Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2024/00570

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: УАПГрын,         

            Хариуцагч: Я.Бд холбогдох,   

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УАПГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Хяргас сумын 4 дугээр багийн иргэн Я.Б нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Я.Б нь гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөг төлөхөөс 1,500,000 төгрөгийг төлж, 3,500,000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд “...иргэн Я.Б нь гэрээгээр хүлэзсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгг хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна. Иймд Иргэн Я.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 3,500,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үүгэжээ.                            

Хариуцагч Я.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “УАПГраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний төрсөн дүү Я.Б нь ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 5,000,000 төгрөгийн зээл авч 1,500,000 төгрөг төлж, одоо 3,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна” гэжээ.            

Нэхэмжлэгч УАПГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Я.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээл 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.           

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, УАПГрын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Бд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.  

4. Хариуцагч Я.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлнэ.

5. Нэхэмжлэгч УАПГар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийн тал хувь 35,475 төгрөгийг хариуцагч Я.Бгаас гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УАПГрын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Б 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 35,475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.     

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА