Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2024/01650

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01564/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******  (РД:*******, утас: *******)-т холбогдох,

“Төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагч Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ө.*******т холбогдуулан “Төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 2015 онд Ө.*******тэй танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү төрсөн. Ө.*******ийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Өөрийн гэсэн орон гэргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. Төрсний дараагаас сураггүй алга болж холбоо тасарч эргэж тойрох нь багассан. Одоо хүү маань 8 настай. 3 дугаар ангид суралцдаг. Би өөрөө хувиараа гар утасны лангуу ажиллуулдаг байж байгаад Ө.******* өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Одоо ажилгүй тул Ө.*******ээс хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч Ө.******* нь хариу тайлбартаа:

“З.ийн төрсөн эцэг тогтоолгох шаардлагагүй. З.ийг Г.*******гийн асрамжид үлдээж, зохих мөнгөн тэтгэмжийг төлнө” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, З.ийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 714 дугаартай ам бүлийн болон оршин суугаа газрын тодорхойлолт  (хх 2-6 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Ө.*******т холбогдуулан гаргасан төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Бид 2015 онд гэр бүл болж, 2016 онд хүү З. төрсөн. Би 2016 оноос одоог хүртэл хүүхдээ өсгөж байна. Одоо хүүхэд маань сургуульд сурдаг. Хэрэгцээ шаардлагатай зүйлийг нь авч өгөхийн тулд эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Энэ хүнтэй 2019 оноос хойш холбоогүй байна” гэж тайлбарласан.

3.Хариуцагч Ө.******* нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж, маргаагүй.

4.Талууд 2015 онд танилцаж, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү З. төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүү З.ийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. (хх 4хуудас)

5.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасан.

Хэрэгт авагдсан хүү З.ийн төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэрийг ******* овогт ******* ******* гэж бүртгэсэн байх бөгөөд эцэг өөрөө улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж бүртгүүлсэн нь захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохыг хуульд заажээ.

Хариуцагчаас хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба дээрх хуульд зааснаар зохигчид хүүхдээ тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хүү З.т эцэг Ө.*******ээс тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү З.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.*******ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НОМИН