Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/408

 

  

 

 

    2023           4             13                                       2023/ДШМ/408

 

Ч.Ход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдханд,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ход холбогдох эрүүгийн 2111014580495 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Уран дархан овгийн Ч.Х, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, цаг уурын хүрээлэнд боловсон хүчин ажилтай, ам бүл 1, .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Ч.Х нь “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Иээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31.000.000 төгрөгийг өөрийн 5026982504 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ход холбогдох эрүүгийн 2111014580495 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Х нь “ажиллах хүч гадаадад гадаадад гаргах” тусгай зөвшөөрлийг “Итабаша” ХХК-ны нэр дээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2019  оны 7 дугаар сарын 5-ны өдөр 3/297 тоот, 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 3/153 тоот гэрээг байгуулсан авсан байдаг.Тус гэрээнд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэснийг удирдлага болгон гэрээний 2.4.4-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ...бусдад шилжүүлсэн нь ...тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тусгасан байдаг. Ч.Х тусгай зөвшөөрлийг бусдад зарж болохгүй гэдэг хуулийн заалтыг мэдсээр байж бодит байдлыг нууж, ажиллах хүч Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна гэж зарыг өгч улмаар хохирогч Н.Ид 31.000.000 төгрөгөөр 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зарж залилсан гэмт хэргийг үйлдсэн байхад гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдсэн нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй. Гэхдээ хэргийн материалтай танилцсаны хувьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах санал гаргаж байна. Учир нь, ...тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болохгүй... гэх хуулийн заалтыг мэдсээр байж бодит байдлыг нууж, ...ажиллах хүч гаргах, тусгай зөвшөөрөлтэй компани зарна... гэж зар өгч, улмаар хохирогч этгээдээс 31.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн байтал гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ход холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Ч.Х нь “Япон улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй компани зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Иээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас 31.000.000 төгрөгийг өөрийн 5026982504 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Ч.Ход холбогдох эрүүгийн 2111014580495 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/246 дугаартай тушаалаар “Итабаши” хязгаарлагдмал хариуцлагатай компанид Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучлах тусгай зөвшөөрлийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар олгож, 2019/81/108 тоот гэрчилгээг олгож /1хх 131/, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын  7-ны өдөр хүртэл  нэг жилийн хугацаагаар сунгасан байна. /1хх 132/

Харин тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах гэрээг тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж “Итабаши” ХХК-ийн захирал Ч.Х нар байгуулжээ.

Уг гэрээний 2.4-т “хууль тогтоомжид заасан бол дараах нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”, 2.4.4-т “тусгай зөвшөөрлийн гэрчилгээг зориулалт бусаар ашигласан, хуурамчаар үйлдсэн, засварласан, бусдад шилжүүлсэн, барьцаалсан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэсэн хориглосон заалт байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ч.Х нь уг гэрээний үүрэгт заасан “уг компанийг зарж борлуулах, бусдад шилжүүлэхгүй” гэсэн гэрээ хийсэн атлаа бусдад зарж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байхад дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, тус цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж  байна. 

Дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байх боловч  Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг прокурорт болон анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлэх эрхгүй болсон тул  тус цагаатгах тогтоол хэвээр үлдэж байгаа болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Н.Иийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

  

               ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

               ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ