Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 152/ШШ2025/00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  О.Тын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч О.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд төрсөн, 56 настай. Би 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Худалдаа трестэд худалдагчаар ажилд орсон. 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн улмаас худалдагчийн ажлаас чөлөөлөгдсөн. 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс Увс хувьцаат компанийн харьяа хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт нь 1991 оны дэввтэрт бичилт хийгдсэн байна гэх зөрчилтэй байгаа тул шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас Худалдаа трестэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, харин 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 9 дүгээр сарын 12-ны өдөр, 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт гарсан. Иймд миний 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан П.А, Д.Ц нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч О.Т шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Харин 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон, тухайн хугацаанаас хойш 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй боловч техникийн алдаа гаргаж, нэхэмжлэлдээ 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж бичсэн байна. Иймд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 440552 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 145 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Төрийн архивын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 443 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, П.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр П.А, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.Тын гэрлэснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.Тын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.  

2. Хүсэлт гаргагч О.Т нь шүүхэд хандаж 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрыг дуустал хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан О.Тын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч О.Т нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрыг дуустал хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. О.Т нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангомын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилд орж, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 145 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Хөдөлмөрийн дэвтэр, орсон, гарсан архивын тушаал байхгүй тул 1988-1994 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах” шаардлагатай гэх хариу өгсөн.

Иймд ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн төрийн архивын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор О.Тын 1989 оны 5 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан үеийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 443 дугаар цалингийн тодорхойлолтоор О.Тын 1989-1993 оны хооронд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан үеийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн О.Тын гэрлэснийг бүртгэх анкетыг 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд түүнийг хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч ажилтай гэж тэмдэглэжээ

Иймд О.Тд холбогдох цалингийн баримт, гэрлэснийг бүртгэх анкетад үндэслэн О.Тыг 1989 оны 5 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд, мөн 1992-1993 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Гэрч П.А нь хүсэлт гаргагч О.Тын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1984-1992 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байгаа бол гэрч Д.Ц нь1977-1994 оныг дуустал хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд гэрч П.Аийн “Би 1979-1994 он хүртэл Увс аймгийн Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестийн Голын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. О.Т намайг Голын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 1988 онд худалдагчаар ажилд орж байсан. Бид 1988-1994 оныг дуустал Голын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан учир нэгнээ таньж мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цийн “Би 1977-1997 он хүртэл Увс аймгийн Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч, кассчингаар ажиллаж байсан. О.Т намайг ажиллаж байхад 1988 онд худалдагчаар ажилд орж байсан. Тэр цагаас хойш бид 1994 он хүртэл хамт ажилласан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.3. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч О.Тын 440552 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестээс О.Тд олгосон байх боловч тус дэвтэр нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой бичилттэй буюу нөхөн бичилттэй байх тул үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.

4.4. Хүсэлт гаргагч О.Т нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трест нь 1993 онд өөрчлөн байгуулагдаж, Увс хувьцаат компани болжээ.

4.4. Хэдийгээр хэрэгт хүсэлт гаргагч О.Тын ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй, цалингийн баримт 1988 оноос 1994 оны хооронд тасалдалтай байгаа боловч гэрч нарын мэдүүлэг болон цалингийн тодорхойлолтод үндэслэн, хүсэлт гаргагч О.Тын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трест болон Увс хувьцаат компанид худалдагчаар ажиллж байсан байдлыг сэргээн тогтоов.

5. Хүсэлт гаргагч О.Тын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан О.Тын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл хугацаанд Улаангом хотын худалдаа бэлтгэлийн трест болон Увс хувьцаат компанид худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА