Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02159

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,             

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч  П.Х-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохирол нийт 100 630 727 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ хд 93 байр, 2 тоот хаягт орших 69.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 116 033 200 төгрөгөөр П.Х-т худалдахаар тохиролцож түүний эзэмшилд 2018 оны 12 дугаар сард шилжүүлэн өгч төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. П.Хогт төлөлт хийлгүй мөн оны 6 cap хүргэсэн. Бид 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг сунгаж орон сууцны үнийг 115 333 118 төгрөг гэж төлбөр төлөх эцсийн хугацааг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж тохиролцсон. Миний бие Ч.Баяржаргалын эхнэр Э.Амаржаргалын 5029827680 тоот дансаар төлбөрийг авч байсан. П.Хнь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг төлж, түүнээс хойш төлбөрийг байнга хугацаа хэтрүүлж ирсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 66 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 7 700 000 төгрөг, нийт 73 700 000 төгрөг төлж, 41 633 118 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 3.6-д заасны дагуу түүний хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алдангийг зөвхөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд нийт 96 000 703 төгрөг болж байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлбөл зохих 112 333 118 төгрөгийн 50 хувиар тооцоход 56 166 559 төгрөг болж байна. П.Хгэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол банкинд хадгалуулж хүүд тодорхой хэмжээний орлого олох байсан тул хугацаагүй хадгаламжийн хүү сарын 0.68 х 10 capаар тооцоход 2 831 050 төгрөг болж байна. Иймд П.Х-аас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 41 633 118 төгрөг, алданги 56 166 559 төгрөг, олох ёстой байсан орлого болох 2 831 050 төгрөг, нийт 100 630 727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн С.Б-тэй өөрийн биеэр уулзаж байгаагүй. Ч.Бнь тухайн байрны эзэмшигч гэж өөрийгөө танилцуулж зээлийн барьцаанд байгаа 3 орон сууц, газрыг нийт 290 232 200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг төлж барагдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93 дүгээр байр, 2а болон 2б тоотыг буюу гурван орон сууцнаас хоёр орон сууцыг шилжүүлж авснаас нэхэмжлэгчийн дурдаад буй 93 дугаар байрны 2 тоот байр, газрын хамт үлдсэн. Тухайн байруудыг авснаас хойш бүрэн засвар хийж, тохижуулсан бөгөөд нийт 248 599 082 төгрөг төлсөн. Ч.Баяржаргалтай харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 41 633 000 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уулзаж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж банкны барьцаанд тавьж төлбөрийг бүрэн барагдуулахаар болсныг Ч.Бхүлээн зөвшөөрсөн боловч С.Б-өөсавсан итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул тухайн үед гэрээ байгуулж чадаагүй. Ч.Баяржаргалд орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж банкнаас зээл авч төлбөрийг өгөх тухай хэлсээр байхад өөрийн итгэмжлэлийг сунгалгүйгээр өнөөдрийг хүрч алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. С.Бнь орон сууц болон газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд холбогдох төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлд алданги тооцох тухай дурдсан байх бөгөөд С.Бөөрийн үүргийг биелүүлэх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Х-аас 62 449 677 төгрөг гаргуулаж, нэхэмжлэгч С.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлээс 38 181 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 470 448 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх “нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41 633 118 төгрөг үлдсэн талаар тайлбарласан атлаа алдангид 56 166 559 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн “...хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээж, мөн гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Түүний гүйцэтгээгүй үүрэг 41 633 119 төгрөг байх тул уг үүргээс тооцож алдангид 20 816 558 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ” гэж дүгнэсэн. Хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацааг үүрэг гүйцэтгэх хугацаа гэж үзэх ёстой. Хариуцагч эхний төлбөрт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 112 333 118 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба уг хугацаанаас 66 хоног хэтрүүлж 3 500 000 төгрөг, 70 хоног хэтрүүлж 6 500 000 төгрөг, 90 хоног хэтрүүлж 3 000 000 төгрөг, 97 хоног хэтрүүлж 37 000 000 төгрөг, 120 хоног хэтрүүлж, 3 000 000 төгрөг, 121 хоног хэтрүүлж 1 000 000 төгрөг, 131 хоног хэтрүүлж 2 500 000 төгрөг, 138 хоног хэтрүүлж, 2 500 000 төгрөг, 148 хоног 4 000 000 төгрөг, 256 хоног хэтрүүлж 7 700 000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч талаас алдангийг хэрхэн бодсон талаарх тооцооны баримтыг гаргаж өгсөн ба алдангийг тооцоход 96 000 703 төгрөг болсон. Гэтэл шүүх 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үлдэгдэл 41 633 118 төгрөгөөс алдангийг тооцсон нь үндэслэлгүй.

Банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээ бол нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна. Гэтэл нотлох баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрээний үлдэгдэл төлбөр болох 41 633 000 төгрөгийг төлнө, харин алдангийг төлөхгүй гэв гэжээ. Гэтэл миний бие шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Орон сууц болон газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн тохиолдолд” хэмээн тайлбарласныг илтэд гуйвуулж зөвхөн орон сууцны гэрээний дагуу мэт бичжээ. Шүүх хуралдааны үед миний бие болон өмгөөлөгч Ч.Баяржаргалыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Баянзүрх, 25 дугаар хороо 93 байрны 2 тоот, 2а тоот, 26 тоот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо ойн гудамж 196 тоот газар нь гэрээний нэг зүйл гэдгийг шүүх хуралдаанд тайлбарладаг, түүнийг нь нэхэмжлэгч үгүйсгээгүй. Нотлох баримт дутуу байхад шийдвэрлэсэн. Шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч татгалзлыг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг эхэлсэн байсан бөгөөд шүүх хуралдаан үргэжилж нотлох баримт шинжлэн судалж байхад өөрийн алдаатай үйлдэлээ залруулахын тулд хавтаст хэрэгтэй танилцсан баримтад хүчээр гарын үсэг зуруулахыг оролдсон. Шүүх худалдах, худалдан авах гэрээг зөв үнэлээгүй гэж үзэж байгаа бөгөөд учир нь нэхэмжлэгч талаас 26 тооттой холбоотой өөрийн зүгээс 2 төрлийн гэрээ гаргаж өгсөн, түүний сүүлийн гэрээ буюу 2019 оны 6 дугаар сард байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэлийн үндэслэл хэмээн дүгнэсэн. Мөн түүний дараагаар 2019 оны 6 дугаар сард гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч, гэрээний зүйлийг бусдад түрээслэх замаар ашиглаж байгаа талаар өөрөө тайлбарласан” гэжээ. Гэтэл тухайн үйл баримтын талаар шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс тодорхой тайлбар өгч Ч.Ббайсан бол хариулах тухай хэлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой байхад шүүхээс маргаагүй, тодорхой бус, тодорхой болгохоор оролдсон баримтын талаар хий дүгнэлт гаргасан. Гэрээний зүйл болох эд хөрөнгийг хэдийд хүлээлгэж өгсөн эсэхийг шүүх зайлшгүй тоггоох шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэл болгож С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баяржаргалын өөрийн гараар бичиж өгсөн газар шилжүүлэх тухай баримтыг эх хувиар гаргаж өгсөн. Иргэний хуулийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” тухай заасан байтал шүүхээс тухайн үйл баримтыг үнэлэхгүй Ч.Баяржаргалын итгэмжлэл, байгуулсан гэрээнүүд, гарааг бичиж өгсөн эх хувь баримттай түүнийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгож надаас 100 000 000 төгрөг нэхэмжилж байхад тухайн баримтын талаар сөрөг нэхэмжлэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь эргэлзээ үүсгэж байна. Итгэмжлэлийн тухайд нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэлд холбогдох эд хөрөнгийн үнийн дүнг Ч.Баяржаргалын эхнэрийн дансаар шилжүүлж авч байсан түүний дагуу дансны хуулга хавтаст хэрэгт байдаг бөгөөд 2020 оны 02 дугаар сард төлбөрийг бүрэн барагдуулахаар нотариат дээр очиход итгэмжлэлийн хугацаа дууссан байсан холбогдох газрыг шилжүүлээгүй байсан ч Ч.Битгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш уулзаж байсан, одоогийн шүүхийн маргаанд төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн адил уулзалт хийж байсан гэдгийг шүүх Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөвхөн С.Бэрхтэй талаар дурджээ. Гэтэл дурдсанчлан утсаар ярьж болон биеэр уулзаж байгаагүй зөвхөн Ч.Баяржаргалтай харьцаж байсан үүнийг нь нэхэмжлэгч үгүйсгээгүй талаар хуралдаанд тайлбарласан. Мөн дээрх баримтуудыг үл харгалзан хариуцагчаас 62 449 677 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна

Нэхэмжлэгч С.Бнь хариуцагч П.Х-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41 633 118 төгрөг, алданги 56 166 559 төгрөг, олох байсан орлого 2 831 050 төгрөг нийт 100 630 727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, С.Бнь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол ХД 93 дугаар байр 2 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, П.Хорон сууцны үнэд 116 033 200 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны үнийг 115 333 118 төгрөг болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

 Хариуцагч П.Хнь гэрээний дагуу нэхэмжлэгчид орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Худалдагч тал гэрээний зүйл болсон орон сууцыг худалдан авагч талд шилжүүлсэнд талууд маргаагүй. Харин хариуцагчаас “Гэрээний зүйл нь орон сууцнаас гадна газар байсан бөгөөд орон сууц болон газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Алданги, олох ёстой орлого төлөх үндэслэлгүй. Мөн худалдагч С:Баянмөнхийг төлөөлж байгуулсан Ч.Баяржаргалд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан” гэж марган, гомдол гаргасан байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрээнд тайлбар хийхдээ үгийн шууд утгыг анхаарна. Худалдах, худалдан авах гэрээний үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэлд дурдсан хаягт байрлах 69,94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл газрын эрх байсан, газрын эрхийг шилжүүлээгүй гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн 18 талд авагдсан С.Б-өөсЧ.Баяржаргалд өөрийн нэрийн өмнөөс дээрх хаягт байрлах 69.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, төлбөр тооцоог хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх ба Ч.Буг итгэмжлэлийн дагуу гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийсэн талаар талууд маргаагүй. Харин Ч.Баяржаргалын итгэмжлэлийн хугацаа хожим дууссан нь хариуцагчийг орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь орон сууцны үнээс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 66 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 7 700 000 төгрөг, нийт 73 700 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгаар тогтоогджээ. /хх-5-13/

Талууд шүүхэд нэхэмжлэл гаргах үед 41 633 118 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар маргаагүй атлаа нэхэмжлэгч алдангийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 112 333 118 төгрөгөөс тооцон 56 166 559 төгрөг нэхэмжилсэнийг үндэслэл бүхий гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 41 633 119 төгрөгөөс тооцож 20 816 558 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээ нийтэд илэрхий үйл баримт учир банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр олон ёстой орлогыг тооцох ёстой гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь банк тус бүрийн хадгаламжийн хүү өөр өөр байхад аль банкны ханшаар тооцох нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 2 831 050 төгрөг гаргуулах хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосоныг буруутгахгүй.

Талууд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон тул худалдан авагч тал орон сууцны үнийг төлсний дараа өмчлөх эрх шилжих учиртай. Иймээс өмчлөх эрх шилжүүлсний дараа мөнгийг төлнө гэх хариуцагчийн гомдол тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Анзын талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдсан байх ёстой. Талууд бичгээр байгуулсан гэрээний нөхцлийг өөрчлөх бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр байгуулах ёстой. Иймд нэхэмжилж буй алданги нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлгээр нотлохгүй.

Мөн хариуцагчийн гаргасан шүүгчээс татгалзсан хүсэлтийг хүлээж аваагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсний дараа буюу шүүгчийг хуульд заасан ажиллагааг явуулсантай холбогдуулан татгалзжээ. Иймд шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 348 856 төгрөг, хариуцагчийн төлсөн 470 448 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                                          ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА