| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00638/и |
| Дугаар | 152/ШШ2024/00551 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00551
Хүсэлт гаргагч: Б.Ж-ийн,
Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Ж нь 1964 онд төрсөн, 60 настай. 1980 оны 4 дүгээр сард Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж сумын төвд худгийн моторчноор 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй 10 жил 1 сар ажилласан. Миний ажилласан байдлын нотлох баримт олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас 1980, 1981 оны цалингийн түүвэр, 1983 оны ажилд томилсон тушаал, 1988 оны НАААҮ-ний төвийн ажилчин албан хаагчдыг ажилд авах тухай тушаал гарсан. Иймд Б.Жгийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслахаар 1980 оны 4 дүгээр сараас 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, сумын төвийн гүн өрмийн худгийн моторчноор 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Төрийн банкны төв тооцооны салбарт шинээр ажилд орсон ба сарын сүүл, оны эцэс болох гээд ажлын ачаалал их байгаа тул намайг байлцуулахгүйгээр миний аав Б.Жгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, Ж.Г, Б.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай зөвлөмжийн хуудас, Б.Жгийн 107030 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 349 дугаартай тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Увс аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай тушаалын хуулбар, гэрч Т.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч С.Манжаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 031013 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Т.С, Ч.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Жгийн хаягийн хуудас-7, ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ггийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нь шүүхэд хандаж Б.Жгийн 1980 оны 4 дүдгээр сараас 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслахаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сумын төвийн гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Ж.Ггийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Жгийн 1980 оны 4 дүдгээр сараас 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслахаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сумын төвийн гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Б.Ж нь 1984 онд төрсөн. 1980 онд Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд тус сумын Хөгжилд нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж эхэлсэн. Улмаар 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллаад тус сумын төвийн гүний өрмийн худгийн моторчноор 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг ажилласан боловч тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон тушаал, чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна.
2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Хөдөлмөрийн дэвтэр, орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалын бичилт зөрчилтэй, архивт байхгүй байгаа тул 1980-1990 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах” шаардлагатай гэх хариу өгсөн.
Иймд ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Жгийн 1980 оны 6-12 дугаар сар, 1981 оны 01,3,4 дүгээр сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн Б.Жгийн хаягийн хуудас №7 баримтад түүнийг Увс аймгийн Ховд сумын үйлдвэрийн ажилчин гэж тэмдэглэсэн байна.
Иймд Б.Жг 1980 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн ба 1981 оны 4 дүгээр сарын байдлаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
4.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ “Б.Ж нь 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сумын төвийн худгийн моторчноор ажиллаж байсан гэх тайлбар гаргасан ба түүний тайлбар үнэн зөв болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас хуулбарлан ирүүлсэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай тушаалд “Батхишиг овогтой Жамсранг сумын төвийн гүн өрмийн худгийн моторчноор 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай тушаалаар Нийтийн аж ахуйн төвүүд шинээр байгуулагдсантай холбоотойгоор тус төвүүдэд ажиллах ажилчин, албан хаагчдыг томилсон байх бөгөөд тус тушаалын хавсралтад Жамсран, Ховд сум, худгийн моторчин гэж тэмдэглэжээ.
Мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн, 1988 оны 6 дугаар саон 18-ны өдөр үйлдэгдсэн Б.Жгийн ХААТР-1 маягтад түүнийг 1983 онд Нийтийн аж ахуйн төвд худгийн моторчноор ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.
Иймд Б.Жг 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Увс аймгийн Ховд сумын гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
4.3. Гэрч Т.С болон Ч.М нар нь 1980-1990 оны хооронд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь гэрч Т.Сгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийдвэр, хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна.
Иймд гэрч Т.Сгийн “Би 1970-1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгч, нярваар тус тус ажиллаж байсан учраас би Б.Жгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Б.Ж нь Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оноос 1990 оныг дуустал гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан. Жамсран нь ээж Батхишигийн хамтаар Хөгжил нэгдэлд ажиллаж амьдарч байгаад түүний ээж Батхишиг нь нас барж, ээжийнхээ дүүгийнд амьдарч Гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсныг сайн санаж байна. Тухайн үед Хөгжил нэгдлийн даргаар Хөхөө, Даваа, Жамсран гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
гэрч Ч.Мгийн “Миний бие 1984-1994 оны хооронд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Б.Ж намайг боловсон хүчний эрхлэгчээр ажилд ороход Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт бригадын туслахаар ажиллаж байгаад 1983 оны 11 дүгээр сард сумын төвийн Гүн өрмийн худгийн моторчноор ажилласан. 1990 оны 5 дугаар сард суманд ахуй үйлчилгээний төв байгуулагдаж Дизель станц, нэгдлийн уурын зуух, сумын төвийн гүн өрмийн худгийн ажилчдыг ахуй үйлчилгээний төв рүү шилжүүлсэн. Б.Ж нь хүүхэд байх цагаасаа нэг нүд нь муу, цэргийн албанд яваагүй...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Б.Жгийн 1980 оны 4 дүгээр сараас 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслах ажилтнаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын Ховд сум дахь нийтийн аж ахуйн төвд гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Б.Ж-ийн 1980 оны 4 дүгээр сараас 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт барилгын туслах ажилтнаар, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын Ховд сум дахь нийтийн аж ахуйн төвд гүн өрмийн худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА