| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00006/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *,
Хохирогч Д.Лхагвабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 01-р сарын 06-ны өдөр * аймгийн * сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэл, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 4-6 насны 2 хүүхдийн хамт, *аймгийн *сумын 1-р баг, 12-36 тоотод оршин суух хаягтай, * овогт * РД/ТГ-/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч * нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт иргэн *н итгэмжлэн хариуцуулсан зургийн аппаратыг завшсан гэмт хэрэгт холбогджээ/яллах дүгнэлтээс/,
ТОДОРХОЙЛОХ нь :
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2016 оны 12 сарын 09-ны өдөр хохирогч *ын эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн 2 000 000 төгрөгний үнэ бүхий “Сanon 7D” маркийн зургийн аппаратыг 3 хоног хэрэглээд өгьё гэж гуйж аваад Дархан-уул аймагт орших “*“ нэртэй ломбарданд 470 000 төгрөгний барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглэн бусдын хөрөнгийг завьших гэмт хэрэг үйлдсэн болох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *ын өгсөн “...2016 оны 12 сарын 09-нд * эгчээс зургийн аппаратыг нь 03 хоног хэрэглээд өгье гэж гуйсан. Хэрэглэчихээд 2016 оны 12 сарын 12-нд Сайн-2 гэдэг нэртэй ломбарданд 470.000 төгрөгөөр тавиад 370.000 төгрөгөнд нь нөүтбүүк аваад 50.000 төгрөгийг нь * гэх найздаа нөүтбүүктэйгээ өгсөн. Тэр явдлаас хойш 2 сар хүүг нь төлөөд 3 дахь сараас нь төлж чадаагүй. Аппарат 4 хоногийн дараа зарагдсан гэсэн мэссэж ирсэн. * эгч цагдаад өргөдөл өгөхөд нь би гуйж байгаад буцаалгасан. Сая саяаар нь төлж байгаад дуусгъя гэж хэлсэн. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Хохирлыг ямар нэгэн аргаар заавал төлж барагдуулна...“ гэх мэдүүлэг,
Хохирогч *ын өгсөн “...Банкны зээлтэй. Хэд хоног мөнгөний ажил хийгээд буцаагаад өгье гэхээр нь өгсөн. 9 хоногийн дараа хэрэг болоод залгахад утсаа авахгүй байсан. Би хүүхдийнхээ багшид шинэ жилийнх нь зургийг авч өгнө гээд хэлчихсэн байсан юм. Яг баяр ёслолын үе болохоор л хэрэг болоод л залгахаар утсаа авдаггүй байсан. Тэр үед манай нөхөр Солонгос явчихсан байсан. Би хүүхэдтэй хүн болохоор өдөр бүр гадуур гараад асууж сураглаад байх зав байдаггүй байсан. Залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор хаалгаа тайлж өгдөггүй байсан. Би хүнээс ломбарданд тавьсан гэдгийг сонсоод цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд * надаас сая сая төгрөгөөр нь өгөөд дуусгана гэж гуйсаар байгаад, та дүүдээ ганц удаа туслаач гэсээр байгаад өргөдлийг буцаалгасан. 7 сарын 16-нд 1.000.000 төгрөг, 8 сард нь 1.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Өдөр шөнөгүй залгасан ч утсаа авдаггүй. Сүүлд манай нөхөр рүү залгаад хүүхэд хагалгаанд орох гэж байгаа гэж хэлсэн байсан. Бид ч дахиад өргөдлөө өгсөн. Энэ асуудлаас болоод нөхөр бид хоёр зургийн аппарат хэрэг болох болгонд л хэрүүл болдог байсан...”гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *ын өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байсан юм. Би гэртээ байж байсан чинь * гэх залуу орж ирээд * ах намайг ав гэсэн гэсэн юм дүүд нь мөнгөний хэрэг гараад гурав хоног хэрэглээд 5 дахь өдөр аваачаад өгчихий гэхээр нь би өөрийнхөө канон 7D маркийн гэрэл зургийн аппаратаа *т хариуцуулан өгсөн юм. Тэгээд бас надаас нөүтбүүкээ өгчих гэхээр нь би үгүй ээ наад аппаратаа ашиглаж өгчихөөд ав гээд өгөөгүй юм. Тэгээд 7 хоногийн дараа манай хүүхдийн шинэ жил нь болчихоод * луу залгаад аппаратаа авах гэсэн чинь утсаа авахгүй эхнэр лүү нь залгахаар бас утсаа авахгүй гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь найз * гэдэг залуу руу нь залгаад *ыг асуусан чинь цаад * чинь хүний юм аюаад удаачихаар угаасаа айгаад утсаа авдаггүй ш дээ та юун сүртэй юм тэгж байгаад өгөх байлгүй дээ гэснээ миний утсыг салгачихсан. Тэгээд авч чадахгүй явсаар байгаад 2017 оны 03 сарын дараахан манай аппаратыг * Дархан-Уул аймагт ломбарданд тавьчихсан гэсэн сураг дуулаад асуусан чинь үгүй гээд байсан тэгсэн манай нөхрийг асуусан чинь Дархан-Уул аймагт ломбарданд тавьсан гэдгээ хэлсэн байсан. Тэгээд бичгээ өгчих бид нар өөрсөөд өгөөд авчихий гэсэн чинь өгөхгүй байгаад байсан юм. Тэгээд 2017 оны 05 сарын үед манай аппаратыг тавьсан ломбардыг заалгаад “*” ломбарданд яваад очсон чинь тэр ломбардны хүн нь тийм ээ манай ломбарданд тавьсан тэгээд тэр * гэх залуу руу аппаратаа ав, сунгуул гэж залгасан боловч огт утсаа авахгүй болохоор нь зараад байгууллагын хохирлоо барагдуулсан гэж хэлсэн. ...Тэр аппаратыг би нөхрийнхөө найз * гэх залуугаас авч байсан. Би өөрийнхөө аппаратыг цэнэглэгч, мемори карт, USB оролт цүнх гээд бүх зүйлсийг нь бүрэн ажиллагаатай өгсөн. Тэгээд би өгөхдөө чи яг хэлсэн хугацаандаа яг авчирч өгөөрэй гээд Занабазарт хэлээд хариуцуулан өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-13-14/,
2. Гэрч *ын өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод Солонгос улс руу виз хөөцөлдөх гээд явчихсан байсан юм. Тэр өдөр манай нэг хуурай дүү Занабазар над руу залгаад ах аппаратаа өгч байгаач, 3 хоног монтажны зураг авч байгаад өгчихье гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би гэрээс очоод авчих эхнэр гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд авчихаад одоог хүртэл өгөхгүй байна. Манай эхнэр 7 сард цагдаад өргөдөл өгөх гэж байхад Занабазар ирээд гуйсаар байгаад болиулсан гэсэн. Надад 7, 8 сард мөнгийг чинь хуваагаад өгье гэж цаасан дээр амлалт хүртэл бичсэн. Би Солонгост байж байгаад 2017 оны 02 сарын сүүлээр ирсэн юм. Би уул нь мөнгийг нь авчраад өгчих байх гэж бодоод хараал байгаа. Одоо хүртэл авчирч өгөхгүй юм. Өмнө нь нилээн хэдэн удаа авч хэрэглээд буцаагаад өгдөг байсан. Саяхан намайг Солонгос явсан хойгуур аваад ломбарданд тавьчихсан гэсэн. * гэдэг найз нь Солонгос явах гээд мөнгөний хэрэг гараад Дарханд үйлчилгээний төвийн хойно байдаг ломбарданд 500 000 төгрөгөөр тавьсан байсан. Би тавьсан ломбардан дээр нь очиж уулзахад хугацаа нь дуусаад зарагдсан байсан. Тавьсан хүнд нь ирж аваарай гэж хэлэхэд нь ерөөсөө утсаа авахгүй байсан гэж хэлсэн. Би 2015 онд Дарханд байдаг найзаасаа 2 500 000 төгрөгөөр бэлэн авч байсан. Миний аппарат 2012 онд үйлдвэрлэгдсэн “Canon 7D” маркийн 18-200-тай татдаг дурантай. 2 мемори карт, цэнэглэгч, цүнхтэйгээ иж бүрэн аппарат байсан Занабазар тэр чигээр нь аваад явсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р/,
3. Гэрч *ын өгсөн “...2015 оны хавар байсан шиг санагдаж байна. Би найз *т тухайн үед * их сургуулийн Дархан-Уул аймагт байрлах салбарт нь хамт сурч байх үедээ канон 7D маркийн гэрэл зургийн аппарат, 18-200 мм, 50 мм-ийн линз цэнэглэгч цүнх гэрийн хамт 2 500 000 төгрөгөөр зарж байсан юм“ гэх мэдүүлэг /хх-17-р/,
4. Гэрч *ий өгсөн “Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Их олон хүнтэй харьцдаг болохоор тэр залуусын нэрийг нь бас хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2016 оны сүүлээр байсан санагдаж байна. Би тухайн Дархан-Уул аймгийн “Дархан сайн 2” ломбарданы менежерээр ажиллаж байсан юм. Тэгтэл нэг залуу орж ирээд манай ломбардны шилэн хоргон дотор зарахаар тавьсан байсан APPLE маркийн нөүтбүүкийг сонирхож үзээд надаас үнийг нь асуусан. Тэгээд тухайн үед 420 000-430 000 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Тэгсэн надаас танайх зургийн аппарат авдаг уу гэж асуухаар нь би авч байгаа гэж хэлсэн. Тэгсэн канон 7 дм маркийн гэрэл зургийн аппаратыг линзтэй нь гаргаж ирээд манай ломбарданд 450 000 төгрөгөр тавьсан санагдаад байна. Ямар ч байсан зургийн аппарат тавьсан мөнгөөрөө нөүтбүүк аваад зөрүүнд нь 20-30 мянган төгрөг үлдэж байсан санагдаад байна. Тэгээд 14 хоногийн дараа нь хугацаа нь болчихоод бүртгүүлсэн дугаараар нь залгасан чинь утсаа авахгүй байгаад байсан. Тэгээд хүлээлгийн 10 хоног нь ч дууссан тэгээд ирэхгүй болохоор нь нэг сарын дараа зарагдсан барааны лангуун дээр тавьж байгаад тавьсан мөнгөн дээрээ хү, алдангаа нэмээд л зарж байсан юм. Хэнд засан талаар мэдэхгүй. Тэгээд ч тэр залуу одоо болтол тэр аппаратаа асуу нэг ч ирээүгй сунгалт, хүү нэгийг ч төлж байгаагүй. Тэр залуу ганцаараа явж байсан. Манайд орж ирэхдээ ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р/ мэдүүлгүүд болон 2017 оны 08-р сарын 31-ны өдрийн №76 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын тогтоол/хх-7/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “*ыг хүний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь гэрчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүх хуралдааны явцад 300.000 төгрөгний хохирол төлбөрийг барагдуулсан. 1.700.000 төгрөгний бусдад төлөх төлбөртэй байна“ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар “Шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт 300.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 1.700.000 төгрөгний төлбөртэй байгаа ба төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байгаа“ гэв.
Шүүгдэгч *ын үйлдсэн завьших гэмт хэрэг нь 2016 оны 12 сарын 09-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн бол 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д “ Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэжээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан учир шүүгдэгчид *т Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч * хохирогч *т 2 000 000 төгрөгийн хохирол төлөхөөс шүүх хуралдааны өмнө хохирогч *т өөрийн эзэмшлийн нөүтбүүкийг 300 000 төгрөгт тооцож өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч * нь үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *аас 1 700 000 төгрөг гаргуулан хохирогч *т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *ыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна гэв.
Шүгдэгчийн өмгөөлөгч“...Энэ үйлдэл нь 2016 онд болсон байдаг. Эрүүгийн хуулийн 1.9-д зааснаар хуулийг буцаан хэрэглүүлэх хүсэлтэй байна. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хуулийг буцаан хэрэглэж 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байгаа...“ гэв
Шүүгдэгч *ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн /2002 оны/ 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 06 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *т Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүцлэх нөхцөл байдал тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч * овогт *ын үйлдсэн гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч *ыг бусдын хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч *ыг /2002 оны/ 150 дугаар зүйлийн 150.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *аас 1 700 000 төгрөг гаргуулан Д.Лхагвабаярт олгосугай.
5. Шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА