| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01762/И |
| Дугаар | 135/ШШ2024/01653 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/01653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01762/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч У.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч У.*******т холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Г.******* миний бие У.*******тэй 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч, хамтын амьдралын хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Э., 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э. нар төрсөн. Одоогоор хамтран амьдрагч У.*******тэй таарамжгүй харилцааны улмаас 2 хүүхэдтэйгээ бид 3 тусдаа амьдарч багаа бөгөөд салахаар шийдсэн тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд У.*******ээс хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
2. Хариуцагч У.******* нь хариу тайлбартаа:
“...Г.*******гийн хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг надаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.ын төрсний бүртгэлийн лавлагаа, Э.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Монгол Оюу сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 201 дугаартай тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн газрын тодорхойлолт (хх 2-6, 21-22 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч У.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Хариуцагчтай 10 гаруй жил ханилж байна. Хоорондын харилцаа таарамжгүй байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Том охин Э. 5 дугаар ангид сурдаг. Бага хүү Э. ой 9 сартай. Цаашид хамт амьдрахгүй салах хүсэлтэй байна. Иймд хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэж тайлбарласан.
3.Хариуцагч У.******* шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгчтэй гадаа зодолдоод 7 хоног баривчилгаанд явсан. Тэрнээс болж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж, маргаагүй.
4.Зохигчид 2010 онд танилцаж, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Э., 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Э. нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
5.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасан.
Хэрэгт авагдсан охин Э., хүү Э. нарын төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэрийг ******* овогт ******* ******* гэж бүртгэсэн байх бөгөөд эцэг өөрөө улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж бүртгүүлсэн нь захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохыг хуульд заажээ.
Хариуцагчаас хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд насанд хүрээгүй охин Э., хүү Э. нарыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба дээрх хуульд зааснаар зохигчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд охин Э., хүү Э. нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээж, эцэг У.*******ээс хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 100,716 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э., 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э. нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э., хүү Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.*******ээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 100,716 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН