Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 15

 

      2018          01         18                                      2018/ШЦТ/15                        

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0026/Э

     Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             А.Цэрэндулам,

Улсын яллагч                                           Д.Отгонтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                    Л.Өлзийхүү, Б.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч                                                   М.Б, Б.О нарыг оролцуулан

    

    Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Б.О нарт холбогдох 1739000230078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Хэнтий  аймгийн Батширээт суманд 1966 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хэнтий аймгийн Батширээт сумын засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, 1-2 гудамж тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, М.Б,

 

   Монгол улсын иргэн, Хэнтий  аймгийн Батширээт суманд 1969 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, экологич мэргэжилтэй, Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг Булгийн 6-3 тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Б.О

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын байцаагч ажилтай Б.О, М.Б нар нь хамтран Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол түүний нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлнө, 42.2-т нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина” гэсэн заалтыг зөрчиж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт зохих эрхийн зөвшөөрөлгүй 11056 кг хуш модны самар тээвэрлэж явсан иргэн Н.Батжаргалыг тус сумын хэсгийн төлөөлөгч О.Бямбадаваа саатуулсан байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Н.Батжаргалд давуу байдал олгож 11056 кг хуш модны самрыг буцаан өгсөн үйлдлийн улмаас төсөвт төвлөрүүлэх 33.168.000 /гучин гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг төвлөрүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:
          Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдээс хуш модны самар авахаар 2016 оны 10 дугаар сарын эхээр Батширээт суманд би очсон. Тэр үед засаг дарга болон ойн байцаагч, мэргэжлийн хяналтынхан гэх мэт хүмүүс ирээд үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл байхгүй гэж байсан. Харин иргэдээс самар худалдаж авах гэж байгаа бол  зөвшөөрлийг нь хамт аваарай гэж байсан. Би өөрийн найз Батжаргалтай ярьж байгаад Батширээт сумын хэсгийн төлөөлөгч машингүй юм билээ, 2-лаа самар авна, хангайн хишгийг  хүртэх юм чинь суманд машин бэлэглэе гэж хоорондоо ярилцаад энэ тухайгаа өмнөх засаг дарга Баярсайханд хэлэхэд хандив өгөх та нарын эрхийн асуудал гээд за ч гээгүй, бас үгүй ч гээгүй. Н.Батжаргал бид 2 иргэдээс 11056 кг самар худалдаж авсан байсан. Гэтэл үйлдвэрлэлийн зориулалтаар зохих эрхийн зөвшөөрөлгүй гээд саатуулсан тул байгаль орчны байцаагч Мөнх-Очир 3.600.000 төгрөгөөр торгосон тул торгууль төлөөд самраа авсан. Мөнх-Очир тухайн үедээ хуулийн дагуу самрыг хурааж улсын орлого болгоно гэж байснаа цаанаас шийд ирсэн гээд торгуулиа төлөөд самраа ав гэсэн. 2 жолооч , самар худалдаж авсан Н.Батжаргал 3-ыг тус бүр 1200.000 төгрөгөөр торгочихсон. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-123 тал/

 

          Гэрч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “... Биндэр сумын цагдаагийн тасгийн дэд хурандаа Отгонжаргал, хэсгийн төлөөлөгч О.Бямбадаваа нар Батширээт суманд ажиллаж байгаад 2017.02.07-ны өдрийн 19 цагийн үед 2 ачааны тээврийн хэрэгсэлтэй 11.056 кг хуш модны цайруулсан самрыг тээвэрлэж явсныг саатуулж захиргааны аж ахуйн хашаанд зогсоосон.Маргааш нь самар ачиж явсан Батжаргал гэх хүнтэй уулзахад бид нар самрыг худалдаж авсан, өөрсдөө түүгээгүй, тээвэрлэж гарах гэж яваад баригдчихлаа, самрыг нь буцаагаад өгөх арга байна уу, өр зээл тавиад авчихсан юм гээд ярьж байсан.Би тухай үед тийм асуудал байхгүй, Ойн тухай хуулинд зааснаар торгууль тавьж, нөхөн төлбөр ноогдуулж, тээвэрлэсэн самрыг хураан авч дуудлага худалдаагаар худалдан борлуулж орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой гэдгийг нь хэлсэн. Нөхөн төлбөрийг тухайн үеийн 1 кг самар зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулагдаж байна тэр үнээр нь тооцож ноогдуулах ёстой. Тухайн үед зах зээлийн ханш 2800 төгрөг байсан гэхээр 30.956.800 төгрөгийн нөхөн төлбөрийг орон нутгийн төрийн сангийн дансанд төлүүлэх ёстой гэдгийг нь хэлсэн. Яг энэ үед Болд Засаг даргын ажлаа авч байсан .Хашаанд самар ачсан машин 6 хоног саатуулагдаад байж байтал Отгонжаргалаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул гээд албан бичиг явуулсан юм.Тэгэхээр нь бүх самрыг Бямбадаваатай хамт хиллэж үзээд 11.056 кг байна гэдгийг нь тогтоосон 11.056 кг самар нь зохих эрхийн зөвшөөрөлгүй самар байсан. 2017.02.13-ны өдөр Болд дарга энэ машиныг одоо хурдан шийдэж явуулъя, би Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг хуралдуулж шийдвэрлэе, хэсгийн төлөөлөгчид унаа өгье гэсэн санал тавиад байна, энэ асуудлыг нь шийдээд явуулчихвал яасан юм бэ гээд ярьж байсан.Би тухайн үед хөрөө араамнуудын судалгаа авахаар явсан хойно зөвлөлөөр хуралдсан гэсэн.Болд дарга намайг ирэхэд зөвлөлөөр хуралдаад торгуулийг нь ноогдуулаад самрыг нь өгөөд явуулчихъя. Байгаль орчны байцаагч нь ЗДТГ-ын бүрэлдэхүүнд харьяалагддаг цалингаа Тамгын газраас авдаг учир шууд удирдах албан тушаалтан Засаг дарга амаар үүрэг өгсөн учраас биелүүлж самрыг нь өгч явуулсан.3.600.000 төгрөгийн торгууль 3 иргэнд бичихэд тэр дор нь төлөөд баримтаа аваад ороод ирсэн. Хуулийнхаа дагуу 30.956.800 төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж самрыг нь хураан авч улсын орлого болгох ёстой. Улсын орлого болгохдоо үнэ тогтоох комисс зах зээлийн унийг нь тогтоогоод дуудлага худалдаагаар худалдан борлуулах ёстой.Ингээд энэ бүх мөнгө улсын төсөвт төвлөрөх ёстой.Би Болд даргад Ойн тухай хуулиар ингэж болохгүй гэдгийг нь хэлсэн. Би энэ асуудлаар хууль зөрчсөн гээд надад сахилгын арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 127-129 тал/

 

         Гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.02.13-ны өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад самраа хураалгасан гээд Энхтөр гээд залуу надтай ирж уулзахдаа 11 тонн самраа хураалгачихлаа . 40 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан , танай сумын иргэдийг орлоготой байлгах тал дээр ажиллаж байсан, энэ нь нэмэр хандив болж байгаа гэж бодож байна.Бид самраа хураалгачихвал ашиг орлого байхгүй болох гээд байна, арга байвал самраа буцааж өгөөчээ гэхээр нь холбогдох хүмүүстэйгээ уулзаж ярья , эргээд хариу өгнөө гээд хэлээд гаргасан.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралд энэ асуудлыг танилцуулсан. Зохих хууль тогтоомжийн дагуу торгоод самрыг нь буцааж өгвөл яасан юм бэ гэсэн зөвлөмжийг надад зөвлөлөөс өгсөн.Зөвлөлийн хурлын дараа Мөнх-Очиртой уулзаад хурлаас ийм зөвлөмж өглөө, чи хууль тогтоомжийнхоо дагуу арга хэмжээгээ аваад самрыг нь буцааж өгвөл яасан юм бэ гэхэд торгоод явуулах хуулийн боломж байгаа тэгвэл торгоод явуулъя даа гэсэн. Тэр оройдоо самар ачсан машин нь гарч байсан.Мөнх- Очир орой 3.6 сая төгрөгөөр торгоод явууллаа гэдгээ хэлсэн.Би энэ асуудлыг танилцуулаад торгох арга хэмжээ аваад буцааж өг гэсэн зөвлөмжийг гаргасных нь дагуу улсын байцаагчид зөвлөмж өгсөн. Би өөрөө хуулийн заалтыг нь нарийн сайн уншаагүй.Байгаль орчны хяналтын байцаагч энэ талаар мэдээллээр хангах үүрэгтэй байдаг. Би энэ талаар Мөнх-Очироос асуухад торгууль ноогдуулаад өгөх боломжтой гэж хэлсэн.Ойн тухай хуулийг би өөрөө хараагүй. Гэхдээ захиргааны шийтгэлийг давхардуулж олгохгүй аль нэгийг нь оногдуулж болно гэж ойлгосон. Тийм учраас торгууль аваад самрыг нь өгч болох юм байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-126 тал/

 

         Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.02 сард Засаг даргын тамгын газрын хашаанд самар хураагдсан байсан. 1 өдөр самартай машин явчихсан байсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч цагаан өнгийн машинтай болчихсон байсан. Ингээд юун машинтай болсон бэ гэхэд цагдааг машинтай болгохдоо самар ачсан машиныг явуулсан байна гэдгийг мэдсэн. Цагдаад машин авсны дараа Эрдэнэчимэг дарга зөвлөлийг дуудаж цуглуулаад Болд дарга ингээд самрыг явуулаад цагдаад машин авчихсан, энэ зөв байсан уу буруу байсан уу гэдгийг л хэлэлцсэн. Үнэнээ хэлэхэд хамт олон жил ажиллачихсан. Тэгээд ч самрыг нь өгөөд машин авсан ч өөртөө ашиглаагүй юм чинь хэрэг төвөгт оруулчихгүй салгачих юмсан , хамт олны шийдвэр' байвал хэрэгт орчихгүй байх гэсэндээ хаацайлсан юм. Би одоо үнэнээ хэллээ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-141 тал/

 

         Хэсгийн төлөөлөгч О.Бямбадаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 02 сарын 10-нд би материалыг нь самартай хүлээлгэж өгсөн. Тэгтэл 2017 оны 02 сарын 13-нд энэ машин самраа аваад яваад өгсөн.Би тухайн үед суман дээр байсан юм.Зөвлөлийн хурал болоогүй, дараа нь хурлын тэмдэглэлийг нөхөж хийсэн.Тухайн үед Мөнх- Очир, Болд нар самрыг өгөөд явуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/

        

         Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг 2017 оны 05 сард Тамгын дарга Эрдэнэчимэг бид нарыг хуралтай гээд дуудаад өнгөрсөн 2 сард самар ачаад явсан хүний самрыг өгөөд цагдаад машин авч өгсөн асуудал дээр Мөнх-Очир маань буруудах гээд байна. Хэдүүлээ өнөөдөр хуралдаад цагдаагаа унаажуулсан гэдэг дээр шийдсэн гээд хурлын тэмдэглэл хэлбэрээр албажуулъя. Ингэвэл Мөнх-Очир маань гайгүй байна байх гэж хэлсэн.Тийм учраас тухайн хуралдсан өдрөө энэ асуудлыг яриад тэмдэглэл болгоод гарын үсгээ зураад он сарыг нь 2017 оны 02 сарын 13-ны өдрөөр хийсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143 тал/

 

        Шинжээчийн дүгнэлт: 2017.10.16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль  орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваагийн хариулт :    “  - Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл /ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх/-ийн 42.1.3 дугаар заалт /зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн бэлтгэсэн/ үед нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна.

 - Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулахаар заасан байна.

              - Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт энэ хуулийн 42.1.3-т заасан   

    ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн зах зээлийн   

    үнэлгээгээр тогтооно гэж заасан байна. Иймд Хэнтий аймгийн Батширээт сумын  

    байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.О нь хуулиар заасан эрх хэмжээг  

    хэрэгжүүлээгүй байна.

 -  11056 кг самрыг буцаан өгсөн асуудалд:  Ойн дагалт баялгийг буцаан өгөх тухай асуудал нь “Ойн тухай” хуулиар зохицуулагдаагүй, харин хураагдсан эд зүйлсийг Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хүрээнд шийдвэрлэх ёстой байна гэсэн дүгнэлт /хх-ийн 115-116 тал/,

 

        Шинжээчийн дүгнэлт:  2017.10.31-ний өдрийн Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Б.Гүрсүрэнгийн: Хэнтий аймгийн Батширээт сумаас зохих эрхийн зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн хуш модны 11056 кг самрыг иргэн Н.Батжаргалд 2017 оны 02 дугаар сард буцаан өгснөөр төсөвт төвлөрүүлэх байсан 33 168 000 төгрөгийг төлүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119 тал/,

 

             Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн188, 195 тал/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 198 тал/

             Улсын байцаагчийн акт /хх-ийн 92 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

         Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.О, М.Б нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

         Учир нь шүүгдэгч Б.О, М.Б нарыг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол түүний нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлнө, 42.2-т нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина” гэсэн заалтыг зөрчиж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт зохих эрхийн зөвшөөрөлгүй 11056 кг хуш модны самар тээвэрлэж явсан иргэн Н.Батжаргалыг тус сумын хэсгийн төлөөлөгч О.Бямбадаваа саатуулсан байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Н.Батжаргалд давуу байдал олгож 11056 кг хуш модны самрыг буцаан өгсөн үйлдлийн улмаас төсөвт төвлөрүүлэх 33.168.000 /гучин гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг төвлөрүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн байх боловч, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэх иргэн Н.Батжаргалын үйлдэл нь эргэлзээтэй.

         Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр иргэн Н.Батжаргал нь Батширээт сум болон өөр сумдын ахуйн зөвшөөрөлтэй /ягаан тасалбар гэх/, зөвшөөрөлгүй олон тооны иргэдээс хуш модны самрыг худалдаж авсан болох нь нотлогдож байх тул  Н.Батжаргалыг зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялагийг  түүсэн, бэлтгэсэн гэдгийг хангалттай нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

         Иргэн Н.Батжаргалын зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн , бэлтгэсэн үйлдэл нь эргэлзээтэй болохоор түүнд давуу эрх олгосон гэх шүүгдэгч Б.О, М.Б нарын гэмт үйлдэл нь ч мөн эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл аливаа албан тушаалын гэмт хэргийн субьектив тал нь шууд  буюу шууд бусаар ямар нэг хувийн сонирхол шунахайн сэдэлтээр бусдад хохирол учруулж, учруулсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Б.О, М.Б нар нь Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3,  42.2 дахь хэсгийг зөрчиж  иргэн Н.Батжаргалд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгож 11056 кг хуш модны самрыг буцаан өгч төсөвт төвлөрүүлэх 33.168.000 төгрөгийг төвлөрүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэдэг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй. Ойн тухай хуулиар  ойн дагалт баялагыг буцаан өгөх тухай асуудал нь зохицуулагдаагүй байхад шүүгдэгч нарыг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3,  42.2 дахь хэсэгт заасныг зөрчиж самрыг буцаан өгсөн гэж ялласан улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй байна.

        Иймээс шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байна гэж үзээд шүүгдэгчид нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, М.Б, Б.О нарыг цагаатгасугай.

 

        2. Цэцэгтэн овогт М.Б, Б.О нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

        3. М.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        4. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        

        5. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж  заалдах  гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА