| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00639/и |
| Дугаар | 152/ШШ2024/00550 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.Аын,
Х.О-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ө.А 1972 онд төрсөн, 52 настай. Тэрээр 1988 онд Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургууль төгсөж, 1990 онд Баян-Өлгий аймагт Техникум төгсөж ирээд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1996 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Х.Отай гэр бүл болж, 2 охин төрүүлэн өсгөсөн. Том охин А.Анаг 1997 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, бага охин А.Н 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Ө.Аын эхнэр Х.О нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бага охин А.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд аав, ээж нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас шүүхэд хандаж байна. Иймд Ө.А, Х.О нарыг 1996 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Ө.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 093 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Х.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Оын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Нгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Анагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч Б.Ц, П.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28/205 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Ц, П.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд хандаж Ө.Аыг 1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Х.Отай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Б.Оын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Ө.Аыг Х.Отай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Миний ах Ө.А нь 1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Х.Отай хурим найр хийж, хамтран амьдарсан хугацаанд 1997 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин А.Анаг, 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин А.Нг төрүүлж өсгөсөн. Хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.О нь өвчний улмаас нас барсан. Насанд хүрээгүй хүүхэд болох охин А.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ө.А, Х.О нарын дундаас 1997 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин А.Анаг төрж, иргэний төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Нгийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр Ө.А, эхийн нэр Халзангийн О гэж бүртгэсэн байна.
4.2. Гэрч Б.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Ө.А, Х.О нар нь 1996 онд гэр болж, 1997 онд том охин А.Анаг төрсөн. 2009 онд бага охин А.Н төрсөн. Тэдний бага охин Нямзаяа нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын хэвтэрт, хүний асаргаанд байдаг. Х.О хүнд өвчний улмаас 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Ө.А, Х.О нар хөдөө мал маллаж амьдардаг байсан. одоо Ө.А Өндөрхангай сумын төвд охиноо асардаг. Тэд яагаад гэр бүлийн батлах хийлгээгүй талаар би сайн мэдэхгүй байна. Х.Оыг нас барсны дараа бид гэр бүлийн батлахгүй байсныг мэдсэн” гэж мэдүүлсэн бол,
Гэрч П.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Ө.Аын дүү Б.О бид 2 нэг ангийн найз нөхөд хүмүүс юм. Бага наснаасаа айл хөрш тоглож наадаж өссөн. Нэгнийхээ гэрээр байнга орж, гардаг байсан. Б.Оын ах Ө.А 1996 он эхнэр авч, найр хурим хийж байсан ба эхнэрийг нь О гэдэг байсан. Б.О тухайн үед манай ахын эхнэр надтай адилхан нэртэй гээд хэлж байсныг санаж байна. Ө.А, Х.О нар нь гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин нь тусдаа гарсан. Цэцэрлэгт багшаар ажилладаг. Бага охин нь хөгжлийн бэрхшээлтэй. Одоо аавынхаа хамт гэртээ байдаг. Ө.Аын эхнэр Х.О 2024 оны 10 дугаар сард өвчний улмаас нас барсан гэсэн. Би сум орохдоо тэднийхээр байнга орж гардаг байсан учраас тэдний хамт амьдарч байсан талаар сайн мэдэж байна” гэжээ.
4.3. Х.О нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт оршин сууж байгаад 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.
5. Хэрэгт авагдсан А.Н, А.Анаг нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, гэрч нарын мэдүүлгээр Ө.А, Х.О нар нь 1996 оны 9 дүгээр сард хурим найр хийж, 1997 онд том охин А.Анаг, 2009 онд охин А.Н нар төрсөн, Ө.А, нас барагч Х.О нар нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн Ө.Аыг Х.Отай 1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Б.Аыг Х. Отай 1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА