| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00661/и |
| Дугаар | 152/ШШ2025/00005 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2025/00005
Хүсэлт гаргагч: Б.Мын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 60 настай. Би Өмнөговь сумын 8 жилийн сургуулийг 1980 онд 8 дугаар анги төгсөөд шууд илгээлтийн эзнээр малчин болсон. 1980 оны 6 дугаар сараас эхлэн Өмнөговь сумын Цог нэгдлийн Орлого бригадад анх эх хонь авч маллаж эхэлсэн. 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сард халагдаж ирсэн. Тэгээд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Өмнөговь сумын Цог нэгдэлдээ мал маллаж байсан ба нэгдэл хувьчлагдах хүртэл мал малласан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч Өмнөговь сумын Цог нэгдэлд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс маш их хохирч байна. Архиваас 1986 оноос хойш цалингийн тодорхойлолт гарсан. Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хаатр маягт гаргуулан авсан. Иймд миний 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлын тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 маягт, Баярын бичиг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б.Мын цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Ц.Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Лгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 252 дугаартай шийдвэрийн хуулбар, Р.Пгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.Пгийн 171729 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/290 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Л, Р.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Мын Хаягийн хуудас №7, ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Мын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Б.М нь шүүхэд хандаж 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Мын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Б.М нь 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Б.М нь 1980 онд 16 настайдаа бүрэн бус дунд боловсрол эзэмшээд, илгээлт авч Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн.
Цэргийн албанд татагдах хүртэл буюу 1982 оны 6 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан ба 1985 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1989 оныг дуустал хугацаанд нэгдлийн мал малласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1980-1982 оны хооронд, 1985-1989 оны хооронд нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Б.Мын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Мыг 1980 онд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлсэн гэж бүртгэжээ.
Б.М нь 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгаас цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн алба хааж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/290 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Б.Мыг 1980 оны 6 дугаар сараас цэргийн албанд татагдах хүртэл буюу 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд хоньчноор буюу малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
4.2. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.Мт холбогдох Хаягийн хуудас №7 гэх баримтыг 1985 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Мыг Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригадад малчин гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор Б.Мын 1986-1989 оны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Иймд хүсэлт гаргагч Б.Мыг 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.3. Гэрч Ц.Л нь хүсэлт гаргагч Б.Мын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1981-1989 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 252 дугаартай шийдвэрийн хуулбараар тогтоогдож байгаа бол гэрч Р.П 1978-1992 оны хооронд мөн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний 171729 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Ц.Лгийн “Миний бие 1981-1992 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ээжийн хамт малчнаар ажиллаж байсан. Б.М 1980 онд 8 дугаар анги төгсөөл илгээлтийн эзэн болж, малчин болж байсан. Мягмарын аав Балганых манайхтай айл саахалтаар нэг баг, бригадад нэгдлийн мал маллаж байсан учраас нэгнээ мэдэж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Р.Пгийн “Би 1974-1996 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.М 1980 онд 8 дугаар анги төгсөөд Цог нэгдэлд малчин болж байсан. Тэрээр 1982-1985 оны хооронд цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн 1990 оныг хүртэл Цог нэгдэлд мал маллаж байсан. Би нэгдлийн малчдад өвс тэжээл дөхүүлэх, нүүлгэх зэргээр байнга очдог байсан учраас сайн мэдэж байна...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Б.Мын 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
6. Хүсэлт гаргагч Б.Мын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б.Мын 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сар хүртэл, 1985 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА