Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0799

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0799

Улаанбаатар хот

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар “Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “... урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгосон атлаа, “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 тоот тушаалаар батлагдсан орон тоонд байхгүй, гэрч П.Б, П.А нарын мэдүүлгээр дээрх орон тоо нь байхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Гэвч дээрх гэрч нар нь нэхэмжлэгч миний урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж тайлбарласан боловч ажлын чиг үүрэг нь хэвээр байгааг тодорхой дурдсан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн гэрч нарын заримыг иш татсанд гомдолтой байна. Мөн “Өргөдөл гомдол” хариуцсан мэргэжилтэн, “Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр байгаа бөгөөд ажил олгогч буюу хариуцагч байгууллагаас ажлын байрны тодорхойлолтыг батаlж гаргадаг бөгөөд ажил олгогч нотлох баримт бүрдүүлэхдээ илт давуу байдлаа ашиглаж байгаа гэж хардах үндэслэл байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн алдааг давж заалдах шатны шүүх засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд анх “...ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан албан тушаал байж байхад хууль зөрчин бүтцийн өөрчлөлт нэрээр хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлж халсан ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “...төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасныг зөрчсөн ...” гэх үндэслэлээр “Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нэгтгэгдэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсан байна.

Хариуцагч нь дээрх хэлтсүүдийг нэгтгэх шийдвэр гарснаас 3 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн маргаан бүхий Б/13 дугаар тушаалаар “...Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдэж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдан цөөрсөн...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-г “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгожээ. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шүүхэд гаргаж ирүүлсэн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоо”[1] гэх баримтаас үзвэл тус газарт нэхэмжлэгчийн маргаж буй “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал нэрийн хувьд байхгүй байна. Гэвч тус бүтэц орон тоо баталсан баримтыг хэн хэзээ баталсан талаарх шийдвэр, баримт хэрэгт авагдаагүй тодорхой бус байхаас гадна Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болсноос хойш 3 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн маргаан бүхий Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ц-г “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус хугацаанд “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлыг гүйцэтгэж цалин хөлс авч байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тушаалаар тус хэлтсийн “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Д.Ц-г “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ээр, мөн гуравдагч этгээд Б.П-г “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн”-ээр тус тус томилсон Б/12 дугаар тушаал хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч тус албан тушаалд хэзээ томилогдсоныг, мөн нэхэмжлэгчээс “урьд эрхэлж байсан “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа “...сонгон шалгаруулж аваагүй нь буруу” гэх үндэслэлээр маргасныг шүүх тодруулах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Хавтаст хэрэгт гэрч Б.А-ийн “...2016 оны 9 дүгээр сараас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсанаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”, “Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 орон тоо батлагдсан ... Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн”, “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэх хоёр мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан ... Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Программист”, “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэх хоёр мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан ...”[2], гэрч П.Б-ийн “...одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэж орон тоо байхгүй ...”, гэрч П.А-ийн “...  Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өргөдөл гомдол хариуцсан гэх албан тушаал байхгүй, батлагдаагүй ...” гэх мэдүүлгүүд тус тус авагджээ.

Шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдсон Б.П-г гуравдагч этгээдээр татсан байх боловч түүний эрхэлж буй албан тушаалын чиг үүрэгт нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэг шилжсэн эсэхийг нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой харьцуулах замаар тодруулах байтал нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авч хавсаргаагүй, түүнчлэн “Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Хөдөлмөрийн хэлтэс”-ийн аль алинд нь байсан эсэх, эсхүл шинээр “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болж хоёр хэлтэс нэгдэхэд нэг болж цөөрсөн эсэх, эсхүл нэрийн хувьд өөрчлөгдсөн эсэх, бусад албан тушаалуудын чиг үүрэгт шилжсэн эсэхийг тодруулалгүйгээр хэрэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт, мөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт (нотлох баримтын шаардлага хангаагүй) зэрэг нотлох баримтуудаас өөр “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” ямар чиг үүргийг гүйцэтгэж байсан, чиг үүрэг нь шилжсэн эсэх, хариуцагч сонгон шалгаруулалт явуулсан эсэх зэрэг маргаанд хамаарал бүхий нөхцөл байдлыг тодорхойлох баримт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлын тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй, нотлох баримтыг давж заалдах ... шатны шүүхэд гаргахгүй”, 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж тус тус хуульчилсан байх тул  анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул дээр дурдагдсан гэрчийн мэдүүлэг бодитой үнэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн маргасан үндэслэлд  давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Зүй нь, шүүх нэхэмжлэгчийн маргаж буй “Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, хэрэв түүний ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж үлдсэн бол ямар албан тушаалын чиг үүрэгт илүү хадгалагдсан, эсхүл тус албан тушаалын орон тоо цөөрсөн эсэх, хэрэв цөөрсөн бол хариуцагчаас дээрх хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсан эсэх, явуулсан бол ямар шалгуураар явуулсан, шаардлага шалгуурыг хэн илүү хангасан гэж үзэж, ямар албан тушаалд томилсон, тус шалгаруулалт нь шударга явагдсан эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн нь хууль бус эсэх, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 223 дугаар шүүгчийн захирамж[3]-д шүүхийн тамга дарагдаагүй нь “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын 2.3.12 баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасан шүүхийн шийдвэрээс гадна ... тамгыг хэрэглэнэ”   гэж заасантай нийцээгүйг тэмдэглэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4  дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ