Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00957

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00957

Дорнод аймаг

 

                                            Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

              Нэхэмжлэгч: *******н *******ын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: *******гийн *******

              Хариуцагч: *******ийн ******* нарт холбогдох

              Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3 221 245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Гялс финанс” ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулж, барьцаат зээлийн газрын үйл ажиллагаа явуулж байсан. Манай компанийн Дашбалбар суманд байрлах салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан М.Солонгоор дамжуулан М.*******, Б.******* нар нь 2023 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 5.4 хувийн хүү тохирч 3 000 000 төгрөгийг зээлсэн. ...Уг зээлээс 1 191 000 төгрөгийг төлсөн ба гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 24-ний өдөр дууссан. Зээлээ төлөх талаар удаа дараа холбогдож шаардахад “удахгүй төлнө” гэсээр өнөөдрийг хүрсэн.

           Иймд М.*******, Б.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 249 473 төгрөг, хүү 971 772 төгрөг, нийт 3 221 245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч М.*******, Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Д.******* гэх хувь хүнээс 2023 оны 7 сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг 5.4 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Сар бүр төлөлтөө хийж явсан. 10 сарын 25-нд төлөлтөө хийсний дараа 11 сард гэрээгээ шинэчлэх шаардлагатай гэж хэлсэн. Энэ нь зээл олгох эрхгүй “Гялс финанс” ХХК болж таарсан учир, мөн манай эхнэр Б.******* энэ байгууллагад ажиллаж байсан үе тул хууль бус гэрээ шинэчлэлт гэж ойлгосон тул гэрээгээ шинэчлээгүй ба зээл төлөлтөө зогсоосон. Мөн манай эхнэр ажиллаж байх үедээ хэт их ажлын ачаалал болон сэтгэл санааны дарамтанд ажиллаад байсан. Байнга илүү цагаар ажиллуулдаг хэрнээ огт илүү цагийн хөлс гэж өгч байгаагүй. Б.*******т цалин, илүү цагийн мөнгийг нь олговол тэдгээрийг нь зээлнээс хасуулж үлдсэн зээлээ төлөхөд бэлэн гэжээ.

           Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Д.******* нь тус шүүхэд хариуцагч М.*******, Б.******* нарт холбогдуулан 3 221 245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 891 245 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж,  үлдэх 2 400 000 төгрөгийг хариуцагч М.*******, Б.******* нар нь сар бүрийн 20-ны өдөр 400 000 төгрөгөөр төлөхөөр эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******, Б.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3 221 245 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 221 245 төгрөгөөс 891 245 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2 400 000 төгрөгийг хариуцагч М.*******, Б.******* нар нь сар бүрийн 20-ны өдөр 400 000 төгрөгөөр 6 хувааж нэхэмжлэгч Д.*******ад төлөх талаар тусгажээ. 

          Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 891 245 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 2 400 000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 400 000 төгрөгөөр 6-н сарын хугацаанд хувааж төлж байхаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 489 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 33 244.5 төгрөг, хариуцагч М.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 26 675 төгрөг /2 400 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53 350 төгрөгийн тавин хувь/-ийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад тус тус олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.                     

 

 

 

ШҮҮГЧ                        Х.ОТГОНЖАРГАЛ