| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01562/И |
| Дугаар | 135/ШШ2024/01651 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/01651
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01562/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах ******* (*******)-д холбогдох,
“1,680,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Л.******* би гэр бүлийн дурсамжит мөчийг мөнхлөх зорилгоор гэрэл зургийн *******д үйлчлүүлж, урьдчилгаа 620,000 төгрөгийг өгсөн. Дараа 08 дугаар сарын 18-ны өдөр 1,060,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл урьдчилж угаалган авсан зураг нь чанарын шаардлага хангахгүй, гэрэл зургийн студийн үйлчилгээ авч байхад сонирхогчийн гэрэл зургийн үйлчилгээнээс ч дутмаг, дутуу, фокусгүй, харьцаа байхгүй байсан. Угаах зургуудыг авахаа болъё гэхэд гэрэл зургийг флашаар өгөхгүй, угаалгаагүй байсан 10х15 хэмжээтэй зургийг заавал угаалгаж ав гэсэн шаардлага тавьсан. Иймд шаардлага хангахгүй үйлчилгээ авахаас татгалзаж, үйлчилгээний төлбөрт төлсөн 1,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Л.******* би хариуцагч гэрэл зургийн *******д захирал Г.******* уулзаж харилцаж тохиролцож зургуудаа файлаар болон эх хувиар авч дутуу угаагдаагүй зургуудын мөнгөө буцааж авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд тус гомдол, өргөдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* буюу *******д холбогдуулан “1,680,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 41,830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 20,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар Л.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* (*******)-д холбогдох “1,680,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 20,915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН