| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2018/0007/Э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 7
2018 оны 01 сарын 08 өдөр 2018/ШЦТ/07 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0007/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Д.Отгонтуяа
Хохирогч Т.Огонгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Б.Днарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-дод холбогдох 1739001290074 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Булган аймгийн Гурванбаян суманд 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг саригийн 15-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Д/ РД /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Днь 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 1.25 граммын кола ундаа 12 ширхэг, Хэрлэн гэх нэртэй нарийн хиам 4 кг, 29 хайрцаг LD нэртэй тамхи, шилтэй хүүхдийн сок 6 ширхэг, Тоди гэх нэртэй 28 ширхэгтэй 3 уут хүүхдийн живх, sumsung S-3 маркийн хар хөх корпустай гар утас, бэлнээр 100.000 төгрөг эд зүйлсийг хулгайлж иргэн Т.О367.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Оийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 07 цаг 40 минутын үед Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд вакум цонх нь онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дэлгүүрээс 1.25 литрийн кола ундаа 12 ширхэг, Хэрлэн гэх нэртэ нарийн хиам 4 кг, 100.000 төгрөг бэлнээр, 29 хайрцаг LD тамхи, 6 ширхэг шилтэй хүүхдийн сок, 28 ширхэгтэй 3 уут Тоди хүүхдийн живх, самсунг S-3 маркийн хар хөх корпустай гар утас дэлгүүр дотроос хулгайд алдагдсан байсан. Би дэлгүүрийн орлого 130 гаруй мянган төгрөгийг улаан өнгийн түрийвчиндээ хийгээд тавиур дээр орхисон байсан. Хайрцганд болохоор задгай 30 гаруй мянган төгрөг байсан. Тэрийг аваагүй. Бүхэл 100,000 төгрөг авсан байсан /хх-ийн 12-13 тал/, би энэ хүний ахуй амьдралыг нь ойлгоод өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхээ болилоо харин манай дэлгүүрт байсан хүний гар утасны үнэ 80.000 төгрөгийг л төлчих гэсэн юм. Гэтэл энэ хүн хохирол огт төлөөгүй хэрнээ намайг утсаар загнаад гомдолтой гэж хэлвэл хэлэхгүй юу гэх мэтээр аашилсан. Уг нь би хохирлоо нэхэмжилвэл энэ хүний ял нь хүндэрнэ гэж бодож нэхэмжлэхгүй гэж бодож байсан. Одоо яахаа мэдэхгүй болоод байна. Хэрвээ намайг нэхэмжлэнэ гэвэл ял нь хүндрэх үү?, тэр өдөр нэг танидаг хүн маань ах нь архи уучихсан байна аягүй бол утсаа хаячихна гээд манай дэлгүүрт гар утсаа үлдээгээд явсан юм. Гэтэл тэр утсыг нь хулгайлчихсан. Тэр утасны эзэн надаас утсаа нэхээд байгаа, тэгээд би энэ шүүгдэгчийг чи ядаж тэр хүний утсыг нь төлчих гэж гуйсан. Уг нь хадам ээж нь утсаар надтай холбогдоод Б.Дод гар утасны үнэ 80.000 төгрөг өгөөд явууллаа очсон уу гэж өдөржин залгасан. Гэтэл энэ хүн тэр мөнгийг авчирч өгөөгүй. Шүүх хуралдаанд хамгийн сүүлд хэлэхэд хохирол 367.200 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.О-ийн дахин өгсөн мэдүүлэг: “ ... Өдөр хэрд манай хүүхэд сургуульдаа явах гэж байхад ... шар монхор өндөр хамартай, 170-180 см орчим өндөртэй туранхай хүүхдийн жижиг дугуй унасан, халимаг налуулсан үстэй, хажуу талыг нь халзан болгож хуссан байсан 20 гаран насны залуу орж ирээд надаас хүүхдийн живх зээлээр өгөх үү гэхээр нь би танихгүй хүнд зээл өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гараад унадаг дугуйгаа унаад хойш явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
Гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай хамтран амьдардаг Б.Д шөнө 03 цагийн үед гараад явсан. Намайг унтаж байхад ирсэн. Өглөө 9 цагийн үед сэрэхэд кола ундаа 1.25 граммын 1 сагс, тоди хүүхдийн живх 1 бүтэн уут бас задалсан 1 уут, саарал LD тамхи 20 гаран хайрцаг, 5-6 ширхэг годгор хиам, хүүхдийн сок 6 шил, самсунг S-3 маркийн гар утас авч ирсэн байхаар нь хаанаас авсан юм гэж хэлэхэд дуугарахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/,
Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15 тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 тал/
Үнэлгээний комиссын шийдвэр /хх-ийн 14 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б.Дыг 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 1.25 граммын кола ундаа 12 ширхэг, Хэрлэн гэх нэртэй нарийн хиам 4 кг, 29 хайрцаг LD нэртэй тамхи, шилтэй хүүхдийн сок 6 ширхэг, Тоди гэх нэртэй 28 ширхэгтэй 3 уут хүүхдийн живх, sumsung S-3 маркийн хар хөх корпустай гар утас, бэлнээр 100.000 төгрөг эд зүйлсийг хулгайлж иргэн Т.О367.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Днь шүүхийн хэлэлцүүлэгт бэлэн 100.000 төгрөгийг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр няцаагдаж байна.
Шүүгдэгч нь Б.Днь хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй ба хохирогч Т.Огонгэрэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол 367.200 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Двдыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Дыг 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Дод оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б.Доос 367.200 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Оолгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА