Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2025/00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01420/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******  (утас: *******),

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******) нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт (утас: ),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт (утас: ) нарт холбогдох,

“Орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэхэмжлэгч нарын нэрийг бичилт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нар нь хариуцагч Б., Л. нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, үл өдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэхэмжлэгч нарын нэрийг бичилт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Б.******* миний бие аав Ж.******* хамт 2019 оны сүүлээр фейсбүүкийн зараас 2 өрөө байр зарна гэсний дагуу иргэн Б., Л. нартай уулзаж ярилцаж байгаад Дархан-Уул аймгийн ******* тоот 44.48 м.кв 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 48,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар болж урьдчилгаа 20,500,000 төгрөг өгөх байснаас 8,000,000 төгрөгийг Л.ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлж, 12,500,000 төгрөгт улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөөд үлдэгдэл 27,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр цувуулан 4 жил 5 сарын хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сард төлж дуусгахаар харилцан ярилцаад гэрээний 3.2-т тохирсон байдаг.

Гэтэл би хариуцагч нарын Худалдаа хөгжлийн данс руу 2020 оны 01 дүгээр сараас эхлээд шахаж төлсөөр байгаад хугацаанаасаа өмнө 2021 оны 06 дугаар сард үлдэгдэл 27,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Б., Л. нараас байраа шилжүүлж өгөөч ээ, яасан бэ гэхэд шилжүүлэх боломжгүй байна гээд байраа өгөх ямар ч сонирхол байхгүй байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.*******, Ж.******* нар мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр Б.*******, Ж.******* нарын нэрийг бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Б., Л. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед бид Б.*******, Ж.******* нартай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоот 44.46 м.кв талбайтай орон сууцыг дээрх гэрээний нөхцөлөөр худалдсан нь үнэн.

Тухайн үед бид энэ орон сууцаа Төрийн банкны ипотекийн зээлд хамрагдаж тус банктай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/195/06-01 тоот зээлийн гэрээ байгуулж 40,400,000 төгрөгөөр худалдаж аваад сар бүр банканд зээлийн эргэн төлөлт хийдэг байсан. Одоо ч бид ипотекийн зээлээ төлж дуусаагүй нэмэлт гэрээ хийгээд явж байна.

Б.*******, Ж.******* нарт орон сууцаа худалдах болсон шалтгаан нь би тухайн үед Заамарт *******-д улирлын чанартай ажил хийдэг байсан бөгөөд жилийн 03 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хүртэл ажилладаг бусад саруудад нь амардаг байсан тул цалин орлого бага байсны зэрэгцээ тэр үед аав маань зам тээврийн осол гаргаад өр төлбөрт орсон байсан тул арга буюу орон сууцаа худалдсан юм.

Эдгээр шалтгааны улмаас би Б.*******, Ж.******* нараас цувуулан авч байсан мөнгийг банкны зээлдээ оруулж чадаагүй юм. Тухайн үед ипотекийн зээлээр авсан орон сууцны зээлээ бүрэн төлж дуусаагүй тохиолдолд бусдад худалдаж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй худалдсан байсан. Эрх зүйн мэдлэг дутмаг учраас ийм зүйл хийсэн байна.

Мөн ковид цар тахлын үе таарч удаан хугацаагаар ажилгүй байж зээлийн эргэн төлөлт хойшилж байсан бөгөөд одоо ч би ажлаасаа гараад эрхэлсэн ажилгүй байгаа зэрэг амьдралын янз бүрийн шалтгааны улмаас ипотекийн зээлээ бүрэн төлж дуусаагүй нэмэлт гэрээ хийж хугацаа сунгуулаад явж байна.

Иймд бид Б.*******, Ж.******* нарт орон сууцны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөх боломжгүй байгаа тул энэ хүмүүсээс авсан мөнгийг буцааж өгөх саналтай байна” гэжээ.

2.Хариуцагч Б., Л. нар нь нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б. миний бие эхнэр Л.ийн хамт Б.*******, Ж.******* нартай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, ******* тоот 44.48 м.кв талбайтай орон сууцыг дээрх гэрээний нөхцөлөөр 48,000,000 төгрөгөөр худалдсан юм.

Бид 2019 оны 12 дугаар сард орон сууцаа чөлөөлж Б.*******, Ж.******* нарт хүлээлгэж өгсөн. Тухайн үед бид энэ орон сууцаа Төрийн банкны ипотекийн зээлд хамрагдаж тус банктай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/195/06-01 тоот зээлийн гэрээ байгуулж 40,400,000 төгрөгөөр худалдаж аваад сар бүр банканд зээлийн эргэн төлөлт хийдэг байсан. Одоо ч бид ипотекийн зээлээ төлж дуусаагүй нэмэлт гэрээ хийгээд явж байна.

Б.*******, Ж.******* нарт орон сууцаа худалдах болсон шалтгаан нь би тухайн үед Заамарт *******-д улирлын чанартай ажил хийдэг байсан бөгөөд жилийн 03 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ажилладаг бусад саруудад нь амардаг байсан тул цалин орлого бага байсны зэрэгцээ тэр үед аав маань зам тээврийн осол гаргаад өр төлбөрт орсон байсан тул арга буюу орон сууцаа худалдсан юм.

Эдгээр шалтгааны улмаас би Б.*******, Ж.******* нараас цувуулан авч байсан мөнгийг банкны зээлдээ оруулж чадаагүй юм.

Тухайн үед ипотекийн зээлээр авсан орон сууцны зээлээ бүрэн төлж дуусаагүй тохиолдолд бусдад худалдаж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй худалдсан байсан. Эрх зүйн мэдлэг дутмаг учраас ийм зүйл хийсэн байна. Мөн ковид цар тахлын үе таарч удаан хугацаагаар ажилгүй байж зээлийн эргэн төлөлт хойшилж байсан бөгөөд одоо ч би ажлаасаа гараад эрхэлсэн ажилгүй байгаа зэрэг амьдралын янз бүрийн шалтгааны улмаас ипотекийн зээлээ бүрэн төлж дуусаагүй нэмэлт гэрээ хийж хугацаа сунгуулаад явж байна.

Дээрх шалтгааны улмаас бид Б.*******, Ж.******* нарт орон сууцны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлж өгөх боломжгүй байгаа тул энэ хүмүүсээс авсан мөнгийг буцааж өгөх саналтай байгаа тул бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нар нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Б.******* миний бие аав Ж.******* хамт 2019 оны сүүлээр фейсбүүкийн зараас 2 өрөө байр зарна гэсний дагуу иргэн Б., Л. нартай уулзаж ярилцаж байгаад Дархан-Уул аймаг, ******* тоот 44.48 м.кв 2 өрөө орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 48,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар болж урьдчилгаа 20,500,000 төгрөг байснаас 8,000,000 төгрөгийг Л.ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлж, 12,500,000 төгрөгт улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөөд үлдэгдэл 27,500,000 төгрөгийг сар 500,000 төгрөгөөр цувуулан 4 жил 5 сарын хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сард төлж дуусгахаар харилцан ярилцаад гэрээний 3.2-т тохирсон бөгөөд Худалдаа хөгжлийн банкны данс руу 2020 оны 01 дүгээр сараас эхлээд шахаж төлсөөр байгаад хугацаанаасаа өмнө 2021 оны 06 дугаар сард үлдэгдэл 27,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талууд хооронд чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэрээний талуудын чөлөөт байдлаас үүдэн гарч хийгдсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2157 бүртгэлийн дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын баримтууд, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0482 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3638 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ (хх 3-20, 56-57 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ195/06-02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2157 бүртгэлийн дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Б., Л. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0869 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0870 бүртгэлийн дугаартай итгэмжлэл (хх 39-49, 53-54 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17/1103 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 75-76 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нар нь хариуцагч Б., Л. нарт холбогдуулан “Орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэхэмжлэгч нарын нэрийг бичилт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б., Л. нар нь нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б., Л. нартай Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Гэрээнд зааснаар төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж дууссан бөгөөд орон сууцыг шилжүүлж авъя гэхэд Б. нь таны өгсөн мөнгийг банкны зээл рүү хийж чадаагүй, гэхдээ би өөрөө хариуцаж бичиг баримтыг чинь гаргаж өгнө гэж хэлээд түүнээс хойш 4 жил орчим хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагч нараас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар шүүхэд хандсан бөгөөд тус орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэрийн бичилт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч Б., Л. нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “....2019 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нартай Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус орон сууцыг чөлөөлж Б.*******, Ж.******* нарт хүлээлгэж өгсөн. Одоо уг орон сууцанд нэхэмжлэгч нар амьдарч байгаа. Уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед орон сууц нь Төрийн банкны ипотекийн зээлтэй байсан. Б. нь өөрөө өр ширтэй, улирлын чанартай ажил хийдэг, аав нь өрөнд орсон зэрэг шалтгаанаар банкны төлбөрийг төлж чадахгүй явсаар сүүлд банктай гэрээгээ сунгаад үргэлжлүүлээд зээлээ төлөөд явж байгаа. Уг орон сууцыг банкны зээлийн барьцаанд байгааг нэхэмжлэгч нар ч тухайн үед мэдэж байсан. Иймд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа Төрийн банкны зөвшөөрлийг аваагүй, ипотекийн зээлийг төлж дуусаагүй, эрхийн зөрчилтэй байх тул үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь өгсөн, авснаа буцаах байдаг учир гэрээний дагуу авсан 48,000,000 төгрөгийг буцааж өгөх саналтай байна” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2157 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнд ... нэг талаас худалдагч Б., Л., нөгөө талаас худалдан авагч Б.*******, Ж.******* нар нь Дархан-Уул аймаг, ******* тоот, 44.48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 48,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. Урьдчилгаа 25,000,000 төгрөгийг өгнө. Энэ мөнгөнд Toyota pruis маркийн автомашин 12,500,000 төгрөг, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлнэ. Үлдэгдэл 27,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр цувуулан 4 жил 5 сарын хугацаанд төлж барагдуулна. Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 2019.12.23-ны өдөр. Дээрх орон сууц нь Төрийн банкны ипотекийн 5%-ийн зээлтэй байгаа ба өнөөдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 38,457,249 төгрөг байгаа болно. Зөрүү 10,957,249 төгрөгийг худалдагч тал банкны өмнө хариуцан төлж барагдуулна. Худалдан авагч тал мөнгөө бүрэн төлж барагдуулсны дараа байрны бичиг баримтыг хууль ёсны дагуу шилжүүлнэ. Худалдагч тал банкны өмнө, худалдан авагч тал худалдагчийн өмнө хариуцлага хүлээнэ... гэжээ.

Мөн хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, ******* тоот, 44.48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б. бүртгэгдсэн байх ба тус орон сууц нь Төрийн банкны барьцаанд байгаа үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигч хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, гэрээний агуулгаас дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, талууд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хугацааг тохирч, ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байна.

Дээрх хуульд зааснаар болон талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

6.Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний төлбөрийн асуудалд маргаангүй байна.

Тодруулбал, хариуцагч Б.ийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нар нь 48,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, талууд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг бичгээр байгуулж, тус өдрөөс эхлэн нэхэмжлэгч нар орон сууцыг эзэмшиж байгаа, нэхэмжлэгч нар нь хариуцагч нарт орон сууцны үнэд гэрээний дагуу нийт 48,000,000 төгрөгийг төлсөн, мөн орон сууцыг хариуцагч нар нь Төрийн банктай байгуулсан ипотекийн зээлийн хөрөнгөөр худалдан авсан, тус зээлийн үлдэгдэл 36,860,310 төгрөгийг 2049 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сар бүр 216,932 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай, уг зээлийг хариуцагч төлж байгаа үйл баримтад зохигч маргаагүй болно.

Харин талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ байгуулахад гуравдагч этгээд буюу банкны зөвшөөрөл шаардлагатай байсан эсэх асуудал байна.

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Үүний "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

8.Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдана.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас ипотекийн зүйлийг худалдах эрхтэй ба үүнд банк буюу гуравдагч этгээдийн зөвшөөрлийг зайлшгүй авах ёстой гэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж хуульчилжээ.

9.Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нар нь орон сууцны үнийг төлснөөр хэлцлийн дагуу хариуцагч нар нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай, 44.48 мкв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.*******, Ж.******* нарыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******, Ж.******* нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б., Л. нарын Б.*******, Ж.******* нарт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН