Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
Хэргийн индекс | 2105024632585 |
Дугаар | 2023/ДШМ/368 |
Огноо | 2022-04-05 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/368
2023 4 5 2023/ДШМ/368
Ц.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/97 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Бод холбогдох эрүүгийн 2105024632585 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бөхчүүд овгийн Ц.Б, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10-11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны урд талын замд 02-96 УНЦ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийн жолооч Н.Хыг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний 00-50 УНЭ улсын дугаартай “Волксваген Таурег” маркийн тээврийн хэрэгслийн копудыг гараараа цохиж хонхойлгон, зүүн талын урд крыло болон зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж толины гадна гэрийг хагалж нийт 535.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бөхчүүд овогт Ц.Быг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Ц.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 656.800 /зургаан зуун тавин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Халиунд олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитоор тогтоогоогүй байхад шүүх Ц.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Маргааны явцад шүүгдэгч Ц.Б хохирогч Халиуны жолоодож явсан тээврийн хэрэгслийн копудыг гараараа цохиж хонхойлгосон толь руу нь хөлөөрөө өшиглөснөөс толины суурь хэсэг эмтэрч хагарсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний БГ1-21-486 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. гэжээ. Гэвч тольны суурь хэсэг огт хагарч гэмтээгүй бөгөөд тольны суурь хэсэгт ямар ч хөдөлгөөн гэмтэл байгаагүйг шүүх хуралдааны явцад хохирогч мөн нотлон тайлбарласан ба шүүгч хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Учир нь тольны суурь хэсэг хагарсан гэмтсэн гэж нэг ч мэдүүлэг, дүгнэлтэд тийм зүйл байхгүй бөгөөд зориуд мушгиж байхгүй зүйлийг байлгаж гэмт хэрэг тулгаж шийдэж байгаа нь хууль бус болно. Тухайн хохирол учирсан гэх 00-50 дугаартай машинд 1 жилийн дараа үзлэг хийсэн ба уг толины дээд талд байх бага зэргийн гэмтэл энэ үед гарч ирсэн, үүнийг хэзээ, хэрхэн гэмтсэнийг тогтоогоогүй, шинэ гэмтэл, хуучин гэмтэл эсэх, уг гэмтлийг хүн хөлөөрөө дээрээс доош чиглэлд өшиглөх үед үүсэх боломжтой эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой зэрэг нотолбол зохих ажиллагаа хийгээгүй, Ц.Б уг гэмтлийг учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад түүнд ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэрэв уг машинд гэмтэл учирсан гэж үзвэл хэн, хэзээ, ямар засвар үйлчилгээ дээрх тээврийн хэрэгсэлд үзүүлсэн, авсан талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй, мөн засвар хийсэн гэх хүнээс машинд учирсан тухайн үеийн гэмтлийг тодруулж асуугаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлүүдэд заасан холбогдох ажиллагаануудыг огт хийж гүйцэтгээгүй байна.
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн /хх 54-55/ “Дамно" гэх үнэлгээний байгууллагад шинжээч томилсон тогтоолд эд зүйлийн тухайн хэрэг үйлдэгдэх үеийн 2021 оны 12 дугаар 6-ны өдрийн байдлаар ханшийг тодруулсан асуултад хөрөнгийн үнэлгээ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2, 12.4.2-т заасан шинжилгээний объектод тавих шаардлага хангаагүй, мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлд заасан "Шинжилгээ хийх" тусгай журмыг шинжээч биелүүлээгүй буюу объектод үзлэг хийлгүй зөвхөн эд зүйлсийн зах зээлийн үнэ өртгийг тодорхойлсон дүгнэлт ба түүний учир холбогдлыг тогтоосон дүгнэлт биш ба дээрх дүгнэлтээр хохирлыг Ц.Б учруулсан гэж үзсэн нь шүүхийн дүгнэлт хэт нэг талыг барьсан эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэсэн эргэлзээтэй дүгнэлт хэрэгт авагдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх хууль зүйн үндэслэл гарч ирж байна. Мөн шийтгэх тогтоолын /4 дүгээр тал/-д “Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийг гэм буруугүй гэх байдал дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэнэ” гэсэн байх боловч хэрэгт хэргийг тал бүрээс нь шалгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчээр асуувал зохих этгээдүүдээс мэдүүлэг авалгүй хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ нь хэргийн газарт дуудлагаар очсон гэх /хөндлөнгийн/ цагдаа нараас мэдүүлэг аваагүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлууд арилаагүй Ц.Бын үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөгч болон прокурор тогтоосон. Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн эд хөрөнгөд санаатайгаар хууль бусаар гэмтээж, хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр өмгөөлөгч Б.Мөнхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан байгаа боловч хохирогчоос хууль сануулж авсан мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд сууж явсан насанд хүрээгүй хүүхдээс хууль сануулж авсан мэдүүлэг, гэмт хэрэг гарсны дараа хохирогчийн дуудсан ах болох Наранбатын мэдүүлэг зэргээр болсон үйл явдал тодорхой харагддаг. Хэрэг маргаан болсны дараа цагдаагийн байгууллага дуудсан. Цагдаагийн байгууллага 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 3-ны өдөр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Өшиглөхөд гэмтэл үүсэх боломжгүй гэх асуудлын хувьд дээрээс нь давж өшиглөхөд заавал тольны суурь хөдөлгөөн орох ёстой гэх хийсвэр байдлаар дүгнэлт хийж байгааг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б нь 02-96 УНЦ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийн жолооч Н.Хыг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний 00-50 УНЭ улсын дугаартай “Волксваген Таурег” маркийн тээврийн хэрэгслийн копудыг гараараа цохиж хонхойлгон, зүүн талын урд крыло болон зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж толины гадна гэрийг хагалж нийт 535.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн болох нь:
хохирогч Б.Х "... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10:00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8" дүгээр байрны урд талын туслах зам дээр өөрийн эзэмшлийн 00-50 УНЭ улсын дугаартай “Волксваген Таурег” загварын машинаар авга дүү Эрхэсийг хичээлд нь хүргэж өгөх гээд явж байсан. Намайг машинаа жолоодоод явж байхад 02-96 УБД улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн урсгал сөрж өөдөөс гарч ирээд намайг хойшоо ухар гэж гараараа дохисон. Би урсгал дагуу явж байсан учир “зөндөө зай байна, хажуугаар гараач” гэж хэлсэн. Тухайн эрэгтэй миний зүүн тал буюу жолооч талд автомашинтайгаа ирж зогсоод “яадаг гичий вэ, зам тавьж өгөхгүй” гээд хараалын үгээр хэлэхээр нь би чамтай хэрэлдмээргүй байна, хангалттай хажуугаар багтах зайтай байна, чи өөрийнхөө явах замаар яв” гэхэд тухайн залуу бууж ирээд миний машины копут хэсэг рүү гараараа балбаж, зүүн тал буюу жолооч талын крыло болон жолооч талын толь өшиглөсөн” /хх 25-27/,
насанд хүрээгүй гэрч Н.Эийн "...эгч намайг хичээлд хүргэж өгөх гээд машинтай явж байхад хоёр хүн урсгал сөрж орж ирээд бид хоёрыг ухар гэсэн. Хажуугаар зөрөөд явчих гэхэд бууж ирээд манай эгчийн машиныг цохиж, толь өшиглөж, миний талын хаалга татаж цонх нүдээд шүлсээрээ нулимж хаяад байсан. Эгч уйлаад аав руу залгасан бичлэг хийхэд тэр хүмүүс “жүжигчин авгай” гэж хэлээд байсан. ...” /хх 41-42/,
гэрч Б.Наранбатын “... намайг ажил дээрээ байхад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүү Халиун утсаар залгаж та хаана байна, нэг машинтай хүн намайг хэл амаар доромжлоод, машин цохиод, барьж авч зодох гээд дайраад байна гэж ярихаар нь би хаана байгаа талаар асуухад Гранд плаза худалдааны төвийн баруун урд байх 9 давхар байрны урд зам дээр гэж хэлсэн. Би ажлаасаа гарч удалгүй дүү Халиун дээр очиход нэг цагаан өнгийн Приус машин мөргөх шахам хурдтай миний хажуугаар зөрж өнгөрсөн. Тухайн үед юу ч бодолгүй дүү дээрээ очиход “сая өнгөрсөн цагаан өнгийн приус машин” гэж зааж хэлсэн. Би юу болсон талаар асуухад манай хүүхдийг зөөж явж байхад машинд зам тавьж өгсөнгүй гэж хэлээд машины урд копут цохиж хонхойлгосон, жолооч талын толийг хагалчихсан, машинаар дүүрэн нулимж цэр болгочихсон гэж хэлээд машин нь тийм байдалтай байсан. Тэр машины дугаарыг дүү гар утсан дээрээ дарчихсан байсан. Нөхөр нь болох залуу намайг барьж заамдсан. Та нартай учраа олж чадахгүй юм байна, цагдаа дээр учраа олъё гэж намайг хэлэхэд нөхөр нь “за за” гэж хэлээд яваад өгсөн. Би дүүдээ цагдаа дууд гэж хэлээд Баянгол дүүргийн цагдаа дээр ирсэн. Урд копуд нь нилээн хонхойчихсон, их олон газар, жолооч талын толины суурь хэсэг хагарчихсан байдалтай харагдаж байсан. Нөхөр гэх эрэгтэй хүн нь гараараа копуд руу цохиж хөлөөрөө толийг өшиглөсөн гэж хэлсэн. ...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний БГ1-21-486 дугаартай тайланд “...зах зээлийн үнэлгээгээр нийт 612.800 төгрөгөөр үнэлэгдэв” /хх 58/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Ц.Быг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан бөгөөд түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаярын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хянавал;
хэрэгт буй баримтаас үзэхэд, хохирогч Б.Х "... 02-96 УБД улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машинтай эрэгтэй миний машины копут хэсэг рүү гараараа балбаж, зүүн тал буюу жолооч талын крыло болон жолооч талын толь өшиглөсөн . ...” /хх 25-27/, насанд хүрээгүй гэрч Н.Эийн"...манай эгчийн машиныг цохиж, толь өшиглөж, миний талын хаалга татаж цонх нүдээд шүлсээрээ нулимж хаяад байсан. ...” /хх 41-42/, гэрч Б.Наранбатын “...Би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай хүүхдийг зөөж явж байхад машинд зам тавьж өгсөнгүй гэж хэлээд машины урд копут цохиж хонхойлгосон, жолооч талын толийг хагалчихсан, машинаар дүүрэн нулимж цэр болгочихсон гэж хэлээд машин нь тийм байдалтай байсан. Урд копуд нь нилээн хонхойчихсон, их олон газар, жолооч талын толины суурь хэсэг хагарчихсан байдалтай харагдаж байсан. Нөгөө машины жолооч нь гараараа копуд руу цохиж хөлөөрөө толийг өшиглөсөн гэж хэлсэн. ...” /хх 38/ гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь Н.Хы эзэмшлийн 00-50 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн копудыг гараараа цохиж хонхойлгон, зүүн талын урд крыло болон зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж толины гадна гэрийг хагалж гэмтээсэн болох нь нотлогдсон байна.
Шинжээчийн дүгнэлтээр /хх 58/ Н.Хы машины копуд 265.000, зүүн тольны гадна аяга 270.000, эд анги солих, будах зардал 40.000, будагны материал 37.800, үнэлгээний төлбөр 44.000 төгрөг гэж оролцуулан үнэлгээг 656.800 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд энэ үнэлгээгээр хохирлыг тооцсон анхан шатны дүгнэлт зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг тул хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.Б 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2105024632585 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хх 69/ байх бөгөөд 1 жилийн дотор тухайн өдөр нь яллагдагчаар татсан байх тул Ц.Б хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байна гэж давж заалдах шатны шүүх үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/97 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ