Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00529

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг

  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ш.Б, 

Хариуцагч: УАЗДТГарт холбогдох,      

УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Ажлаас чөлөөлөхдөө байхгүй, нэмж батлагдаагүй орон тооноос чөлөөлсөн. Хуулийн дагуу мэдэгдэл өгөөгүй, нэг удаагийн тэтгэмж олгоогүй зөрчилтэй  тушаал гарсан. Иймд УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.           

Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Бийн нэхэмжлэлтэй, УАЗДТГрын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Бийг ажилд эргүүлэн томилох тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 дугаар тушаал гаргахдаа Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй ажил албан тушаал дээр томилсон байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдсэн албан мэдэгдэл хүргүүлээгүй болно. Улмаар Ш.Бийг ажилд эргүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/95 тушаалаар жолоочийн орон тоон дээр томилсон бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжаар жолоочийн орон тоог нэмэгдүүлсэн болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хавсралтаар бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжыг хүргүүлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.     

2. Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.       

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.     

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч УАЗДТГар нь нэхэмжлэгч Ш.Б УАЗДТГрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА