Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02231

 

    

 

У.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар У.М-ээс 107 999 999 төгрөгийг гаргуулж “Их түмэн инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад У.Мминий өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байрны 29 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Шинжээч эд хөрөнгийг 359 830 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэж байна. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдахаар хуульд заасан. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийж буй этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шудрага ёсонд нийцэхгүй байна. Хөрөнгө үнэлгээний тухай 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. Гэтэл үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн. Үнэлгээчин нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 1 м.кв 4 500 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө юм. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байр, 29 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 830 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар У.М-ээс 108 463 049 төгрөгийг гаргуулж “Их түмэн инвест ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 25 дугаар байрны 29 тоотод байршилтай, 139.5 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206012627 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290421 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч У.М-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч У.М-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 25 дугаар байрны 29 тоотод байршилтай, 139.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20290421/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20290421/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4-179/23538 дугаар албан бичгээр У.М-д баталгаат шуудангаар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-179/24328, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 4-179/24389 дугаар албан бичгээр биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч “Их түмэн инвест ББСБ” ХХК-аас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 7/358 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Файн-Эстимэйт” ХХК нь 359 830 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4-137/27058 дугаар албан бичгээр төлбөр төлөгч У.М-д 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

Төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй атлаа шинжээчийн үнэлгээнд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаа зорилго харагдаж байна. Иймд нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Файн Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч У.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн эрх ашигийг хохироосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилсон гэтэл Г.Отгонбаяр гэх хүнд эрх үүрэг танилцуулсан нь хууль зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч У.Мнь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байр, 29 тоотод байрлах, 139.5 м.кв талбайтай орон сууцыг 359 830 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00025 дугаар захирамжаар  У.М-ээс 107 999 999 төрөг гаргуулж “Их түмэн-инвест ББСБ” ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012627 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Махата гандигийн гудамж 25 дугаар байрны 29 тоотод байрлах 139.5 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /хх-5-8/

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-43-55/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4-179/23538 дугаар албан бичгээр төлбөр төлөгч буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч У.М-д төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-56/

Төлбөр төлөгч У.Мнь дээрх хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, мөн төлбөр авагч “Их түмэн-Инвест ББСБ” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчийг томилсон байна. /хх-56-57,63/

Хэргийн 63, 65 дугаар талд шинжээч “Файн-Эстимэйт” ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлд Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүрэг үүргийг тайлбарласан баримт авагдсан байна. Иймд шинжээчээр томилогдоогүй этгээд болох Г.Отгонбаярт эрх үүрэг тайлбарласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

“Файн-Эстимэйт” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил, Махатма ганди, 25 дугаар байр, 29 тоотод байрлах, 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 359 830 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-66-86/

Нэхэмжлэгч хөрөнгө үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.БАЙГАЛМАА