| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00007/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *д холбогдох хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Монгол улсын иргэн ,Сэлэнгэ аймгийн харъяат, 1975 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр * аймгийн * сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *аймгийн * сумын 3-р баг *д оршин суух, хэрэг хариуцах чадвартай, * овогт */РД:*/,
Прокурорын яллах дүгнэлтэд: Шүүгдэгч * нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр * аймгийн *сумын 1-р багийн нутагт өөрийн эхнэр *тай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж улмаар түүний зүүн далан далан тус газарт нь хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн...” гэжээ.
Шүүгдэгч * нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21-22 цагийн хооронд өөрийнхөө гэртээ архи ууж эхнэр *г гэр цэвэрлэсэнгүй гэж маргалдаж түүнийг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар хохирогчийг түүнээс зугтах үед нь зүүн далан тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч * өгсөн “Уурын мунхагаас болоод согтуудаа эхнэрийгээ хутгалсан. Их харамсаж байна. Би ханийгаа зовоосондоо харамсаж байна. Өөртөө их гомдож байна “ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч * мэдүүлэхдээ “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр Х* 16-17 цагийн орчим байхаа гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд удаагүй гадаа нэг ямаа авчихсан байсан юм тэрийгээ янзлангаа ганцаараа нэг шил архи уугаад тэгсэнээ гэнэт намайг хөөгөөд зайл гээд байхаар нь гараад зугтах гэсэн чинь араас ирээд цохисон. Тэгээд зугтаах гэсэн чинь араас хутгалсан. Би гарч зугтаагаад ээжийндээ очоод эмнэлэг явж үзүүлсэн. Хоёр гарын булчин руу гараа атгаж байгаад нилээн хэд цохисон, зүүн дал хэсэг рүү нэг удаа ахуйн хэрэглээний хутгаар хутгалсан” гэжээ /хх-26-28/,
Гэрч * мэдүүлэхдээ “2017 оны 11 дүгээр сарын 16, 17-ны орчим байсан. Би гэртээ байж байсан чинь хаалга тогшоод манай урд талын айлын хоёр жаахан хүүхэд ээж, аав зодолдоод байна. Аав, ээжийг хутгалсан гэхээр нь би гэртээ хонуулсан юм. Тэгээд маргааш нь ээж нь ирээд аваад явсан. Тэгээд дараа нь бас 10-аад хоногийн дараа байх бас нэг орой тэдний охин орж ирээд уйлаад гартаа нэг утас барьчихсан энэ рүү залгаад цагдаа дуудаад өгөөч аав ээжийг зодоод байна гээд байсан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Тэгээд удалгүй * орж ирээд цагдаа нөхрийг маань аваад явчихлаа явъя гээд охиноо дагуулаад явсан “ гэжээ /хх-36-37/,
Насанд хүрээгүй гэрч * мэдүүлэхдээ “2017 оны 11 сарын дундуур байх би хичээлдээ яваад орой 18-19 цагийн орчим байх хичээлээ тараад эмээгийнд очсон чинь ээж согтуу нуруунаас нь цус гойжоод эмээ цэвэрлэж өгч байх шиг байсан. Тэгээд эмээ надад ээжийг чинь аав чинь хутгалчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь ээж эмнэлэгт үзүүлсэн. Ер нь бол архи уух болгондоо хэрүүл зодоон хийж байдаг. Өнгөрсөн зун байх бас ээжийн нэг хөл рүү хутгалж байсан бас ээж надад аав чинь толгойг минь хагалж байсан гэж хэлж байсан“ гэжээ./хх-41-42/,
Гэрч * мэдүүлэхдээ “2017 оны 11-р сарын 11-ний өдөр байх тэгж санагдаж байна. Хагассайн өдөр л байсан би тэр өдөр эмнэлэг дээр ээлжтэй хүн үзээд байж байсан чинь өдөр 11 цагийн орчим байх тэгсэн чинь үзүүлье гээд * ороод ирсэн тэгээд яасан юм бэ гэсэн чинь гэртээ ямааны мах эвдээд байж байсан чинь манай нөхөр гаднаас согтуу орж ирээд мах эвдэж байсан хутгаар намайг хутгалчихлаа тэгээд би хүүхдүүдээ аваад гэрээсээ зугтаагаад гараад ирсэн айлд хоноод ирлээ гэж ярьсан. Тэгээд би үзлэг хийсэн. ...Тэр өдөр эмнэлэг дээр намайг үзлэг хийж байхад манай сувилагч надад энэ хоёр өмнө нь бас хутга шөвгөний асуудал гаргаж байсан гэж ярьж байсан. Бас нэг удаа зун байх * 5 сартай жирэмсэн үедээ манай нөхөр миний гэдэс рүү өшиглөчихлөө гэж нэг орж ирж байсан. Тухайн үед нь би яг үзлэг хийгээгүй би хажууд нь сууж байгаад тэгж сонсож байсан“ гэжээ./хх-39/,
Хохирогч *гийн * сумын эмч *д үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл/хх-20/, эмнэлэгийн байгууллагын осол бүртгэсэн тэмдэглэлийн“ хүчирхийлэлийн “бие махбодын“ гэх тэмдэглэсэн хэсэг/хх-21/, *г эрүүлжүүлсэн тэмдэглэл /хх-29/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч *гийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №* тоот шинжээчийн дүгнэлтийн “1. *йн биед зүүн дал орчмын шарх тогтоогдлоо,
2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй багажийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. *аад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-23/ гэх дүгнэлт хэсэг,
Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын үед хийсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-53-54/, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-55-64/, шүүгдэгч *н гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн иштэй хутгыг хураан авах тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоол /хх-14/, Уг хутганд үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-18/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч *йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нь төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч * нь гэм буруугийн талаар маргаагүй, прокурорын санал болгосон 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх уг ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2017 оны 11-р сарын 11 ний өдөр гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичсэн нь хэргийн материалд авагдсан хохирогч *ийн 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмч *үзүүлсэн тэмдэглэлд” Өчигдөр орой 20 цагийн үед гэртээ мах янзлаад сууж байтал нөхөр орж ирээд зүүн дал руу хутгалсан” /хх-20/ гэсэн бол * сумын Эрүүл мэндийн төвийн осол гэмтлийн тохиолдолыг бүртгэх хуудаст “гэмтсэн 2017.11.10-ны 21 цаг”, “үзүүлсэн 2017.11.11-ний 11 цаг 50 мин” /хх-22/ гэсэн зэргээс гэмт хэрэг 2017 оны 11 сарын 10-ны оройн 21-22 цагийн хооронд гарсан байна гэж үзлээ. Шүүх хуралдаанд хохирогч оролцохгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч * овогт *ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан * нь 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг дурьдсугай.
5. Шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн хуванцар иштэй, ишний төмөр унасан, хутганы ишний суурь 12 см, ажлын 15 см урттай хутга 1 ширхэгийг устгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хохирогч, шүүгдэгч, улсын яллагчид гардуулсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА