Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.М*******,

Хариуцагч: Нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С******* нарын хоорондын төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд зааснаар Н.М*******д мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Н.М*******д мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгч Н.М******* нь 2009 оны 7 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 14 жил 6 сар тасралтгүй ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-д зааснаар мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан боловч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга түүнд урамшуулал олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад гомдол гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хавсралтын хамт авч шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2023 оны 07дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар 5 жилийн урамшуулал олгох мөнгөн төсвийг бүх төрийн албан хаагчдад суулгасан,

Ерөнхий газрын чиглэл дээр 2024.01.01-ний өдрөөс өмнө тэтгэвэрт гарсан хүмүүст урамшуулал олгохгүйгээр заасан учир нь тэдгээрийн мөнгө төсөвт суухгүй учраас тэдгээрт олгохгүй гэдгийг тодруулж чиглэл өгсөн,

Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тэтгэврээ тогтоолгосон учраас урамшууллын мөнгөө авах эрхтэй гэжээ.

3. Нэхэмжлэгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 7 сараас эхлээд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 14 жил сарын хугацаанд ажилласан. 2023.07.21-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар 5 жилийн урамшуулал олгох материалд миний материал явсан. 2018.01 сараас хойших нийгмийн даатгалын лавлагаа, хүсэлтээ өгөөд миний урамшууллын мөнгө төсөвт суугдсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар 2024.01.01-ний өдрөөс өмнө тэтгэвэрт гарсан бол урамшуулал олгохгүй гээд чиглэл дээрээ бичсэн байсан. Би 2024.01.0.2-ны өдрөөс тэтгэврээ тогтоолгосон. 2023 оныг дуустал бүтэн ажилласан. Би 2024 оны 6 сар хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа даргадаа хэлсэн боловч боломжгүй гэж дарга хэлсэн. Ингээд 2024.01.02-ны өдрөөс тэтгэврээ тогтоолгосон. Би 2023.04.04-ний өдөр 55 нас хүрсэн гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсвийн тооцоолол хийх үед журам нь нарийвчилж гараагүй. Хуульд 5 жилийн урамшуулал олгохоор заасан боловч нарийвчилсан журам гараагүй байсан. 5 жилийн урамшуулал олгохтой холбоотой Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам нь Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан. Н.М******* нь 2023 онд ажиллаж байсан учраас төсвийн тооцоолол дээр урамшуулал суугдсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Н.М******* нь нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

2. Нэхэмжлэгчээс ...Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар 5 жилийн урамшуулал олгохоор заасны дагуу 2018 оны 01 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын лавлагаа, хүсэлтээ өгөөд миний урамшууллын мөнгө төсөвт суугдсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэрт гарсан бол урамшуулал олгохгүй гээд чиглэл ирүүлсэн байхад надад урамшуулал олгохоос татгалзсан эс үйлдэхүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна... гэж, хариуцагчаас ...Төсвийн тооцоолол хийх үед журам нь нарийвчилж гараагүй. Хуульд 5 жилийн урамшуулал олгохоор заасан боловч нарийвчилсан журам гараагүй байсан. 5 жилийн урамшуулал олгохтой холбоотой Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам нь Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан... гэж тайлбарлан маргаж байна.

3. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д Сум болон нийслэлийн *******, *******, ******* дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж нэмэж, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ыг баталж, тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-т сум болон нийслэлийн *******, *******, ******* дүүрэгт Төрийн албаны тухай ауулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна, 3 дугаар зүйлийн 3.5-д Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн *******, *******, ******* дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад бичиг баримт байна, 4 дүгээр зүйлийн 4.1-т Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана, 4.3-д байгууллагын удирдлага энэ журамын 4.1-д заасан хүсэлт, 4.2-д заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана, 5 дугаар зүйлийн 5.1-т сум болон нийслэлийн *******, *******, ******* дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана гэж заасан байна.

4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн чиглэлд тус журам нь 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тус хугацаанаас өмнө тэтгэвэрт гарсан албан хаагчид мөнгөн урамшуулал олгохгүй, гэжээ.

5. Дээрх хууль журамд заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч Н.М******* нь ******* дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар тушаалаар тус хэлтсийн Хүн ам, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2022 оны ******* дугаартай тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор холбогдох бичиг болон эд хөрөнгийг хүлээлцэж, тайлагнахыг холбогдох албан тушаалтанд даалгаж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох тушаал, ажил хүлээлцэх хуудас зэргээр тогтоож байна.

6. Мөн ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хүргүүлсэн 326 дугаартай албан бичиг, 2023 онд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн судалгаа, мөнгөн урамшууллын тооцсон жагсаалт зэргээс үзвэл нэхэмжлэгч Н.М******* нь 2023 оны 4 дүгээр сард мөнгөн урамшуулал авах хүсэлтээ гаргаж, байгууллагаас тус хэлтсийн үйл ажиллагааны 2024 оны төсөвт урамшуулал олгох жагсаалтыг 2023 оны 4 дүгээр сард холбогдох захиргааны байгууллагад хүргүүлж, тус байгууллагын төсөвт жагсаалтын 14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 6,733,3868 төгрөг суусан, энэхүү урамшууллыг олгох эрхийг дээрх хууль, журмаар байгууллагын удирдлагад олгосон болох нь тогтоогдож байна.

7. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Н.М******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд 2023 оны 07 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дах хэсэг болон Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ыг баталж, тус журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж үзэхээр байна.

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.М******* нь нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт төрийн захиргааны албан тушаалыг 2009 оноос хойш тасралт эрхэлсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнд төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Н.М*******д мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, түүнд төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшуулалыг хууль журамд заасны дагуу олгох шийдвэр гаргахыг хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ  Д.ЧАНЦАЛНЯМ