Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2024/00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М,

Хариуцагч: УДХС ТӨХК-д холбогдох,

Тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие дулааны үйлдвэрлэлийн салбарт 34 жил ажиллаж одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан эдэлбэл зохих эрхийг минь эдлүүлэхгүй байгаад гомдолтой байна. Би УДХС ТӨХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байтал 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний 60 насны төрсөн өдрөөр тухайн үеийн захирал Б.Алтангэрэл нь надад мэдэгдэлгүй өндөр насны тэтгэвэрт гаргасан тушаалыг гаргасан байсан. Энэ тушаалаар над 47,040,000 тэтгэмжийн олговор олгохоор шийдсэн байсан бөгөөд би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж танай шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад миний дансанд тэтгэмжийн олговор болох 47,040,000 шилжүүлсэн. Хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр УДХС ТӨХК-ийн ТУЗ хуралдан 01, 03 тоот тогтоолууд гаргаж, 01 тоот тогтоолоор ерөнхий инженер, 03 тоот тогтоолоор захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ шийдвэр гарсны дараа би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Миний бие үүнээс хойш өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ерөнхий инженерээр тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан. Эрчим хүчний яам, Монголын эрчим хүч геологиуул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци хамтран баталсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны Хамтын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн М тэтгэмж олгоно гэж заасны дагуу миний энэ салбарт ажилсан 34 жилд ноогдох М тэтгэмжийг бодож олгох ёстой. Миний өндөр насны тэтгэвэрт гарсан тушаалын 2 дахь заалтаар зохих журмын дагуу тэтгэмжийн олговор олгохыг тушаасан боловч одоог хүртэл энэ олговор олгогдоогүй байх тул над олговол зохих 71,400,000 төгрөгийн тэтгэмжээс өмнө авсан 47,040,000 төгрөгийг хасаж зөрүү 24,360,800 төгрөгийг УДХС ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.М нь 2022 онд тэтгэвэртээ гарна гээд 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгуулсан байдаг. 47,040,000 төгрөгийг авсан. 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа уг тэтгэмжийг нийгмийн даатгалын санд буцааж олгох байсан. Уг тэтгэмжийг буцааж өгөөгүй учир нэмэгдэл тэтгэмжийг өгөх боломжгүй. Б.Мий  байгаль хамгаалах чиглэлээр ажилласан хугацааг хасаж, эрчим хүчний салбарт 28 жил ажилласан гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Мий иргэний үнэмлэхийн хуулбар, 152133 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа УДСын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Чандмань Увс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 116 дугаартай тушаал, УДХС төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Чандмань Увс компанийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаал, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаартай тушаал, түүний 1995-2002 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас УДХС ТӨХК-аас Эт олгосон итгэмжлэл, УДХС төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол, хавсралтаар тэтгэвэрт гарах ажилчдын судалгааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Б.Мийн өндөр насны тэтгэвэр тогтоолын хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Б.М нь Увс аймгийн УДХС ТӨХК-д холбогдох, тэтгэмжийн зөрүү 24,360,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.  

2.1. Б.М миний бие дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт 34 жил ажиллаад, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн М тэтгэмж олгоно” гэж заасны дагуу тэтгэмж 71,400,000 төгрөг  авах эрхтэй.

2.2. Хариуцагч УДХС ТӨХК-өөс 2022 онд надад 47,040,000 төгрөгийн тэтгэмж олгосон тул зөрүү 24,360,800 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

3.1. Б.М нь эрчим хүчний салбарт 34 жил бус 28 жил ажилласан. Иймд 71,400,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Б.М нь УДХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа өөрийн эрчим хүчний салбарт ажилласан хугацааг 35 жилээр тооцуулж, 47,040,000 төгрөгийн тэтгэмжийг байгууллагын бизнес төлөвлөгөөнд тусгуулсан ба тэтгэмжийн мөнгөө 2022 онд авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.М нь Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа УДСийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тушаалаар 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зуухны засварчнаар томилогдон ажиллажээ.

Улмаар Б.М нь УДСад 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2008 оны 6 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан гэх тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, Эрчим хүчний үйлдвэрийн захиргаанаас Б.Мд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч талаас Б.М нь 1985-1995 оны хооронд УДСад зуухны засварчин, зуухны засварын мастераар ажиллаж байсан эсэх үйл баримтын талаар маргаагүй.

4.2. Нэхэмжлэгч Б.Мийн 1995-2024 оны хооронд ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт болон тушаалын баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Мийн 1995 оны 1-12 дугаар сар, 1996 оны 01-7, 10-12 дугаар сар, 1997 оны 01-7, 9-12 дугаар сар, 1998 оны 01-5 дугаар сар, 10-12 дугаар сар, 1999,2000,2001 оны 01-6, 9-12 дугаар сар, 2002, 2003 оны 01-5,7-12 дугаар сар, 2004 оны 01-6, 10-12 дугаар сар, 2005, 2006 оны 01-6, 8-12 дугаар сар, 2007, 2008 оны 01-6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Увс дулааны станцаас тус тус төлж байсан бол 2009 оны 02-12 дугаар сар, 2010, 2011 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ССТ Од ХХК-с төлсөн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг хэлнэ гэж тодорхойлсон байх тул өмчийн хэлбэр үл харгалзан, эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд түгээх үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг эрчим хүчний салбарын байгууллага гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажилтан өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, хэрэглэгчдэд түгээх үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдэд ашиглалт, засвар, угсралтын чиглэлээр ажилласан бол түүний ажиллаж байсан хугацааг эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд оруулж тооцно.

Иймд нэхэмжлэгч Б.Мийн Улаангомын дулааны станц буюу Увс дулааны станцад 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд ажилласан 9 жил, 8 сар, 1995 оноос 2008 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд шимтгэл төлж ажилласан 12 жил 2 сар, нийт 21 жил, 10 сарыг эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд оруулж тооцно. 

Нэхэмжлэгчийн зүгээс ССТ Од ХХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг эрхэлдэг, тус хуулийн этгээдэд дулааны инженерээр ажилласан гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч талаас дээрх үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч Б.Мийн ССТ Од ХХК- ажилласан 2 жил, 8 сарыг түүний эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд тооцно.

 4.3. Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Чандмань Увс ХХК-ийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 116 дугаартай тушаалаар “Дулааны ЦТП-д диспетчер инженер шаардлагатай байгаа тул Б.Мийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн диспетчер инженерээр ажиллуулсугай гэжээ.

Улмаар нэхэмжлэгч Б.Мийн 2011 оны 12, 2012 оны 01-4, 2012 оны 10-12 дугаар сар, 2013 оны 01-4, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Чандмань Увс ХХК төлж байжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.М нь дулааны цахилгаан станцад ажиллаагүй боловч Дулааны ЦТП буюу дулаан дамжуулах төвд диспетчер инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Мийн Чандмань Увс ХХК-д ажилласан 1 жил, 1 сарын хугацааг эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд оруулж тооцно. 

 4.4. Харин нэхэмжлэгч Б.М нь 2013 оны 11 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу нийт 8 жил 11 сарын хугацаанд УДХСад ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаартай тушаал, УДХС ТӨХК-ийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна.

  5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Мийг 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 34 жил 6 сар эрчим хүчний салбарт ажилласан гэж дүгнэв.

Харин нэхэмжлэгч Б.Мийн 2013 оны 5-9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн ажлын албанд ажилласан хугацааг эрчим хүчний салбарт ажилласан хугацаанд оруулж тооцоогүй болно.

Тодруулбал, нэхэмжлэгч нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаагүй, харин дулааны эрчим хүчний талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад ажиллаж байжээ.

6. Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Мийг 2022 онд тэтгэмжийн мөнгө 47,040,000 төгрөгийг бүрэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгууллага нь 2022 онд нэхэмжлэгч Б.Мийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 онд сэргээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Мийг 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгож, М тэтгэмжээ бүрэн авсан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч Б.М нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс УДХСын ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас тус шүүхэд ирүүлсэн “Өндөр насны тэтгэвэр тогтоолын хуудас”-аар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Б.М нь эрчим хүчний салбарт 34 жил 6 сар ажиллаад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр  өндөр насны тэтгэвэрт гарсан байх тул байх тул Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрт заасан хувь хэмжээгээр хариуцагч байгууллагаас М тэтгэмж шаардах эрхтэй байна.

Тодруулбал, Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос баталж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлжээ.

Дээрх хамтын хэлэлцээрийн 5.9 дэх заалтад “Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн М тэтгэмж олгоно” гэж заасан байна.

Тус хэлэлцээрийн 3.2 дахь заалтад “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын  өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх,  М шагнал олгоход хэрэглэнэ” гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр тогтоосон байх тул эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 онд 1,056,000 төгрөг гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.М нь эрчим хүчний салбарт 34 жил, 6 сар ажилласан байх боловч өөрийн эрчим хүчний салбарт ажилласан хугацааг 34 жилээр тооцож, ногдох тэтгэмжийг хариуцагч байгууллагаас шаардсан байна.

Иймд нэхэмжлэгч Б.М нь Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 5.9 дэх заалтын дагуу эрчим хүчний салбарт ажилласан 34 жилд ногдох (1,056,000х2х34)=71,808,000 төгрөгийг хариуцагч УДХСаас шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөрийн авбал зохих тэтгэмжийн хэмжээг 71,400,000 төгрөг гэж тооцож, үүнээс 2022 онд 47,040,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас авсан тул үлдэх 24,360,800 төгрөгийг хариуцагчаас шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 24,360,000 (71,400,000-47,040,000) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 3.2 дугаар зүйлд “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна”,  5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн М тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.М нь 2024 онд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 1,6 дахин нэмэгдүүлсэн дүн болох 1,056,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээ 2,112,000 төгрөгөөр тооцож, өөрийн эрчим хүчний салбарт ажилласан жил болох 34 жилд ногдох 71,808,000 төгрөгөөс 47,040,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 24,360,000 төгрөгийг хариуцагч УДХС ТӨХК-с гаргуулж, нэхэмлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.5 заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УДХС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 279,750 (хоёр зуун далан есөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэг, 82.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч УДХС ТӨХК-аас 24,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УДХС ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 279,750 (хоёр зуун далан есөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА