Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01139

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сутайн буянт” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Сутайн буянт” ХХК нь 2005.03.30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2005.04.21-ний өдөр 15 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15 000 000 төгрөгийг дараа тооцох нөхцөлтэйгээр, бэлэн мөнгөний зарлагын баримтаар манай байгууллагаас зээлж авсан. Дээрхи зээлсэн 40 000 000 төгрөгөөс 2005.7.15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2006.01.17-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус манай байгууллагад тушаасан. Ингээд 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан хирнээ 2007.02.08-ны өдрийн 1/17 тоот албан бичгээр “...автобусны сэлбэг худалдан авах шаардлагатай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгөн хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байна.Иймд үйл ажиллагаа хэвийн явуулахад туслалцаа үзүүлж, 30 000 000 төгрөгийг 3 сард буцаан төлөх нөхцөлтэйгээр олгох тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу “Сутайн буянт” ХХК-ийн Улаанбаатар банкны 2611020269 тоот дансанд 30 000 000 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд манай байгууллагын зүгээс “Сутайн буянт” ХХК-иас 45 000 000 төгрөгийн авах авлагатай болсон. Дээрхи авлагаас “Сутайн буянт” ХХК нь 2007.05.10-ны өдөр Улаанбаатар банкин дахь манай байгууллагын 2603001198 тоот дансанд 13 000 000 төгрөг, 2007.09.05-ны өдөр 9 000 000 төгрөг, 2007.12.27-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус төлсөн байна. Уг төлбөрийн эхний 13 000 000 төгрөг, дараагийн төлөлтийн 9 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг зэргийг 2005 онд түр зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 15 000 000 төгрөгт суутган тооцсон ба 15 000 000 төгрөгийг нь 2007 оны зээлсэн 30 000 000 төгрөгөөс суутгахаар нийт 15 000 000 төгрөгийг одоог болтол “Сутайн буянт” ХХК нь манай байгууллагад төлөөгүй байна. Хариуцагч “Сутайн буянт” ХХК нь хэдийгээр 2005 онд анх 40 000 000 төгрөг, 2007 онд 30 000 000 төгрөгийг санхүүгийн хүнд байдлын улмаас түр хэрэглэхээр хүсэлт гарган авсан ч 2007.12.27-ны өдөр хамгийн сүүлийн төлбөрийг төлсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдэг нь харагдаж байна. Учир нь манай байгууллагуудын хооронд зээлийн гэрээ байхгүй учраас гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Манай байгууллага нь “Сутайн буянт” ХХК-д 2015.04.08-ны өдрийн 1282 тоот албан бичгээр зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлж барагдуулна уу гэж хандсан боловч “Сутайн Буянт” ХХК-иас 2015.4.14-ны өдөр 01/036 тоот албан бичгээр “манай байгууллагын төлөх ёстой гэх 15 000 000 төгрөгийн асуудлаар хоёр байгууллага хоорондын шүүхийн шатны шийдвэр өмнө нь гарч байсан ба энэ шийдвэрээр манай байгууллагаас 15 000 000 төгрөгийг барагдуулсан баримтын дагуу уг нэхэмжлэл буцаагдаж байсныг мэдэгдье” гэсэн хариу ирсэн.Дээрхи албан бичигт дурдагдсан шүүхийн шийдвэр нь 2012.11.01-ний өдрийн 5588 дугаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж бөгөөд “Автобус нэг” ОНӨААТҮГ нь “Сутайн буянт” ХХК-д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй, нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болохоос манай байгууллагын өр төлбөрийг төлөх эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй юм. Иймд “Сутайн буянт” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай захирал Г.Балданшарав нь Солонгос улсад эмчилгээнд явсан. Нэхэмжлэгч байгууллагаас бичиг ирсэн бөгөөд өмнө нь шүүх хуралдаан болж байсан. Баримт байсан учраас албан бичгийн хариуг 7 хоногийн дотор өгсөн. Байгууллагын архивт үзэхэд 2 албан бичиг байсан бөгөөд ямар нэгэн гэрээ олдоогүй. 2005 онд зээлсэн 10 000 000 төгрөг, 2007 онд зээлсэн 30 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Өрийн баримт байхгүй, архивын бүртгэлд өрийн талаар байхгүй байна. Ерөнхий захирал ирэх боломжгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материалтай танилцахад Ц.Өлзийбат гэж бичсэн ч тамга тэмдэг байхгүй байна. Ц.Өлзийбатын гарын үсэг мөн эсэхэд эргэлзэж байна. Мөн 2005 оны асуудлыг одоо гаргаж ирж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тэр үеийн хүмүүс одоо байргүй болсон гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан, “Сутайн буянт” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллага “Сутайн буянт” ХХК-д нийт 70 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүнээс “Сутайн буянт” ХХК нь 55 000 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Үлдэгдэл 15 000 000 төгрөгөө авах талаар 2007 оноос хойш удаа дараа шаардаж байсан, энэ талаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурдсан. Ер нь мөнгөө төлөхийг шаардаад төлөхгүй байсан учраас аргаа бараад Нийслэлийн нийтийн тээврийн газарт хандсан. Учир нь Нийслэлийн нийтийн тээврийн газар бол дээд шатны удирдах байгууллага бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговрын мөнгийг автобусны компаниудад олгодог тул уг нөхөн олговроос суутгаж өгөхийг хүссэн албан тоотыг хүргүүлж байсан. 2007.12.27-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5588 тоот захирамжийг гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг ямар үндэслэлээр тасалдсан, 5 жил 9 cap хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгийг ямар үндэслэлээр яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч хэзээ ч шүүхэд хандсан байж болно, гэтэл 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр л шүүхэд хандсан мэтээр шүүх үзсэн байна. Мөн шүүх “Сутайн буянт” ХХК нь 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн энэ талаар зохигчид маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас хариуцагч   “Сутайн буянт” ХХК, захирал Өлзийбат нь 70 000 000 төгрөгийг зээлж, 55 000 000 төгрөгийг баримтаар буцаан төлсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөг дутуу байгаа талаар маргасан байхад нэхэмжлэгчийн яриагүй зүйлийн талаар ярьсан болгож дүгнэж бичсэн байна. Мөн хариуцагч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй, харин 2005 оны асуудлыг одоо гаргаж ирж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагчийг ярьсан мэтээр шийдвэрт бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 03390 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.Манай байгууллага “Сутайн буянт” ХХК-д 2015.04.08-ны өдрийн 1282 тоот албан бичгээр үлдэгдэл төлбөр 15 000 000 сая төгрөгийг төлж барагдуулна уу гэж хандсан боловч “Сутайн буянт” ХХК-иас 2015.04.14-ний 01/036 тоот албан бичгээр “манай байгууллагын төлөх ёстой гэгдэх 15 000 000 сая төгрөгийн  асуудлаар хоёр байгууллага хоорондын шүүхийн шатны шийдвэр өмнө нь гарч байсан ба энэ шийдвэрээр манай байгууллагаас 15 000 000 төгрөгийг барагдуулсан баримтын дагуу уг нэхэмжпэл буцаагдаж байсныг мэдэгдэе” гэсэн хариу ирсэн. Энэ албан бичигт дурдагдсан шүүхийн шийдвэр нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5588 дугаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж бөгөөд “Автобус-1” ОНӨААТҮГ нь “Сутайн буянт” ХХК-нд холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болохоос манай байгууллагад өр төлбөрийг төлөх эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй. Үүнийг анхан шатны шүүх үнэлээгүй. “Сутайн буянт” ХХК нь 2005.3.30-нд 10 000 000 төгрөг дараа тооцох нөхцлөөр авахдаа албан бичигтэй хандсан, 2005.4.21-нд 15 000 000 төгрөг, 2005.5.12-нд 15 000 000 төгрөг авахдаа иргэн Ц.Өлзийбат нь мөнгө хүссэн өргөдлөөр авсан байдаг. Ингээд 40 000 000 төгрөгөөс 2005.7.15-нд 10 000 000 төгрөг, 2006.01.17-нд 15 000 000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Хариуцагч тал шүүх хурал дээр манай байгууллага 40 000 000 төгрөг зээлсэн нь үнэн үүнийгээ төлсөн, иргэн Ц.Өлзийбатын зээлсэн 30 000 000 төгрөг нь манай байгууллагад орсон эсэх, хувьдаа авсан эсэхийг мэдэхгүй гэдэг. Гэтэл дээрх 2005.7.15-нд төлсөн 10 000 000 төгрөг, 2006.01.17-нд 15 000 000 төгрөг манай байгууллагад төлсөн нь угаасаа захирал байсан Ц.Өлзийбат нь “Сутайн буянт” ХХК-нд ашиглаж байсан гэдэг нь харагдаж байгаа төдийгүй мөнгө хүссэн өргөдлөөр авсан мөнгөө 2006.01.17-нд төлөлт хийгдсэн нь харагдаж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь хариуцагч “Сутайн буянт” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг шаардсан бол хариуцагч төлбөр тооцоог дуусгасан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу  хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заажээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т заасан байна.

Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй боловч хэн нэгэн бусдын  өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн авсан  этгээд эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр тохиролцсон  үүргийн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаанд хамаардаг тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээ гэж үзэхээр байна. Гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1., 79 дүгээр зүйлийн 79.1., 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, эсхүл тасалдсанд тооцох үндэслэлгүй байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар өнгөрсөн гэж үзэх, улмаар уг хугацааг сэргээх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03390 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН