Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2024/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ө.Нийн,

Ч.Бтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1995 онд төрсөн, 29 настай. Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Бтой гэр бүл болж, 2 охин, 1 хүү төрүүлсэн. Бид хоёр гэр бүл болоод 8 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба нөхөр Ч.Б маань 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Иймд намайг нөхөр Ч.Бтой 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, С.Г, Ө.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Бын нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.А, Б.Н нарын төрсний бүртэлийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.Г, Ө.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ө.Нгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Б.Н нь шүүхэд хандаж 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ч.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Ө.Нгийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Ө.Н нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Ө.Нгийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ө.Н, Ч.Б нарын дундаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Н төрсөн байх бөгөөд иргэний төрсний бүртгэлд хүүхдийн эцэг Ч.Б, хүүхдийн эх Ө.Н гэж бүртгэжээ.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Аийн төрсний бүртгэлд эцэг Ч.Б, эх Ө.Н гэж бүртгэжээ.

4.2. Гэрч С.Г шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Миний бие 2018 онд эхнэр Ө.Бтэй танилцаж, 2019 онд гэр бүл болсон. Биднийг үерхэж байх үед миний эхнэр Ө.Б нь миний дүү Ө.Н Говь-Алтай аймагт Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байгаа, найз залуутайгаа хамт амьдарч байгаа, тэд 1 охинтой гэж ярьдаг байсан. Ө.Нгийн нөхөр Ч.Б нь Говь-Алтай аймгийн залуу байсан ба тэд 2021 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Баянцогт сумын Эрүүл мэндийн төвд Б сувилагчаар, Ө.Н Их эмчээр ажиллаж амьдарч байсан. Манай дүүгийн нөхөр Ч.Б 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэд хурим найраа хийгээгүй, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Сая бага хүү нь 2024 оны 9 дүгээр сард төрсөн. Одоо Ө.Н нь Увс аймгийн Тэс суманд өөрийн аав, ээж дээрээ ирсэн 3 хүүхдийн хамт амьдарч байгаа” гэж мэдүүлсэн бол,

Гэрч Ө.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Миний дүү Ө.Н 2015 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дээд сургуульд суралцахаар оюутан болж явж байсан. Дүү Ө.Н маань тэндээ Говь-Алтай аймгийн Шилүүстэй сумын Бямба-Очир гэх залуутай үерхэж байгаа гэж хэлдэг байсан. Тэд 2016 оны хичээлийн жилийн зуны амралтаараа хамт ирэхдээ жирэмсэн ирсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тэдний охин төрж, манай ээж асрахаар Говь-Алтай аймаг руу явж байсан. Тэр жил дүү Ө.Нд жилийн чөлөө авахгүй гээд ээж, би, манай бага дүү Ө.Н бид 3 ээлжээр очиж хүүхдийг нь харж, тэр жилийн хилээлийг нь дуусгаж байсан. Тэд Говь-Алтай аймагт хувийн байр түрээслэн суралцаж, амьдардаг байсан. Тэдний дараагийн охин нь 2019 онд төрсөн. Тэд хамтдаа Төв аймгийн Баянцогт сумын Эрүүл мэндийн төвд Бямба-Очир сувилагчаар, Ө.Н их эмчээр ажиллаж, амьдарч байсан. Манай дүүгийн нөхөр Ч.Б 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэд хурим найраа хийгээгүй, 2 хүүхдийн хамт хадам аавындаа ажиллаж% амьдардаг байсан.  Дүү Ө.Н, хүргэн дүү Ч.Б нар 2024 оны 7 дугаар сард Увс аймгийн Тэс суманд манай аавынд ирээд байж байхад хүргэн дүү Ч.Бын бие гэнэт өвдөж аймагт ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хоноод нас барсан. Хүргэн дүү нас барсны дараа буюу 2024 оны 9 дүгээр сард тэдний бага хүү төрсөн. Одоо дүү Ө.Н маань Увс аймгийн Тэс суманд өөрийн аав, ээж дээрээ 3 хүүхдийн хамт амьдарч байгаа” гэжээ.

4.3. Ч.Б нь Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

4.4. Ч.Б, Ө.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэсний бүртгэлд бүртгэлгүй болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар нотлогдож байна.

5. Хэрэгт авагдсан Б.Н, Б.А нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, гэрч нарын мэдүүлгээр Ө.Н, нас барагч Ч.Б нар нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамт амьдарсан, хамтын амьдралтай байх хугацаанд 2017 онд том охин Б.Н нар төрсөн үйл баримт тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн Ө.Нг Ч.Бтой 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Ө.Нг Ч.Бтой 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА