Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/435

 

 

 

 

 

2023                 4            20                                      2023/ДШМ/435                        

 

Д.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Азжаргал,

насанд хүрээгүй хохирогч П.Б-ийн хууль ёсны төлөөлөгч О.Соёл-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ю.Батболд,

шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар эсэргүүцэл, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э-од холбогдох эрүүгийн 2202000000470 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Шүүгдэгч Д.Э- нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн ******тоотод оршин суух С.М-ын гэрт амьдарч байх хугацаандаа насанд хүрээгүй буюу 15 настай П.Б-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан үедээ түүнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцож, шүүгдэгч Д.Э-од Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 11 сарын 30 хоногийн хугацаагаар хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Соёл-Эрдэнийн нэхэмжилсэн 2.210.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр Д.Э-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад "Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ..

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор, шүүгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэхийг шүүх хянаж ял шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл шүүгдэгч Д.Э- нь эд хөрөнгө, гэр бүлийн байдлын хувьд эрхшээлд байгаа насанд хүрээгүй хохирогч П.Б-тэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангах ба хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг нь баримтаар нотлогдсон эсэхийг хянах үүргийг шүүхээс биелүүлээгүй, бусдад ял завших боломжийг олгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн зүгээс Д.Э-той хүсэж бэлгийн харьцаанд ороогүй, шүүгдэгч эд хөрөнгө, гэр бүлийн хүнд байдалд байгаа насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэх үйл баримт нь түүний бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн, санаатай үйлдлийг илтгэж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 20 хүртэл хугацаанд байнгын бэлгийн харьцаанд орсон, гэм буруутай, санаатай, байнгын давтагдах шинжтэй, нийгмийн аюулын хор хохирол ихтэй үйлдэл байхад 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зорилт, сонгосон ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ бүхнээс үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн яллагдагч сонсголын бэрхшээлийн улмаас шүүх хуралдаанд оролцохдоо асуусан асуултад хариулах, мэтгэлцэх үйл явцдаа өмгөөлөгчийн тусламжтайгаар буюу өмгөөлөгч яллагдагчийн өмнөөс тайлбарыг гаргах байдлаар хуралдааныг явуулсан. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж зааснаар оролцогчийн эрхийг хангаж бусад оролцогчийн асуулт асуух, мэтгэлцэх боломжийг хангах ёстой. Гэтэл яллагдагч сонсголын бэрхшээлийн улмаас өмгөөлөгч хэлмэрчлэх ажиллагааг явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн эсэхийг шүүх хянаж ял шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл шүүгдэгч Д.Э- нь эд хөрөнгө, гэр бүлийн байдлын хувьд эрхшээлд байгаа насанд хүрээгүй хохирогч П.Б-тэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангах ба хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд заасан гэмт хэрэг нь баримтаар нотлогдсон эсэхийг хянах үүргийг шүүхээс биелүүлээгүй, бусдад ял завших боломжийг олгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч Д.Э-ой хүсэж бэлгийн харьцаанд ороогүй, шүүгдэгч эд хөрөнгө, гэр бүлийн хүнд байдалд байгаа насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэх үйл баримт нь түүний бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн, санаатай үйлдлийг илтгэж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 20 хүртэл хугацаанд байнгын бэлгийн харьцаанд орсон гэм буруутай санаатай байнгын давтагдах шинжтэй нийгмийн аюулын хор хохирол ихтэй үйлдэл байхад 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зорилт, ял шийтгэл шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ бүхнээс үзвэл шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч П.Б-ийн хууль ёсны төлөөлөгч О.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны гэж үзэж байгаа. Учир нь хохирогчийн эцэг, эх хохирогчтой энэ хэрэг үйлдэгдэхээс өмнө хоорондоо тохиролцсон. Эцэг, эх нь “энэ хүнийг хайраа гэж байгаад юу ч үгүй болтол нь хамаг юмыг нь салгаж ав. Тэгээд гэрлэлтээ батлуулахаар бид олсон мөнгөөр чинь махны ТҮЦ ажиллуулна” гэж ярьсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ээж нь өөрөө дагуулж яваад спираль тавиулж хохирогч шүүгдэгчтэй 1 сард бэлгийн харьцаанд орсон гэдэг нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогддог. Миний үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй дүлий хүн биш. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын асуусан асуултад хариулж байсан. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Ял шийтгэл хэдийгээр цээрлүүлэх шинжтэй боловч хүний ажиллах, амьдрах нөхцөлийг олгох ёстой. Миний үйлчлүүлэгч амьдрахын тулд барилгын ажил хийдэг. Гэр нь Сонгинохайрхан дүүрэгт, ажил нь Хан-Уул дүүрэгт байдаг. Шүүгдэгч анхнаасаа хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй гэдэг Нэгдүгээр хавтас хэргийн 27 дугаар хуудсанд “ээж П- нь бэлгийн харьцаанд оруулахын тулд хувийн эмнэлэгт очиж спираль тавиулж, хамт амьдруулна хэмээн сэтгэл санааны дарамт учруулж байж” гэж бичсэн баримт авагдсан. Мөн хохирогч “ээж П- намайг Э- ахын толгойг эргүүлж чадсангүй. Толгойг нь эргүүлж байгаад мөнгө ав гэж хэлээд байхад унтсангүй гэж байнга дарамт учруулдаг болсон” гэж мэдүүлдэг. Хамгийн гол зүйл нь миний үйлчлүүлэгч Д.Э- нь бололцооны амьдралтай, томоотой хүн учраас хохирогч, шүүгдэгч хоёрыг хоёуланг нь зоддог байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэрч Урнаа “...намайг ээж 30 настай ахтай унтсангүй гэж зодоод байна гээд манайд 7, 8 хоносон. ...” гэсэн мэдүүлэг байгаа. Мөн өөр гэрч мэдүүлэхдээ “...чи хаагуур яваад байдаг юм бэ. Эхнэр чинь гээд хүн энд суугаад байна. Чи гэртээ ир. ...” гэж П- ярьж байсан талаар мэдүүлдэг. Хохирогч Б- ээж намайг “хайраа гэж дуудаж байгаад энэ хүний мөнгийг авах хэрэгтэй” гэж хэлж байсан талаараа ээжтэйгээ муудалцах үедээ хэлсэн. Шүүгдэгч Э-ыг хохирогчтой бэлгийн харьцаанд оруулахын тулд түүний хойд эцэг, мөн өөрийн төрсөн эх нь Б-ийг ятгаж байсан. Мөн бэлгийн харьцаанд орохоос өмнө харилцаж байсан талаар 20 орчим хуудас материалыг би хэрэгт гаргаж өгсөн. Хохирогчийн өмгөөлөгч бэлгийн харьцаанд орсны дараа харилцаа тогтоосон юм шиг ярьж байна. Энэ харилцаа өмнө нь болсон харилцаа. Хүчингийн гэмт хэрэг нь ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн байхыг шаардана. Гэтэл энэ хэрэгт хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Яагаад гэвэл харилцаж байсан чат, хамт авахуулж байсан зураг хавтас хэрэгт авагдсан. Д.Э-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байсан. Өмгөөлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж хэргийн зүйчлэлийг өөрчлүүлж байсан. Миний үйлчлүүлэгч Хан-Уул дүүрэгт ажил эрхэлдэг. Сонгинохайрхан дүүрэгт гэр нь байдаг бөгөөд байнгын эмчилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Өөрөө маш дуу муутай хүн, хүний урдаас юм хэлдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. “Зорчих” гэдэг нь нэг газраас нөгөө газарт зорчин явахыг хэлнэ. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналт дор өөрийн оршин суугаа газраас явахыг, тодорхой газарт зорчих эрхийг нь хязгаарладаг ялын нэг төрөл. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид нийслэлийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан боловч Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй гэж үзэж байна. Прокурор хэргийн зүйчлэлтэй холбогдуулж эсэргүүцэл бичээгүй. Хохирол төлбөрийн асуудлыг шүүх шийтгэх тогтоолдоо тусгасан учир энэ талаар нэмэлт тайлбар хэлэх шаардлагагүй. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Улсын Дээд шүүхийн гаргасан тайлбарыг хэрэглэсэн эсэх талаар асууж байна. Улсын Дээд шүүхийн тайлбар 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хэрэглэгдэж эхэлсэн. Энэ хэргийн шүүх хуралдаан нь уг тайлбар гарахаас өмнө хэлэлцэгдсэн. Тийм учраас шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүх прокурорын гаргасан ялын саналыг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан боловч ялын хүрээ хязгаарыг хэт өргөн хүрээнд тогтоосон нь буруу гэж үзсэн. Хохирогчийн асуудал энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хамаарахгүй. Гэмт хэрэг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдэгдсэн. Хохирогч яагаад шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орсон талаар хавтас хэрэгт баримтууд авагдсан. Насанд хүрээгүй хохирогч нь төрсөн эх П-ын дарамтад орж түүний ярьж байсан зүйлсийг бодит гэж ойлгож итгэсэн харьцаа. Ээж нь хохирогчийн биед халдаж цохиж зодон, хүчирхийлэл үйлдсэн. Хүчиндэх гэмт хэрэг бол хохирогчийн хүслийн зоригийн эсрэг чиглэсэн үйлдэл байдаг. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Э-од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Э- нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн ******тоотод оршин суух С.М-ын гэрт амьдарч байх хугацаандаа түүний охин насанд хүрээгүй /15 настай/ П.Б-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч П.Б-ийн “...аав М-той хамт ажилладаг Э- гэх ах 2021 оны 09 дүгээр сараас хойш манай гэрт амьдрах болсон. Аав М-, ээж П- хоёр урд өмнө намайг Э- ахтай суулгаж гэр бүл болгоно гэж ярьдаг байсан. ...Э- ахтай он гарснаас хойш буюу 2022 оны 01 сараас хойш бэлгийн харьцаанд орох болсон. Э- сүүлдээ надад хүч хэрэглэн миний дүү нар болон аав М-, ээж П- нарын хажууд хүчиндэх болсон. Э- ах надтай хүчээр бэлгийн харьцаанд орж байхад намайг хамгаалдаггүй байсан бөгөөд Э- ахын талд ордог байсан. Э- ахыг байхгүй хойгуур ээж П- “чи наад залуугийнхаа өврийг дулаацуулж байгаад машин, малыг нь заруулаад надад мөнгийг нь өг” гээд байнга шахуу дарамтлах болсон. Тэгээд 2022 оны 01 сард намайг дагуулж яваад 100 айлд байх эмнэлэгт спираль тавиулсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ээж П- надаар Э- ахаас сургуулийн төлбөр гээд 400.000 төгрөг авахуулсан. Э- ахаас урьд өмнө нэлээн мөнгө авч байсан. ...Манай ээж, аав хоёр Д.Э-ыг надтай суулгана гэж яриад ээж, аав хоёрт хоол ундны зүйл авч өгөөд л надтай бараг хамт амьдрах бодолтой манайд байдаг байсан. ...Намайг 16 насанд хүрээгүй гэдгийг Д.Э- мэддэг байсан. ...Дандаа шөнийн цагаар, гэр бүлийнхнийг орондоо орсны дараа л бэлгийн харьцаанд ордог. ...” /1хх 15-16, 19-21, 27-31/,

гэрч Д.У-ийн “...П.Б- нь “манай ээж 30 гаран настай ах байдаг, тэрэнтэй унтсангүй гээд зодоод байдаг” гэж хэлж байсан. Би “эгчдээ яг үнэнээ хэл” гээд ярилцаж байсан. Тэгэхэд ээжээсээ их айдаг гэж байсан. Төрсөн аавынхаа талаар надад юм ярьж байгаагүй. Хойд аавыгаа барилга дээр ажилладаг гэж байсан. ...” /1хх 33-34/,

гэрч С.М-ын “...Э- над руу 2022 оны 01 сард залгаад “би танай охинтой унтчихсан ш дээ, одоо яанаа” гэж хэлж байсан. Тэгээд би “чи ажлаа тараад хүрээд ир, ирэхээр чинь наад асуудлын чинь талаар ярилцъя” гэж хэлсэн. Тэр үед манай охин миний хажууд гэртээ байсан. Өөрөөс нь “чи Э-той янз бүр болоод унтаад, хэвтчихсэн юм уу” гэж асуухад “үгүй, би мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...” /1хх 94-95/,

насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...яасан талаар ангийн багш асуухад “ээж цохисон” гэж хэлж байсан. Ээж нь Б-ийг бид нартай уулзуулаад байдаггүй. Өглөө авчирч өгөөд орой хичээл тарангуут аваад явчихдаг. Надтай уулзаад юм ярьж байхад л “ээж намайг тэр ахтай бараг суулгах гээд байгаа юм шиг, ядаргаатай юм” гээд хэлж байсан. ...” /1хх 99/,

насанд хүрээгүй гэрч П.П-ийн “...Э- манай гэрт хааяадаа ирж хонодог байсан. Хэднээс хэдний хооронд хонодог байсан талаар сайн санахгүй байна. Манай аавыг ажлаас нь хүргэж ирээд л байдаг байсан. ...Э- гэдэг ах манай гэрийн орон дээр унтдаг байсан. Тэгээд өглөө сэрэхэд эгчийн цаагуур газар унтсан байдаг. ...” /1хх 177-178/,

гэрч Д.С-ийн “...2022 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр М- охин Б-ээ дагуулж манай гэрт ирээд “танай хүү чинь манай хүргэн болж байгаа” гэсэн. Тэгэхэд Б- их сэргэлэн цовоо ярилцаад сүрхий байсан. ...Хүүг маань гэр лүү нь ерөөсөө явуулдаггүй. Гэртээ ирэхээр араас нь М- гэх залуу “охин санаад байна ир, хоол хийх гээд хүлээгээд байна” гээд л зогсоо зайгүй залгаад байдаг. Би өөрөө хэлж байхыг нь сонсож байсан. Ер нь хүүг маань бид нартай харилцаа холбоогүй байлгаад байдаг байсан. Хүү маань надад хэлэхдээ “Б- гэх охиныг ээж нь байнга зоддог, зүгээр юм угааж байхад нь л шууд хурдлаач ээ гээд л зоддог. Б-ийг өмөөрөхөөр хоёуланг нь зоддог” гэж хэлж байсан. ...Хүүг маань “машинаа зараад гэр ав, хажууд амьдар” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд ээж нь “чи насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан, чамайг цагдаад өгнө” гэж сүрдүүлсэн гэж хүү маань надад хэлж байсан. ...” /2хх 11-12/,

гэрч Г.Л-ийн “...П.Б- гэх үйлчлүүлэгч манай эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр спираль буюу жирэмснээс хамгаалдаг ерөндөг тавиулахаар ирсэн. Эход хараад үтрээгээр нь толь тавьж, үзлэг хийсэн. Тэгэхэд үтрээний үрэвсэлтэй спираль тавих боломжгүй байсан. Тэгээд наацын шинжилгээ /мазок/ аваад үрэвслийн лаа бичиж өгөөд явуулсан. Эхний удаа би спираль тавиагүй. Учир нь тэр охин үзлэгээр хүнтэй унтсан. Бэлгийн харьцаанд ороод удсан шинжтэй байсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Б- ирээд охидод зориулсан спираль тавиулсан. Манай эмнэлгээр ирж үйлчлүүлэхдээ ээжтэйгээ ирсэн. ...” /2хх 21-22/,

гэрч З.С-ийн “...яваад очиход Э- ах тэр амьдарч байгаа айлаасаа гараад ирсэн. Дуу муутай “хадам ээж Б- бид хоёрыг загнаад зодоод байна” гэж хэлсэн. Бид 2 миний машинаар ойрхон хөдлөөд явж байсан чинь Э- ахын утас руу П- гэх эмэгтэй залгаад “миний хүү хааччихваа, гэр орондоо ирж хоолоо идэхгүй юм уу, хотын гудамжаар эхнэр хайгаад яваад байгаа юм уу, эхнэр чинь гээд нэг сэгсийсэн юм энд байх юм аа” гэж хэлээд ёжилсон байдалтай инээсэн. Тэгсэн Э- ах “за, за одоо орлоо” гэж хэлсэн. Яагаад би энэ яриаг утсан дээрээ бичих болсон бэ гэхээр П- гэх хүнийг залгахаас өмнө Э- ах надад өөрийнхөө утсан дээр байсан өөрсдийг нь зодож, загнаж байгаа бичлэгийг үзүүлсэн байсан юм. ...” /2хх 25-26/,

гэрч У.И-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрийнхөө Болороо гэх фейсбүүк хаягаар 23 цаг 24 минутад над руу залгаад уйлсан байдалтай “гэрийнхэнтэйгээ маргалдсан, намайг ирээд авчих, хонох газар алга байна аа” гэж хэлсэн. ...Тэр үед манай гэрт ээж, аав, дүү нар байсан. Унтаж байсан болохоор ороод шууд унтсан. Б- манай гэрт 7-8 хоносон бөгөөд 25-26-ны үеэр “дүү нартаа санаа зовоод байна, ямар ч байсан гэр лүүгээ явъя” гээд явсан. ...” /2хх 28-29/,

Д.Э-ын яллагдагчаар өгсөн “...би Б-тэй хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй ээ. Хоорондоо мессежээр харилцах, гадуур явах, тэвэрч үнсэх гэх мэт сайхан харилцаатай байсан. ...2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд М-ын гэрт тэдний хүсэлтээр амьдарсан. Хааяа гэртээ очиж хонодог байсан. 2021 оны 12 сараас П.Б-тэй фейсбүүкээр ойр зуурын зүйл бичиж харилцаж эхэлсэн. ...2022 оны 01 дүгээр сард миний хажуугаар П.Б- унтаж байхдаа миний хөнжилд орж ирээд бид тэврэлдээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд анх удаа орсон бөгөөд тэрнээс хойш 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед огт хүчилж хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Нэг нэгнээ тэвэрч үнсэж байгаад л өөрсдөө хүсээд бэлгийн харьцаанд орсон. Хажууд орон дээр ээж, аав, дүү нар бүгдээрээ хамт унтаж байсан. Хэрвээ хүч хэрэглэсэн бол П.Б- орилж хашгирсан, дургүйцсэн үйлдэл гаргасан бол мэдээж аав, ээж нь байсан учраас мэдэх боломжтой байсан шүү дээ. Би анх гэрт нь очихдоо хэдэн настайг нь мэдээгүй. Гэхдээ форм өмсөөд сургуульд явдаг байсан. Сүүлд төрсөн өдөр нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болоход 16 нас хүрч байна гэхэд насыг нь тодорхой мэдсэн. Би Б-тэй сайхан харилцаатай байсан учраас ойр зуурын хэрэглээний мөнгө өгдөг байсан. Тэгсэн сүүлдээ ээж нь давхар надаас мөнгө төгрөг өг, П.Б-ийн сургалтын төлбөр бас ойр зуурын хувцас, хунар авах хэрэгтэй байна гэдэг байсан. Тэглээ ч тэр айлд амьдарч хоол, унд иддэг байсан учраас боломжоороо мөнгө төгрөг өгдөг байсан. Надад Б-ийг өөрийнхөө эрхшээл дарамтад байлгасан зүйл огт байхгүй. Харин ч би боломж бололцоогоороо тусалж, дэмжиж хүссэн болгоныг нь биелүүлэх гэж хичээж байсан. П.Б-тэй бэлгийн харьцаанд ороход огт намайг эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй. Харин ч намайг өөр рүүгээ шахаж тэврээд үнссэн. Мөн бэлэг эрхтнээс нь цус гараагүй. Эмзэглэж өвдөж байгаа шинж ажиглагдаагүй. Намайг өөртөө татаж тэврээд байсан учраас би дургүйцэж байна гэж ойлгоогүй. ...” /2хх 57-59/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...П.Б-ийн охин хальс 7-н цагийн байрлалд хуучин урагдалтай байна. Охин хальсны урагдал нь үзүүлэхээс 14-с дээш хоногийн өмнө үүссэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6300 дугаар дүгнэлт /1хх 165-166/,

“...Д.Э- нь хурьцал үйлдэх чадвартай болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6392 дугаар дүгнэлт /1хх 169-170/,

насанд хүрээгүй хохирогч П.Б-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх 50-51/, Д.Э-ын зүгээс гаргаж өгсөн гэрэл зураг, фейсбүүк чатын мэдээлэл /1хх 57-64, 69-92/,

“...П.Б- гэх үйлчлүүлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт үтрээний наацын шинжилгээ өгч 2 хоногийн эмчилгээ буюу үтрээний үрэвслийн лаа бичүүлж, хоёр хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 11 минутад охидын спираль тавиулсан. ...” гэх Сант Марал эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан тоот /1хх 115/,

хохирогч П.Б-ийн ашиглаж байсан “эмзэг дэлбээ” мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 116-119/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн П.Б-тэй харилцсан гэх чатын мэдээлэл /1хх 122-128/, Д.Э-ын эзэмшлийн хаан банкны **** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 129/, дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 145-152, 154-162/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Э-ын хохирогч П.Б-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ю.Батболд нар “...Д.Э-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх  гэмт хэргийн үндсэн шинж юм.

 

Хохирогч П.Б- нь “...Э- ахтай он гарснаас хойш буюу 2022 оны 01 сараас хойш бэлгийн харьцаанд орох болсон. ... Э- сүүлдээ надад хүч хэрэглэн миний дүү нар болон аав М-, ээж П- нарын хажууд хүчиндэх болсон” гэж мэдүүлж байгаа хэдий ч гэрч С.М-ын “...Э- танай охинтой унтсан гэж ярих үед манай охин миний хажууд гэртээ байсан. Өөрөөс нь “чи Э-той янз бүр болоод унтаад, хэвтчихсэн юм уу” гэхэд “үгүй, би мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...”, гэрч Д.С-ийн “...2022 оны 02 дугаар сард буюу цагаан сарын үеэр М- охин Б-ээ дагуулж манайд ирээд “танай хүү чинь манай хүргэн болж байгаа” гэсэн. Тэгэхэд Б- их сэргэлэн цовоо ярилцаад сүрхий байсан. ...Ер нь хүүг маань бид нартай харилцаа холбоогүй байлгаад байдаг байсан. Хүү маань надад хэлэхдээ “Б- гэх охиныг ээж нь байнга зоддог, зүгээр юм угааж байхад нь л шууд хурдлаач ээ гээд л зоддог. Б-ийг өмөөрөхөөр хоёуланг нь зоддог” гэж хэлж байсан. ...Хүүг маань “машинаа зараад гэр ав, хажууд амьдар” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд ээж нь “чи насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан, чамайг цагдаад өгнө” гэж сүрдүүлсэн гэж хүү маань надад хэлж байсан. ...”, Д.Э-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 сард П.Б- миний хажуугаар унтаж байхдаа миний хөнжилд орж ирээд бид хоёр тэврэлдээд үнсэлцэж байгаад бэлгийн харьцаанд орсон бөгөөд тэрнээс хойш 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед огт хүчилж хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Нэг нэгнээ тэвэрч үнсэж байгаад л өөрсдөө хүсээд бэлгийн харьцаанд орсон. Хажууд орон дээр ээж, аав, дүү нар бүгдээрээ хамт унтаж байсан. Хэрвээ хүч хэрэглэсэн бол П.Б- орилж хашгирсан, дургүйцсэн үйлдэл гаргасан бол мэдээж аав, ээж нь байсан учраас мэдэх боломжтой байсан. ...” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Э- болон хохирогч П.Б-, түүний дүү нартай хамт авахуулсан гэрэл зураг, 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хооронд шүүгдэгч, хохирогч нарын харилцсан фейсбүүк чатын мэдээлэл зэрэг баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, харин арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй П.Б-тэй бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх “...Насанд хүрээгүй хохирогч болсон үйл явдлын талаар 3 удаагийн мэдүүлгээр дэлгэрэнгүй тайлбарласан байх бөгөөд тэрээр уг асуудалд дургүй байсан талаараа мэдүүлжээ. Харин түүний мэдүүлэгт шүүгдэгч түүнтэй бэлгийн харьцаанд орохдоо хэрхэн, яаж хүч хэрэглэсэн талаар, шүүгдэгчээс гаргаж байгаа ямар хүчний үйлдлийг хэрхэн эсэргүүцэж байсан, бусдад мэдэгдэх, тусламж авах боломжтой байсан эсэх, уг нөхцөл байдлыг таслан зогсоох боломжтой байсан эсэх талаар огт дурдаагүй байна. Хэрэгт авагдсан бусад бодит баримтууд болох хоорондоо харилцсан гэх чатын мэдээлэл, гэрэл зураг болон насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байна. ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Э- нь сонсголын бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын 9 дүүргээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул Д.Э-ын зорчих эрхийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж энэ талаар бичсэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ю.Батболд нарын “...Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-од Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 11 сарын 30 хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН