Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00528

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ш.Б-ийн, 

Хариуцагч: УАЗДТГт холбогдох,      

УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал биелүүлэн УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 тоот ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан. Уг тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг гаргахдаа эрх зүйн байдлыг дордуулсан. Жолоочийн орон тоогоо нэмэгдүүлж батлаагүй мөртлөө томилсон шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг дүр эсгэн хэрэгжүүлсэн байдлаар тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 тоот ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.         

Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Бийн нэхэмжлэлтэй, УАЗДТГрын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Бийг ажилд эргүүлэн томилох тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 дугаар тушаал гаргахдаа Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй ажил албан тушаал дээр томилсон байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдсэн албан мэдэгдэл хүргүүлээгүй болно. Улмаар Ш.Бийг ажилд эргүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/95 тушаалаар жолоочийн орон тоон дээр томилсон бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжаар жолоочийн орон тоог нэмэгдүүлсэн болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хавсралтаар бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжыг хүргүүлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.     

2. Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.       

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.     

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч УАЗДТГ нь нэхэмжлэгч Ш.Б УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА