Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2020/0776/З |
Дугаар | 128/ШШ2024/0625 |
Огноо | 2024-09-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0625
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй, болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Ж.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд бичгээр гаргасан татгалзалдаа: “Нэхэмжлэгч Ж.Н******* хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сард гаргаж байсан. Энэ хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гурван удаа нэхэмжлэлээс татгалзан шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр 3 удаа буцааж шийдвэрлэсэн. 4 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар эс үйлдэхүйгээр зөрчиж байсан. Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд итгэх итгэл буурч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө , газраа аргагүй эрхэнд зарж борлуулахаар шийдэж 2024 оны 08 дугаар сард эд хөрөнгө газрын өмчлөлөө зарж өмчлөгч өөрчлөгдсөн тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна ” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу Ж.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг Ж.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ