байрандаа хэрүүл уруул хийж айл хөршийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд ажлын хувцсаа аваад гарч явсан. Гэтэл Д.******* над руу залгаж үлдсэн хувцсыг чинь бэлдчихлээ ирээд аваарай, байрны бүх гэрээ, түлхүүрүүдийг надад өг гэж тулгасан. Би Д.*******д "Чи шүүхдээд аваарай би чамд түлхүүрээ болон гэрээнүүдийг өгөхгүй” гэж хэлээд гарсан. Энэ өдрөөс хойш Д.******* Наран толгойд байдаг ээжийн гэрт ирж ээжийн хажууд 2 цаг гаран хэрүүл хийж орилж хашхирч чамайг байранд оруулахгүй цоожны голыг солино гэж хашхирч байсан. Хоёр хоногийн өмнө би гэр лүүгээ очоод онгойлгох гэтэл цоожны голыг сольчихсон байсан тул гэртээ орж чадаагүй болно. Д.******* хүү Г.ийг өвлийн амралтаар нь авч явснаас хойш хүүтэй минь уулзуулахгүй утсаар ярих гэхээр утсыг нь таслаад, фейсбүүкийг нь устгаад миний бие хүүтэйгээ ч уулзах боломжгүй, өөрийн өмчлөлийн гэртээ ч орж чадахгүй айл амьтнаар хоноглож өөрийн эзэмшлийн орон байрнаасаа хөөгдөж хүнд байдалтай байгаа тул Д.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг минь чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.******* нь хариу тайлбартаа:
“...Х.******* бид хоёр 2011 оноос хамтран амьдарч дундаасаа хүү Г.ийг 2013 оны 06 дугаар сарын 11-ны өдөр төрүүлж хамт амьдарч байхдаа таарч тохирохгүйн улмаас хэд хэдэн удаа салж нийлж байсан бөгөөд сүүлдээ намайг доромжилж бэлгийн замын өвчин халдааж байсан. Ингээд янз бүрийн асуудал гаргаад байхаар нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн 147 дугаартай шүүхийн шийдвэрээр хүү Г.ийг эх Д.******* миний асрамжид үлдээж, эцэг Х.*******оос тэтгэлэг гаргуулах гэж шийдвэрлэсэн. Хүү Г.ийг би эцэгтэй нь ойр дотно байлгах, мөн Солонгос улсад би биеэ эмчлүүлэх зорилгоор хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явсан. Явахын өмнө миний бие 2004 онд авто осолд орж, дүү маань газар дээрээ өнгөрч, би хүнд бэртсэн бэртлээс үүдэлтэй тархины хоргүй хавдар оноштой болоод байгаа. Үүнээсээ болоод хавдар авхуулах зорилгоор Солонгос руу эмчлүүлэхээр явахдаа хагалгааны эрсдэл яагаад ч билээ гээд санаа зовоод хүүгээ аавтай нь үлдээе, гэхдээ хүүдээ хоёр өрөө байр аваад орчин нөхцөл орон байр бүх зүйлийг нь бэлдээд арагшаа санаа зовох зүйлгүй гэдэг үүднээс хүү Г.д зориулж авсан байраа хүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ гэж бодож байтал насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учраас төрсөн эцэг Х.*******ын нэг хүний нэр дээр хүүдээ авсан байраа бүртгүүлсэн юм. Энэ тухайгаа хүүдээ энэ байр бол чиний байр шүү гэж өөрт нь хэлж ойлгуулсан, Х.*******од болохоор за чи эхнэр авсан ч энэ байрныхаа тухайгаа хэлж болохгүй чи бид гурвын асуудал шүү гэж хэлж захиад явсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д.*******, Х.******* бид хоёрын хооронд бэлэглэлийн гэрээг бичгээр хийхдээ “Гэрээний гол нөхцөлийг тохирч бэлэглэх болсон үндэслэлд хүү ******* овогтой ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа гэж тусгасан” юм. Учир нь хүүгээ аавтай нь үлдээхэд Х.******* өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан юм. Ингээд би Х.*******ын зээл 10,300,000 төгрөгийг мөн байрны урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд Дархан-Уул аймаг, ******* тоот, 42,22 м.кв, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцыг *******-ны барьсан барилгаас өмнө нь хүн амьдарч байгаагүй орон сууцыг байрны урьдчилгааг нь төлөөд авсан. Авсныхаа дараа доторх тохижилтыг нь бас би өөрөө хийж нийт 40 орчим сая төгрөг тавилга бусад сантехник, засвар бүх зүйлд зарцуулсан. Ингээд дахин дахин хүүгээ сайн хараарай намайг Солонгост байх хугацаанд хамгийн найдвартай нь төрсөн эцэг нь гэж би чамд итгээд энэ бүхнийг хүүгийнхээ төлөө хийлээ гээд явах өдрөө хөргөгчөө хүртэл дүүргээд бүх сэтгэлээ зориулаад явсан. Гэтэл Солонгосоос хүүтэйгээ видео дуудлагаар хүүгээ хараад орой болгон ихэнхдээ ярьдаг, заримдаа мессеж бичээд яаж байна сайн байгаа биз дээ гээд харилцах болгонд хүү маань дуу муутай нэг л нүүр лүү эгцэлж харахгүй гомдсон шинжтэй, маш их жин хассан турсан байдалтай байгаад байсан. Гэхдээ юу болоод байгааг хүү маань надад хэлэхгүй байсан ч, миний санаа эх хүний совингоор сайн биш байна гэж мэдэрч байсан. Ингээд хотод миний өмнөх амьдралын маань том охин Ариунтунгалагийг дүүгээ хичээл амрахаар хотод хэд хоног хамт бай гээд хэлээд хамт байлгасан. Тэгтэл аниадаа бүх юм аа ярьсан байсан бөгөөд аавтайгаа байхад хүү маань 1 сар 5 хоног хоол идээгүй ус уусан, хоол ундаар гачигдуулсан, хүүхдэдээ хоол авахгүй хөргөгчийн 70 хувийг пиво, архи дарс авч хийдэг, аав нь байрандаа согтуу байдаг хүүхдэд анхаарал халамж тавиагүй, эмэгтэй аниа нар орой болгон авчирдаг ямар ч байсан 4-5 аниа ирдэг бас зөндөө ах нар ирдэг, хоёр удаа гэртээ гав ганцаараа хоносон, хааяа орой хүнээр дамжлуулан согтуу ирж байсан зэрэг хүүхдээ үл хайхрах байдалд байлгаж байсныг нь би том охиноосоо сонсож мэдээд Солонгосоос 2024 оны 02 сарын 04-нд буцаж Монголд ирээд хүүгээсээ нэг түлхүүр яваад гэртээ орсон. Тэгтэл хөргөгчид идэх юм байхгүй, 3ш лаазтай пиво л байсан бөгөөд гэр бохир заваан энд тэндгүй хүн бөөлжөөд цэвэрлээгүй байдалтай, тагт дээр энд тэндгүй тамхины үнс, ор дэр ганхсан, янз бүрийн үс ноос зэргээр бохирлогдсон, сэнстэй гэрлийн бүрхүүл авсан байсан эвдэрсэн, шүршүүр эвдэрсэн, тагны хаалганы дээд түгжээ эвдэрсэн, гишгүүр эвдэрсэн гээд зөндөө юм эвдэж хаясан. Нөгөө шинэ тавилгатай шинэ байр маш аймшигтай муухай болсон байсан байсныг *******од хэлэхэд тиймээ эвдэрсэн гэж өөрөө хэлсэн. Ингээд миний дургүй хүрээд хаалганыхаа голыг солиод гэрээ цэвэрлээд, уур хүрээд *******ыг оруулаагүй. Тэгсэн чинь маргааш нь ядаж доторх өөрийнхөө юмнуудыг авъя гэхээр нь өөрийн гэсэн юмнуудыг нь өгөхөд аваад явсан. Сүүлд хэд хоногийн дараа ээжийн жигнүүр үлдсэн байна гээд жигнүүрээ аваад бас явсан. Тэр үед нь би чи хүүдээ арай ч дээ ингэж муу хандлаа гээд гэхэд юу ч хэлэхгүй гараад явсан. Тэгсэн чинь одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч өөртөө томилоод *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан байна яаж ичихгүй ингэж нэхэмжилдэг байна гэж бодож байна. Би бэлэглэлийн гэрээнд хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж гэж нөхцөл тохирч энэ байрыг *******ын нэр дээр гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл хүүдээ зориулж авсан байр юм. Би *******од гомдоод Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад хүүхдээ асрамжлах явцад хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тухай гомдол гаргаж шалгуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдож Х.*******ыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл ангийн 7 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг. Иймд би салсан нөхөр Х.*******од төрсөн хүү Г.ийг Монголд байх хугацаанд нь аавтайгаа амьдрах нөхцөл боломжийг нь хангуулах хүсэл зорилгоор өөрийн мөнгөөр авч өгсөн байр учраас би энэ байрыг чөлөөлж өгөхгүй. Хүүдээ зориулж өгсөн байр учраас хүү маань энэ байрандаа амьдардаг. Байраа буцааж авах учраас байрыг чөлөөлж өгөхгүй” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Х.*******, Д.******* нар 2012 оноос хамтын амьдралтай байсан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г. төрсөн. 2014 онд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. 2015 оны 03 дугаар сараас тусдаа амьдарсан. Хүүхдийнхээ өмнө эцэг, эхийн хувьд болон Гэр бүлийн тухай хуулийн 26.2.1 “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” 26.2.4 “Хүүхдийн эрхийг хамгаалах” эцэг, адил үүрэг, тэгш эрхтэй бөгөөд тусдаа амьдарснаас хойших хугацаанд хүүхдийн эрүүл чийрэг өсөх, сурч боловсрох зэрэг бүхий л хэрэгцээг хангахад адил үүрэгтэй болно. Ийм ч учраас хүүхдээ тав тухтай орчинд өсөж торних, сурч боловсрох үүднээс хариуцлагаа хүлээн харилцан зөвшилцөн ******* тоот 42.22 м.кв орон сууцыг ипотекийн зээлээр авахаар болсон энэ үед Х.******* нь өөрийн хэрэгцээнд авсан зээлийн үлдэгдэлтэй байсан. Орон сууцны урьдчилгаанд Д.******* 48,864,900 төгрөг, шинэ байрны тохижилтод 40,000,000 төгрөг, Х.******* 78,318,100 төгрөгийг орон сууцны зээлээр бүрдүүлж 2 талаас харилцан адил хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ талаараа 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад нь зориулж өгч байгаа болно гэж тусгасан ба энэ нь гол зорилго, зориулалт юм. Гэрээний 4.2-т бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолд гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй. 4.3-т гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид буцаан олгох үүрэгтэй. Х.******* нь Г.ийг асрамжилж байхдаа хүүхдийнхээ дэргэд удаа дараалан архидан согтуурах, архинд явуулах, хоол ундаар гачигдуулах, эрүүл мэндээр хохироох, гэртээ эмэгтэй хүнтэй зохисгүй харьцаа үүсгэж, хүүхдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдийг үл хайхарсанд Д.******* гомдож энэ тухай Цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан. Х.******* нь хамтын хөрөнгө санхүүгээр бий болсон орон сууцыг дан ганц өөрийнхөө нэр дээр нэг хүний өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хүү Г.ий эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс гадна Д.*******гийн хүүдээ орон сууц бэлдэж өгөх гэсэн хүсэл зоригийг нь өөртөө давуу байдал болгон ашигласан зэрэг нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй болно. Иймд Г.ийг Х.*******ын хүү болохын хувьд эцэг Х.*******ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг эцэг Х.*******од даалгах, Х.*******, Д.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болсонтой холбоотойгоор бэлэглэлийн зүйл 43,864,900 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хүчингүй болсны үр дагавар, гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Д.*******г тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Х.*******од даалгах, эд хөрөнгийн даатгалд Д.*******гийн төлсөн 990,000 төгрөгийг Х.*******оос гаргуулж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“...Д.******* нь бид 2012 оноос хамтран амьдарч 2013.06.11-ний өдөр хүү Г. төрсөн бөгөөд одоо хүү маань 11 настай. Д.******* нь 2015 оны 03 дугаар сараас эхлэн тусдаа амьдралтай болж салж явсан. Түүнээс хойш 9 жил гаран болж байна. Өнгөрсөн хугацаанд Д.******* нь намайг байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж өнөөг хүртэл элдэв байдлаар цагдаа, шүүхэд гомдол гаргаж эцэст нь миний орон сууц өмчлөх эрхэнд хүртэл халдаж амьдарч байсан байрыг минь хууль бусаар эзэмшин авсан. Энэ байрыг би Д.*******гаас тусдаа амьдраад 8 жил болсны дараагаар 2023 оноос 2036 оны 06 дугаар сар хүртэл 150 сарын хугацаатайгаар ипотекийн зээлээр дээрх байрыг худалдаж авсан. Одоо байр маань банкны барьцаанд байгаа. Нэгэнт би өөрөө худалдан аваад олон жилийн хугацаагаар зээлээр авч банканд барьцаалсан байрны өмчлөгчөөр Д.*******г нэмж өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй юм. Хүүгийн тухайд бол тэртэй тэргүй миний хүү Г. цаашид насанд хүрэхээрээ миний өвлөгч болох нь гарцаагүй, хүүгээ би харж хандан тэжээн тэтгэх, байр орон сууцаар хангах нь миний үүрэг учраас нэмж өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлага байхгүй гэж ойлгож байна. Иймд учраас Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.******* нь мөн бэлэглэлийн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хийж байна. Д.******* нь анх намайг байр авах үед хүүтэйгээ амьдрахад зориулж 43,864,900 төгрөгийг надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ би энэ хүнийг гомдоосон асуудал огт гаргаагүй. Хуульд бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцдог. Гэтэл би Д.*******г гомдоосон асуудал огт байхгүйн дээр Д.******* нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж хүүхдээ үл хайхарсан, хоол ундыг нь хасаж байсан, хүүхдийн орон гэрт архи ууж, архинд явуулдаг байсан гэх мэтчилэн гүтгэлгийн чанартай зүйл бичиж хүүхдээс минь тулгаж асуун өөрөө зохион бичиж гүтгэж байна. Үүнийгээ бэлэглэгч өөрийгөө гомдоосон гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Анх хүү Г.ийг эхийнх нь асрамжид үлдээж би хүүдээ тэтгэлэг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн. Хэдий ингэж шийдвэрлэсэн ч Д.******* нь хүүгээ бараг харж асардаггүй, манай аав, ээж, эгч маань ихэнхдээ харж асардаг. Д.******* зөвхөн надаас тэтгэврийн мөнгө л авдаг байсан. Энэ хүн 2018 оноос эхлэн байнга Солонгос улс руу явж, ирдэг байж байгаад өөрөө солонгос хүнтэй гэр бүл болсон тул хүүгээ чи харж асрах шаардлагатай байна гээд хүүг маань 5 настай байхад нь надад үлдээгээд 5, 6 жил Солонгос улсад байж байгаад 2024 оны 01 дүгээр сард ирээд гэнэт миний авсан байрыг хууль бусаар эзэмшилдээ авч, зүгээр сайхан амьдарч байсан хүү бид хоёрын харьцаанд асуудал үүсгэж эцгийнх нь эсрэг элдэв үг зааж өгсөөр өдийг хүрч байгаа хүн. Түүнчлэн хүүг над дээр байсан 5 жилийн хугацаанд хүүхдэд төрөөс олгодог байсан мөнгө, хүүхдийн группийн мөнгө зэргийг бүгдийг нь хүүд зориулах биш өөрөө авч хэрэглэдэг байсан. Д.******* хүүг асран хамгаалж байх хугацаандаа өөрөө архидан согтуурч хүүг минь хараа хяналтгүй орхисоор осолд орж, гэмтэж байсан бөгөөд групп тогтоолгосон байсан. Энэ мэтчилэн яриад байвал маш их хууль бус үйлдлүүд энэ хүнд өөрт нь ч байгаа. Д.******* нь 40,000,000 төгрөгөөр байр засаж, тохижилт хийсэн мэтээр ор үндэслэлгүй худал зүйл ярьж байна. Энэ байрыг би Д.*******г байхгүй үед өөрөө судалж шинээр баригдсан байрыг авсан. Үүнд ямар ч засвар үйлчилгээ шаардлагагүй байсан. Харин Д.******* хүүхдийн өрөөнд унтлагын ком 3,500,000 төгрөгөөр, гал зуухны ком 4,500,000 төгрөгөөр авч өгсөн ба хүү цаашид аавтайгаа байх юм чинь өрөөг нь тохижуулаад өгье гэж хэлж байсан. Одоо би энэ хүнээс тусдаа амьдраад олон жил болж байгаа атал дундаас төрсөн хүүгээр минь далимдуулж миний олон олон эрх ашгийг хохироож байгаад нь гомдолтой байна. Иймд би өөрийнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Д.*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
3.I хавтаст хэрэгт:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0130 дугаартай итгэмжлэл, Х.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Г.ий төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2698 дугаартай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4335124095 дугаартай орон сууцны зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ4335124095 дугаартай ипотекийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-24 хуудас)
Хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 4330000153 дугаартай дансны хуулга, Д.*******гийн цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гомдол, мэдээлэл гаргагчид хариу мэдэгдсэн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 052407420 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1872 дугаартай оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Г.ий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0222 дугаартай итгэмжлэл, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 851 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1048 дугаартай шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 48-63, 154-170, 207 хуудас)
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/362 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, “Өгөөж гурил” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/128 дугаартай тодорхойлолт, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Х-09/22 дугаартай сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Х.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 37/5/3057 дугаартай албан бичиг, 412 дугаартай Х.*******од холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар зэргийг бүрдүүлж, гэрч Д., Х.Ундрал нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 78-84, 106-130, 133-138 хуудас)
II хавтаст хэрэгт:
Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16-р сургуулийн захирал Б., анги удирдсан багш Д. нарын гаргасан суралцагч Г.ий тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, 16 дугаар сургуультай хамтран ажиллах гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-14, 66 хуудас)
Хариуцагчаас Д.*******гийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга, хариуцагч Д.*******гийн гадаад паспортын хуулбар, Голомт банкны 10/641 дугаартай тодорхойлолт, гэрэл зургууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 135/ШШ2024/01406 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 16-61 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Дархан-Уул аймгийн ******* тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ... Д.*******тай 2012 онд танилцаж, 2013 оны 06 сарын 11-ний өдөр Г.ийг төрүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүгээ өөрийн нэрээр овоглосон, ажлаасаа гарч хүүгээ хардаг байсан боловч зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2015 оны 03 сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш Д.******* шүүхэд хандан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн. Гэвч эхийнхээ асрамжид байх хугацаандаа зам тээврийн осолд орж эмчлүүлсэн. 2018 онд Д.******* нь хүүгээ миний асрамжид үлдээж Солонгос явсан, тэнд Солонгос хүнтэй гэр бүл болж байгаагаа хэлсэн, тэндээ 4-5 жил болсон. 2023 оны 06 сард Д.******* хотоос ирж надтай уулзаад чи хүүгээ олон жил харж хандлаа, би Солонгос хүнтэй гэр бүл болсон, тэр хүн илүү ам бүл тэжээх дургүй, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна, би та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье гэж хэлээд 2023 оны 06 сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би орон сууцтай болохын тулд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төгрөг төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум ******* тоот, 42,22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Уг байрандаа хүүтэйгээ амьдарч байсан. ....гэтэл ******* нь хүүгээ өөр дээрээ авсан ба уг байранд намайг оруулахгүй цоожны гол сольсон. Иймд Д.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж тодорхойлсон.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээний зүйл болох 43,864,900 төгрөгийг бэлэг хүлээн авагч Х.*******оос буцаан гаргуулах, Дархан-Уул аймгийн ******* тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.*******, Г. нарыг нэмж бүртгүүлэхийг Х.*******од даалгах, эд хөрөнгийн даатгалд Д.*******гийн төлсөн 990,000 төгрөгийг гаргуулах болгон өөрчилсөн ба нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ... Х.*******, Д.******* нар 2012 оноос хамтын амьдралтай байсан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г. төрсөн. 2014 онд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. 2015 оны 03 дугаар сараас тусдаа амьдарсан. Хүүгээ тав тухтай орчинд өсөж торних, сурч боловсрох үүднээс хариуцлагаа хүлээн харилцан зөвшилцөн ******* тоот 42.22 м.кв орон сууцыг ипотекийн зээлээр авахаар болсон. Энэ үед Х.******* нь өөрийн хэрэгцээнд авсан зээлийн үлдэгдэлтэй байсан. Орон сууцны урьдчилгаанд Д.******* 48,864,900 төгрөг, шинэ байрны тохижилтод 40,000,000 төгрөг, Х.******* 78,318,100 төгрөгийг орон сууцны зээлээр бүрдүүлж 2 талаас харилцан адил хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ талаараа 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад нь зориулж өгч байгаа болно гэж тусгасан ба энэ нь гол зорилго, зориулалт юм. Гэрээний 4.2-т бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй. 4.3-т гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид буцаан олгох үүрэгтэй. Х.******* нь Г.ийг асрамжилж байхдаа хүүхдийнхээ дэргэд удаа дараалан архидан согтуурах, архинд явуулах, хоол ундаар гачигдуулах, эрүүл мэндээр хохироох, гэртээ эмэгтэй хүнтэй зохисгүй харьцаа үүсгэж, хүүхдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдийг үл хайхарсанд Д.******* гомдож энэ тухай Цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан. Х.******* нь хамтын хөрөнгө санхүүгээр бий болсон орон сууцыг дан ганц өөрийнхөө нэр дээр нэг хүний өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хүү Г.ий эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс гадна Д.*******гийн хүүдээ орон сууц бэлдэж өгөх гэсэн хүсэл зоригийг нь өөртөө давуу байдал болгон ашигласан зэрэг нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй болно. Иймд Г.ийг Х.*******ын хүү болохын хувьд эцэг Х.*******ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг эцэг Х.*******од даалгах, Х.*******, Д.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болсонтой холбоотойгоор бэлэглэлийн зүйл 43,864,900 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хүчингүй болсны үр дагавар, гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Д.*******г тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Х.*******од даалгах, эд хөрөнгийн даатгалд Х.*******ын өмнөөс Д.*******гийн төлсөн 990,000 төгрөгийг Х.*******оос гаргуулна гэж тодорхойлсон.
4.Хэрэгт авагдсан хүү Г.ий төрсний бүртгэлийн лавлагаа, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 851 дугаартай шийдвэр болон 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 1048 дугаартай шийдвэр, талуудын тайлбараар нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д.******* нар нь 2012 онд танилцаж, улмаар 2013 оны 06 сарын 11-ний өдөр хүү Г.ийг төрүүлсэн болох нь тогтоогдож байх ба талууд таарамжгүй байдлын улмаас 2015 оны 03 сараас тусдаа амьдарч, хүү Г.ийг шүүхийн шийдвэрээр эх Д.*******гийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч Д.******* нь 2023 оны 09 сард Солонгос улс руу явахдаа хүү Г.ийг эцэг Х.*******ын асрамжид үлдээж, улмаар 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг Х.*******той байгуулж, бэлэглэлийн гэрээгээр 43,864,900 төгрөгийг өөрийн хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авах зорилгоор буюу үүний 10,300,000 төгрөгийг Х.*******ын цалингийн зээлийг хаахад нь зориулж, үлдэх 33,564,900 төгрөгийг байрны урьдчилгаанд зориулж өгсөн байх ба талууд энэ талаар маргаагүй болно.
6.Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээнд ...бэлэглэх болсон үндэслэл: өөрийн хүү болох Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгнө байгаа болно гэж, гэрээний зүйл: 43,864,900 төгрөг гэж, гэрээний 4.2-т ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж, гэрээний 4.3-т бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид эсхүл өвлөгчид буцаан олгох үүрэгтэй гэж, мөн гэрээний 4.4-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэгч гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй... гэжээ.
7.Талууд дээрх гэрээний дагуу бэлэглэлийн гэрээний зүйл буюу 43,864,900 төгрөгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Нэхэмжлэгч Х.******* нь дээрх мөнгийг авсны дараа цалингийнхаа зээлийг хааж, үлдэх 33,564,900 төгрөгийг байрны урьдчилгаанд төлж, “Өгөөж гурил” ХХК-тай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот, 42,22 мкв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан, орон сууцны үлдэгдэл 78,318,100 төгрөгийг Голомт банктай 2023 оны 06 сарын 28-ны өдөр Орон сууцын зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан зээлийн хөрөнгөөр төлж, уг орон сууцны өмчлөгч болсон байна. / хх-ийн 12-20 дахь тал/
9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан.
10.Хэдийгээр хариуцагч Д.******* нь хүүгээ аавтай нь хамт амьдрах орон сууц худалдан авах зорилгоор бэлэглэлийн гэрээний дагуу 43,864,900 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******од бэлэглэж, мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн маргаан бүхий орон сууцны лавлагаагаар нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ болон банктай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул уг байрны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. / хх-ийн 78-82 дугаар тал/
11.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Х.*******ын өмчлөлд бүртгэгдсэн талаар мэдэж байсан боловч энэ талаар маргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Х.*******ыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
12.Иймээс нэхэмжлэгч Х.******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувьд хариуцагч Д.*******гийн эзэмшлээс өөрийн хөрөнгө буюу орон сууцыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.*******гийн эзэмшил хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй байх тул орон сууцыг Д.*******гийн эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.
13.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж заасан.
Хариуцагч Д.******* нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Х.*******од холбогдуулан хүү Г.ий дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоол ундаар гачигдуулсан үндэслэлээр гомдол гаргаснаас хойш тус шүүхэд 2024 оны 04 сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг ирүүлсэн байх ба уг баримтаар ...Дархан сумын ******* тоотод оршин суух Х.******* нь өөрийн хүү Г.ий дэргэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь холбогдогч Х.*******ын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г., гэрч Д.******* нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаар мөн холбогдогч Х.******* нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 300 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.******* нь хүү Г.ийг асрамжлах үүргээ хангалттай биелүүлээгүй, хүүг өөрийн асрамжид байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн насанд хүрээгүй хүүхдийг үл хайхарч эх Д.*******г буюу бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан байх тул талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй.
14.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэж, талуудын хооронд байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээний 4.3-т “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгох үүрэгтэй” гэж тус тус зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож байх тул нэхэмжлэгч Х.*******оос бэлэглэлийн гэрээний зүйл болох 43,864,900 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******д олгох үр дагавар үүснэ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х.*******оос бэлэглэлийн гэрээний зүйл 43,864,900 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.*******д олгохоор шийдвэрлэв.
15.Хариуцагчаас маргаан бүхий орон сууцыг хамтын хөрөнгөөр бий болсон буюу бэлэглэлийн зүйлийн үр дүнд үүссэн гэж үзэж, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан ба үүнийг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосны үр дагаврыг арилгуулах зорилготой гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь өөр өөр этгээдийн өмчлөлд байгаа хөдлөх эд хөрөнгө нийлэх, холилдох асуудлыг зохицуулжээ.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг бөгөөд үүний дагуу хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлд мөнгөн хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн, үүнийг өөр өөр этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл холилдсон гэж үзэхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16.Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.
Хариуцагч Д.******* нь маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд нэхэмжлэгчийн өмнөөс 990,000 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулгаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй. (1хх 52х)
17.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 382,224 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн ******* тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д.******* нарын хооронд 2023 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.*******оос 43,864,900 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 382,224 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН