Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2024/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н.Гийн,

Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 59 настай. 1972 онд Увс аймгийн Малчин сумын бага сургуульд элсэн орж суралцаад 1980 онд тус сургуулийн 8 дугаар анги төгсөөд аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 тоот тушаалын дагуу хугацаат цэргийн албанд татагдсан. Хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хааж, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/308 тоот тушаалын дагуу мөн сарын 19-ний өдөр цэргээс халагдсан. Иймд намайг Хилийн цэргийн 0198 дугаар ангид 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Г шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 08/1718 дугаартай лавлагаа, гэрч Т.П, Н.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Пийн 581374 дугаартай цэргийн батлахын хуулбар, гэрч нарын цэргийн алба хаасан талаарх лавлагаа, Т.Дийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Т.Бийн 563050 дугаартай цэргийн батлахын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Т.П, Н.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.Гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Н.Г нь шүүхэд хандаж 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хилийн цэргийн 0198 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Н.Гн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Н.Г нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Н.Г нь 1964 онд төрсөн ба 1985 онд цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хааж, хугацаа бүрэн хаасан үндэслэлээр 1988 онд чөлөөлөгдсөн. Цэргийн батлахаа үрэгдүүлсний улмаас Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас цэргийн алба хаасны архивын лавлагаа авахад эцгийн нэрийг Нэмнээ, Нэмэхээ зэргээр зөрүүтэй бичсэний улмаас цэргийн алба хаасан хугацааг тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 08/1718 дугаартай лавлагаагаар “Нэ / Нэ/-гийн Г нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэжээ.

4.2. Гэрч Т.П болон Н.Б нар нь 1985-1988 оны хооронд Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын цэргийн батлахын хуулбараар тогтоогдож байна.  

Иймд гэрч Т.Пийн “Н.Г бид хоёр 1985-1988 оны хооронд Дорнод аймгийн Сүмбэр сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангид 3 жил цэргийн алба хаасан. Тухайн үед Увс аймгаас 30 гаруй машинаар цэрэг ачиж байсан ба Дорнод аймгийн Сүмбэр сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангид Увс аймгаас Н.Г, П, О, Б, Д, А, Г, А.А, н.А, Г, Ж, Т, Б гэх мэтийн олон цэрэг хуваарилагдаж байсан. Бид хилийн цэргийн ангид хуваарилагдсан болохоор ихэнхдээ хөдөө застав дээр харуулын цэргийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Н.Г бид хоёр бол яг хамтдаа Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 4 дүгээр застав дээр 3 жил хамт алба хаасан. Гийн овгийг Н гэдэг. Тэр үеийн бичиг хэргийн ажилтны буруутай үйлдлээс л Н гэж буруу бичигдсэн байх гэж бодож байна. Бидний алба хаасан Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчаар хошууч П.С, 4 дүгээр заставын даргаар Д гэх хүн байсан” гэх мэдүүлэг,

гэрч Н.Бийн “Н.Г бид нар 1985-1988 оны хооронд Дорнод аймгийн Сүмбэр сумын Хилийн цэргийн 0198 дугаар ангид 3 жил цэргийн алба хаасан. Тухайн үед Увс аймгаас 30 гаруй машинаар цэрэг ачиж байсан ба Дорнод аймгийн Сүмбэр сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангид Увс аймгаас Г, П, О, Б, Д, А, Г гэх мэтийн олон цэрэг байсан. Бид Хилийн цэргийн ангид хуваарилагдсан болохоор ихэнхдээ хөдөө Застав дээр харуулын цэргийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Ганхуягийн овгийг Нэмпээ гэдэг байсан. Тэр үеийг бичиг хэргийн ажилтны андуурсан үйлдлээс болж Н гэх нэрийг Н гэж буруу бичсэнээс Гийн эрх ашиг зөрчигдсөн гэж би үзэж байна. Бид нар ч гэсэн Н гэх нэрийг сонсоод Н юу гэж тодруулж асуудаг байсан. Бидний алба хаасан Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчаар хошууч П.С гэх хүн байсан” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Н.Гийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Н.Г-ийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА