| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0008/Э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 1
2017 оны 12 сарын 26 өдөр 2017/ШЦТ/01 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0008/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 201623000241 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Саригийн 13-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь 2016 оны 08 дугаарс сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд иргэн Д.Э-ийн гэрт нэвтрэн орж “Могул” брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 371.320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Г нь 2016 оны 08 дугаарс сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд иргэн Д.Э-ийн гэрт нэвтрэн орж “Могул” брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 371.320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Э-ийн ... 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эхнэр, хүүхдүүдээ аваад ургийн баярт явсан. Тэгээд 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой цоож нь цүүндээ зүүгээстэй байсан. ... 32 инчийн “Могул” брэндийн хар өнгийн зурагт алдагдсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 15, 69хуу/
Гэрч З.С-ийн ... намар орж ирэхэд Энх-Амгалангийнд хулгай орж зурагт алдагдсан гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 56хуу/
Гэрч Т.А-ийн ... 2016 оны 09 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Намайг аавынд байхад Ирээгүй гэдэг хүн 32 инчийн зурагт зарна гэж орж ирсэн. 128.000 төгрөгийг бэлнээр өгсөн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 58хуу/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16хуу/
Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна. ...10 цагийн үед манай баруун талын айл эзгүй байхаар нь тэдний хашаанд ороод арматурын төмрөөр хаалганд нь зүүлттэй байсан Хятад цоожийг дээрээс нь цохиход нөгөө цоож нь онгойхоор нь хойморт байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гарсан ... А асааж үзээд хэдээр зарахын гэхээр нь нь би 200.000 мянга гэсэн чинь тийм их мөнгө алга байна байгаа нь энэ гээд 128.000 төгрөгийг өгөхөөр нь мөнгийг аваад гарсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 65-67хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Д-ын Г-г бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 2002 оны Эрүүгйин хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 02 хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА