| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01052/И |
| Дугаар | 138/ШШ2024/01007 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/01007
| 2024 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 138/ШШ2024/01007 | Дорнод аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 9 сарын 01-ний өдөр Найрамдал талбайн хойд зам дээр урд явж байсан машин осол гаргасан байсан учраас тойрч гарахаар ухарч байхдаа 85-46 УЕЕ улсын дугаартай приүс-30 маркийн машиныг мөргөсөн. ...Маргааш нь уг машины жолоочтой уулзаж учруулсан хохирлоо барагдуулъя гээд хамт зах зээлийн судалгаа хийж нийт хохирлыг 3 000 000 төгрөг гэж тохирсон. ...Уг мөнгийг 5420272197 дугаартай эхнэр Баярмаагийнх нь данс руу шилжүүлсэн. Гэхдээ тэр хүн машинаа янзлуулж дуусахаар би мөргөж эвдэрсэн гүпер, гэрэл, карлан зэргийг нь авахаар ярилцсан юм. ...Машинаа янзлуулж дууссан боловч одоог хүртэл эд зүйлийг буцаан өгөхгүй алга болсон. Саяхан залгаж холбогдоход хуучин эвдэрсэн эд зүйлээ буцаан өгөхгүй гэсэн. Би учруулсан хохирлоо тохиролцсоны дагуу барагдуулсан. Одоогоор мөнгө санхүүгийн байдал хүнд байгаа учраас хуучин эд зүйлээ аваад зарахад хамгийн багадаа 700 000 төгрөг болно. Иймд *******аас 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* нь зам тээврийн ослоос хамаарч 2 цагдаа машинуудыг зогсоож шалгаж байхад харсаар байгаад миний машиныг мөргөж хохирол учруулсан. "Вендо" үнэлгээний газраар хохирлыг үнэлүүлэхэд 2 086 000 төгрөг гэж гарсан бөгөөд уг үнэлгээг зөвшөөрөхгүй байсан учраас машины эд анги зардаг газар руу холбогдож хохирлыг судалж гаргасан. ...Манай эхнэрийн данс руу 3 000 000 төгрөг явуулж хохирлыг барагдуулсан. Машинаа янзлуулаад удаагүй хэд хоногийн дараанаас ******* залгаж юмаа сольж янзлуулсан уу гэсэн. Тэгэхээр нь тэгсээн янзлуулсан гэхэд "тэр сольж янзлуулсан эд ангиудаа өг" хэмээн нэхэж эхэлсэн. ...Түүний нэхэмжилж буй 700 000 төгрөг нь ямар шалтгаантайг гайхахын зэрэгцээ яаж, хэрхэн ийм үнэлгээг гаргуулан нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчтай ярилцаад 700 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч ******* нь Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох урд гүпер, жолоочийн талын карлан, жолооч талын их гэрэл, жолооч талын шил арчигч зэргийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож, бид эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 төгрөгийг мөнгөн хэлбээр гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох урд гүпер, жолоочийн талын карлан, жолооч талын их гэрэл, жолооч талын шил арчигч зэргийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
3. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохооор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 700 000 төгрөгийг мөнгөн хэлбээр гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиуд болох урд гүпер, жолоочийн талын карлан, жолооч талын их гэрэл, жолооч талын шил арчигч зэргийг 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ