| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0542/3 |
| Дугаар | 128/ШШ/2024/0691 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ/2024/0691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“**************” ГХОХХК /РД:************/
Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******
Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитын менежер Д.О*******
Гуравдагч этгээд: Ашигт малтмал, газрын тосны газар нарын хооронд үүссэн аудитор нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай актын 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*************, Г.Н*************, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “**************” ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******, аудитын менежер Д.О******* нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай актын 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “**************” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсад Газрын тосны тухай хуулийн дагуу ************ талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г[2] Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулжээ.
2.2. Одоо хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Газрын тосны тухай хуульд зааснаар гэрээлэгчийн хайгуулын ажлын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардалд Ашигт малтмал, газрын тосны газар буюу гэрээг хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, гаргасан дүгнэлтээ Аудитын газарт хүргүүлэх, улмаар Газрын тосны тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд зааснаар аудитын байгууллага өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулж шийдвэр гаргадаг байна.
2.3. Дээрх хуулиуд болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн 2020-2021 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Ашигт малтмал, газрын тосны газар хяналт шалгалтыг хийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж, нийцлийн аудитын тайланг[3] гаргасан.
2.4. Улмаар хариуцагч Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******, аудитын менежер Д.О******* нар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ************ дугаартай актыг[4] үйлдэж, аудитын тайлангаар нэхэмжлэгчийг 2020-2021 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө болох 154,410.00 (Нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван) ам.долларыг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хариуцуулсан байна.
2.5. Нэхэмжлэгч нь аудитын тайланг Үндэсний аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/63 тоот албан бичгээр[5], актыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/460 тоот албан бичгээр[6] хүлээн авч танилцаад өөрт холбогдох хэсгүүдийг эс зөвшөөрч, гомдлоо Монгол Улсын Ерөнхий Аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.З************ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/01 тоот албан бичгээр[7] хүргүүлжээ.
2.6. Монгол Улсын Ерөнхий Аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1034 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[8] гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай хариу өгснийг нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... Хуульд зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардал ялгаатай. Мөн аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой. Нөгөөтээгүүр Газрын тосны бүртгэл тооцооны журам, Газрын тосны тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхий аудитороос баталсан акт, Төлбөрийн акт тогтоох журамд зааснаар хяналт шалгалт хийх явцдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд гаргах гэж байгаа актаа урьдчилан танилцуулж, хариу тайлбар, саналыг нь авах ёстой байтал үүнийг зөрчсөн. Гэрээлэгч хайгуулын ажлын доод хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу хангасан. Тиймээс 154,410 ам.долларыг төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны акт гаргах процессыг зөрчсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй ... 154,410.00 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хайгуулын ажлын доод хэмжээг өртөг нөхөгдөх зардалтай давхцуулж, хольж ойлгоод байгаа учраас зөрүү гарсан гэж бид үзэж байна. Бид хайгуулын ажлын доод хэмжээгээ гаргасан. Үндэсний аудитын газар энэ талаар ойлгож байгаа боловч өртөг нөхөгдөх зардлыг бууруулъя, тухайлбал зарим гүйлгээг гадаадын банкаар дамжуулж хийсэн учраас үүнийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй, төлөвлөгөөнд заасан төсвөө хэтрүүлсэн учраас тооцохгүй гэх мэт байдлаар хасаж тооцсон. Хассан дүнгээ “хайгуулын ажлын доод хэмжээгээ хангаагүй байна” гэж ойлгож хасаж байгаа нь үндэслэлгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.1-д “гэрээлэгчид нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ноогдох зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж заасныг зөрчсөн. Үндэсний Аудитын газар аудитыг гүйцэтгүүлж дуусаад тайлангийн төслийг 2 удаа шалгагдагч этгээдэд танилцуулсан. Тайлангийн төслийг 1 удаа, зөрчлийн маягтаар 2 удаа танилцуулсан. 11 дүгээр сарын 21-ний өдрийн гарын үсэгтэй зөрчлийн маягт нь зөвхөн “**************” ХХК-д гаргаж өгсөн маягт юм. Энэ нь олдоогүй учраас хэргийн материалд өгч чадсангүй. Дараа нь 12 дугаар сарын 01-ний өдөр бүх гэрээлэгч компаниудад тайлангийн төслийг хүргүүлсэн. “**************” ХХК Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2 дахь заалт болон гэрээний хавсралтад зааснаар 2021 онд 3,000,000 ам.доллараас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд аудит хийх явцад 2,845,589,56 ам.долларын өртөг нөхөгдөх зардал баталгаажсан. Энэ нь Газрын тосны тухай хуульд заасан өртөг нөхөх зардлын тодорхойлолтын дагуу хасагдсан. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д "өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг”, 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "хайгуулын ажлын зардал" гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг”, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг” гэж тус тус заасан. Тиймээс “өртөг нөхөгдөх зардалд хайгуулын ажлын доод зардал хамаагүй, тусдаа ойлголт” гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтуудаар няцаагдаж буй үндэслэлгүй тайлбар. Өртөг нөхөгдөх зардлын 4 бүрэлдэхүүний нэгд нь хайгуул дангаараа орж байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.9. Гуравдагч этгээдийн зүгээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Иймд ... гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй байна ...” гэж тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аудитын тайлангийн Бүлэг 1-ийн 1.1.4 дэх заалтад "харин нэр бүхий 3 гэрээлэгч 1,019,175.00 ам доллараар төсвийг дутуу зарцуулсан нь тухайн жилийн төлөвлөгөө, төсвийг бодитой төлөвлөөгүй, батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу хайгуулын ажлыг бүрэн хийгээгүй байна. Энэ нь БХГ-ний 7.3.3-0 "гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж заасныг зөрчсөн байна. Үүнд: ************** ХХК-ийн ************ талбай 154,410.00 ам.доллар", Бүлэг 2-ын 2.1.5 дахь заалтад "АМГТГ нь хайгуулын ажлын төлөвлөгөөтэй өртөг нөхөгдөх зардал (ӨНЗ гэх)-ын тайланг уялдуулж хяналт хэрэгжүүлдэггүйгээс гэрээлэгчид хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэсэн эсэхэд хяналт шалгалт хийгдээгүй байна. Үүнд: ************** ХХК-ийн ************ талбай 154,410.00 ам.доллар", актад "Ашигт малтмал, газрын тосны газар нь дараах гэрээлэгчдээс тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний 1,019,175.0 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй байна ************** ХХК-ийн ************ талбайн 154,410.0 ам.доллар" гэжээ.
ГГТХ болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журам (Бүртгэл, тооцооны журам гэх)-д зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ, түүний зардал болон ӨНЗ нь агуулгын ялгаатай, тусдаа ойлголтууд юм. ГТТХ-д зааснаар хайгуулын ажлын зардал гэдэг нь газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг хэлнэ гэж, харин ӨНЗ гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг хэлнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын ажлын зардалд нэхэмжлэгчээс гэрээт талбай дээр газрын тосны ордыг нээж илрүүлэхтэй холбоотой гаргасан геологи, хайгуулын ажлын нийт зардал багтдаг бол ӨНЗ-д хайгуулын ажлын геологи, зардал дээр бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын гэх зэрэг зардлууд нэмж тооцогддог.
Хайгуулын ажлын доод хэмжээ гэж нэхэмжлэгч нь БХГ-нд зааснаас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гэрээт талбайд жил бүр хийж гүйцэтгэхийг хэлнэ. Нэхэмжлэгч нь БХГ-ний 7.2 дахь заалт болон БХГ-ний Хавсралт В-д зааснаар 2021 онд 3,000,000 ам.доллараас багагүй хэмжээний хайгуулын ажлыг хийх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь БХГ-нд заасан хайгуулын ажлын хэмжээ, үүргээ жил бүр бүрэн болон давуулан биелүүлж ирсэн.
ӨНЗ-ын зорилго нь гэрээлэгч компанид хайгуул болон бүтээн байгуулалтын явцад гаргасан зардлаас ҮАГ-аас баталгаажуулсан хэмжээгээр олборлолтын шатанд нөхөн авах боломжийг олгож байгаа юм. Тодруулбал, нэхэмжлэгч хайгуулын үр дүнд орд нээж, олборлолт эхэлсэн тохиолдолд БХГ-нд зааснаар "өртөг нөхөгдөх зардлаа борлуулалт хийсэн тухайн сар бүр өртөгт нүүрсний давхаргын метан хийн хувь хэмжээгээр нөхөн" авах юм.
Нэхэмжлэгч нь 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр 4,821,560.00 ам.долларын хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн ч ковидын цар тахлын улмаас 3,483,945.27 ам.долларыг хайгуулын ажилд зарцуулсан бөгөөд АМГТГ хяналт шалгалт хийхдээ нэхэмжлэгчийн ӨНЗ-д тайлагнасан 3,216,672.82 ам.долларыг хайгуулын ажилд зарцуулсан зардал гэж хүлээн зөвшөөрсөн. Иймээс нэхэмжлэгч нь БХГ-нд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. АМГТГ хяналт шалгалтын дүгнэлтээ 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн албан тоотоор ҮАГ-т хүргүүлсэн.
Харин АМГТГ хяналт шалгалтын явцдаа ӨНЗ-ыг 2,888,311.32 ам.доллараар тогтоосныг, аудитын тайлангаар 2,845,589.56 ам.доллар болгож бууруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс аудитын тайлангаар баталгаажсан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон ӨНЗ-ын дүнтэй маргахгүй байгаа. Харин хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс ӨНЗ-ыг хасч, зөрүүг нэхэмжлэгчээр төлүүлэх арга хэмжээ авах тухай аудитын тайлан болон актын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг зөвшөөрөхгүй байгаагаа ҮАГ-ийн албан тушаалтнууд болон хариуцагч нарт удаа дараа хандахдаа тодорхой тайлбарлаж байсан. ГТТХ болон бүртгэл тооцооны журамд заасан ӨНЗ-ыг тооцох аргачлалд зааснаар нэхэмжлэгч нь олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бүтээн байгуулалтыг хийсэн тохиолдолд ӨНЗ-д хайгуулын ажлын зардлаас гадна бүтээн байгуулалтын зардал, үйл ажиллагааны зардал багтана. Иймд ӨНЗ нь хайгуулын зардлын доод хэмжээнээс зөрүүтэй (өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт эхэлсэн тохиолдолд түүнтэй холбоотой зардлуудыг нэмж тооцох тул хайгуулын ажлын доод хэмжээнээс их байна) байх нь тодорхой бөгөөд дээр 8 болон 9 дэх хэсэгт дурдсанчлан ГТТХ, бүртгэл тооцооны журам болон БХГ-нд зааснаар хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон ӨНЗ нь 2 өөр зардлууд юм.
БХГ-нд “гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд ГТТХ-д заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жилд дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө" гэж заасан. Энэ заалтын дагуу бол хэрэв нэхэмжлэгчийн 2021 онд хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө нь 3,000,000 ам.доллараас бага бол зөрүү мөнгийг АМГТГ-т төлнө. Гэтэл нэхэмжлэгчийн аудитын тайлангаар баталгаажсан хайгуулын ажлын зардал нь 3,216,672.82 ам.доллар байх тул нэхэмжлэгч актад дурдагдсан 154.410.00 ам.долларыг төлөх үндэслэлгүй байна. 13. Бүртгэл тооцооны журмын 3.1.2-д зааснаар "ОНЗ тооцоход нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийн дагуу бүртгэсэн боловч төлөгдөөгүй аливаа зардлыг ӨНЗ-д тооцохгүй" гэсэн учир гэрээлэгч ӨНЗ тайлангаа бэлтгэхдээ тухайн зардлыг зөвхөн мөнгөөр төлөгдсөн үед нь ӨНЗ тайланд бүртгэдэг ба тухайн зардал он дамнаж төлөгдсөн үед дараа жилд нь тайлагнадаг. Иймд өмнөх жилийн хайгуулын ажлын зардалд тооцогдох, өмнөх жилийн төсөв төлөвлөгөөнд багтсан зарим төрлийн ажлын зардлыг хайгуулын доод хэмжээнд оруулж тооцохгүйгээр зөвхөн ӨНЗ зардалд тооцож бүртгэж байна. Иймд хайгуулын ажлын зардал болон ӨНЗ хоёр тусдаа ойлголт гэдэг нь тодорхой бөгөөд хайгуулын ажлын доод хэмжээнд бүртгэгдэх зардлыг тодорхойлоход он дамнасан тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд орсон баримтаар нотлогдох, ажил нь гүйцэтгэгдсэн зардал бүр тооцогдох ёстой.
Аудит хийх явцад хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон ӨНЗ-ын ялгааг сайтар судлалгүйгээр дүгнэлт хийж, актыг үйлдсэн гэж үзэж байна. ҮАГ нь аудитын тайланг үйлдэхдээ бүртгэл, тооцооны журамд заасан "Төрийн аудитын байгууллага энэ журмын 11.6-д заасан дүгнэлт, саналыг хянан шалгаж, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч зөвшөөрснөөр баталгаажуулна", хэрэв гэрээлэгч, эсхүл оператор компани газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол төрийн аудитын байгууллага холбогдох тайлбар, нотлох баримтыг үндэслэж хянаж шалгаж шийдвэрлэнэ", "төрийн аудитын байгууллага нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгч, эсхүл оператор компанид энэ тухай албан бичгээр мэдэгдэж, өөрийн гаргасан дүгнэлтээр эцэслэн баталгаажуулна" гэж заасныг, мөн МУ-ын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журамд "аудитын баг аудитын алдаа, зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг аудитын алдаа, зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна" гэж, ТАХ-ийн төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно" гэж заасныг тус тус зөрчсөн.
ҮАГ нь аудит хийх явцдаа БХГ-нд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, тухайн жилд төсөвлөсөн хайгуулын ажлын төсвийг хооронд нь ялгаж салгаагүйгээс нэхэмжлэгчийн 2021 онд төсөвлөсөн 4,821,560.00 ам.долларыг хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэж буруу ойлгон түүнээс нэхэмжлэгчийн тухайн жилдээ хайгуулын ажилд зарцуулсан 3,483,945.27 ам.долларыг хасч, зөрүү буюу 1,273,967.18 ам.долларыг АМГТГ-т төлүүлэх саналыг АМГТГ-т 2023 оны 11 сард хүргүүлсэн. Бид энэ асуудал дээр хуулийн үйлчилгээ үзүүлэгч Ма******* ХХН-ээс саналыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны одор бичгээр авч, хуулбарыг бусад холбогдох баримт бичгийн хамт ҮАГ-т хүргүүлсэн. Бидний гаргаж өгсөн дүгнэлт, тайлбар зэргийг ҮАГ хүлээн зөвшөөрсөн.
Гэсэн хэдий ч ҮАГ нь аудит хийх явцдаа хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон ӨНЗ-ын хоорондох ялгааг харгалзан үзэлгүйгээр 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэх дүгнэлт болон актыг үйлдсэн нь өмнөх асуудалтай хамааралгүй тул бүртгэл, тооцооны журамд зааснаар нэхэмжлэгчээс энэ асуудал дээр тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүй аудитын дүгнэлтээ гаргаж, улмаар актыг 2023 оны 12 дугаар сард үйлдэн АМГТГ-т хүргүүлснийг 2024 оны 01 дүгээр сарын 12-нд мэдсэн. ҮАГ-нь шалгагдагч байгууллага болох АМГТГ-аас аудитын дүгнэлтийн төслийн талаар саналыг нь авсан нь аудитын тайлангийн хамрагдагч байгууллагуудын санал, тайлбар хэсэгт болон аудитын тайланд хавсаргасан АМГТГ-ын санал, тайлбар хүргүүлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/5827 тоотоос харагдаж байна. Харин гэрээлэгч болох нэхэмжлэгчээс санал аваагүй. АМГТГ-ын тайлбарын дүгнэлт 8.2-д өгсөн тайлбарт " Ме******* ХХК, Т******* ХХК, ************** ХХК-иудын нийт 2,393,935.09 ам.долларын төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэсэн тайлбарыг хийсэн болохыг энд дурдах нь зүйтэй. Тайлант хугацаанд буюу 2020-2021 онд дэлхий нийтээр тархсан корона вирусын үеэр тогтоосон хөл хорионоос шалтгаалж нэхэмжлэгчийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, төлөвлөсөн хайгуулын ажлаа хийх боломжгүй болсон. Иймээс давагдашгүй хүчин зүйлд өртсөн талаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр "гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ"-г авч, АМГТГ болон ҮАГ-т 2020 онд хүргүүлсэн. Нэхэмжлэгч 2021 онд уг гэрчилгээг хүргүүлээгүй ч бодит байдал дээр 2021 оны ихэнх хугацаанд цар тахлын улмаас дэлхий нийтээр хөл хориотой байсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл ҮАГ аудит хийхдээ энэ нөхцөл байдлыг огт авч хэлэлцээгүй.. БХГ-нд ""давагдашгүй хүчин зүйл" гэж гал түймэр, гоц халдварт өвчний тархалт...", давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэ гэрээний нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй" гэж тус тус заасан. Нэхэмжлэгч жил бүрийн хайгуулын тайлан, төлөвлөгөөг АМГТГ-т хүргүүлж, хянуулдаг. Тэдгээр тайлан төлөвлөгөөг үндэслэн уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нэхэмжлэгчийг 2020, 2021 онуудад "Оны шилдэг хөрөнгө оруулагч"-аар шалгаруулан, өргөмжлөл олгосон нь нэхэмжлэгчийг хайгуулын ажлын зардал гаргах үүргээ ковидын үед ч бүрэн биелүүлснийг мөн нотолж байгаа. Гэтэл аудитаар хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон ӨНЗ-ыг ялгаж салгахгүйгээр хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангаагүй гэж үзэж байгаа нь хууль бус юм. Монгол Улс нь Олон Улсын Эрчим Хүчний Гэрээ (Эрчим Хүчний Гэрээ гэх)-нд нэгдэн орсон бөгөөд Эрчим Хүчний Гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн Газар нь өөрийн нутаг дэвсгэрт аливаа этгээдийг газрын тос, хий, нүүрс, ураны салбарт хөрөнгө оруулахад нь тогтвортой, таатай, ил тод нөхцөлийг дэмжиж, бүрдүүлэх, хөрөнгө оруулалтад шударга, эрх тэгш байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн оруулсан аливаа хөрөнгөд хохирол учруулахгүй, олон улсын эрх зүй, тэр дундаа гэрээний үүрэгт заасан нөхцөлөөс доогуур нөхцөлийг бий болгохгүй байх үүрэг амлалтыг авсан. ГТТХ-д Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Хэдийгээр БХГ-нд заагаагүй ч олон улсын практикт гэрээлэгчийн тухайн жилдээ гаргах ёстой зардлын доод хэмжээнээс илүү гаргасан зардлыг дараа жилийн зардал уруу шилжүүлэн тооцдог. Энэ нь нь гэрээлэгч компаниудыг хайгуулын ажилдаа хамгийн бага хэмжээнээс илүү зардал гаргахыг урамшуулж байгаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж буй хэлбэр юм. Бид Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьж байгаа гэж ойлгож байна. Хэдийгээр маргаан бүхий акт нь шалгагдагч этгээд болох АМГТГ-т үүрэг ногдуулсан боловч ТАХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь аудитад хамрагдагч этгээд бөгөөд дүгнэлт, актын биелэлт нь нэхэмжлэгчээс шууд өндөр дүн бүхий төлбөр албадан гаргуулах үр дагавар бүхий, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт юм. Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 23 дугаар зүйлийн 23.1, захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд зааснаар аудитын хяналт шалгалтаас гаргасан албан шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй болохыг зааж, биелэгдээгүй тохиолдолд захиргааны актыг албадан гүйцэтгэхээр хуульчилсан ...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**************” ХХК нь Австралийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсад Газрын тосны тухай хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Одоо хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Газрын тосны тухай хуульд зааснаар гэрээлэгчийн хайгуулын ажлын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардалд Ашигт малтмал, газрын тосны газар буюу гэрээгээ хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ёстой. Гаргасан дүгнэлтээ Аудитын газарт хүргүүлэх ёстой. Газрын тосны тухай хууль болон Аудитын тухай хуульд зааснаар аудитын байгууллага өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулж шийдвэрээ гаргах ёстой. Гэрээлэгчийн 2020-2021 оны өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах явцад Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан 2020-2021 онд хамаарагдах хайгуулын ажлын доод хэмжээг хангаагүй гэж үзээд Газрын тосны тухай хуульд заасны дагуу зөрүү болох 154,410 ам.долларыг “**************” ХХК-иар төлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ************ дугаартай акт гаргасан. Үүнийг гэрээлэгч компани зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардал ялгаатай. Мөн аудитын байгууллага зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой. Нөгөөтээгүүр Газрын тосны бүртгэл тооцооны журам, Газрын тосны тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхий аудитороос баталсан акт, Төлбөрийн акт тогтоох журамд зааснаар хяналт шалгалт хийх явцдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд гаргах гэж байгаа актаа урьдчилан танилцуулж, хариу тайлбар, саналыг нь авах ёстой байтал үүнийг зөрчсөн. Гэрээлэгч хайгуулын ажлын доод хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу хангасан. Тиймээс 154,410 ам.долларыг төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны акт гаргах процессыг зөрчсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй гээд журмын дагуу Ерөнхий аудиторт гомдлоо гаргасан боловч гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас бид хуулийн дагуу нийцлийн аудитын тайлан болон “**************” ХХК-д ноогдуулсан 154,410 ам.доллартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ...” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тосны тухай хуульд зааснаар газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа өртөг нөхөгдөх зардлыг тооцсоны үндсэн дээр бүтээгдэхүүнээсээ өртгөө нөхөх зарчимтай. Үүнтэй холбогдох үйл ажиллагааг төрийн аудитаар баталгаажуулж байх зохицуулалтыг Газрын тосны тухай хуульд заасан. 154,410 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хайгуулын ажлын доод хэмжээг өртөг нөхөгдөх зардалтай давхцуулж, хольж ойлгоод байгаа учраас зөрүү гарсан гэж бид үзэж байна. Бид хайгуулын ажлын доод хэмжээгээ гаргасан. Үндэсний аудитын газар энэ талаар ойлгож байгаа боловч өртөг нөхөгдөх зардлыг бууруулъя, тухайлбал зарим гүйлгээг гадаадын банкаар дамжуулж хийсэн учраас үүнийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй, төлөвлөгөөнд заасан төсвөө хэтрүүлсэн учраас тооцохгүй гэх мэт байдлаар хасаж тооцсон. Хассан дүнгээ “хайгуулын ажлын доод хэмжээгээ хангаагүй байна” гэж ойлгож хасаж байгаа нь үндэслэлгүй. Мөн аудитын ажиллагааны явцад Төрийн аудитын тухай хуульд заасан процессын шаардлагуудыг хангаагүй гэх үндэслэлүүд байгааг тайлбарлах шаардлагатай. Тодруулбал, 2 удаагийн зөрчлийн маягт гаргасан. Эхний зөрчлийн маягтад “та нар 4,800,000 ам.долларын хайгуулын ажлын зардал гаргах ёстой байсан. Гэтэл 3,400,000 ам.долларыг гаргасан учраас зөрүү 1,273,000 ам.долларын зардлыг нэмж төрийн захиргааны байгууллагад төл” гэж шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор бид, хайгуулын ажлын доод хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан. Бид энэ зардлыг л гаргах ёстой болохоос биш тухайн жилд хайгуулын ажлын төлөвлөгөөнд заасан өндөр дүнгээр тооцох ёсгүй. Зарчмын ялгаатай ойлголт гэдгийг тайлбарласан. Тус тайлбарыг хүлээж аваад “тийм байна, тэгвэл 3,000,000 ам.доллараасаа хүрээгүй байна” гэсэн байдлаар тайлбар, тооцоолол нь өөрчлөгдсөн. Тиймээс Үндэсний аудитын газрын 2023 оны 12 сарын 15-ны өдрийн ************ дугаартай нийцлийн актын “**************” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс “Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай актын 154,410 ам.доллар долларыг “ **************” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тосны тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн дүгнэлтийг үндэслээд 2020, 2021 оны өртөг нөхөгдөх зардалтай холбоотой нийцлийн аудитыг хийсэн. Аудитаар “**************” ХХК “************” талбайд зарцуулах тухайн жилийн 154,410 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлөөгүй зөрчил илэрсэн учраас Үндэсний Аудитын газраас тухайн актыг гаргасан. Тодруулбал Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.1-д “гэрээлэгчид нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ноогдох зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж заасныг зөрчсөн. Үндэсний Аудитын газар аудитыг гүйцэтгүүлж дуусаад тайлангийн төслийг 2 удаа шалгагдагч этгээдэд танилцуулсан. Тайлангийн төслийг 1 удаа, зөрчлийн маягтаар 2 удаа танилцуулсан. 11 дүгээр сарын 21-ний өдрийн гарын үсэгтэй зөрчлийн маягт нь зөвхөн “**************” ХХК-д гаргаж өгсөн маягт юм. Энэ нь олдоогүй учраас хэргийн материалд өгч чадсангүй. Дараа нь 12 дугаар сарын 01-ний өдөр бүх гэрээлэгч компаниудад тайлангийн төслийг хүргүүлсэн. “**************” ХХК Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2 дахь заалт болон гэрээний хавсралтад зааснаар 2021 онд 3,000,000 ам.доллараас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд аудит хийх явцад 2,845,589,56 ам.долларын өртөг нөхөгдөх зардал баталгаажсан. Энэ нь Газрын тосны тухай хуульд заасан өртөг нөхөх зардлын тодорхойлолтын дагуу хасагдсан. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д "өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг”, 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "хайгуулын ажлын зардал" гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг”, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг” гэж тус тус заасан. Тиймээс “өртөг нөхөгдөх зардалд хайгуулын ажлын доод зардал хамаагүй, тусдаа ойлголт” гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтуудаар няцаагдаж буй үндэслэлгүй тайлбар. Өртөг нөхөгдөх зардлын 4 бүрэлдэхүүний нэгд нь хайгуул дангаараа орж байгаа шүү. Үүнийг шүүх бүрэлдэхүүн зөв ойлгоосой гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэгч тал 2020 он гэж яриад байна. Энэ нь 2021 оны асуудал юм. Сонсох ажиллагаа явуулаагүй асуудал ярьж байна. Өмнө хэлсэнчлэн тодорхой хэмжээгээр уулзалт зохион байгуулсан, албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч тайлбараа өгч, холбогдох засваруудыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор өмнө өгсөн зөрчлийн маягтын мэдээллүүд өөрчлөгдөөд тайланд ондоо байдлаар орсон. Нэхэмжлэгчийн саналыг харгалзаж үзээгүй зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа[9]: “... Ашигт малтмал, газрын тосны газрын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Иймд ... гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “**************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******, аудитын менежер Д.О******* нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай актаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийг 2020-2021 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө гэх 154,410.00 (Нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван) ам.долларыг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хариуцуулж шийдвэрлэжээ.
2. Хэдийгээр маргаж буй ************ дугаартай актын шууд хаяглагдсан этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байх боловч тухайн төлбөрийн актаар төлбөр төлөх үүрэг үүсгэсэн эрх зүйн үр дагавар нь дам байдлаар нэхэмжлэгч “**************” ХХК-д хамааралтай байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэж, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
3. Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий акттай холбоотойгоор үндсэн гурван эрх зүйн асуудлаар маргаж байна. Тодруулахад:
4. Нэгдүгээрт, хариуцагч төрийн аудитын байгууллага нь Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд нэхэмжлэгчийн 2020-2021 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт шалгалтын дүгнэлтийг нягтлан нийцлийн аудит хийх эрх хэмжээтэй эсэх, хоёрдугаарт, маргаан бүхий актаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийг 2020-2021 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй эсэх, гуравдугаарт, тус маргаан бүхий төлбөрийн акт нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй эсэх асуудал байна.
5. Иймд шүүхээс дараах үндэслэлээр тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг өгч байна. Үүнд:
6. Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.” гэж, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна.” гэж тус тус зохицуулжээ.
7. Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж заажээ.
8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар нь анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр, түүний дагуу ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын газар аудит хийж, баталгаажуулахаар зохицуулжээ.
9. Харин төрийн аудитын байгууллагын хийсэн аудитын тайлангийн дагуу зөрчил гаргасан этгээдээс мөнгөн төлбөр гаргуулах шаардлага үүссэн тохиолдолд тухайн этгээдээс төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын газар төлбөр гаргуулахаар акт тогтоохоор заажээ.
10. Хариуцагч нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай актаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийг 2020-2021 оны хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж үзэн зарцуулагдаагүй хөрөнгө гэх 154,410.00 (Нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван) ам.долларыг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банк дахь дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээр дурдсан зохицуулалтуудтай, ялангуяа энэ эрх зүйн харилцааны тухайд нарийвчилсан хэм хэмжээ болох Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарыг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд асуудлыг шалгасан гэж үзэх тул нэхэмжлэгчийн гаргасан “төрийн аудитын байгууллага нь Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд нэхэмжлэгчийн 2020-2021 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт шалгалтын дүгнэлтийг нягтлан нийцлийн аудит хийх эрх хэмжээтэй эсэх нь эргэлзээтэй” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбартаа “... Газрын тосны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журамд зааснаар хайгуулын ажлын доод хэмжээ, түүний зардал болон өртөг нөхөгдөх зардал нь агуулгын ялгаатай, тусдаа ойлголтууд юм. Газрын тосны тухай хуульд зааснаар “хайгуулын ажлын зардал” гэдэг нь газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг хэлнэ гэж, харин “өртөг нөхөгдөх зардал” гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг хэлнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын ажлын зардалд нэхэмжлэгчээс гэрээт талбай дээр газрын тосны ордыг нээж илрүүлэхтэй холбоотой гаргасан геологи, хайгуулын ажлын нийт зардал багтдаг бол өртөг нөхөгдөх зардалд хайгуулын ажлын зардал дээр бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын гэх зэрэг зардлууд нэмж тооцогддог. “Хайгуулын ажлын доод хэмжээ” гэж нэхэмжлэгч нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гэрээт талбайд жил бүр хийж гүйцэтгэхийг хэлнэ. Нэхэмжлэгч нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2 дахь заалт болон Хавсралт В-д зааснаар 2021 онд 3,000,000 ам.доллараас багагүй хэмжээний хайгуулын ажлыг хийх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хайгуулын ажлын хэмжээ, үүргээ жил бүр бүрэн болон давуулан биелүүлж ирсэн байхад хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй ...” гэх агуулгаар маргасан.
13. Харин хариуцагч нараас “Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д “гэрээлэгчид нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ноогдох зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээт жил дууссанаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж заасныг зөрчсөн ... Газрын тосны тухай хуульд зааснаар "өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг, "хайгуулын ажлын зардал" гэж хайгуулын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, "хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг гэж тус тус заасан. Тиймээс өртөг нөхөгдөх зардалд хайгуулын ажлын доод зардал хамаагүй, тусдаа ойлголт гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтуудаар няцаагдаж байна ...” гэх агуулгаар тайлбарласан.
14. Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 4.1.8 дахь заалтад "хайгуул гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг, 4.1.27 дахь заалтад "хайгуулын ажлын зардал гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 4.1.31 дэх заалтад "өртөг нөхөгдөх зардал гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг” ойлгоно гэж тодорхойлжээ.
15. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг эрх зүйн тайлбар хийх системчлэлийн аргын хүрээнд авч үзвэл, өртөг нөхөгдөх зардал нь дотроо дөрвөн элемент бүхий зардлын нийлбэрээс, тодруулбал, хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрээс бүрдэхээр байх бөгөөд эдгээр зардлын тухайлсан тодорхойлолтыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-4.1.30 дахь заалтад жагсаан хуульчилсан байна.
16. Улмаар өртөг нөхөгдөх зардлын нэг элемент болох хайгуулын ажлын зардлыг тодорхойлохдоо газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажил буюу хайгуулын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг ойлгохоор хуульчилжээ.
17. Харин Газрын тосны тухай хуульд “хайгуулын ажлын доод” хэмжээ гэх ойлголтыг тухайлан тодорхойлоогүй, харин тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 7.1.4 дэх заалтад “нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах; газрын тосны бүртгэл, тооцоо; уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журмыг батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны бүртгэл, тооцооны журам”-д[10] тодорхойлжээ.
18. Тодруулбал, тус журмын 7 дугаар зүйлийн 7.8-д “Хайгуулын ажлын доод хэмжээ гэж гэрээлэгч, эсхүл оператор компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гэрээт талбайд жил бүр хийж гүйцэтгэхийг хэлнэ.” гэж заасан байна.
19. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэр нь өртөг нөхөгдөх зардал байх бөгөөд үүнд хайгуулын ажлын зардал, түүгээр илэрхийлэгдэх хайгуулын ажлын доод хэмжээ нь нэгэн зэрэг багтахаар байна.
20. Тиймээс энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
21. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч нь “************ талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан байх бөгөөд тус гэрээний 7.2.1-д[11] “гэрээлэгч нь энэ гэрээний хавсралт “В”-д тодорхойлсноос багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ” гээд, хавсралт “В”-д[12] “1-р үе шатны 3 дахь жилд хайгуулын ажлын доод хэмжээ 3 000 000 ам.доллар, хайгуулын ажлын зардал 3 000 000 ам.доллар” гэж тохиролцсон байна.
22. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний хавсралтаар талууд хайгуулын ажлын доод хэмжээ болон хайгуулын ажлын зардлын хэмжээнд хамаарах тоон утгыг нэгэн ижил дүнгээр буюу 3 000 000 ам.доллараар тогтоосон нь Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.27, 4.1.31-д заасан өртөг нөхөгдөх зардлын нэг элемент болох хайгуулын зардлын агуулгад нийцжээ.
23. Мөн Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт “Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно” гэж, 18.7 дахь хэсэгт “Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийн хугацааг хуанлийн жилээр тооцно.” гэж заасан.
24. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, хайгуулын хугацааг тооцохдоо талуудын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний байгуулсан хугацааг тодорхойлж, түүнээс хойшоо тоолохоор байх ба нэхэмжлэгч болон Ашигт малтмал, газрын тосны газар нь “************ талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан тул түүнээс хойш эхний жил нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2 дахь жил нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 3 дахь жил нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл байна.
25. Өөрөөр хэлбэл, хугацааны хувьд 2020-2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлт, түүний тайланд хариуцагчаас нийцлийн аудит хийсэн нь хуульд нийцсэн.
26. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаж, энэхүү хэрэгт гэрчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ц************, Газрын тосны ашиглалтын хэлтсийн Газрын тосны өртөг нөхөгдөх зардлын хяналт хариуцсан мэргэжилтэн Т.Х************ нарыг дуудан асуусан.
27. Гэвч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Х************ нь мэдүүлэхдээ “... Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс биш тусгай зөвшөөрөл авсан хугацаанаас эхлээд хайгуулын доод хэмжээг тооцдог ...” гэж мэдүүлсэн[13] нь Газрын тосны тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэж байна.
28. Зөрчилд дурдсан “дутуу гүйцэтгэсэн” гэх хайгуулын ажлын доод хэмжээний тухайд, нэхэмжлэгч нь 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр 4,821,560.00 ам.долларын хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн[14], харин Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн гүйцэтгэл 3,473,945.27 ам.доллар[15], хайгуулын ажилд зарцуулсан нэхэмжлэгчийн баталгаажуулж тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын дүн 3,216,672.82 ам.доллар[16], Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын тайлан 3,098,880.85 ам.доллар[17] байсныг нэхэмжлэгч болон Ашигт малтмал, газрын тосны газрын хэн аль нь хайгуулын ажлын доод хэмжээ болох 3 000 000 ам.долларт хүрсэн гэж тайлбарладаг.
29. Харин хариуцагч нар “нэхэмжлэгчээс өртөг нөхөгдөх зардалд тайлагнасан 3,216,672.82 ам.долларыг хайгуулын ажилд зарцуулсан зардал гэж хүлээн зөвшөөрсөн тул тэр хэмжээгээр нь өртөг нөхөгдөх зардлыг тооцон түүнээс аудитаар хасагдах зардал болох 371,083.26 ам.долларыг хасахад нийт өртөг нөхөгдөх зардал нь 2,845,586.56 ам доллар буюу энэ нь хайгуулын ажлын доод хэмжээ болох 3 000 000 ам долларт хүрээгүй, тиймээс зөрүү болох 154,410 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр акт тогтоосон” гэж тайлбарладаг.
30. Нэхэмжлэгч болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.3.3-д[18] “гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн гэрээт жилд дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө” гэж заажээ.
31. Хайгуулын ажлын доод хэмжээг хэрхэн тооцох талаарх талуудын тайлбар зөрүүтэй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, нэхэмжлэгч “**************” ХХК-ийн ************ талбайн 2021 оны өртөг нөхөгдөх зардалд хийсэн аудитын шинжээчийн ажлын тайлангийн[19] Хоёрдугаар хавсралт “Өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалтын тайлан”-д[20] нэхэмжлэгч тайлант жилийн зардлаа 3,216,672.8 ам.доллар гэж, аудитаар хасагдсан зардлаа 370,043.26 ам.доллар гэж, 2021 оны баталгаажсан өртөг нөхөгдөх зардлаа 2,846,629.56 ам.доллар гэж тус тус баталгаажуулан нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдүүд /Б.А************, Б.Л************ нар/ гарын үсэг зурсан байгаа энэхүү баримтаас дүгнэхэд аудитын нийцлийн тайлангаар баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын дүнтэй[21] уялдаж байгаа болох нь тогтоогдов.
32. Мөн шинжээчийн тайлангийн Гуравдугаар хавсралтаар баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлаас хасагдах зардлын задаргааны дүн[22] аудитын нийцлийн тайлангаар баталгаажуулсан хасагдах зардлын дүнтэй[23] уялдаж байна.
33. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... Өртөг нөхөгдөх зардлыг 2,888,311.32 ам.доллараар тогтоосныг, аудитын тайлангаар 2,845,589.56 ам.доллар болгож бууруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс аудитын тайлангаар баталгаажсан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ болон өртөг нөхөгдөх зардлын дүнтэй маргахгүй байгаа. Харин хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс өртөг нөхөгдөх зардлыг хасаж, зөрүүг нэхэмжлэгчээр төлүүлэх арга хэмжээ авах тухай аудитын тайлан болон актын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг зөвшөөрөхгүй ...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
34. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хайгуулын ажлын доод хэмжээг ойлгохдоо өртөг нөхөгдөх зардлаас хасагдах зардлыг оруулж тооцоогүй дүн болох 3,216,672.8 ам.доллараар тооцох агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд өртөг нөхөгдөх зардлаас хасагдах зардлыг хасаж тооцсоны дараах дүн нь өртөг нөхөгдөх нийт зардал болохоор байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
35. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан “... Үндэсний аудитын газар нь аудит хийх явцдаа нэхэмжлэгчийн 2021 онд төсөвлөсөн 4,821,560.00 ам.долларыг хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэж буруу ойлгон түүнээс нэхэмжлэгчийн тухайн жилдээ хайгуулын ажилд зарцуулсан 3,483,945.27 ам.долларыг хасаж, зөрүү буюу 1,273,967.18 ам.долларыг Ашигт малтмал, газрын тосны газарт төлүүлэх саналыг тус газарт 2023 оны 11 сард хүргүүлсэн. Бид энэ буруу ойлголтыг залруулахаар Үндэсний аудитын газарт хандсан. Бидний гаргаж өгсөн дүгнэлт, тайлбар зэргийг Үндэсний аудитын газар хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагч нь нийцлийн аудитын тайланг баталгаажуулах явцдаа 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэх дүгнэлт болон актыг үйлдэхдээ нэхэмжлэгчээс энэ асуудал дээр тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүй аудитын дүгнэлтээ гаргаж, улмаар актыг 2023 оны 12 дугаар сард үйлдэн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснийг 2024 оны 01 дүгээр сарын 12-нд мэдсэн. Тиймээс энэ актыг гаргахад шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн ...” гэх агуулгатай тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тодруулахад:
36. Хариуцагч Үндэсний аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/2466 тоот албан бичгээр[24] СНАГ-2023/10-НА-НА аудитын код бүхий “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 2020-2021 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудитын тайлан”-ийн төсөлд[25] санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт, мөн өдрийн 06/2465 тоот албан бичгээр[26] санал авахаар газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч компаниудад /үүнд нэхэмжлэгч компани хамаарна/ “Санал авах, захиргааны актын талаар мэдэгдэх” сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлжээ.
37. Харин Үндэсний аудитын газрын хийсэн нийцлийн аудитын тайлангийн “Аудитад хамрагдагч байгууллагуудын санал, тайлбар”[27] гэх хэсэгт “**************” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/141 дүгээр албан бичгээр[28] ирүүлсэн саналыг хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/2465 тоот албан бичгээр явуулсан сонсох ажиллагааны мэдэгдлийн хүрээнд нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар гэж үзэн тайландаа тусгасан байна.
38. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс дурдсан “өмнөх 4,821,560.00 ам.долларыг хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэж буруу ойлгон түүнээс нэхэмжлэгчийн тухайн жилдээ хайгуулын ажилд зарцуулсан 3,483,945.27 ам.долларыг хасаж, зөрүү буюу 1,273,967.18 ам.долларыг Ашигт малтмал, газрын тосны газарт төлүүлэх саналыг гаргаж байсныг залруулсан” гэх асуудалтай холбоотой тайлбараас өөрөөр нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, нэхэмжлэгч тайлбар өгөөгүй гэх боловч Үндэсний аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/2465 тоот албан бичгээр нэхэмжлэгчид явуулсан аудитын тайлангийн төсөлд хариуцагчаас “4,821,560.00 ам.долларыг хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэж буруу ойлгосон” гэх хэсгийг оруулаагүй, харин нэхэмжлэгчийн өөрийн баталгаажуулсан хасагдах зардал ороогүй өртөг нөхөгдөх зардлын дүн болох 3,216,672.82 ам.доллар, аудитаар хассан хасагдах зардлын дүн болох 371,083.26 ам.доллар, нийт баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардал болох 2,845,589.56 ам.долларын дүн бүхий[29] хүснэгттэй тайлан очсон болох нь тодорхой харагдаж байна.
39. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нийцлийн аудитын явцад шинэчлэгдсэн тайлангийн төсөл болохыг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх тул зарчмын хувьд үүнээс үүдэн гарах эрсдэл нэхэмжлэгчид хуваарилагдана.
40. Тодруулбал, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу аудитын тайлангийн төсөлдөө санал авахаар нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгч харин тус тайлангийн төсөлд өмнө явж байсан агуулга өөрчлөгдөж шинэчлэгдсэн гэдгийг төсөлтэй танилцаж мэдэх боломжийг хариуцагч олгосон байтал тэр талаарх тайлбараа өгөөгүй байгааг хариуцагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй.
41. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
42. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.8, 4.1.27, 4.1.31 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.6, 18.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**************” ХХК-ийн гаргасан “Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******, аудитын менежер Д.О******* нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай актын 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 41 дэх тал
[2] 1Хх 2-40 дэх тал
[3] 1Хх 222-244 дэх тал
[4] 1Хх 56 дахь тал
[5] 1Хх 102 дахь тал
[6] 1Хх 103 дахь тал
[7] 1Хх 107-111 дэх тал
[8] 1Хх 146 дахь тал
[9] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 14-15 дахь тал
[10] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209831&showType=1, нийтэд илэрхий нотлох баримт.
[11] 1Хх 8 дахь тал
[12] 1Хх 30 дахь тал
[13] 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2Хх 65-66 дахь тал
[14] 1Хх 79 дэх тал
[15] Мөн тэнд
[16] Мөн тэнд
[17] 2Хх 31 дэх тал
[18] 1Хх 9 дэх тал
[19] 2Хх 82-99 дэх тал
[20] 2Хх 90 дэх тал
[21] 1Хх 64 дэх талд байгаа хүснэгт
[22] 2Хх 91-99 дэх тал
[23] 1хх 64 дэх талд байгаа хүснэгт
[24] 1Хх 170 дахь тал
[25] 1Хх 172-200 дахь тал
[26] 1Хх 171 дэх тал
[27] 1Хх 87 дахь тал
[28] 1Хх 201-203 дахь тал
[29] 1Хх 172 дахь тал