| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0565/3 |
| Дугаар | 128/ШШ/2024/0659 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ/2024/0659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Т*** /РД: ************ /
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: О.Ц****** /РД: ************ / нарын хооронд үүссэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дугаартай захирамжийн О.Ц******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Ц.Т***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж *************, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ү***** /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.Т***** нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтад заагдсан иргэн О.Ц******* олгосон хэсгийг /559 м.кв талбай бүхий газрын/ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.[1]
1.2. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, ************* зуслангийн газар болох нэгж талбарын *************** /**********************/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрыг хэмжээг хууль бусаар өөрчлөн хасч, нэгж талбарын дугаарыг ********************** болгон өөрчилж, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.[2]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1 Нэхэмжлэгч Ц.Т**** нь анх 2008 оны 03 дугаар сард газар эзэмшихийг хүссэн өргөдлөө[3] Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.
2.2. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай захирамжаар[4] нэхэмжлэгч Ц.Т**** нь *********** зусланд нэгж талбарын ********************** дугаартай 635 м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ.
2.3. Түүний хөрш хашааг эзэмшиж байсан иргэн В.Б*********** 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшиж байсан газартаа эзэмших эрх олж авахаар тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны албанд өргөдөл[5] гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаартай захирамжаар[6] түүнд 400 м.кв газрыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон байна.
2.4. Ингээд иргэн В.Б*********** нь 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан байна.[7]
2.5. Сүхбаатар дүүргийн Засаг дарга тухайн өргөдлийг шийдвэрлэхдээ 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаартай захирамжаар[8] газар эзэмших эрхийг баталгаажуулах захирамж гэж гарган, тус захирамжийн Хавсралтын 82-т[9] иргэн В.Б***********ийн газрын талбайн хэмжээг 559 м.кв болгож өөрчлөн 15 жилээр сунгалт хийжээ.
2.6. Улмаар иргэн В.Б*********** нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан өөрийн газар эзэмших эрхийг иргэн Ж. *********** шилжүүлэх хүсэлт гаргасан байна.[10]
2.7. Түүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар иргэн В.Б***********ын эзэмших эрхтэй 559 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ж.Б***********д шилжүүлжээ.[11]
2.8. Гэвч иргэн Ж.Б*********** өвчний улмаас нас барсан[12] тул 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ** бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний[13] дагуу түүний эхнэр О.Ц****** тус газрын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан байна.[14]
2.9. Ингээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар иргэн О.Ц*****ийн газар эзэмших эрхийг талийгаач Ж.Б************аас шилжүүлжээ.[15]
2.10. Эдгээр үйл явдлууд өрнөж байх хооронд нэхэмжлэгч Ц.Т****ын эзэмших эрхтэй 635 м.кв газрын кадастрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд олон удаа өөрчилсөн, тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/1322 тоот албан бичгээр[16] ирүүлсэн Хавсралт 2-т нэхэмжлэгч Ц.Т****ын нэгж талбарын ******************** дугаартай 634 м.кв газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн[17], үүнээс хойшоо 2013 болон 2024 оны 05 дугаар сарын байдлаар 361 м.кв болж багасгаж бүртгэгдсэн[18].
2.11. Харин гуравдагч этгээд О.Ц*****ийн эзэмших эрхтэй газрын хувьд анхны эзэмшигч иргэн В.Б************ын үед буюу 2008 оны 09 дүгээр сарын байдлаар 558 м.кв талбайгаар[19], 2008 оны 11 дүгээр сарын байдлаар 400 м.кв талбайгаар[20], 2013 оны 05 дугаар сарын байдлаар 559 м.кв талбайгаар[21], иргэн О.Ц******д шилжсэний дараа буюу 2024 оны 07 дугаар сарын байдлаар 559 м.кв талбайгаар[22] бүртгэгдсэн байна.
2.12. Нэхэмжлэгчийн зүгээс “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын мэдээлэлд В.Б***********од 400 м.кв газар гэсэн байна. Тухайн өдрийн архивын мэдээлэлд Ц.Т****ын газар 634 м.кв гэж байгаа юм. Үүнээс хойш 2013 онд өөрчлөлт хийсэн байсан. 05 дугаар сарын 02-ны өдөр 400 м.кв байсан В.Б********ийн газрыг 599 м.кв болгон өөрчилж нэмснээ, 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 18 хоногийн дараа Ц.Т****ын газрыг 365 м.кв-361 м.кв буюу 273 м.кв талбайгаар хассан. Газрын алба ямар үндэслэлээр хасалт, өөрчлөлт хийгээд байгаа юм бэ. Энэ нь хууль ёсны ажиллагаа биш. Хууль зөрчиж нэг иргэнээс нөгөөд шилжүүлж, газар эзэмшигчид мэдэгдэлгүйгээр хасалт, өөрчлөлт хийсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд “нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтооно, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлно” гэж заасан байтал ямар нэг албан ёсны захирамж, шийдвэргүйгээр иргэн Ц.Т****ын хууль ёсны ашиг сонирхол, түүний шударга эзэмших эрхэд нь халдсан. 2013 онд өөрчлөлт хийгээд газраас хассан байхад 2019 онд нэхэмжлэгч мэдээгүй байсан ..." гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.13. Хариуцагчаас “... Иргэн Ц.Т****ын өмгөөлөгч “Газрын тухай хуульд зааснаар иргэнд газар олгохдоо эрх тэгш хандах ёстой” гэж байна. Үүнтэй адил иргэн О.Ц********, н.Б************, В.Б************ нар ялгаагүй эрхтэй. Эдгээр хүмүүс ч мөн адил кадастрынх нь зурагт өөрчлөлт орж байгааг мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Мэдээгүй байсан учраас маргаан үүсгэхгүй олон жил болж эцэстээ ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэгэхээр талуудын хэн аль нь хохирогч болоод байна. Газрын тухай хуульд зааснаар иргэн бүрд тэгш хандах ёстой учраас түрүүлж хүсэлт гаргасан иргэн буюу В.Б******** 2002 оны 193 дугаар захирамжаар газраа эзэмшсэн. Тухайн үед 400 м.кв газар олгодог байсан ч эзэмшсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Дүүргийн Засаг даргын захирамж гарч, кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг үндэслэж газар эзэмших эрх үүрэг үүсдэг. Гэтэл иргэн Ц.Т**** В.Б********оос даруй 7 жилийн дараа газар эзэмших хүсэлт гаргаж буюу 2009 оны А/*** тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Анхнаасаа 2002 онд В.Б******** газраа эзэмшээд явж байсан. 400 м.кв байж байгаад 559 м.кв болсон нь иргэн Ц.Т**** газрын хүсэлт гаргаснаас 2 жилийн өмнөх үйл явдал. Дүүргийн засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж захирамж гаргасан бол түүнийгээ хүчингүй болгож, шинэ акт гаргах эрх бүхий субъект мөн. Ц.Т****д олгосон газар нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.14. Гуравдагч этгээдийн зүгээс “О.Ц****** газар эзэмших хүсэлт өгөөд байгаа хүн биш. Иргэний хуульд заасан өв залгамжлалын журмаар нөхөр нь нас барсны улмаас газрыг өөрийн нэр дээр шилжүүлж, өв залгамжлалаар өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа үйл баримт. Газар олгож байгаа анхны үндсэн үйл баримт болох В.Б********оос, н.Б******* руу шилжсэн үйл баримт хэвээрээ. О.Ц****** рүү өв залгамжлалаар шилжиж байгаа юм. Захиргааны байгууллага дээрх үйл ажиллагааг хийж байгаа. Газар олгох эрхийг зөвхөн Засаг дарга эдэлнэ. Дүүргийн Засаг дарга өөрт холбогдох газрыг, газрын давхцалгүй, газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж анх 2002 онд В.Б******** олгоод, түүнийгээ 2007 онд сунгаж, 2019 онд н.Б******** руу шилжүүлээд, 2002 онд өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр О.Ц****** рүү шилжүүлж байгаа үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хангалттай харагдаж байна ...“ гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны ************ зуслангийн нэгж талбарын ******************* дугаар бүхий 635 м.кв газрын мэдээллийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие анх 2008 оны 03 дугаар сард газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлөө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Үүний дагуу миний эзэмшиж байгаа нэгж талбарын ********************** дугаартай 635 м.кв газрын кадастрын зургийг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга н.Т*******, Газар өмчлөлийн мэргэжилтэн н.Б*********** нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар албан ёсны кадастрын зурагтай болсон. Мөн ******************* зусланд 635 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд байгаа. Тус гэрчилгээг 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албаны ажилтнаас аваад тэр өдөртөө гэрээгээ хийсэн. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Гэрээнийхээ дагуу жил бүр газрын төлбөрийг төлж байсан. Газрын төлбөрийн хэмжээ багассанаар газрын хэмжээ 361 м.кв болсныг мэдсэн. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргахад Сүхбаатар дүүргийн захирамжтай юм байна гээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн гэж мэдээлсний дагуу Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэнтэй очиж уулзсан. Надад хариулахдаа “тийм ээ, маргаантай явдал зөндөө гарч байгаа. Компьютер алдаа заагаад маш их мэдээлэл устсан учраас шалгая” гээд “О.Ц*****д мэдэгдэж захирамжийг архивын материалд үзлэг хийж шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн юм. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08/607 дугаар албан бичгээр “маргаан бүхий газрыг 2022 оны А/*** дугаар захирамжаар О.Ц*****д эзэмшүүлсэн байна. Ийм учраас та шүүхэд хандана уу” гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Би 1991 оноос хойш энэ газартаа амьдарч байгаа. Зуслангийн сууцыг авсан үнэмлэхээ баталгаажуулаад шүүхэд өгсөн. Түүнээс гадна хөршүүд маань намайг тэнд амьдарч байсныг болон орц гарцын маргаан зөрчилгүй гэдгийг баталгаажуулж гарын үсэг зурж шүүхэд өгсөн. 2013 онд надад мэдэгдэлгүйгээр миний газрын хэмжээг хасаж миний хууль ёсны эрхийг зөрчсөн. Хууль бусаар н.Б******** миний газраас нэмж өгсөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаныханд би гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/*** дугаартай захирамжийг хууль гэж үзэж байгаа тул газрыг анхны хэлбэрээр нь буюу 635 м.кв талбайтайгаар мэдээллийн санд сэргээж оруулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад бага зэрэг өөрчлөлт оруулсан. Техникийн шинжтэй засвар гэж ойлгож болно. Засаг даргын 2022 оны А/*** дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах гэснийг “тус захирамжийн 1-р хавсралтад заагдсан иргэн О.Ц******* олгосон хэсгийг буюу 559 м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, ******************* зуслангийн газар болох нэгж талбарын ... ***** дугаар бүхий 635 м.кв газрын мэдээллийг сэргээж өгнө үү гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, зуслангийн газар болох нэгж талбарын ...**** дугаар бүхий 635 м.кв газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн хасаж нэгж талбарын дугаарыг ...***** болгон өөрчилж, газрын хэмжээг 361 м.кв болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг даалгаж өгнө үү” гэж өөрчилсөн. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд өгч байна.
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын мэдээлэлд В.Б********од 400 м.кв газар гэсэн байна. Тухайн өдрийн архивын мэдээлэлд Ц.Т****ын газар 634 м.кв гэж байгаа юм. Үүнээс хойш 2013 онд өөрчлөлт хийсэн байсан. 05 дугаар сарын 02-ны өдөр 400 м.кв байсан В.Б*************** газрыг 599 м.кв болгон өөрчилж нэмснээ, 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 18 хоногийн дараа Ц.Т****ын газрыг 365 м.кв-361 м.кв буюу 273 м.кв талбайгаар хассан. Газрын алба ямар үндэслэлээр хасалт, өөрчлөлт хийгээд байгаа юм бэ. Энэ нь хууль ёсны ажиллагаа биш. Хууль зөрчиж нэг иргэнээс нөгөөд шилжүүлж, газар эзэмшигчид мэдэгдэлгүйгээр хасалт, өөрчлөлт хийсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд “нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтооно, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлно” гэж заасан байтал ямар нэг албан ёсны захирамж, шийдвэргүйгээр иргэн Ц.Т****ын хууль ёсны ашиг сонирхол, түүний шударга эзэмших эрхэд нь халдсан. 2013 онд өөрчлөлт хийгээд газраас хассан байхад 2019 онд нэхэмжлэгч мэдээгүй байсан. н.Б******* нас бараад эхнэрт нь өв залгамжилж очиход мөн мэдээгүй байсан. 2024 оны 06 дугаар сар хүртэл нэхэмжлэгч өөрийнхөө хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээнд итгэсэн, газрын албатай байгуулсан гэрээндээ итгэсэн, төрд итгэсэн, газрын албанд төлж байсан төлбөртөө итгэж байсан. Газрын төлбөрийг 2019 он хүртэл төлсөн. Өөр юунд итгэх вэ. Энэ үйлдлээ залруулж, хуучин бүртгэлээр эрхийг нь сэргээж өгөхийг даалгаж өгнө үү. Энэ үйл баримтуудаас харахад О.Ц******, н.Б******** нарт буруу алга. В.Б***********оос н.Б*********ид шилжиж ирэхдээ доголдолтой үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан юм шиг байна гэж миний хувьд харж байна. Учир нь В.Б**********ын гэрчилгээ маш их солигдсон. Хугацаа нь мөн маш их өөрчлөгдсөн. В.Б********од газар олгосон 255 тоот захирамж 2009 онд гарсан хэр нь 2014 онд газрын албатай гэрээ байгуулсан. Энэ хооронд В.Б*********той байгуулсан өөр гэрээ байгаагүй. Хэргийн материалд ч байхгүй. Газар эзэмшүүлэх гэрээ нь хүртэл 2014 оных. Энэ үйл баримтаас В.Б********** магадгүй танил талаараа газрын кадастрын зураглалтад өөрчлөлт оруулаад байсан гэж би харж байгаа. Иргэ Ц.Т******ын хувьд бүх баримтууд нь он цаг дарааллынхаа дагуу байдаг. В.Б********ынх өргөдлөөсөө өмнө зураг нь гарсан гэх мэт эргэлзээтэй баримтууд байгаа юм. Өнгөрсөн 7, 8 жилийн хугацаанд энэ хүн ямар гэрээтэй байсан нь тодорхой бус. Тиймээс энэ бүхнийг харгалзаж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 193 дугаар захирамжаар иргэн В.Б********* 400 м.кв газар олгосон. 2002-2005 онд нийтээр нь 400 м.кв, 500м2 хэмжээтэй газар олгодог байсан. Ялангуяа зуслангийн бүсийг 400 м.кв хэмжээтэй олгодог байсан. Газрын метр квадрат хэд ч байсан 400 м.кв гэж гэрчилгээ бичигддэг, захирамж нь тэгж гардаг байсан. 2006, 2007 оны үеэс программын шинэчлэлт хийгээд, арай хөгжингүй болж кадастрын зураг, гэрчилгээ, захирамжийн метр квадрат зөрүүгүй байх ёстой гээд захирамжуудыг цэгцэлж эхэлсэн. Иргэн В.Б******** 2002 онд 400 м.кв газар аваад 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 255 дугаар захирамжаар өөрийн эзэмшлийн газар буюу нэгж талбарын ********************** дугаартай газар бүртгэлтэй. Хэргийн материалд авагдсан кадастрын зургаар 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлд 559 м.кв гэсэн бүртгэлтэй байгаа юм. Энэ нь зөвхөн хэвлэсэн зураг учраас үүнээс өмнө бүртгэлтэй байхыг үгүйсгэхгүй. Иргэн В.Б******* 2002-2007 он хүртэл 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгоод, хугацаа сунгах явцад иргэн Ц.Т**** газар эзэмших хүсэлтээ өгч 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **** картын дугаартай өргөдөл бүртгүүлсэн байдаг. Энэ нь газар анх шинээр эзэмших хүсэлт. Нэгж талбарын ********************** дугаар бүхий 635 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцалгүй байна” гэж заасныг ноцтой зөрчсөн. Учир нь иргэн В.Б******** 2002 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад, 2007 онд 559 м.кв хэмжээтэй газар бүртгэлтэй байхад 2 жилийн дараа Ц.Т****д 635 м.кв газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Ц.Т**** тухайн үед газрын албаны ажилтнуудтай ирж уулздаг байсан, хэргийн материалд ч энэ талаар авагдсан. Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж газрын кадастрын зургийг өөрчлөх ёстой байдаг. Тухайн үед газрын албанд ажиллаж байсан ажилтнууд засаг даргын захирамжгүйгээр, иргэн гомдол гаргах тоолонд өөрчлөөд байсан юм болов уу гэж харж байна. Дүүргийн Засаг даргын захирамжаар хөдөлгөх ёстой юмыг маш олон хөдөлгөсөн байсан. Иргэн Ц.Т**** өөрөө мэдэхгүй гэж яриад байна. Өөрөө ирж уулзахдаа ч хэлдэг байсан, хэргийн материалд ч байгаа. Хувийн компанийн мэдээлэл дээр ч тухайн үеийн газрын албаны мэргэжилтнүүд зургийг өөрчлөх мэдээллүүдийг гараараа бичсэн байдаг. Энэ нь дүүргийн Засаг даргын захирамжийг төлөөлөх үндэслэл болохгүй. Зураг өөрчлөгдөж байсныг Ц.Т**** мэдэж байсан. Арынхаа айлтай маргаантай байсан, тэр айлд хэдэн метр квадрат өгөөд, В.Б**********ынхоос хассан гээд өөрөө мэдээллүүдээ хэлдэг. Хувийн компанийн кадастрын зургийг олон давтамжтай өөрчилж хийлгэсэн. Хэрвээ үүнийг зөвшөөрөхгүй байсан бол 635 м.кв байх ёстой гээд тухайн үедээ маргаанаа шийдүүлээгүй хэр нь 20 жилийн дараа “би мэдэхгүй байсан, ийм зураг хийлгүүлэхгүй байсан” гэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Ц*****ийн гэр бүлийн хүн болох талийгаач Ж.Б********** нь 2019 онд тус газрыг Газрын тухай хууль болон бусад холбогдох үндэслэл журмын дагуу шилжүүлэн авч, ******************* тоот гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2022 онд Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийг үндэслэн О.Ц*******д өв залгамжлалын эрх нээгдсэн. Үүний дагуу газрын албанд хүсэлт гарган тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэн авсан ажиллагаа хууль тогтоомжийн дагуу болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ү***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбартай агуулгын хувьд адил тайлбартай байна. “О.Ц*******д олгосон газар эзэмших эрхийг цуцалж өгнө үү” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм байна гэж ойлголоо. Гэхдээ О.Ц****** газар эзэмших хүсэлт өгөөд байгаа хүн биш. Иргэний хуульд заасан өв залгамжлалын журмаар нөхөр нь нас барсны улмаас газрыг өөрийн нэр дээр шилжүүлж, өв залгамжлалаар өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа үйл баримт. Газар олгож байгаа анхны үндсэн үйл баримт болох В.Б**********оос, н.Б********* руу шилжсэн үйл баримт хэвээрээ. О.Ц****** рүү өв залгамжлалаар шилжиж байгаа юм. Захиргааны байгууллага дээрх үйл ажиллагааг хийж байгаа. Газар олгох эрхийг зөвхөн Засаг дарга эдэлнэ. Дүүргийн Засаг дарга өөрт холбогдох газрыг, газрын давхцалгүй, газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж анх 2002 онд В.Б********** олгоод, түүнийгээ 2007 онд сунгаж, 2019 онд н.Б*********** руу шилжүүлээд, 2002 онд өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр О.Ц********* рүү шилжүүлж байгаа үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хангалттай харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2009 онд хүсэлт гаргасан юм байна. Тус хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэсэн. Миний ойлгож байгаагаар захиргааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагааг зохицуулж, захирамжаа засаад Ц.Т*****д газрыг олгосон юм байна. Захиргааны байгууллага өөрийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж, засаж хийж байгаа уг үйл явдлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн О.Ц*****д холбогдох хэсгийг /559 м.кв талбай бүхий газрын/ хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, харин “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, *************** зуслангийн газар болох нэгж талбарын ********/*******/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн хасч, нэгж талбарын дугаарыг ************* болгон өөрчилж, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, *************** зуслангийн газар болох нэгж талбарын ************* /**********************/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн хасч, нэгж талбарын дугаарыг ********************** болгон өөрчилж, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан хууль бус үйлдлийг хүчингүй болгож, анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч Ц.Т****ын зүгээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, Шарга******* зуслангийн газар болох нэгж талбарын ************** /**********************/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрын хэмжээг хууль бусаар өөрчлөн хассан, нэгж талбарын дугаарыг ********************** болгон өөрчилсөн, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан үйлдэл хууль бус” гэх агуулгаар маргасан.
1.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд, мөн зүйлийн 19.1.2 дахь заалтад “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж тус тус заажээ.
1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа иргэнд газар эзэмших эрхийг олгохдоо түүний хүсэлтийг үндэслэн Засаг даргын захирамжаар олгох, тухайн захирамжид эзэмших эрх олгосон талбайг заах, түүнд заагдсан талбайн хэмжээгээр гэрээ байгуулж, улмаар гэрчилгээ олгох бөгөөд ингэж олгосон талбайн хэмжээ, түүний кадастрын зураглалын мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр засварлахыг хуулиар хоригложээ.
1.4. Хуульд заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр” гэдэгт газрын талбайн хэмжээ, эсхүл солбицлын утгыг өөрчилсөн Засаг даргын захирамжийг ойлгоно.
1.5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч талын хэлсэн тайлбар зэргээс судлан үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдлоо. Тодруулахад:
1.6. Нэхэмжлэгч Ц.Т***** нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай захирамжаар Шарга*******ын зусланд нэгж талбарын ********************** дугаартай 635 м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ.
1.7. Гэвч нэхэмжлэгч Ц.Т*****ын эзэмших эрхтэй 635 м.кв газрын кадастрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд олон удаа өөрчилсөн, тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ********* тоот албан бичгээр[23] ирүүлсэн Хавсралт 2-т нэхэмжлэгч Ц.Т****ын нэгж талбарын ********************** дугаартай 634 м.кв газар нь эзэмшигчийн мэдээлэлгүйгээр 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн[24], үүнээс хойшоо 2013 болон 2024 оны 05 дугаар сарын байдлаар 361 м.кв болж багасгаж бүртгэгдсэн үйл баримт тогтоогдов.
1.8. Нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй 635 м.кв талбайн хэмжээг 361 м.кв болгож багасгасан ямар нэг шийдвэр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гарч байгаагүй байх бөгөөд мөн тийм шийдвэр гаргаагүй талаар[25] шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
1.9. Тиймээс эрх бүхий байгууллага буюу дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Т****ын эзэмших эрхтэй газрын талбайг өөрчилсөн шийдвэр гаргаагүй байтал байтал “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн газрын хэмжээг 361 м.кв болгож өөрчлөн бүртгэсэн нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
1.10. Энэ талаар нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан удаа дараа хүсэлт гаргаж байсан, хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргахад[26] хариуцагчаас үндэслэлгүй хариу өгч нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын кадастрын мэдээллийн санг засаж өөрчлөөгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан “өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан” эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
1.11. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хоёр. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн О.Ц******д холбогдох хэсгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн үндэслэлийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ц.Т****аас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн гуравдагч этгээд О.Ц******д холбогдох хэсгийг /559 м.кв талбай бүхий газрын/ бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргасан.
2.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, мэтгэлцээний үе шатанд талуудын хэлсэн үндэслэлүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэхэд, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн гуравдагч этгээд О.Ц*****д холбогдох хэсгийг “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын үүднээс бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн газрын маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх замаар дахин шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.
2.3. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тогтоон маргаан бүхий захиргааны актын О.Ц******д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.4. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”[27] гэж заасан.
2.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, иргэнд анх олгосон газар эзэмших эрхийг сунгах, мөн талбайн хэмжээг өөрчлөх тохиолдолд газар эзэмшигчээс гаргасан хүсэлтийн агуулгыг хариуцагч сайтар нягтлах ёстой юм.
2.7.Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, нэхэмжлэгч Ц.Т****ын хөрш залгаа хашааг эзэмшиж байсан иргэн В.Б********* 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшиж байсан газартаа эзэмших эрх олж авахаар тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны албанд өргөдөл гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаартай захирамжаар түүнд 400 м.кв газрыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон байна.
2.8. Ингээд иргэн В.Б********** нь 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга тухайн өргөдлийг шийдвэрлэхдээ 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулах захирамж гэж гарган, тус захирамжийн Хавсралтын **-т иргэн В.Б**********ийн газрын талбайн хэмжээг 559 м.кв болгож өөрчлөн 15 жилээр сунгалт хийжээ.
2.9. Ийнхүү сунгалт хийсэн шийдвэр гаргахдаа хариуцагчаас эрх зүйн алдаа гаргаж, үндэслэлгүй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын дунд маргаан үүсэх үндэс тавигдсан байна.
2.10. Тодруулбал, иргэн В.Б**********ын бичсэн 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн[28] хүсэл зоригийн илэрхийллийг үзвэл өөрт анх олгогдсон 400 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулгаар бус, харин 2002 онд олгосон газар эзэмших эрхийн хугацаа 5 жилийн дараа буюу 2007 онд дуусгавар болсон тул уг хугацааг сунгуулах агуулгаар хүсэлт гаргасан нь тогтоогдож байна.
2.11. Тийм байтал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь уг хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгахдаа “Газар эзэмших эрхийг баталгаажуулах” гэх захирамжид хамруулан гаргасан нь буруу, түүнчлэн иргэн В.Б********** нь хүсэлтдээ талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчлөх талаар дурдаагүй байхад түүний эзэмших эрхтэй 400 м.кв газрын талбайг 559 м.кв болгон нэмэгдүүлсэн нь буруу байна.
2.12. Иймд хариуцагчийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаартай захирамжийн иргэн В.Б*********** холбогдох хэсэг хуульд нийцээгүй байх тул хууль бус, түүнээс эрх шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн гуравдагч этгээд О.Ц******д холбогдох хэсэг нь мөн хуульд нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “шийдвэр үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.
2.13. Гэхдээ гуравдагч этгээд О.Ц****** нь тухайн газрын хувьд анх эзэмших эрх олж авсан этгээд бус, харин В.Б*********ын эзэмших эрхтэй газрыг шилжүүлэн авсан өөрийн нөхөр Ж.Б*********аас өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд байх тул хууль зүйн агуулгаараа “шударга эзэмшигч” болох юм.
2.14. Тиймээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн гуравдагч этгээд О.Ц*******д холбогдох хэсгийг бүхэлд нь буюу 559 м.кв хэмжээгээр хүчингүй болгох нь хууль болон эрх зүйн зарчимд нийцэхгүй тул анх иргэн В.Б********* олгогдсон 400 м.кв талбайн хэмжээг хэвээр үлдээж, харин илүү талбай болох 159 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.15. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.14-т заасныг анхаарвал зохино.
2.16. Мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хашааны орц, гарцын асуудлыг талуудын хэн алины эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байдлаар шийдвэрлэх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.
2.17. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацааг тоолохдоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас маргаан бүхий газрын агаар сансрын зургуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан.
3.2. Шүүх “нэгэнт хавтаст хэрэгт газрын кадастрын мэдээллийн сангаас гаргуулсан газрын кадастрын архивын зурган мэдээллүүд авагдсан, мөн шүүхээс газрын болон баримт бичгийн үзлэгийг хийсэн” тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан маргаан бүхий газрын агаар сансрын зургуудыг гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн О.Ц******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 19.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Т****ын гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн **-р хороо, Шарга******* зуслангийн газар болох нэгж талбарын *********** /*********/ дугаар бүхий 635 м.кв бүхий газрын хэмжээг өөрчлөн хассан, нэгж талбарын дугаарыг *************** болгон өөрчилсөн, газрын хэмжээг 361 м.кв талбай болгон хассан үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээг анх мэдээллийн санд бүртгүүлсэн байдлаар сэргээхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжийн О.Ц*****д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, түүний 50 хувь болох 35 100 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 205-207 дахь тал
[2] Мөн тэнд
[3] Хх 63-66 дахь тал
[4] Хх 61-62 дахь тал
[5] Хх 204 дэх тал
[6] Хх 124, 202-203 дахь тал
[7] Хх 122-125 дахь тал
[8] Хх 172 дахь тал
[9] Хх 173 дахь тал
[10] Хх 89-92 дахь тал
[11] Хх 87-88 дахь тал
[12] Хх 74 дэх тал
[13] Хх 73 дахь тал
[14] Хх 68 дахь тал
[15] Хх 59-60 дахь тал
[16] Хх 11 дэх тал
[17] Хх 13 дахь тал
[18] Хх 14-15 дахь тал
[19] Хх 139 дэх тал
[20] Хх 140 дэх тал
[21] Хх 141 дэх тал
[22] Хх 142 дахь тал
[23] Хх 11 дэх тал
[24] Хх 13 дахь тал
[25] Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэх.
[26] Хх 30-31 дэх тал
[27] Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хэм хэмжээ
[28] Хх 122 дахь тал