| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00515/и |
| Дугаар | 152/ШШ2024/00541 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2024/00541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Цийн,
Хариуцагч: Б.Бд холбогдох,
13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Ц, түүний өмгөөлөгч Б.Батзаяа (цахимаар)
Хариуцагч Б.Б (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Б бид хоёр танилцан үерхэж байгаад 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хурим найраа хийсэн. Гэхдээ хуулийн дагуу гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хуримаа хийгээд Увс аймгийн Өлгий сум руу амьдрахаар явсан боловч би зан харилцааны таарамжгүй байдлаас болж хэд хэдэн удаа муудалцсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Ховд аймаг руу буцаж ирсэн. Намайг Ховд руу буцаад явахад Б.Б нь чи түрүүлээд явж бай, би 3 хоногийн дараа гэрээ ачаад очно гэсэн боловч ирээгүй. 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр миний хуримаа хийхдээ авч очсон эд зүйлийг маань хүргэж ирж өгсөн. Бид хоёр хурим хийхэд ах дүү нараас 8,500,000 төгрөг цугларсан бөгөөд манай ах дүү нараас ихэнх мөнгийг нь өгсөн. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Бгээс хуримын бэлгэнд цугларсан 6,000,000 төгрөгийн үлдэгдэл 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн надтай гэр бүл болж хамтран амьдарна гэж хууран мэхэлж хурим найр хийсний зардал 10,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс 2 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт хурим хийхэд ах дүү нараас өгсөн 8,500,000 төгрөг цугларсан. Үүнээс 6,000,000 төгрөг нь Р.Цгийн ах дүү нараас өгсөн мөнгө. Тухайн мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг Р.Ц авсан. Үлдэх 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөг нь сэтгэл санааны хохирол гэх мөнгө юм. Сэтгэл санааны хохирлын хувьд Б.Б нь Р.Цг удаа дараа удахгүй очно, хүлээж байгаарай гэх зэргээр итгэл найдвар төрүүлээд, ирэхгүй байсанд нэхэмжлэгч гомдож, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд орсон. Өөрөөр хэлбэл хамт амьдарна гэж хэлж явуулаад 10 сар хүлээлгээд, нэхэмжлэгчийн аав, ээж 3 удаа Увс аймагт очиход удахгүй араас нь очно гэж худлаа ярьж, утсаа авахгүй, дугаар блоклоод, ямар бодолтой байгаа нь мэдэгдэхгүй, удаа дараа худлаа хэлсэнд нь гомдоод сэтгэл санааны хувьд хүнд байсан болохоор шүүхэд хандсан. Манай зүгээс хариуцагчийн нөхцөл байдлыг сонсож, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах гэж шүүх хуралдаанд оролцуулж байгаа. Тиймээс хариуцагч үнэн зөв тайлбар гаргах хэрэгтэй. Магадгүй нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрээд цаашид хамт амьдрах эсэх нь тодорхой болсон тохиолд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хасах зэрэг шийдэгдэх боломжтой. Б.Бгийн зүгээс цаашид ба амьдрах бодолтой гэх тайлбар гаргаж байгаа учраас нэхэмжлэгч тал сэтгэл санааны хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Харин үлдэх 1,500,000 төгрөг нь Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан дундын өмчийн эд хөрөнгө байсан. Ах дүү нар талуудыг хурим хийсэнтэй холбогдуулаад бэлэглэлийн журмаар өгсөн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт нь улсын бүртгэлд бүртгүүлснээр бий болдог. Хурим хийсэн ч гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хамт амьдарч байсан энэ хугацаанд хамтын амьдралд зориулж бий болгосон 8,500,000 төгрөг байсан үүнээс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан. 6,000,000 төгрөг Р.Цгийн ах дүү нар өгсөн мөнгө байсан гэж талууд тайлбараа гаргаж байгаа. Харин шүүх хуралдаанд ах дүү нараас 5,900,000 төгрөг цугларсан. Хариуцагч нь “манай ах, ээж хоёр зээл аваад 2,000,000 төгрөгөө бидний хамтын амьдралд зориулсан. 7,900,000 төгрөгийг хурим хийснээс 3 хоногийн дараа банканд хийсэн” гэж тайлбар гаргаж байна. Тухайн хамтран амьдарсан хугацаанд Р.Ц, Б.Б нарын гэр бүлийн хэрэгцээнд зориулж бий болсон эд хөрөнгийг талууд дундын өмч гэж үзэж, тэнцүү буюу оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр хуваах хэрэгтэй. 7,900,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь авсан. Үүнээс үлдэх мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн. 108.1 дэх хэсэгт заасныг үндэслээд 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “.............. иргэн Б.Б би Р.Цтэй танилцаж, үерхэж байгаад 2023 оны 5 дугаар сард сүү, хадаг тавиад, 8 дугаар сарын 30-ны өдөр хуримаа хийсэн. Гэтэл эхнэр болох Р.Ц маань хурим хийсэн өдрөөс эхлэн аяга, таваг, гахай зэргийг хагалж, шидэж надад уурлаж эхэлсэн. Увс аймгийн Өлгий суманд 4 хоноод Ховд аймаг руу ээж, аавдаа очихдоо намайг хөөж хээр хонуулсан. Бид цаашид хамт амьдрах боломжгүй, надаас 13,500,000 төгрөг нэхэмжилсэн байна. Худлаа хэлж хурим хийнэ гэж юу байх билээ. Хурим хийхэд манайхаас бас их зарлага гарсан. Цг хөдөө амьдаръя, манай ээж ажил оруулна гэхэд чадахгүй гэсэн. Бидний хуримаар 5,900,000 төгрөг 2 талын ах дүү нар өгсөн. Энэ 5,900,000 төгрөгөөс 2024 оны 6 дугаар сард Цгийн ээж Т-ын 5850023546 тоот дансанд 2,500,000 төгрөгийг миний ах Б шилжүүлсэн. Үлдсэн 3,400,000 төгрөгийг манай ах дүү нар өгсөн. Утсан дээр хийсэн бичлэгийг харж, тэдний ах дүү нарын өгсөн мөнгийг бүрэн өгсөн. Хуриманд ирсэн мөнгийг ээж Дээмээ хамт тоололцсон. Энэ 5,900,000 төгрөг дээр манай ээж, ах хоёрын банкаас зээл аваад үлдсэн 2,000,000 төгрөгийг нэмээд 7,900,000 төгрөг дансанд хийсэн. Одоо мөнгө өгч чадахгүй, ээж, аав бид нар цуг тохирч хурим хийсэн. Манай талаас мөн их мөнгө зарлага гаргасан. Цаашид уг нь Р.Цтэй үргэлжлүүлээд амьдрах бодолтой байгаа ч шүүхэд нэхэмжлэл гаргасанд нь их гомдсон. Гэхдээ цаашда үргэлжлүүлэх амьдрах эсэхээ бодож байгаа” гэв.
Нэхэмжлэг талаас иргэний үнэмлэх, улсын тэмдэгтийн хураамж 225,450 төгрөг төлсөн баримт, хуримын урилга, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Хаан банк ХК-с Б.Бгийн Хаан банк дахь 5920053121 тоот харилцах дансанд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн орлогын гүйлгээний баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Б.Бд холбогдуулан, 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр 12,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг батлав.
3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Б.Бгээс 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Р.Ц, Б.Б нар нь 2023 оны 8 дугаар сард хурим найр хийж, хамт амьдарч эхэлсэн боловч гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Б.Б нь Ховд аймагт очиж амьдаръя гээд Р.Цг Ховд аймаг руу явуулсан боловч өөрөө ирээгүй бөгөөд холбоогоо тасалсан. Р.Ц, Б.Б нарыг гэр бүл болох зорилгоор хурим найр хийх үед хоёр талын ах дүү нараас нийт 8,000,000 төгрөг цугларсан бөгөөд үүнээс Р.Цд 2,500,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг Б.Б өөртөө авсан.
3.2. Б.Б нь Р.Цтэй амьдарна гэж итгэл үнэмшил төрүүлж, 10 сар гаруй хугацаанд хүлээлгэсэн боловч утсаа авахгүй, уулзахгүй, цаашид амьдрах эсэх нь тодорхойгүй байдал үүсгэж нэхэмжлэгч Р.Цг сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулсан. Ийнхүү Б.Б нь Р.Цтэй уулзахгүй, хамт амьдрахгүй байгаа тул хурим найр хийх үед цугларсан мөнгө буюу дундын өмчийн хөрөнгө болох 8,000,000 төгрөгөөс үлдэх 1,500,000 төгрөгийг гаргуулна гэв.
4. Хариуцагч Б.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
4.1. Р.Цгийн эцэг, эх нь өөрсдөө ирээд охиноо аваад явсан. Миний хувьд Р.Цтэй амьдарна гэж бодож байсан ба хууран мэхэлсэн зүйл байхгүй. Хурим хийхэд манай талаас мөн зардал их гарсан. Хуримын үеэр нийт 8,000,000 төгрөг бус 5,900,000 төгрөг цугларсан байсан. Үүнээс 2,500,000 төгрөгийг Р.Цд өгсөн. Одоо Р.Цд өгөх мөнгө байхгүй гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Р.Ц, Б.Б нар нь гэр бүл болох зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд хурим найр хийж, хамтран амьдарч эхэлжээ.
Зохигчид гэрлэлтээ иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн байна.
5.2. Зохигчид хариуцагч Б.Б 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Цд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч талаас хурим хийх үеэр нийт 8,000,000 төгрөг цугларсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчийн зүгээс нийт 5,900,000 төгрөг цугларсан гэж маргасан.
Хариуцагч нь шүүх хуралдаан дээр “...хуримын үеэр нийт 5,900,000 төгрөг цугларсан. Манай ээж, ах нар хурим хийхэд зориулж банкнаас зээл авсан бөгөөд түүний үлдэгдэл 2,000,000 төгрөгийг цаашдын амьдралдаа хэрэглээрэй гээд надад өгсөн. Үүнийг хуримын үеэр цугларсан 5,900,000 төгрөг дээр нэмээд банкинд хийсэн” гэх тайлбар гаргасан.
Мөн Хаан банк ХК-с 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл, Б.Бгийн 5920053121 тоот харилцах дансанд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 7,900,000 төгрөгийн орлогийн гүйлгээ “Баасанхүү орлого” гэх утгатайгаар хийгджээ.
Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарт үндэслэн зохигчдыг гэр бүл болж амьдрах зорилгоор хурим найр хийх үед нийт 7,900,000 төгрөгийн бэлэн мөнгө бэлгэнд ирсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх тул тэднийг гэрлэгчид гэж үзэхгүй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан хүмүүсийн эд хөрөнгийн маргаантай харилцааг зохицуулахад Иргэний хуулийн 125-130 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй, харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчийн эрх зүйн зохицуулалт үйлчилнэ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “.Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заажээ.
Тодруулбал, дундын өмч нь хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүсэх ба хуульд зааснаар дундын өмч үүсэх үндэслэлд Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарах бол хэлцлийн үндсэн дээр дундын өмч үүсэх гэдэгт хоёр буюу түүнээс дээш этгээдийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн байхыг ойлгоно.
Дундын өмчийг хамтран өмчлөх хэлбэр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөр илрэх бол бол хоёр буюу түүнээс дээш этгээд хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийг дундаа өмчилж байгаа бол тэдгээрийг дундын өмчийг хэсгээр өмчилж байгаа гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Р.Ц, Б.Б нарыг хурим найр хийх үед хоёр талын ах дүү, садан төрлийн хүмүүсээс бэлэглэсэн 7,900,000 төгрөгийн тухайд, нэхэмжлэгч Р.Ц, Б.Б нарт хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэн гэж үзэх ба зохигчид дээрх 7,900,000 төгрөгийг дундаа хэсгээр өмчлөгчид байна.
Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” гэж заажээ.
Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Р.Ц, хариуцагч Б.Б нар нь хуримын үеэр бэлгэнд ирсэн 7,900,000 төгрөгийг ямар хувь хэмжээгээр өмчлөх талаар тохиролцсон зүйлгүй тул зохигчдыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Р.Ц нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Бгээс дундын өмч 7,900,000 төгрөгөөс өөрт ногдох 3,850,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Р.Ц нь дээрх 3,850,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байх тул үлдэх 1,450,000 төгрөгийг хариуцагч Б.Бгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч Р.Цгийн, хариуцагч Б.Бд холбогдох, 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 1,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 1,450,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Б.Бд холбогдох, 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгээс 1,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 (хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,150 (гучин найман мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА