Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 08

 

“И Э Ж А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                           Танхимын тэргүүн М.Батсуурь,                        

Шүүгчид:                             Л.Атарцэцэг,

                                             Х.Батсүрэн,

                                             Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0598 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.С нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэрээр: Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” 123 дугаар шийдвэрийн “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, ХҮ-016691 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-ийн ХҮ-016691 дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс” үргэлжлүүлэн тооцвол зохихыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0598 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0571 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн “И Э Ж А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” тухай 123 дугаар шийдвэрийн “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу 10 өдөрт багтаан мэдэгдэх үүргийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 10 хоног тооцон 7 дахь жилийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7/1686 тоотыг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр  сарын 14-ний өдрийн 12 цаг 26 минутад “И Э Ж А” ХХК-ны ажилтан н.Б-т гардуулсныг Монгол шуудан ХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08/422 тоотоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчид гаргаж өгсөн лавлагаагаар нотлогддог.

4. Түүнчлэн магадлалд хариуцагчийг буруутгахдаа төлбөрийг хэзээнээс төлөх ёстой талаар тодорхой тусгаагүй, анх олгосон огноог 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж тэмдэглэсэн. Гэтэл мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн дугаар, анх олгосон огноо, компанийн нэр, талбайн хэмжээ, аймаг, сум, талбайн нэрийг дурдсан байдаг. Мөн мэдэгдлийг хүлээн авсан даруйд буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.3-д заасан зөвшөөрөхгүй үндэслэлээ нотолсон баримтаа манай байгууллагад ирүүлээгүй.

5. Нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 35.258.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаасан байдаг. Энэ үйлдэл нь дээр дурдсан хуулийн заалтууд буюу тодруулбал хуулийн 34.7-д заасныг шууд зөрчсөн.

6. Хэргийг хянан шийдвэрлэх явцад зайлшгүй анхаарч үзэх асуудал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2/1795 тоотоор “И Э Ж А” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг зөвхөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хязгаарлалт хийхийг мэдэгдсэн байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тул цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1933 тоот мэдэгдлийг манай байгууллагаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/36589 тоотоор “И Э Ж А” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын Х\/-016691 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг зөвхөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хязгаарлалт хийхийг мэдэгдсэн байдаг бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 7/2269 тоот мэдэгдлийг хязгаарлалтад бүртгэсэн тухай хариуг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж байсан. Дээрх албан тоотуудаар нэхэмжлэгчийг ээлжит жилийн төлбөр төлөхийг хязгаарлаагүй зөвхөн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байдаг.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20 дахь заалтыг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтыг, тусгай зөвшөөрлийн хавсралтын хамт эх хувиар нь тус тус захиргааны байгууллагад ирүүлж улмаар захиргааны байгууллага хянан үзэж төлбөрийг бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад сунгалт хийсэн тэмдэглэгээг хийдэг. Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн хугацаанаас хойш төлбөр төлсөн мөн дээрх байдлаар захиргааны байгууллагад хандах үйлдлийг хийгээгүй зэрэг буруутгах үндэслэл болох юм.

8. Хариуцагч байгууллагаас дээр дурдсан эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор шийдвэр гаргаагүй байсан бөгөөд улмаар нэг жилийн дараа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7/8046 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ хугацаанд хэдийгээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой эрх нь хязгаарлагдсан хэдий ч нэхэмжлэгч компани төлбөр төлж бүртгүүлэх, хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө гаргах хянан батлуулах зэрэг үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

9. Иймд магадлалын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч “И Э Ж А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ хэсэгт нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдлын хүрээнд зөвхөн 2017 оны 693 дугаар шийдвэрт холбогдох хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

12. Маргаан бүхий 693 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  Уг тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 12 дугаар сарын 01-нд олгосон, нэхэмжлэгчийн тухайд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй байсан, хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-нд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн болох нь тогтоогджээ.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

14. Гэтэл захиргааны байгууллага зөрчил нэгэнт арилсан буюу нэхэмжлэгчээс 2018 оны төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2017 оны 12 дүгээр сарын 14-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдсэн байна. Тодруулбал, захиргааны байгууллагын шийдвэр гаргасан 2017 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн байсан буюу захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй,  захиргааны байгууллагын илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэмлийг хамгаалах” гэж тус тус заасныг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ.

15. Түүнчлэн маргаан бүхий шийдвэрт нэхэмжлэгчийг “хэдэн оны төлбөр төлөөгүй” талаар тодорхой тусгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2016 оны төлбөр төлөөгүй” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх зарчимтай, төлбөр төлөх ажиллагаа тасралтгүй байх зохицуулалтад нийцэхгүй, тухайлбал энэхүү маргааны тухайд 2017, 2018 оны төлбөрийг төлсөн, хэрэв “2016 оны төлбөр төлөөгүй” гэж маргаж байгаа бол хуулийн дээрх зарчимтай зөрчилтэй, 2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй, дунд нь тасарсан үйл баримтын талаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдэгдээгүй тул энэ асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна. Харин төлбөрийн тооцооллын асуудал байгаа бол энэхүү маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх учиртай.

16. Хариуцагчийн “шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой” гомдлын үндэслэл тодорхойгүй, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хязгаарлалт хийсэн үйл баримт нь хэргийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийн төлбөрт хэрхэн нөлөөлөх талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул уг гомдолд эрх зүйн дүгнэлт хийх, улмаар шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

17. Эдгээр болон бусад асуудлаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0598 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ    

    ШҮҮГЧ                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ