| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00008/И |
| Дугаар | 137/ШШ2025/00008 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00008
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, ЭМДЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,775,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот ..... дүүрэг ......... хороо, Чингисийн өргөн чөлөө ........тоотод байрлах, ЭМДЕГ /ХХД:-......., РД:....., утас:............./-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б-ийн үйлдлийн улмаас З.Т-ийн биед тархи доргилт гэмтэл учирсан, улмаар эдгээр гэмтлүүдийг эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 1,775,685 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан. Харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь шийдвэрлэгдээгүй орхигдсон тул буруутай этгээдээс гаргуулах нь зүй ёсны гэж үзэн төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гарсан. Иймд Б.Б-ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,775,685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Б-ны Б /РД:......, утас:...../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б миний бие З.Т-ийн биед хор хохирол учруулсан нь үнэн. Иймд хохирол болох 1,775,685 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭМДЕГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Т нь хариуцагч Б.Б-т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,775,685 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,775,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ЭМДЕГ /ХХД:......, РД:...., утас:.-......ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,775,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-ээс 1,775,685 төгрөгийн тэмдэгтийн хураамж 43,461 төгрөгийн 50 хувь болох 21,680.48 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б