| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01806/И |
| Дугаар | 135/ШШ2025/00011 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2025/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01806/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хэсэг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ********/, ******* овогт *******ын ******* /утас ********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** баг, ******** хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох
Ажлын хөлс 15,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******, С.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.******* миний бие хүү С.*******ын хамт Ш.*******тэй харилцан тохиролцож Шарын гол сумын Санжит багт байрлах шороон ордны уурхайд өдрийн 300,000 төгрөгөөр хүү С.*******ын өмчлөлийн******* улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслээр шороо тээвэрлэж ажилласан. Гэтэл хариуцагч Ш.******* нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх ажилласан үлдэгдэл 3,300,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлыг хөлс 12,000,000 төгрөг нийтдээ 15,300,000 төгрөгийн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ажлын хөлсөө төлөхийг шаардахад удахгүй төлнөө төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******, С.******* нар нь Шарын гол сумын Санжит багт байрлах шороон ордны уурхайд өдрийн 300,000 төгрөгөөр хүү С.*******ын өмчлөлийн******* улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгслээр шороо тээвэрлэн ажиллуулсан бөгөөд ажлын хөлс 15,300,000 төгрөгийг хариуцагч Ш.*******өөс гаргуулахаар шаарджээ.
2. Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ш.*******т 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, зохигчийн эрх үүрэг болон хариуцагч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд гарах үр дагаварыг нь тайлбарлан өгсөн байна.
3. Хариуцагч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу шийдвэрлэхийг тайлбарласан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон гэж заасны дагуу хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасны дагуу хариуцагч Ш.*******т шүүх хуралдааны товыг түүний гэр бүлийн гишүүний ******* дугаарын утсаар удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч Ш.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно... гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.*******өөс 15,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******, С.******* нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 234,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 234,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******, С.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА