Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 6

 

2018 оны 01 сарын 02 өдөр                       2018/ШЦТ/06                                        Хэрлэн сум

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0020/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            А.Цэрэндулам,

Улсын яллагч                                         Д.Отгонтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                Г.С нарыг оролцуулан

                 Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улам-Оргих овогт Галхүүгийн Сд холбогдох 1739002800099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймагт 1984 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Улам-Оргих овогт Галхүүгийн С / /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Г.С нь 2017 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Чандганы уурхайд Д.Эрдэнбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Эрдэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай уурхайд ажилладаг Сүрэнхорол нь шөнийн 02 цагийн орчим над руу залгаад  “ намайг ирээд аьчма гэж хэлсэн” тэгэхээр нь би ажлын байраа ораиж явж чадахгүй ээ чи өөрөө ир гэж хэлсэн. ... Удалгүй 03 цаг өнгөрч байхад ...Сүрэнхорол гаднаас орж миний утсын аьч шидээд намайг орон дээрээс босгож ирээд үснээс зулгаагаад нэг удаа мөргөөд газар унагаагаад миний бие рүү өгишлөөд байсан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 хуудас/

Гэрч Л.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө унтаж байтал Эрдэнэбаатар ахыг С зодчихлоо Сгийн эхнэр Балжмаа намайг сэрээсэн, гартал Эрдэнэбаатар ах хашааны жорлонгийн зүүн талд С урд талд хоорондоо нэлээд зайтай зогсож байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/

Сэжигтэн Г.Сгийн мөрдөн байцаалтан өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө би найзтайгаа архи уусан байсан бөгөөд машин эвдэрээд явж чадахгүй арай ойрхоноор нь ажлын ах Эрдэнбаатарруу утсаар яриад ирээд авахыг аүссэн тэгтэл чадхгүй гэсэн бөгөөд их удаж манай эхнэр хүний машинтай ирж намайг уурхайруу хүргэж өгсөн тэгээд би их даарсан уурандаа Эрдэнэбаатар ах ирж аваагүйд гомдож мөн уурлаж галчын өрөөнд ороод цохиод авсан юм. Би энэ үйлдэлдээ их гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Сгийн иргэн Д.Эрдэнбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Улам-Оргих овогт Галхүүгийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ