Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 581

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Иргэн Л.С******* 

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц,Ш*******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:”...”Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш******* 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б/110 дугаар тушаал гаргаж, дараах асуудлуудыг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилгоо хангалтгүй биелүүлсэн гэдэгт хамруулан хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Лхагважавын С******* миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж, ажлаас чөлөөлсөн. Үүнд:

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалаар хийгдсэн бүтцийн зохион байгуулалт, хүний нөөцийн өөрчлөлт хөдөлгөөнөөр зарим ажилтныг “түр” тодотголтой томилсон, үндэслэлгүйгээр өөр байгууллагад шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй;

2. Хүүхэд асрах чөлөөтэй байсан албан тушаалтны ажлын байрыг хадгалаагүй;

  3. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хугацаатай албан бичгийг зохих хугацаанд шийдвэрлээгүй,

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг хууль зүйн мэдээлэл, зөвлөмжөөр хангах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.

Мөн Хүний нөөцийн өөрчлөлт хөдөлгөөн, сонголтын үйл ажиллагаанд манай хэлтсийн ажилтнууд болон намайг оролцуулаагүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь холбогдох газрын дарга нартай урьдчилан тохиролцож гаргасан нэрсийн жагсаалтыг бидэнд өгч тушаалын төсөл болгон оруулах үүрэг чиглэлийг өгсөн. Тушаалын төслийг бэлтгэх явцад төрийн захиргааны зарим албан тушаалтнуудыг түр томилох үүрэг давхар өгөгдсөн. Төрийн жинхэнэ албан хаагчдыг түр томилох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг тайлбарласан боловч дарга, удирдлагуудын байр суурь өөрчлөгдөөгүйгээс уг тушаалын хоёрдугаар хавсралтад эдгээр ажилтнуудын нэрний ард хаалтанд “түр” гэж бичээд тушаалын үндэслэх хэсэгт түр орлон гүйцэтгүүлэхтэй холбогдсон заалт оруулаагүй, мөн “түр” томилох ажилтнуудыг тусад нь хавсралт болгоогүй. Тиймээс “түр” гэх тодотголтой томилогдсон ажилтнуудын албан тушаал, цалин хөлст ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ажлаас чөлөөлөх асуудал огт яригдаагүй. Манай хэлтэс “түр” тодотголтой ажилтнуудыг томилсон тушаалын бичлэгийн хэлбэр өөрчлөлт оруулах асуудлыг удирдлагадаа удаа дараа тавьсны үр дүнд 6 удаагийн тушаалаар 14 ажилтны тушаалыг хэлбэрийн хувьд хуульд нийцүүлсэн бөгөөд холбогдох газрын дарга нарынх нь саналаар Б.Б*******, С.Н*******, Т.О******* нарын асуудал шийдвэрлэгдээгүй, тушаалын төслөөс хасагдаж, хойшлогдсон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж  байсан н Г.М*******д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар шилжин ажиллах талаар тус хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангийн тавьсан саналыг тэрээр хүлээн авснаар дээр дурдсан 2015 оны 96 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга сул орон тоо байхгүйгээс Г.М*******г түр чөлөөтэй хүний оронд улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулсан байдаг бөгөөд түр чөлөөтэй хүн үүнээс 10 сарын дараа ажилдаа эргэж орсноор Г.М******* ажилгүй болж, манайд гомдол гаргаж эхэлсэн. Г.М*******гийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр манай хэлтсээс анхаарал хандуулж, газрын удирдлагуудад удаа дараа танилцуулж, түүнийг ажлаас чөлөөлөхгүй байх, ажлын байраар хангах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага, мэргэжилтнүүдэд хэлж албан бичиг явуулж байсан боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга түүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тэрээр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.

Хилийн мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-т стандарт, чанарын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.А*******г бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор дээрх 96 дугаар тушаалаар шийдвэрлэсэн. Ч.А******* 96 дугаар тушаалыг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлж, надтай болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзсан бөгөөд бид түүнийг дарга удирдлагатай уулзаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсний зэрэгцээ түүний асуудлуудыг нааштай шийдвэрлэх чиглэлээр холбогдох саналаа газрын удирдлагад танилцуулж байсан. Тийм ч учраас шүүхэд хандсан Ч.А*******тай эвлэрлийн гэрээ байгуулж хөдөлмөрийн маргааныг таслан зогсоосон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан А.С*******ийн албан тушаалын орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар цомхтгосон байдаг. Энэ тушаалыг тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа Б.Т гаргуулсан бөгөөд миний бие огт оролцоогүй болно. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэж орохоор удаа дараа гаргасан А.С*******ийн өргөдөлд тухай бүр хариу өгч байсан.

Түүнчлэн А.С*******ийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг “хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж А.С*******д хариу өгч, хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа 2016 оны дугаар сарын 30-ны дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэх” гэсэн Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн дагуу А.С*******ийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт  орон тоогоор хангах замаар шийдвэрлэх саналыг Б.Т даргад танилцуулсан боловч тэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, стратеги удирдлагын газрын мэргэжилтэн Т.Уыг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж, оронд нь А.С*******ийг томилохоор холбогдох арга хэмжээг явуулснаар Төрийн албаны зөвлөлд тогтоосон хугацаанд хариу хүргүүлэх ажил удааширч, энэ асуудал шийдвэрлэгдээгүй байгаа. Т.Уыг ажлаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй гэж ажил үүргийнхээ дагуу саналаа илэрхийлсэн нь намайг ажлаас чөлөөлөхөд түлхэц болсон. Өөрөөр хэлбэл, А.С*******ийг ажилд томилох асуудлыг би шийдвэрлээд, удаашруулаад байгаа бус, харин Б.Т дарга түүнийг түр чөлөөтэй байх хугацаанд орон тоог нь 2014 онд цомхтголд оруулснаас шалтгаалан түүнийг ажилд томилох асуудал мухардалд орж, өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Гэтэл энэ асуудлаар намайг буруутгаад байгаа нь туйлын өрөөсгөл юм.

Миний бие тус хэлтсийн даргаар томилогдсоноос хойшх хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх зүй, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байгууллагын зохих мэдээлэл, зөвлөгөө, судалгаагаар тогтмол хангаж, саналаа хэлж ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, удирдлагууд миний өгсөн санал, зөвлөгөөг шийдвэр гаргахдаа авч байгаагүй бөгөөд үе, үеийн дарга нар Төрийн албаны тухай, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ шийдвэрээ бие даан гаргадаг байсан. 

Ц.Ш******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирснээс хойш хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар хүн томилно гэдгээ удаа дараа надад хэлж байсан. Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар буцаан томилогдсон Б.Т надтай “хамтран ажиллахгүй” гэдгээ илэрхийлж, надтай харьцдаггүй байсан бөгөөд улс төрийн зорилго, хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлөх зорилго тавьж, түүнийгээ 2016 оны 05 р сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаал гаргаж гүйцэлдүүллээ.

Миний эзэмшсэн мэргэжилд тохирохгүй гэдгийг мэдсээр байж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тусгай хяналтын улсын байцаагчийн албан тушаалд намайг, ажиллуулахаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Таас 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/1194 тоот албан бичгээр ирүүлсэн санал нь хуульд нийцээгүй санал бөгөөд намайг хувь хүнийх нь хувьд басамжлан тохуурхсан, төрийн албаны удирдах албан тушаалтны ёс зүйд нийцээгүй үйлдэл гэж үзэж, 2016 оны Б/110 р тушаалыг эс зөвшөөрч байгаа тул уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш*******ид бичгээр хүргүүлсэн. Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга түр эзгүй байх хугацаанд түүний үүргийг хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах bэргэжилтэн түр орлон гүйцэтгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 112 дугаар тушаалаар зохицуулсан байхад хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан “туршлагын шаардлага”-ыг хангахгүй байгаа, тусгай хяналтын улсын байцаагч Б.У*******ыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, удирдлагууд энэ албан тушаалд өөрийн хүнээ ажиллуулахаар эртнээс тохиролцсон байсныг харуулж байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/110 дугаар тушаалыг дор дурдсан үндэслэлээр захиргааны бус акт гэж үзэж байна.

1. Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга, ажилтнуудын санал, зөвлөгөөг харгалзахгүйгээр, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 96 дугаар тушаалаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэх нэр бүхий ажилтнуудын эрхийг хамгаалах, шийдвэрийг хуульд нийцүүлэх чиглэлээр миний бие болон манай хэлтэс хангалттай зохион байгуулсан байхад түүнийг үгүйсгэсэн.

2.Надад хамааралгүй буюу А.С*******ийн нэгэнт цомхтгогдсон орон тоог хадгалаагүй гэж буруутгасан. 

3. А.С*******ийн асуудлаар ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн шийдвэрлэх чиглэлээр гаргасан манай хэлтсийн саналыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Т үгүйсгэж, асуудлыг удаашруулсан зөрчилдөө намайг буруутгасан. 

4. Б/110 дугаар тушаалын үндэслэл болгосон 4 дэх асуудал нь тодорхой бус, надаас тайлбар аваагүй. 

5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гарсан шийдвэртэй холбоотой асуудалд 1 жил 3 сарын дараа намайг буруутгаж, хариуцлага тооцсон болно.

Ийм учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.С******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа: ”Өргөдөл гаргасан 6 хүний 5 нь 96 дугаар тушаалтай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзээд байгаа. Түр томилогдсон гэх хүмүүс өнөөдрийг хүртэл албан тушаалдаа ажиллаж байгаа. С.Н******* Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан ба 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдөөгүй. н.О******* нь улсын байцаагчаас дэвшин улсын ахлах байцаагч болсон. н.Б******* нь өмнөх ажилдаа ажиллаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн мэтээр намайг гүтгэж байгаа. Энэ хүмүүсийн цалин урамшуулал хэвээрээ, зарим нь нэмэгдсэн байгаа. Ямар ч сөрөг нөлөө гараагүй. Намайг огт зүгээр байсан мэтээр, юм хийгээгүй мэт ярьдаг. Би түр тушаалаар томилогдсон хүмүүсийг хэзээ ч ажлаас халагдахгүй байх эрх зүйн баталгааг тушаалаар бий болгосон. Энэ хүмүүсийн тушаалд өөрчлөлт оруулахаар олон удаагийн ажил зохион байгуулан тодорхой үр дүнд хүрэн 12 хүний тушаал нь зөвтгөгдсөн. Мөн үлдсэн 3 хүнийх бол бэлэн байсан. 

А.С*******ийн өргөдлийн хувьд хоорондоо амаар шийдвэрлэж байхын оронд тухайн хүнд шийдвэр хэлэхгүй яасан юм бэ гэж хэлж байна. Төрийн байгууллагын шийдвэр тодорхой болсны дараа тухайн өргөдөл гаргасан хүнтэй харьцах эрхтэй. Түүнээс биш төрийн захиргаа удирдлагын газрын даргын эрх үүргийг өмнөөс нь хэрэгжүүлээд шийдвэр гаргах эрхгүй. Харин бид А.С*******ийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан тушаал санал болгоё гэж н.Т даргад санал болгож байсан ба Ц.Ш******* даргад мөн хэлж байсан. Дээр нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллахгүй байсан гэж байна. Энэ нь н.Т даргын буруу. н.Т дарга Мэргэжлийн хяналтын салбар зөвлөлийн дэргэдэх төрийн албан салбар зөвлөлийн ажлын албаны даргаар ажилладаг. 

А.С*******ийн өргөдлийн хариу өгсөн бичгийг 2015 оны 112 дугаар тушаалаар надад эрхийг өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолтод баталгаажуулсан байдаг. Иргэн хүн төрийн захиргаа удирдлагын газрын үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар өргөдөл гаргасан байсан учир өргөдлийн хариуд би гарын үсэг зуран явуулсан. Ингэснээр би уг албан бичгийг дур мэдэн ганцаараа боловсруулан гаргасан гэсэн үг биш. Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Нармандах боловсруулан би хянан гарын үсэг зурсан. Үүн дээр эрх зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тушаал шийдвэрийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Надад албан тушаал бууруулсны дараа ажлын байрны санал өгсөн. Үүнд би албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч байгаа учир хууль хяналтын байгууллагад хандана гэдгийг тодорхой илэрхийлсэн. Мөн санал болгосон ажлын байр нь миний мэргэжилд тохирохгүй гэдгийг мэдсээр байж басамжлан доромжилж байна гэдгээ илэрхийлэн ажлын байрны санал хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Би Б/110 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаж байгаа болохоос биш ажлын байраар хангасангүй гэж гомдол гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн, албан тушаал бууруулсныг зөвшөөрөхгүй байгаа тул Төрийн байгууллагад хандана гэдгийг ойлгохгүй дараагийн албан тушаал санал болгож байгаа нь ойлгомжгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын даргыг мэдээллээр хангах ажлын байрны зорилгоо хангалтгүй биелүүлсэн гэдэгт буруутгаж байснаас татгалзаж байна гэж ойлголоо.

Намайг буруутгасан асуудлууд нь миний хийсэн үйл ажиллагаатай хамааралгүй байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл А.С*******, н.М*******, н.А*******гийн асуудлууд одоог хүртэл шийдэгдээгүй байна. Дээрх гаргасан гэх зөрчлүүд нь зөвхөн намайг албан тушаал бууруулах, буруутгах шалтгаан байсан.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зүйн зөвлөгөө өгөөгүй гэж гүтгэж байна. Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын болон дотоод үйл ажиллагаанд мөрдөж байгаа 58 дүрэм журмыг шинэчлэх ажлыг зохион байгуулж, системийн санал аван, хэлэлцүүлэг хийн нийт 29 журмыг шинэчлэн боловсруулж байсан. Мөн шинээр батлагдсан эрх зүйн баримт бичгүүдийг анх удаа нэгтгэн цахим ном болгон гаргасан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын вэб сайтад татаж авах боломжтойгоор байршуулсан. Одоо үүнийг бүгд ашигладаг.” гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлгэдсэн төлөөлөгч Г.У*******, Ё.Отгонжаргал нар нь шүүхэд гаргасан тайлбардаа:”...”Иргэн Л.С******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Тус газрын улсын /ахлах/ байцаагч С.Н*******, Т.О*******, Б.Б*******, иргэн Ч.А*******, Г.М******* нар нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасан байдаг. Дээрх улсын байцаагчдын гомдолд дурьдсанаар С.Н*******, Б.Б*******, Т.О******* нарыг Монгол Улсын шадар сайдын 2015 оны 25 дугаар тушаал болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 95 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийхдээ албан тушаалын үүрэг нь хэвээр хадгалагдаж байхад үүрэгт ажлаас нь чөлөөлж эргүүлж томилохдоо түр томилсон байна. Энэхүү үйлдэл нь төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ,албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахыг зөрчсөн байна.

Дээрхи байцаагчдын гаргасан гомдлын дагуу Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлд түр гэх тодотголтой томилогдсон албан хаагчид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж тайлбарласан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 96 дугаар тушаалаар түр гэсэн тодотголтой томилогдсон улсын байцаагч нарын эрхийг хамгаалах, урьд гаргасан шийдвэрийг хуульд нийцүүлэх зорилгоор нэр бүхий улсын байцаагчдыг дараа нь жинхлэн томилуулсан гэдгээ нэхэмжпэгч дурдсан байна. Энэ нь түр тодотголтой томилгоо нь ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулсан, эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн гэдгээ тус хэлтэс хүлээн зөвшөөрч, хуульд нийцээгүй үйлдлээ залруулсан гэж үзэж байна. Улсын байцаагч Т.О*******т улсын ахлах байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхийн газрын даргын 2015 оны 342 дугаар тушаалаар олгосон боловч улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд томилсон тушаал албан ёсоор гараагүй болно. Иймд дээрх 3 улсын байцаагчидтай холбоотой томилгоо нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэн Г.М*******гийн гомдолд дурдсанаар 2015 онд дээр дурдсан бүтцийн өөрчлөлтийг хийхдээ түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 96 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас чөлөөлж, гуравдугаар хавсралтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан боловч түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлэхдээ өөртэй нь тохиролцсоны дагуу улсын ахлах байцаагчаар томилоогүй, мөн жирэмсний амралттай байгаа хүний оронд томилсон. Г.М*******гийн эрхэлж байсан албан тушаалыг бүтцийн өөрчлөлтөөр цомхотгоогүй мөн түүний мэргэжлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт сул орон тоо байхгүй байхад түүний эрх ашгийн дордуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэнээр иргэн Г.М******* ажилгүй болж одоо шүүхэд гомдол гаргаад байна. Хууль эрх зүй хүний нөөцийн хэлтэс тухайн үед шийдвэр гаргаж байсан газрын удирдлагыг хууль зүйн мэдээллээр хангалттай хангаж чадаагүйгээс үүдэн энэ иргэн хохирч байна. Иргэн Ч.А*******гийн гомдолд дурдсанаар мөн 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр түүний ажлын байрны чиг үүрэг батлагдсан байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 96 дугаар тушаалаар 6 сарын тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн байна.

Шинэчилсэн бүтцээр ажлын байрны чиг үүрэг нь батлагдсан байхад ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон нь хууль бус үйлдэл юм. Энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирсон иргэн Ч.А******* шүүхэд хандаж хэлэлцүүлгийн шатанд хариуцагчтай эвлэрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт жирэмсний амралттай хүний оронд томилогдсон байдаг. Жирэмсний амралттай байгаа иргэн ажилдаа эргэн орход Ч.А*******гийн эрх ашиг дахин хөндөгдөн, хохирох юм. Энэ нь мөн Хууль эрх зүй хүний нөөцийн хэлтэс газрын удирдлагыг хууль зүйн мэдээллээр бодитой хангаагүйгээс үүдэн гарч буй асуудал юм.

А.С*******ийн гомдолд дурдсанаар түүний хүүхэд асрах чөлөө авахаас өмнө ажиллаж байсан салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтэний орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар цөөрүүлж, чиг үүргийг нь Төлөвлөлт бодлогын зохицуулалт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнд шилжүүлсэн байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасан байна. Хүний нөөцийн бодлого хариуцсан нэгж хариуцлагагүй хандсаны улмаас уг ажлын байр цомхотгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон бөгөөд энэхүү хууль зөрчсөн үйлдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг бүтцийг 2015 онд шинэчлэн батлахад залруулах боломж байсаар байтал тодорхой арга хэмжээ аваагүй байна. А.С*******ийн урд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 95 дугаар тушаалаар Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын чиг үүрэгт хамаарахаар батлагдсан. /Эрсдлийн гүйцэтгэлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн/ Гэвч түүний ажиллаж байсан ажлын байрны хэрэгжүүлж байсан чиг үүргийг хэрэгжүүлэх шинээр батлагдсан ажпын байранд томилгоо хийхдээ жинхлэн томилсоноос үүдэн хууль ёсны амралтаа эдлэж байсан иргэн ажилдаа эргэн орж чадахгүй хохирч, хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэж чадахгүй байгаа нь тус хэлтсийн үйл ажиллагаа хангалтгүй, хууль хэрэглэх болон жирэмсний амралттай байгаа иргэний эрхийг хамгаалах талаар удирдлагад мэдээлэл хангалттай өгөөгүйтэй холбоотой байна.

Иргэн А.С******* хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч байгаа тул ажилд орох хүсэлтээ 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс нийт 5 удаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, Төрийн албаны зөвлөлд 1 удаа гаргасан байдаг. А.С*******ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилд эргэн орох тухай 5 удаагийн хүсэлтэд 1 удаа хуульд нийцээгүй хариу Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.С******* 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3642 дугаар албан бичгээр хариу хүргүүлж, бусад 4 удаагийн гомдолд албан ёсоор ямар нэгэн хариу хүргүүлээгүй, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ А.С*******ийн өргөдөлд тухай бүр хариу хүргүүлж байсан гэдэг нь ташаа мэдээлэл болно.

Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.С******* 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга нар байсаар байтал дур мэдэн 3/3642 дугаар албан бичгээр А.С*******ийн урд эрхэлж байсан албан тушаалын орон тоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар цомхотгогдсон тул ажпын байраар хангах боломжгүй тухай хариу хүргүүлсэн. Энэхүү албан бичиг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 –д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4 “жирэмсний болон амаржсаны амралттай болбн хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн албан бичиг юм. А.С*******ийн Төрийн албан зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 230 дугаар албан бичгээр уг асуудлыг шийдвэрлэж 2016 оны 03 дугаар сарын 30-ны дотор хариу мэдэгдэхийг үүрэг болгосоныг шийдвэрлээгүй, төрийн эрх бүхий байгууллагын хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан байна. Нэгэнт А.С*******ийн ажлын байр хууль бусаар цомхотголд орсон тул хуулийн дээрхи шаардлагын дагуу түүнд тохирох өөр ажлын байр санал болгох байтал Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтэс албан ёсоор өөр ажлын байр санал болгоогүй, ийм оролдлого огт хийгдээгүй, удаа дараа гаргасан өргөдлийг шийдвэрлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А.С*******ийг асуудлыг шийдвэрлэх манай хэлтсийн саналыг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Т үгүйсгэж, удаашруулсан гэсэн байна. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Т 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон ба А.С******* ажилдаа эргэн орох хүсэлтийг 2015 оны 09 сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 04, 2016 оны 01 дүгээр сарын 28 өдөр гаргаж байсан. Эдгээр өргөдлүүдийг шийдвэрлэх талаар тус хэлтэс ямар нэгэн санал санаачлага гаргаагүй, хууль биелүүлэх үйлдэл хийгээгүй гэдгийг онцлох нь зүйтэй. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 95 дугаар тушаалаар баталсан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэнээс үүдэн дээрхи нэр бүхий иргэд, улсын байцаагчид хохирсон байна. Тухайлбал бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилтнуудыг томилохдоо түр томилсон, үндэслэлгүйгээр өөр байгууллагад шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хууль бус шийдвэрийг зохих ёсоор хянаагүй, хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй, жирэмсний амралттай байгаа  иргэний эрхийг хамгаалах талаар  тодорхой арга  хэмжээ авч удирдлагыг хууль зүйн мэдээллээр хангаагүй нь ажпын байрны тодорхойлолтод заасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг хууль зүйн мэдээлэл, зөвлөмжөөр хангах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Дээрхи зөрчил нь Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар инженер мэргэжилтэй хүн ажиллаж байсантай холбоотой байсан тул тус хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн баталсан болно.

Улсын /ахлах/ байцаагч С.Н*******, Т.О*******, Б.Б*******, Ч.А*******, иргэн Г.М*******, А.С******* нар нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдлийн дагуу зөрчлийг хянан шалгаж дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хэлэлцэн 2016 оны 05 дугаар сарын 02-ын өдөр Л.С*******гийн албан тушаалыг бууруулсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан тушаал нь буурсан Л.С*******д тус газрын ХХЦХГ-ын Тусгай хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажил санал болгосон ба тэрбээр мэргэжил таарахгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариуг ирүүлсэн. Л.С******* нь Металлургийн технологи инженер мэргэжилтэй бөгөөд хүний нөөцийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэрэгжүүлж буй чиг үүрэгт Металлургийн технологи инженер мэргэжилтэй хүнд тохирох ажлын байр байхгүй бөгөөд түүний хүний нөөцийн удирдлагаар суралцсан байдлыг харгалзан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилох саналыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/1246 тоотоор түүний манай байгууллагад бүртгэлтэй албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24-23 тоотод шуудангаар хүргүүлсэн боловч хаяган дээрээ амьдардаггүй гэсэн шалтгаанаар буцаасан байсан. Л.С******* нэхэмжпэлдээ албан ёсны хаягаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24-23 тоот гэж бичсэн байх тул манай байгууллагаас явуулсан албан бичгийг зориудаар аваагүй гэж үзэж байна. Манай байгууллагын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/1246 тоотоор явуулсан санал одоог хүртэл хэвээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбардаа: “6 иргэнээс гомдол гаргасан байдаг ба 5 иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 онд бүтцийн өөрчлөлт хийсэн тушаалтай холбоотойгоор гомдол гаргасан. Энэ гомдлын агуулга нь бүтцийн өөрчлөлт хийн бүх албан тушаалтныг чөлөөлөөд буцаан томилохдоо 3 хүнийг түр тушаалаар томилсон байгаа нь бидний эрх ашгийг дордуулж байна гэсэн байдаг. н.М*******г бүтцийн өөрчлөлт хийсэн тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар уруу шилжүүлсэн байдаг ба түр хүний орон тоонд ажиллаж байгаад одоо ажилгүй болсон байдаг. Ч.А******* гэх хүнийг мөн бүтцийн өөрчлөлт хийх үед 6 сарын тэтгэмж олгон ажлаас чөлөөлсөн. Тухайн үед шүүхэд гомдол гаргахад эвлэрээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мөн түр хүний орон тоонд ажиллуулж байгаа. 

Эдгээр хүмүүс нь бүгд буцаад томилогдох ёстой хүмүүс байсан. Энэ 5 хүн нь бүтцийн өөрчлөлт хийсэн ч буцаад ажилдаа эргүүлдэн томилогдох ёстой байсан. Тиймээс гомдол гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны тушаалаар бүтцийн өөрчлөлт хийхдээ эхлээд газар хэлтсийн дарга нарыг чөлөөлөөд хүмүүсийг томилсон байдаг. Нэхэмжлэгчийг хууль эрх зүй, хүний нөөцийн даргаар эхлээд томилсон. Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсээс дараа нь нийт албан хаагчдыг чөлөөлөн томилсон тушаалын төслийг боловсруулсан. Нэхэмжлэгч би хамааралгүй гэж байгаа боловч энэ шийдвэр нь бүхэлдээ энэ хэлтсээс гарсан хамааралтай шийдвэр юм. Энэ 5 хүний асуудлыг ямар ч маргаангүйгээр шийдвэрлэх боломж байхад шийдэж чадаагүй ийм нөхцөл байдалд хүргэсэн. Энэ хүмүүст даргатай уулзаарай гэж хэлсэн гэж өөрөө ярьдаг. Уг хэлтсийн дарга нь асуудал шийдвэрлэх ёстой биш байхад даргатай уулзаарай гэх ёсгүй. Асуудлыг даргад танилцуулаад өөрөө араас нь явах ёстой байхад эдгээр хүмүүст даргатай уулзаарай, миний эрх мэдлийн асуудал биш гэж явуулж байсан. Уг хууль бус шийдвэр гарах үед энэ хүн Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба бүтцийн өөрчлөлтийг гардан хийлгэж байсан. Тухайн үед даргад хууль зүйн туслалцаа өгч байсан гэх ямар ч баримт байхгүй. А.С******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 онд 2 жилийн хугацаатай жирэмсний амралт авсан. Амралтаа аваад жилийн дараа бүтцийн өөрчлөлт орон ажлын байр нь байхгүй болсон хэдий ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажил олгогч нь хуулиараа өөр ажил олгох үүрэгтэй. 2015 оны бүтцийн өөрчлөлтөөр тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн гэх нэршил нь өөрчлөгдсөн хэдий ч чиг үүрэг нь байсан. Уг албан тушаалд томилсон хүнийг шууд томилсон. А.С*******ийн ажлын байрыг хадгалах боломж байсан. 

Гэтэл нэхэмжлэгч нь ийм ийм ажлын байранд ийм ийм хүмүүс чөлөөтэй байгаа учир түр томилъё гэж зөвлөх үүрэгтэй байсан боловч зөвлөөгүй. Түр тушаалаар томилох хуулийн гаргалгаа хийгдээгүй. Ингээд шууд томилогдсон тайлан мэдээ хариуцсан 96 дугаар тушаалаар томилогдсон албан тушаалтан 2015 оны 07 дугаар сард өөрчлөгдсөн байдаг ба энэ хүнийг мөн л жинхлэн томилсон. Үүнээс хархад хүний нөөцийн хэлтэс хангалттай ажиллаагүй. А.С*******ийн хувьд нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд нийт 4 удаа өргөдөл гаргасан. Аргаа барахдаа хүүхэд харах хугацааг сунгуулах өргөдөл өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч таны ажлын байрны орон тоо 2014 онд цомхтгогдсон байна гэснээс биш хүсэлтийг шийдвэрлэсэн хариу өгсөн зүйл байхгүй. Тухайн албан бичиг явуулах үед газрын дарга болон дэд дарга нар байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга өргөдөлд хариу өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Томилох эрх мэдэлтэй газрын даргаар хариуг өгүүлээгүй нь дур мэдэн өөрөө тамга тэмдэг даран явуулсан асуудал юм. Энэ хүн удаа дараа өргөдөл гаргаж байхад ажлын байраар хангая гэх мэт шийдвэрлэсэн хариу өгсөн удаа байхгүй энэ хүний Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлэх саналыг газрын даргад тавьсан гэх боловч А.С*******д нэг албан бичгээр болон утсаар энэ тухай мэдэгдээгүй. 

Байгууллага дотор хэн хэндээ ямар бичиг шилжүүлэн юу хэлэлцэж байгааг өргөдөл гаргаж байгаа хүн мэдэх боломжгүй шүү дээ. Хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байхад өгөөгүй. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 30-ны дотор шийдвэрлэж хариу ирүүлэх үүрэг ирсэн. Ингээд шийдэгдэхгүй байгаа. Энэ бүх асуудал нь нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг болон нийт ажилтнуудыг хууль зүйн мэдээллээр хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдолд хариу өгнө гэж ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг хэрэгжээгүй зэргээс болсон. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт салбар зөвлөл даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчтэй байна гэсэн бичиг Төрийн албаны зөвлөлөөс бичиг ирсэн. Шинээр Ц.Ш******* даргыг томилох боломжгүй байна гэсэн бичиг ирсэн ба салбар зөвлөл ажиллахгүй байсан. Салбар зөвлөл ажиллахгүй байсан учир даргын зөвлөлөөр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дараагийн даргыг томилсон асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй учир тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. 

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүй ба бид ажлаас халаагүй албан тушаал бууруулан тусгай хяналтын улсын байцаагчийн албан тушаал санал болгосон боловч мэргэжил таарахгүй байна гээд буцаасан. Энэ хүн инженер мэргэжилтэй учир Мэргэжлийн хяналтын системд байгаагүй. Хүний нөөцийн чиглэлээр мэргэшиж сурсан учир Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүний нөөцийн мэргэжилтнээр томилох саналыг шуудангаар хүргүүлсэн. Гэтэл тус хүн хаяг дээр амьдардаггүй гээд буцаад ирсэн. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа уг хаягаар гаргасан байдаг. Тиймээс зориудаар үүнийг аваагүй гэж хардаж байна. Иймээс албан тушаал бууруулах үндэслэл байсан ба ажлын санал хүргүүлсэн боловч аваагүй. Одоог хүртэл энэ албан тушаалын санал болгосон хэвээр байгаа.

Түр томилогдсон хүмүүсийн эрх ашиг дордоогүй ба одоог хүртэл ажлаа хийсээр байгаа гэж байна. Үнэхээр эдгээр хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөөгүй байсан юм бол яагаад сүүлд зарим хүмүүсийг жинхлэн томилсон юм бэ? Бид санал гарган эдгээр хүмүүсийг жинхлэн томилуулсан гэж хэлж байна. Үнэхээр тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй байсан юм бол яагаад жинхлэн томилсон юм бэ? Тэгэхээр эдгээр хүмүүс нь түр гэх тодотголтой болсноор эрх ашиг нь дордож байна гэдгийг ойлгож байгаа. Дараа нь түр хугацаа нь дуусгавар болоод ажлаас чөлөөлөхөд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг эдгээр хүмүүс мэдэж байсан учир энэ 3 хүнийг үлдээгээд бусдыг нь жинхлэн томилсон байгаа. Энэ нь тэдгээр хүмүүсийн эрх ашгийг дордуулаагүй гэсэн асуудал биш юм. Дордуулснаа засан залруулаад 3 хүнийг үлдээсэн байгаа. 5 хүний гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж байна. Бидний эрх ашиг хөндөгдөж байгаа учир шийдвэрлэж өгнө үү гэсэн байдаг ба хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн хариуцлагагүй хандсаны улмаас үүссэн энэ асуудлыг шалгаж өгнө үү гэсэн байдаг. Энэ асуудлыг шалган тогтоогоод даргын зөвлөлийн хурлаар орон шийдвэрлэсэн.

Жирэмсний амралттай хүнийг ажилд буцаан авах хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл энэ хүн одоог хүртэл ажилдаа ороогүй байна. Тиймээс хууль зөрчсөн байна. Энэ 8, 9 сарын хугацаанд жирэмсний амралт авсан хүний эрхийг хамгаалах гэж нэхэмжлэгч юу хийсэн юм бэ? Орон тоо цомхтгосон асуудлаас болон жирэмсэн иргэн хохирох ёсгүй. Хохирсон байгаа нь энэ хэлтсийг удирдаж байгаа хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Эдгээр хохирсон хүмүүсийн асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломж байсан атал шийдээгүй.

Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйн улмаас эдгээр хүмүүс хохирсон. Ажлын байрны тодорхойлолтод Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилчдыг хууль зүйн мэдээллээр хангах үүрэгтэй гэсэн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар уруу шилжин ажиллаж байгаа хүмүүст нэхэмжлэгч нь чи түр томилогдвол эрх ашиг нь ингэж дордоно гэх мэтээр хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын даргыг хууль зүйн мэдээллээр хангах биш юм.

Нэхэмжлэгч дээрх асуудлууд нь надтай холбоогүй байсан ч шийдэгдээгүй байна гэж хэлээд байна. Гэтэл энэ асуудлыг анх үүсгэхгүй байх хуулийн боломж байсаар байтал шийдвэрлэж чадаагүй. Иймээс энэ асуудлыг үүсгэсэнд нь буруутгаж байгаа. Мөн 96 дугаар тушаалаар хүмүүсийн эрх ашгийг дордуулсан ба жирэмсний амралтаа авсан хүний ажилдаа эргэн орох хүсэлтийг хангаагүй, хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй зөрчлүүдийг гаргасан асуудлыг анх үүсгэсэнд буруутгаж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Л.С*******гийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар  тушаалаар Л.С*******д албан тушаал буруулж, төрийн албанаас чөлөөлжээ.

Хариуцагч дээрх тушаалын үндэслэлээ Л.С******* нь ажлын байрны тодорхойлтод заасан зорилго, зорилтоо, хангалтгүй биелүүлж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр түр албан тушаалд томилж, өөр байгууллагад шилжүүлсэн ажлаас чөлөөлсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хууль бус шийдвэрийг зохих ёсоор хянаагүй, хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй хүүхэд асрах чөлөөтэй байсан албан тушаалтны ажлын байрыг хадгалаагүй, өргөдөл гомдол, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хугацаатай албан бичгийг зохих хугацаанд шийдвэрлээгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг хууль зүйн мэдээлэл, зөвлөмжөөр хангах чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж тайлбарласан. 

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар Л.С*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/1194 дүгээр албан бичгээр Хилийн мэргэжлийн хяналтын газрын тусгай хяналтын улсын байцаагч, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3/1246 дугаар албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилох санал хүргүүлсэн гэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар Л.С*******г ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь доорх байдлаар тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар  тушаалаар  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүх улсын байцаагч, ажилтнуудыг чөлөөлж, томилсон бөгөөд гомдол гаргасан Б.Б*******, Т.О*******, С.Н******* нарыг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилж, Г.М*******г Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлж, Ч.А*******д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Улсын ахлах байцаагч Ч.А*******, улсын байцаагч Г.М******* нар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2 дугаар сарын 25-ны өдрийн 96 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 544 дүгээр  шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ч.А*******, хариуцагчтай эвлэрч нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчаар томилсноор хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 400 дүгээр  шийдвэрээр нэхэмжлэгч Г.М*******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 Түүнчлэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлд дурдагдсан А.С*******д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар  тушаалаар хүүхэд асрах чөлөө олгож, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дүгээр  тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл сунгажээ. 

А.С*******ийн орон тоо  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр  тушаалаар хасагдсан бөгөөд А.С*******ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гаргасан ажилдаа эргэн орох хүсэлтэд Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.С******* 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3642 тоот албан бичгээр хариу өгч байжээ. 

Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч Л.С*******гийн эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс үүссэн гэж үзэх боломжгүй байна.

  Мөн  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар  тушаалаар Л.С*******д албан тушаал буруулж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн боловч албан тушаалыг хэрхэн бууруулж байгаа нь тодорхойгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Л.С*******гийн ажлын байрны тодорхойлолтод ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилд томилох эрх хэмжээ олгогдоогүй байна.

 Иймд нэхэмжлэгч Л.С*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль, эрх зүй хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд урьд авч байсан цалинг тооцон, зохих журмын дагуу татвар шимтгэлүүдийг суутган тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.С******* үндсэн цалин 864,211 төгрөг бусад нэмэгдлийн хамт 1.325,396 төгрөгийн дундаж цалин хөлсийг сар бүр авч байсныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/110 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.С*******г Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль, эрх зүй хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг тооцон нэхэмжлэгч Л.С*******д олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН