Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/325

 

           

 

 

 

 

    2023            3             28                                      2023/ДШМ/325 

 

П.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Р.Чийн өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Н.Жамъян,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2203005530548 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тамир овгийн П.Т, 1986 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Эколит энержи” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Шүүгдэгч П.Т нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Титан центр” төвийн урд талын замд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота приус маркийн 88-69 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90/ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч П.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргаагүй. Би осол болсон даруй иргэний болоод жолоочийн хувьд үүргээ биелүүлж хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн. Мөн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд залгаж ослын талаар мэдээлсэн. Хохирогч Р.Ч нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хохирогчийг эргэж тойрч байсан. Хохирогчийг эмнэлэгээс гарах үед эмчийн үзлэгээр ороход хамт байсан. Эмч тухайн үед зовуурь шаналгаа нь гайгүй болсон гэж надад хэлж байсан хэдий ч эмнэлгээс гарсан даруйд миний бие хохирогчийг “Ачтан” эмнэлэгт өөрийн зардлаар 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 27-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлж, сувилуулсан. Харин хохирогч Р.Чийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр надаас 6.222.227 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээрх зардал нь ослоос шалтгаалсан гэмтлийг эмчлэхэд зориулагдаагүй зардал байна гэдгийг прокурор, шүүх дүгнэсэн. Миний бие болон өмгөөлөгч бас ийм байр суурьтай байсан. Би анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөлд улмаас гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бусдын биед гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж байгаа. Гэвч анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломж байхад эрх зүйн байдлыг дордуулж, өмгөөлөгч болон улсын яллагчийн саналыг үл харгалзан зөвхөн нэг талыг барьж 2.000.000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна. Иймд хуульд заасны дагуу энэрэнгүй байх зарчмын үүднээс миний хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн хувьд маргаагүй. Осол болоход иргэний болон жолоочийн үүргээ биелүүлж хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Хохирогчийг Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсний дараа шүүгдэгч П.Т өөрийнхөө санаачилгаар эмнэлэгт хэвтүүлж, асаргаа, сувилгаа, эмчилгээ хийлгэсэн байдаг. Хохирогч Р.Чийн өмгөөлөгч Г.Тамир анхан шатны шүүх хуралдааны үеэр 6.222.227 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх зардал нь ослоос шалтгаалсан гэмтлийг эмчлэхэд зориулагдаагүй зардал байна гэдгийг прокурор, шүүх дүгнэсэн.  Шүүгдэгч П.Тын хувьд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгосныг өндөр дүнгээр торголоо, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл, тохиолдлын шинжтэй байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын талаас нь харж үзэж давж заалдах шатны шүүх торгох ялыг багасгаж өгнө үү. Өмнө анхан шатны шүүх хуралдааны үеэр прокуророос 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Өмгөөлөгч миний зүгээс 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгосон  ...” гэв. 

Хохирогч Р.Чийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд гомдолтой байгаа бөгөөд хохирол, хор уршгийн талаар иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хохирогч Р.Чийн хувьд 74 настай, Эрдэнэт хотод амьдардаг. Шүүгдэгч П.Т хохирогч Р.Чтэй уулзаж уучлалт гуйж, хохирол, төлбөр төлөх талаар санаачилгатай хандаагүй. Зөвхөн баримтаар тогтоогдож байгаа хохирол, төлбөрийг төлсөн, бусдыг нь төлдөггүй. Ийм учраас хохирогч Р.Чийн гомдол арилахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 450.000 төгрөгөөс 5.400.000 төгрөгөөр торгох ялтай гэмт хэрэг. Гэтэл анхан шатны шүүхээс 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй. Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй байна. Ямар үндэслэлээр торгох ялыг багасгах ёстой вэ. Өнөөдрийг хүртэл хохирогчийн гомдол арилаагүй, зөрчигдсөн эрх нь сэргээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар прокурорын зүгээс шүүгдэгч П.Тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Тт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал тавьсан. Тийм учраас торгох ялыг багасгахад ямар нэгэн татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Т нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Титан центр” төвийн урд талын замд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг 25 минутын орчим Тоёота приус маркийн 88-69 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            хохирогч Р.Чийн “...Би төв зам руу ойртож ирээд хойноос урагшаа зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад ороход миний зүүн талаас машин мөргөөд би газар унасан. Ослын дараа миний толгой их хавдсан, мөн зүүн гар өвдөж байсан. Дараа нь цагдаа болон түргэний машин ирээд түргэний машинтай би эмнэлэг рүү явсан. Явган хүний гарц ойр хавьд байгаагүй учир би машин харж байгаад дүүгийн хамт гарцгүй газраар зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. ...Миний биеийн байдал хүнд байна. Босохоор толгой эргэнэ, уушги өвдөж, ханиалгах гэх мэт зовуурьтай байна. Миний эрүүл мэндтэй холбоотой 6.000.000 орчим төгрөгийн хохирол гарсан. Жолооч энэ хохирлоос төлөөгүй. Жолооч ослын дараагаас 1.000.000 гаруй төгрөг төлсөн гэж бодож байна. ...” /хх 15/,

гэрч Р.Алтанцэцэгийн “...төв замын харалдаа хойд талд нь ирээд явган хүний гарцгүй хэсгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар зам руу алхаад орсон, тэр үед гэр хороолол талаас төв зам руу орж явсан авто машин эгч Чулуунцэцэгийн зүүн талаас мөргөөд зогссон. Эгч машинд мөргүүлээд газар унасан. Ослын дараа машины жолооч гээд эрэгтэй хүн бууж ирсэн, эгч толгой болон гар өвдөөд байна гэж хэлсэн. Жолооч эрэгтэй дуудлага өгсөн, дараа нь дүүргийн цагдаа ирээд бүрэлдэхүүн ирнэ гээд хэлж байсан. Удаагүй түргэний машин ирээд эгч Чулуунцэцэгийг үзээд аваад явсан. Би эгчтэй хамт явсан. Жолооч ослын газарт үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд эгчийг үзүүлэхэд зүүн гар нь хугарсан гэж хариу гарсан. Ингээд эгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо эгч маань Сонгдо эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь тогтворгүй байгаа. Ойр явган хүний гарц байгаагүй тул явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан. Эгч бид хоёр зам руу алхаад орохдоо зүүнээс баруун тийш явж байгаа машинуудыг хараад хөдөлгөөн тасрахаар нь зам руу алхаад орсон. Хороолол талаас ирж байсан машиныг хараагүй. Жолооч осол болсон өдрийн дараагаар шаардлагатай эм тариа, төлбөр хохирлыг төлж барагдуулаад явж байгаа. /хх 18/,

Шүүгдэгч П.Тын яллагдагчаар өгсөн: “...Туслах замаас төв зам руу нийлэх гээд зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад төв зам руу орох үедээ гарцгүй газраар хүн гарч явсныг харалгүй нэг эмэгтэйг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ослын дараа би машинаасаа буугаад харахад настай 2 хүн байсан. Тэр хоёр хүний нэг нь машинд мөргүүлээд газар унасан байдалтай байсан. Би 102, 103 дугаарын утас руу дуудлага өгөөд машинд мөргүүлсэн эмэгтэйг машиндаа суулгаад түргэн тусламжийн машин ирэхийг хүлээсэн. Удаагүй байтал дүүргийн цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламжийн авто машин ирээд гэмтсэн хүнийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь замын цагдаагаас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Тэгээд машиныг ачуулаад явсан. ...” /хх 94/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12655 дугаар “...Р.Чийн биед зүүн богтос ясны хугарал, зулай, дагзны хуйх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...”/хх 30-32/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 38884324 дугаар “...Уг авто машиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг, ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, ерөнхий байдал, иж бүрдэл, баруун зүү гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй байна. Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан, зогсоолын тоормос ажиллаж байсан. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. ...”  /хх 38-41/ гэсэн дүгнэлтүүд,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1234 дугаар “...Тоёота приус маркийн 88-69 УБМ улсын дугаартай автомашины жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Р.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” /хх 84-85/ гэсэн магадалгаа,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Титан центр төвийн урд талын замд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх  5-12/ зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Тыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч П.Тыг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Т “...надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч П.Тт  оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй, түүний үйлдсэн хэргийн хэмжээнд торгох ялын хэмжээ тохироогүй, ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд “...торгох ялыг багасгаж өгөхийг” хүссэн шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ЕРӨНХИЙ

                                    ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ