| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0005/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 8
2018 оны 01 сарын 09 өдөр 2018/ШЦТ/08 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0005/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Хохирогч С.Б, Б.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б-д холбогдох 201523000211 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Өргөөгийн 4а-02 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт М-ын Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим 12-98 УНҮ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 07-73 УБТ улсын дугаартай Тоёота Прадо маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 07-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож уг машины жолооч Г.Н, 12-98 УНҮ ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Г нар нас барсан буюу 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цаг 30 минутаас 21 цагийн хооронд уулзсан ... машины маань араа нь давхралдаад байна машинаа өгөөч гэхээр нь би албаныхаа Тоёота прадо 0773 УБТ улсын дугаартай авто машинаа өгч явуулсан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосгон гэх газар даргыгаа хүргэж өгчихөөд ирнэ, удахгүй ирнэ гэж хэлээд явсан. Нас барсан талаар нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны үдээс хойш 15 цаг 30 минутанд мэдээд Хэнтий аймагт 2015 оны 07 дугаар сарын 20-ны үдээс хойш 18 цаг 30 минутын үед ирсэн. Өөдөөс нь явсан машинаас болсон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27, 29-30х/
Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Бага хүргэн Б хүүеэ юу болов оо гэтэл манай хажуугаар нэг бараан өнгийн машин эргэж хөрвөөгөөд даланд нэг цохигдоод замын урд тал руу ойчсон. Урагшаа хартал хүргэн М.Б-ын машин зам дээр хөндөлсөөд зогссон. Нөхрийн маань сууж явсан талаас дотогшоо цөмрөөд орсон шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-36х/
Иргэний нэхэмжлэгч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн 6 дугаар багт байрлах Их эзэн Чингис хааны өлгий нутагт тавтай морил гэсэн хаалганаас ертөнцийн зүгээр баруун хойш 300 орчим метр газар зам тээврийн осолд орж эвдэрсэн Сүхбаатар аймгийн Монгол даатгал салбарын Тоёота Прадо маркийн 07-73 УБТ улсын дугаартай авто машины эвдрэл болон авто машиныг буруутай этгээд болон Миг даатгалаас нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44х/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгтэл цагдаагаас хүмүүс нь ямаршуухан байна гэхээр нь би Прадогийн хажууд талд нэг ах доошоо харсан байдалтай хэвтэж байна гэж хэлсэн. Нөгөө авто машин руу гүйж очиход цаад талд нь доор нь юм дэвсээд нэг эмэгтэйг хэвтүүлсэн байсан. Буруу талын урд тал нэг үл таних ах машин дотроо бууж чадхааргүйгээр гацсан байсан. Дух орчмоос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45х/
Гэрч Г.Ч-ийн Мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нөхрийн барьж явсан приус 20 маркийн автомашины өөдөөс нэг машин өнхөрч ирээд засмал замыг өнгөрөөд ойчоод өгсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөхөр бид хоёрын урд байсан хүргэн ах Б-ын машин дээр очиход автомашиных нь жолоочийн эсрэг тал бүхэлдээ эвдэрч хэмхэрсэн байсан. Тэгээд аав маань урагшаа тонгойгоод урд талын салоны ирмэгт толгой нь хүрчихсэн байдалтай авто машин дотроо ухаангүй байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46х/
Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэгээд урд явсан машинтай мөргөлдсөн. Энэ үед би замын хажуу руу шахаж зогсоод машинаасаа буугаад баз хүргэний машин дээр нь очсон. Ард сууж явсан хадам эгч, охин хоёроос охиныг эхэлж машинаас гаргаад өөрийнхөө машины арын суудалд суулгасан. Дараа нь хадам эгчийг гаргаад авто машины хойд талд хэвтүүлсэн. Тэгээд хадам аав Г-г харахад жолоочийн хажуу талын суудалд урагшаа шахагдсан ямарч хөдөлгөөнгүй ухаангүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51х/
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 032 дугаартай:
Талийгаач Б.Г-ын биед цээж, хэвлий хөндийн хавсарсан битүү гэмтэл, олон хавирганы хугаралууд, цээжний хөндийн цус хуралдалт, их биеийн доргилт, эрүүн доор, хүзүүний баруун урд хэсэгт, зүүн мөрний гадна хэсэг, мөрний гадна дээд хэсгийн шарх, баруун зүүн гарын бугалганы зулгарсан шалбархайнууд, зүүн гарын шуу ясны далд хугарал, цээжний зүүн урд хэсэг, хөх, нуруу, шилбэ, өвдөгний зулгаралт, толгойн оройн хуйхан доорхи цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал: зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
Дээрх цээж, хэвлий хөндийн хавсарсан битүү гэмтэл, олон хавирганы хугаралууд, цээжний хөндийд цус хуралдалт, их биеийн доргилт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл болно. Харин эрүүн доор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн мөрний гадна хэсэг, мөрний гадна дээд хэсгийн шарх, баруун зүүн гарын бугалганы зулгарсан шалбархайнууд, цээжний зүүн урд хэсэг, хөх, нуруу, шилбэ, өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн гарын шуу ясны далд хугарал, толгойн оройн хуйхан доорхи цусан хураа бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй.
Шинжилгээнд ирүүлсэн Б.Г-ын гэх цус, ходоодны шингэнд спиртын зүйл илрээгүй байна.
Б.Г-ын гэх цус А /II/ бүлгийн харьяалалтай байна.
Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас хурц цус алдалтанд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт. /хх-ийн 65-66х/
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 033 дугаартай шинжээч эмчийн:
Талийгаач Г.Н-ийн биед гавал тархины гэмтэл, гавлын ясны хамар, самалдагын дотор хананы хугарал, толгойн духны хуйхан доорхи цус хуралт, 2 нүдний ухархайн дотор доод хананаас 2 чамархай ясны доод ханыг хамарсан шугаман хугарал, олон хавирганы хугаралууд өвчний ясны дээд хэсгийн хугарал, их биеийн ерөнхий доргилт, духны урд хэсэг, хамрын нуруу, баруун хацар, баруун чихний дэлбэн, баруун мөр, тохой, хэвлий, баруун шагай, шуу, өвдөг, шилбэний зулгаралт, шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал: зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
Дээрх гавал тархины гэмтэл, гавлын ясны хамар, самалдагын дотор хананы хугарал, толгойн духны хуйхан доорхи цус хуралт, 2 нүдний ухархайн дотор доод хананаас 2 чамархай ясны доод ханыг хамарсан шугаман хугарал, олон хавирганы хугаралууд, өвчүү чамархай ясны дээд хэсгийн хугарал, их биеийн ерөнхий доргилт, бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл болно. Харин духны урд хэсэг, хамрын нуруу, баруун хацар, баруун чихний дэлбэн баруун мөр, тохой, хэвлий, баруун шагай, шуу, өвдөг, шилбэний зулгаралт, шалбархай бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй.
Шинжилгээнд ирүүлсэн Г.Н-ийн гэх цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна.
Г.Н-ийн гэх цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.
Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70 хуудас/
Шинжээч С.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... М.Б-ын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт тэгээд Чингис хаалганаас дөнгөж хөдлөөд 1 км хүрэхгүй газар явж байтал хадам аав Г тамхи асуухаар нь би аавд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн чинь хадам аав байхгүй байна гэхээр нь аавд тамхыг олж өгөх гээд авто машины голын хайрцаг дээр байсан эхнэрийнхээ гар цүнхийг би зүүн гараараа аваад голын хайрцаг руу хартал гэнэт түс тас гээд явчихсан ... тэгээд машинаасаа буугаад харахад миний машин буруу талын урд хэсэг чихэгдчихсэн, урд салхины шил хагарчихсан засмал зам дээр урагш харсан байдалтай хөндөлсөөд зогсчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 хуудас/
Техикийн 9 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 12-01 дугаартай дүгнэлт.
Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд “Ниссан Тида” маркийн 12-98 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат М.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд ... эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ... гэх дүгнэлт. /4хх-ийн 112-116хуу/
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...хадам аав Г тамхи асуухаар нь би аавд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн чинь хадам аав байхгүй байна гэхээр нь аавд тамхыг олж өгөх гээд авто машины голын хайрцаг дээр байсан эхнэрийнхээ гар цүнхийг би зүүн гараараа аваад голын хайрцаг руу хартал гэнэт түс тас гээд явчихсан ... тэгээд машинаасаа буугаад харахад миний машин буруу талын урд хэсэг чихэгдчихсэн, урд салхины шил хагарчихсан засмал зам дээр урагш харсан байдалтай хөндөлсөөд зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч М.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр буюу Чингис хотоос Улаанбаатар хот явах засмал замын чиглэлийн 06 км-ын заалтын орчимд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим 12-98 УНҮ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж өөдөөс нь ирж явсан 07-73 УБТ улсын дугаартай Тоёота Прадо маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 07-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож уг машины жолооч Г.Н, 12-98 УНҮ ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Г-д нар нас барсан буюу 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Б-ийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 0032, 033 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч С.П-ийн “... М.Б-ын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт тэгээд Чингис хаалганаас дөнгөж хөдлөөд 1 км хүрэхгүй газар явж байтал хадам аав Г тамхи асуухаар нь би аавд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн чинь хадам аав байхгүй байна гэхээр нь аавд тамхыг олж өгөх гээд авто машины голын хайрцаг дээр байсан эхнэрийнхээ гар цүнхийг би зүүн гараараа аваад голын хайрцаг руу хартал гэнэт түс тас гээд явчихсан ... гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...хадам аав Г тамхи асуухаар нь би аавд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн чинь хадам аав байхгүй байна гэхээр нь аавд тамхыг олж өгөх гээд авто машины голын хайрцаг дээр байсан эхнэрийнхээ гар цүнхийг би зүүн гараараа аваад голын хайрцаг руу хартал гэнэт түс тас гээд явчихсан ... гэх мэдүүлэг, Техикийн 9 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 12-01 дугаартай .... М.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд ... эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ... гэх дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан нийт 11.929.181.5 төгрөгийн баримт байх ба үүнийг шүүгдэгч нь хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн нэхэмжилсэн бусад ном уншуулсан, зээл хаасан, талийгаачийн авах байсан цалин, хөлс, 21, 49 хоног хураасан зардал, хоолонд орсон /солонгос хоол/, шуудангийн баримтууд, флаш диск авсан, бохь, жимс, жүүс, хиам ... гэх мэт зүйл авсан зардлууд нь Иргэний хуульд зааснаар гэм хорыг арилгах зардалд хамаарахгүй байх тул дээрх зардуулыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.
Мөн хохирогч нь Тоёота Прадо маркийн машиныг зөөж, тээвэрлэх зардлыг нэхэмжилсэн ба С.Б нь иргэний нэхэмжлэгч биш, тухайн авто машин нь “Монгол даатгал” ХХК-ны эзэмшлийн машин байх ба тус компаниас төлөөлөгчөөр У.А, Г.Д гэх хүмүүсийг иргэний нэхэмжлэгчээр томилж уг автомашиныг устгалд оруулж, бичлэг хийж албажуулсан талаар мэдэгдсэн байна.
Иймд тухайн автомашиныг зөөх, тээвэрлэх зардлыг гаргуулж хохирогч С.Б-д олгох үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт М-н Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 02 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгчийн цагдан хоригдсон 06 /зургаа/ сар 03 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 288709 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, М.Б-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг өөрт нь, 0773 УБТ улсын дугаартай Прадо автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг Монгол даатгал ХХК-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА