Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/316

 

 

  

 

 

 

   2023           3             22                                        2023/ДШМ/316

 

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                          

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Буянхишиг,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 2209019001954 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Хүчит хар овгийн Б.А, 1997 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Vip center” караокед зөөгчөөр ажилладаг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 торгох ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 20/369 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Шүүгдэгч Б.Ань 2022 оны 7 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их Монгол рестораны гадна хохирогч Э.Дийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хүчит хар овогт Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ань шүүхээс оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, хохирогч Э.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Ааас нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгчийн хувьд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугийн асуудлаар маргадаггүй, тиймээс ч учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд гагцхүү түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй, илэрхий хууль зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй." гэж тодорхой хуульчилсан, тиймээс ч шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял санал болгож оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс ч тухайн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь шүүгдэгч Б.Ань урьд энэ төрлийн хэрэгт торгох ял шийтгүүлсэн хэдий ч уг шийтгэлийг тухайн үед нь бүрэн биелүүлж дуусгавар болгосон байсан юм. Үүнээс гадна одоо шүүгдэгч Б.Ань их сургуульд суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, бүтэн өнчин дүү нарынхаа хамтаар эгчийндээ амьдарч, ахуй амьдралаа залгуулдаг нэгэн юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар “...урьд нь энэ төрлийн хэрэгт торгох ял эдэлж байсан” гэх ганцхан үндэслэл дурдаж, улмаар “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.” гэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэцтэй, уг хуулийн 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, эдгээр зүйл, хэсэгт тогтоосон дарааллын дагуу үйлдэгдсэн байх учиртай. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн №01 дугаартай Зөвлөмж ч гарсан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." хэмээн хуульчилсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эдгээр шаардлагыг илтэд хангахааргүй байна. Тодруулбал, шүүгдэгч Б.Аы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон 1.4 дэх заалтуудад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байхаас уг хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдлууд огтоос байхгүй билээ. Үүнийг шүүх огтоос дүгнээгүйгээс гадна өмнө дурдсанчлан урьд ял шийтгэлтэй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарахгүй байх атал үүнийг дурдаж улсын яллагчийн саналаас илүү хүндрүүлсэн нь уг зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцэхгүй байна.

Эцэст нь хэлэхэд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг үл ойшоон, хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдал (их сургуульд суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, бүтэн өнчин дүү нараа эгчийн хамт асран халамжилдаг)-г харгалзан үзэлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа юм. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, улсын яллагчийн санал болгосноор торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Атус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 2020 онд цэрэгт татагдахын өмнө хэрэгт холбогдсон бөгөөд цэрэгт явах байсан учраас надад торгох ял оногдуулсан байх. Харин энэ хэргийн хувьд миний нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял болгож өгнө үү. ...” гэв.

           Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ань Э.Дийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид эмчилгээний зардал гэж 860.000 төгрөг төлсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчаас 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх “шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд энэ үйлдэлдээ огт дүгнэлт хийгээгүй байна” гэсэн үндэслэлээр буюу түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ань 2022 оны 7 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их Монгол рестораны гадна хохирогч Э.Дийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Дийн “...Батболор ах тэнд рестораны тогооч гэх залуутай маргалдаад байсан. Удалгүй дотроос рестораны хамгаалагч болон зохион байгуулагч нар гарч ирээд бид нарыг салгасан. Зохион байгуулагч нь гэх урт үстэй үсээ боосон залуу Батболор бид хоёр руу зайл гээд орилоод байхаар нь танайхаар үйлчлүүлж болохгүй юм уу гэхэд тэр залуу Батболорыг нүүр рүү нь нэг удаа цохихоор нь би очоод болиоч гэж хэлэхэд миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би Батболор ахыг тэд нартай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Намайг гарч ирэхэд л маргаан болж байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Их Монгол рестораны зохион байгуулагч Алтайсайхан гэх залуу гараараа 3-4 удаа цохиж учруулсан. ..." /хх 18/,

гэрч О.Одбаярын “...2022 оны 7 дугаар сарын 10-ны 01 цагийн орчимд би ажлын гадаа тамхи татаад зогсож байхад Батболор гадаа гарч ирээд “чи юу гэдэг гэнээ ахын дүү” гээд намайг цохих гэж дайрахаар нь би гараараа холдуулаад өнгөрсөн. Тэгээд буцаад ресторан руу орохдоо чамайг гарч ирээд ална гээд орсон. Намайг гадаа байхад манай найзууд болох Ууганбаатар, Балжинням нар надтай уулзахаар ирсэн. Миний ажил тарахаар писи тоглоно гэж байсан. Тэгээд бид 3 гадаа зогсож байгаад бармен Отгонбаатар Батболорыг дуудуулсан ба гарч ирэхдээ Э.Дтэй цуг гарч ирсэн. Гарч ирэхээр нь би "одоо үзэх үү" гээд орилоод Батболортой заамдалцсан. Бас Э.Дийн нүүр рүү нь нэг удаа алгадсан. ...Батболор бид хоёр нэгнийгээ цохиогүй. ...намайг цохисон хүн байхгүй, миний биед гэмтэл учраагүй. ...” /хх 22-23/,

шүүгдэгч Б.А яллагдагчаар өгсөн: “...Рестораны үүдэнд тамхины цэгийн хажууд зодоон болоод  байна гэж манай зөөгч надад хэлэхээр нь би гараад харахад Батболор, Э.Д нарыг манай тогооч Одбаяр, бармен Отгонбат болон тэд нарын найзууд гэх 2 залуу нийтдээ дөрвүүлээ зодож, тэгэхээр нь би очоод тэд нарыг болиулаад тогооч Одбаярыг 2 найзтай нь хамт гэртээ харь гээд явуулсан. Би Батболорт хандаж “та нар одоо яв, дахиж үйлчлэхгүй дандаа орж ирж пиво уудгаад энэ асуудал болж байна гэж хэлсэн. Батболор миний өөдөөс чамд хамаагүй пизда минь гээд намайг цохих гээд зангасан ба Э.Д нь бас над руу дайрахаар нь би Батболорын нүүр рүү нэг удаа цохиод Э.Дийн нүүр рүү гараараа 2 удаа цохиод нэг удаа нүүр нь өвдөглөсөн. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10032 дугаар “...Э.Дийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, хамрын угалзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...”/хх 27-28/ гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Э.Дийг бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэнийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Шүүгдэгч Б.Аы хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан боловч уг ялыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар эдэлж дуусгавар болгосон, ар гэрийн амьдрал, хувийн байдал, энэ гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй байдал зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар болгож нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өөрчлөх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Д.Чинзоригийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар...” гэснийг “...240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг. ...” гэснийг  “...240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг...” гэж  тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан “шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ