Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2

 

2017 оны 12 сарын  26 өдөр                      2018/ШЦТ/02                     Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс:180/2018/0011/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                           А.Цэрэндулам,

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа                    

Шүүгдэгч                                              Ц.Б нарыг оролцуулан

    

 Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1739000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улаанбаатар хотод 1964 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-1, Хэнтий аймгийн Мандал сумын 40 айлын 09-01 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Ц.Б / РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Нөөлөгийн 01-03 тоотод иргэн Ш.Гтой маргалдаж нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ш.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 06-нд 17 цагийн үед гэрээсээ гараад “Буян” гэдэг хүнсний дэлгүүрээс 0.5 граммын цагаан архи гэсэн нэртэй архи аваад С.Жаргалын гэрт нь очиход Жаргал, бас нэг танихгүй хүн байсан. Тэр танихгүй хүн би Батноров суманд инженер байсан гэж ярьж байсан тэр хүнд авчирсан архинаас нэг хундагалаж өгсөн. Дараа нь Жаргал нэг хундагалаж өгсөн. Жаргал өгсөн архийг уугаад гадаа ажилтай гээд гарсан. Тэгээд би нөгөө танихгүй хүнтэй хамт нөгөө архиа уугаад сууж байтал нөгөө танихгүй хүн маань шууд уурлаад чамайг зодчихмоор өвгөн байна шүү гэхээр нь чи ичихгүй бол зодчих гэсэн чинь шууд босож ирээд нүүрэн тус газар хөлөөрөө  өшиглөсөн. ... Би Батноров сумын эмнэлэгт очиж зүүн шанааны дээд хэсэг газар Цог эмчээр 3 удаа оёдол тавиулж боолт хийлгэсэн. Эмчилгээний зардал 110.000 төгрөгийг авсан одоо нэхэмжлэх зүйлгүй” ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-10 тал/

 

Гэрч Д.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 09-нд охин Ариунтуяагийн дэлгүүр дээр байж байсан чинь манай нөхөр Ш.Г цусаа гоожуулсан зүүн хөмсөгний доод хэсэг газар хавдартай язарсан байсан. цус нь тогтохгүй байхаар нь Батноров сумын эмнэлэгт дуудлага өгч эмч Цогоо ирж эмнэлэг дээр авчирч цус нь тогтохгүй болохоор нь нүүрний зүүн хацар дээр нь 3 оёдол тавьж боолт хийлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Гэрч С.Жаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “..Тэр өдөр Гал Очир манайд нэг шил архитай ирсэн. Гал Очир уг архиа задалж манай найз Болдод хийж өгөөд, надад хийж өгөхөөр нь би нэг татаад гадаа ажилтай гээд гарсан.  Тэгээд Гал Очир гуай авчирсан архийг Болдтой уугаад үлдсэн. Гадаа юм хийчихээд нэг цаг гаран хугацааны дараа гэртээ орж ирсэн чинь Болд, Гал-Очир 2 манай гэрт зодолдсон байсныг нь мэдсэн, юунаас болсоныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Шинжээчийн дүгнэлт 2017.12.13-ны өдрийн 2017.006 дугаартай Хүний биед үзлэг хийсэн акт  Дүгнэлт 1. Ш.Гын биед баруун нүдний дээд зовхины зулгарсан шарх, баруун хацрын няцарсан шарх, баруун нүдний салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь  мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5% алдагдана /хх-ийн 15 тал/, 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/,

Шүүгдэгчийн депозит дансны хуулга /23-25 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.Быг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Нөөлөгийн 01-03 тоотод иргэн Ш.Гтой маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна. 

Хохирогч Ш.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь улсын яллагчтай 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 2 сарын хугацаанд буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА