Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/367

 

 

 

 

 

  

    2023            4              5                                        2023/ДШМ/367           

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

           шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн 2205000002551 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн М.Б, 1989 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3  хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Хын хэвлийн зүүн хэсэг газарт хутгаар 1 удаа хатган эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас:  М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт М.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Быг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч М.Бт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, шүүгдэгч М.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Төрийн тусгай хамгаалалтын газар 2011 онд анх ажилд орж улмаар 2022 онд Улсын Их Хурлын даргын шадар хамгаалагчаар дэвшин 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж байсан. 2008-2009 оны хооронд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид салаан захирагчийн орлогч түрүүч цолтой цэргийн алба хааж байсан. 2015-2016 онд Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байх үедээ Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд багийн захирагчийн бие хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Уг албуудыг хааж байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон дээд удирдлагын зүгээс цэргийн шагнал урамшуулал авч байсан. Би 2022 оны 10 дугаар сард чөлөөт цагаараа гэр бүлийн хүн болон найз нөхдийн хамт төрсөн өдрийн баяр тэмдэглэж байх үедээ бусдын биед санамсаргүйгээр гэмтэл учруулсан. Миний хувьд өөрийн тэвчээргүй, хүлээцгүй зангаас болж ийм үйлдэл хийсэндээ гүнээ харамсан гэмшиж байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр одоо жирэмсний амралттай байгаа. Миний бие анх удаа хэрэг холбогдсон, гэр бүлийнхээ санхүүгийн ачааг үүрдэг. Хохирогч Н.Хын эмчилгээний зардал болон хохирлыг сайн дураараа цаг алдалгүй өгсөн. Уг үйлдлийг санамсаргүй үйлдсэн. Миний бие эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж байсан зэргийг харгалзан үзэж оноосон зүйл ангийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс М.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч тухай үед авсан хутгаар хохирогчийг хатгасан гэж мэдүүлдэг боловч өөр баримтаар давхар нотлогдоогүй. Хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй талаар заасан. Хутга хэрэглэсэн гэж өөрөө мэдүүлээд байгаа боловч өөр ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.  Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж байгаа боловч хэрэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, бусад зүйл юм уу, аль нь байсан эсэх нь тодорхойгүй зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байгаа нь нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй нотлогдоогүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Анхбаяр тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримталж, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг ашиглаж” гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын саналыг үндэслэж, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулж болох хамгийн бага ялыг оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэргийн хувьд шүүгдэгч анхнаасаа хутга гэдгийг мэдүүлж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Шүүгдэгч М.Б ажлын багаж хэрэгсэл байсан гэж тайлбарлаж байна. Багаж хэрэгсэлд мөн л хутга хамаарны. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй бааранд бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Хын хэвлийн зүүн хэсэг газарт хутгаар 1 удаа хатган эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            хохирогч Н.Хын “...Хувцсаа өмсөөд гарах гэхэд миний хэвлийн зүүн хэсэгт хүндвэр оргиод байхаар нь харсан чинь цус гоожоод хутгалуулсан байсан. Би тэгэхэд хэн нь хутгалсныг мэдэхгүй байсан ба цагдаад дуудлага өгөөд ирээд бид нартай муудалцсан залуучуудыг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. 3 залуу муудалцсан бөгөөд тэр дундаасаа хөгшин нь над руу арай илүү дайраад байсан. Би тэрийг байх гэж бодож байна. /хх 5/,

            гэрч Э.Цэрэннадмидын “...Надтай явж байхдаа тийм зүйл харагдаагүй. Сүүлд Батбаяр ах надад хэлэхдээ түрүүлж баар луу ороод буйдан дээр суусан бөгөөд тэгэхдээ буйдангийн завсраас хутга олсон гэж ярьж байна лээ. /хх 10/,

            гэрч Б.Бямбадэлгэрийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад араас нэг залуу түлхэхээр нь “яаж байгаа юм бэ гэсэн чинь “яасан” гээд над руу дайрахад Хүрлээ босч ирээд дундуур орж салгасан. Бид хэд ширээн дээрээ ирээд хувцсаа гарах гэхэд Хүрлээ “миний гэдэсний энд эвгүй болоод байна” гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харсан чинь цус гарч байсан. ...” /хх 12/,

            Шүүгдэгч М.Бын яллагдагчаар өгсөн “...би айлгаж, цочроож явуулъя” гэж бодоод халаасанд байсан тонгорогны үзүүрээс барьж бага зэрэг үзүүр гаргаж байгаад хохирогч залуугийнх нь бөөр хэсэг рүү нь хатгасан. Тэгээд тэр залуучууд гарч явцгаагаад удалгүй цагдаа нар үүдэнд ирсэн байсан. Би баар луу явж ороод буйдан дээр суух гэхэд эвхэгддэг бор өнгөтэй гоё тонгорог байхаар нь би кармайлчих юм. Тэгээд тэр залууг хатгасны дараа бүжгийн талбайн хажуу талын явган хүний ханан дээр тавьж үлдээгээд гараад явсан. /хх 8, 31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14856 дугаар “...Н.Хын биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 15/ гэсэн дүгнэлт, өвчний түүх /хх 81-102/ зэргээр тус тус давхар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Бын “Н.Хын хэвлийн зүүн хэсэг газарт хутгаар 1 удаа хатган эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгасан.

Хүйтэн зэвсэг гэж ир үзүүр бүхий хурц хатуу биетийг гарын хүч ашиглан исгэх, тасдах, бүлэх үйлдэл хийх зорилгоор тусгайлан гараар эсхүл үйлдвэрийн аргаар бүтээсэн ахуйн эд хэрэгслээс зориулалтаараа илтэд ялгагдах хэрэгслийг ойлгодог.    

Монгол хэлний их тайлбар тольд “чанар” гэх үгийг аливаа юмны дотоод шинж гэж тайлбарласан бөгөөд зэвсгийн чанартай зүйл гэдэг нь зэвсэг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүчин чадал, зориулалттай бүтээцийг багтаах агуулгатай утга нийцэхээр байна. 

Үүнээс үзвэл, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтын үндсэн шинжийг нэгтгэн тайлбарлаж зэвсэг, түүнд хамаарах төрөл зүйлсийг дурдсан байна.

Харин шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар нэг мөр тогтсон ойлголтод хүрсэн билээ.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэргийг зүйлчилсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч М.Бт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Б “...зүйл ангийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Д.Бурмаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байх бөгөөд өөр хэлбэрээр ялыг доош татаж хөнгөрүүлэх боломжгүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын “зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                             ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ